| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2020/0389/Э |
| Дугаар | 0007 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 0007
Б.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.О
Шүүгдэгч Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Хохирогч Б.А
Хохирогчийн өмгөөлөгч О.С
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Бт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, О овгийн Б-н Б
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн сумын багийн дүгээр байрны гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч О овгийн Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, гэрлэлт цуцлах иргэний хэргийг шүүх хянан хэлэлцэх хүртэлх хугацаанд хохирогч Б.Атай харилцахыг хориглох хязгаарлалт тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд, сард 166.666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 186.900 төгрөг гаргуулан хохирогч Б.Ад олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:
... Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 заалтад ... гэрлэлт цуцлах иргэний хэргийг шүүн хэлэлцэх хүртэлх хугацаанд хохирогч Б.Атай харилцахыг хориглох хязгаарлалт тогтоосугай гэсэн албадлын арга хэмжээг хэрэглэхдээ гэрлэлт цуцлах иргэний хэргийг шүүн хэлэлцэх хүртэлх гэж тодорхойгүй хугацаагаар хязгаарлалтыг тогтоосон арга хэмжээг хэрэглэсэн байх бөгөөд тэдний гэрлэлт цуцлуулах хэрэг иргэний хэргийн анхан шатны шүүхээр өнөөдрийг хүртэл хэлэлцэгдэх эсэх тодорхойгүй, үүсгэсэн нэхэмжлэл нь тодорхой ажиллагаа хийлгэх хүсэлтээр хойшлогдсон байдалтай байх ба энэхүү хэргийн талаарх баримт хэрэгт байхгүй, уг хэрэг хэзээ шийдвэрлэж дуусах нь тодорхойгүй урьдчилан харах боломжгүй байдалтай хэрэг байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хэрэгт хамааралгүй хэрэг байна. Хязгаарлалт албадлагын арга хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэлийг шүүх анхаарч шийдвэрлээгүй гэж үзэж байна.
Хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой байхаас гадна тодорхой хугацаагаар хэрэглэх бөгөөд уг хугацаа дууссаны дараа тодорхой ажиллагаа хийж болохоор Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд тусгасан байдаг ба энэхүү хэрэгт хязгаарлалт хэдий хугацаанд үргэлжлэх уг хугацааг хэрхэн тооцож дууссан гэж үзэх вэ гэдэг нь тодорхойгүй шийдвэрлэсэн нь гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар зүйлийн 28-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,3 дахь заалтын хязгаарлалт тогтоосон хэсгийг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн сумын багийн дүгээр байрны гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Аг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Харин анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн Б.Агийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаарх хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэснийг болон мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан ... тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлахыг хориглоно гэж тус тус заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг ялтан хуульд заасан хугацаанд төлсөн эсэхээс үл хамааран тодорхой хүнтэй харилцахыг хориглох хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялаар солихыг зааж шийдвэрлэсэн нь торгох ялыг ялтан биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих хуулийн зохицуулалтыг давхардуулан хэрэглэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болжээ.
Учир нь ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд түүний ялыг хорих ялаар сольж шийдвэрлэхээс гадна гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Б.Атай харилцахыг хориглох хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд мөн торгох ялыг хорих ялаар сольж шийдвэрлэх нөхцөл байдал үүсч байна.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэж заасан Шударга ёсны зарчимд нийцэхгүй үйлдэл гэж дүгнэж байна.
Мөн шүүгдэгч Б.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр гурван сарын хугацаанд сард 166.666 төгрөгөөр тогтоож тооцооллын алдаа гаргасан байна.
Шүүхээс тогтоосон 166.666 төгрөгийг 3 сарын нийлбэрийг тооцож үзэхэд 499.998 төгрөг болох бөгөөд шүүгдэгч оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх боломжгүй ноцтой үр дагаварт хүрч байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н ... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,3 дахь заалтын хязгаарлалт тогтоосон хэсгийг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтын ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, гэрлэлт цуцлах иргэний хэргийг шүүх хянан хэлэлцэх хүртэлх хугацаанд хохирогч Б.Атай харилцахыг хориглох хязгаарлалт тогтоосугай ... гэснийг ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй ... гэж,
3 дахь заалтын ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд, сард 166.666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй ... гэснийг ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бт анхааруулсугай ... гэж тус тус өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР