2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг /томилолтоор/,

хохирогч Б.*******,

хохирогчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир,

гэрч Б.*******а,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2407 00272 0280 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/62 дугаартай захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан хэрэгт хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар дахин яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* хотод төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Налайх дүүрэг, *******, тоотод оршин суух, урьд

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

******* овогт *******гийн ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн *******, тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн хамран амьдрагч Б.*******ийг эр эмийн таарамжгүй харилцааны явцад маргаан үүсгэн улмаар зүүн талын нүд, хацар, шанаа хэсэгт нь цохиж зодсон,

2024 оны 01 дүгээр сард дүүргийн 1*******, , тоотод Б.*******ийг эр эмийн таарамжгүй харилцааны явцад маргаан үүсгэн улмаар нүүрэн тус газар цохиж зодсон,

2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүрэг, *******, 55 дугаар байрны гадна “би байхад чи манай ажлын хүнтэй юм ярьдаг хэн юм бэ” гэх шалтгаанаар биед нь халдаж зодсон,

2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн *******, 55 дугаар байрны ойролцоо хосын харилцааг дуусахгүй гэх шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.*******тэй маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний нүүр рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь “эрүү ясны хоёрлосон хугарал, нэг шүдний булгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Б.******* хоёулаа уулзаж ярилцаж байгаад энэ асуудлаа ярья би ажил дээр чамайг хүлээж байя гэж хэлсэн. Би ажлаа тарчхаад хэлсэн чинь н. гээд найзындаа байж байсан. Би очиж аваад гарч ирэхдээ согтуу гарч ирсэн. Би согтуу хүнтэй юм ярихгүй би чамайг хүргээд өгье эсвэл ордны гадаа аваачаад чи машинд суугаад явчих гэдэг зүйлийг ярьсан. Өөрөө би харихгүй, явахгүй гэсэн. Тэгээд 10 шарын гадаа байрны зогсоол дээр очоод би ээжтэй ярьсан, ээж чи маш их архи уудаг хүнтэй байна одоо ингээд салсных нэг мөсөн салаад явуул гэдэг зүйлийг ээжтэй ингэж тохирсон гэж яриад бид хоёр 2 тийшээ салсан. Би гэр лүү орсон чинь ээж рүү би үхнэ, амьдрах хүсэл алга гэсэн юм бичихээс гадна өөрийнхөө фейсбүүкийнхээ нэг юм дээр бичээд хадгалчихсан байсан. Ээж намайг чи араас нь очоод наад хүнтэйгээ уулз гээд намайг гаргасан. Залгахад караоке дотор ганцаараа уугаад сууж байсан. Очоод хоёулаа гаръя, явъя гэж хэлээд бид хоёр цуг гарсан цуг гараад байрны гадаа ирээд гэр лүү орох гэж байсан чинь машин дотор унтаад байхаар нь босъё, гэр лүү орж унтъя гэсэн түрүүлж буугаад гэр лүү явсан. Би машинаа цоожлоод араас нь очсон чинь булан эргээд явахаар нь би хаачих гэж байгаа юм бэ гээд анхны маргаан үүссэн. Над руу нулимсан, цохисон, өшиглөсөн, орилсон өчнөөн зүйл хийсэн тэгээд би уураа барьж чадалгүй үнэхээр алгадсан нь миний буруу тэгээд ийм гэмтэл учруулсан....Б.******* “авсан зүйл чинь ерөөсөө таалагдахгүй, надад мах шарж өгөхгүй байна. Танай хамт олон намайг хүндлэхгүй байна” гэдгээр маргаан үүсгэж эхэлсэн...Б.******* машин асаагаад тэр чигтээ явсан. Үүрээр Б.******* хаанаас ирж байгааг нь мэдэхгүй шууд орж ирээд миний толгой руу цохисон, өшиглөсөн цуг ажиллаж байсан 3 хүн цуг байсан...Б.******* надтай заавал цуг явна гэж орилсоор байгаад бид 2 цуг гараад гэр лүү нь очсон. Тэгээд би Б.*******ийг буулгачхаад шууд харьсан...” гэв.

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...би ******* 2023 оны 04 сарын үед танилцаад хамт 2023 оны 06 дугаар сараас хамт амьдраад 08 сараас Налайхад ажилдаа орох гээд ирсэн. Хамт амьдарч байхаас эхлэн уур уцаартай, бусдад уурласан уураа надад гаргадаг. Ажлаасаа надаас болоод гарсан гэдэг гэтэл ажлынхантайгаа муудалцаад өөрөө гарсан. Хүргэн ахынх нь эмэгтэй дүүтэй гадаа машиндаа архи ууж байсан. Би гэртээ орох гээд байж байхад эмэгтэй хүнтэй архи ууж байсан. 11 сард шөнө охин руу хашхичаад байхаар би охиноо Эрдэнэт рүү аав руугаа явуулсан. Ээж нь хүүхдээ муулдаг, хүүхэд нь ээжийгээ надад муулдаг. Тэгээд хүнийг зодчихоод одоо зодоогүй гэж ярьж байна. Хонхорын амралтад миний үснээс чирээд явж байхдаа чамайг алсан ч яадгийн гэж байсан. Эрүүгээ хугалуулчхаад зөндөө өрөнд оруулсан. 9 сарын 17-ны өдөр манай ажлынхантай гарахдаа хамт гараад уусан. Тэгээд машины түлхүүр алга болгосон гээд зодсон. 1 сард бууз хийх гээд очихдоо урд харьцсан хүүхнээс болж муудалцаад намайг зодсон. 6-р сарын 09-ний өдөр намайг үсдэж чирээд зодсон. Маргааш нь хамт явж байхдаа усны саваар арын суудлаас миний толгой руу цохиж байсан. О.*******тэй байхаас өмнө би ажлаас чөлөө авч үзээгүй. О.******* зодчихоод нүүр аймар болгочихсон учир актыг өөрөө аваачиж өгсөн. Би маш их гомдолтой байна. Сэтгэл зүйгээр ч их хохирсон... Ер нь маш хэрцгий харгис хүн. Би маш их гомдолтой байгаа. Бүтэн жилийн хугацаанд маш их бухимдсан. 4-5 удаа сэтгэл зүйч авч ярилцсан. Эмнэлгийн цонхыг хараад үхмээр санагддаг үе чинь харин тэр үед л бодогддог юм байна лээ...Өөр надад хэлэх үг байхгүй...” гэв.

Гэрч Г.*******агийн шүүхийн хэлэлцүүлэгт:”...би 6 сард эмнэлэгт хэвтэж байхад *******тэй хамт эд байх гэртээ ирээд 8 сараас хичээл эхлэх болоод Налайх руу *******ий ээжтэй хамт байхаар явсан. Тэгээд  9 сард сүүл хавьд хацар нь хавдсан , нүд нь хөхөрсөн байсан яасан бэ гэсэн чинь шүд өвдсөн гэсэн. Тэгээд хараад шүд биш байна гэхэд зүгээр зүгээр ээж гээд байснаа бид 2 үл ойлголцоод ******* цохисон гэж байсан. 12 сард би эмнэлэгт хэвтээд байхад ээж би багшийнд очиж байна. ******* өглөө хоол хийж өгсөнгүй гээд аяга шидсэн гэж байсан. Орой нь ******* уучлал гуйгаад эвлэрсэн гэсэн.  Дараа нь цагаан сарын бууз хийж байх үедээ дахин зодсон байсан. Би яагаад дахин дахин ингээд зодоод байгаа юм гэхэд би эвлэрсэн байгаа гэсэн. 6 сард болохоор би ажил тараад орой гэртээ ирэхэд охины бүх бие нь хөх няц болчихсон байсан. Би наашаа босоод ир гээд биеийнх нь бүх зургийг нь дарсан. *******ээс яагаад ингээд зодоод байдаг юм гэхэд би юм авчхаад эргээд ирье гээд яваад өгсөн. Би цагдаад өгөх үү гэхэд охин яах юм бээ бид ингээд сална гэж байсан. 7 сард дахин зодуулахад нь би цагдаад өргөдөл өгсөн. Би тэр үеүдэд нь цагдаад өгсөн байсан бол охиноо ингэж гэмтээлгэхгүй байсан.” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  Гэрч Г.*******агийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /1хх-04-05 дахь тал/,

Хохирогч Б.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр орой 21 цагийн үед би найз гийн гэрт байж байхад О.******* уулзъя гээд чат бичээд манай найзын гэрээс ирж аваад бид хоёр машинтай 10 шарын автобусны буудал дээр очиж юм ярьсан...тухайн үед намайг явуулахгүй гээд би болохоор явна чи эндээ үлд гээд маргалдаж байтал гэнэт миний баруун хацар руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд цохихоор нь би таксинд суугаад явсан. ******* хотод очоод шууд гэмтлийн эмнэлэг ороод үзүүлтэл эрүүний яс хугарсан байна, хагалгаанд орно гэсэн...2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр амралтад амарч байхдаа “ажлын дарга хүүхэнтэй дэмий юм ярилаа” гээд надад уурлаад миний нүүр рүү гараараа цохиод газар унагаад үсдэж чирч байсан...2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр машины түлхүүр олдохгүй намайг түлхүүр хаясан байна гээд нүүр болон толгой руу олон удаа цохисон...О.******* нь уурлахаараа байнга харааж, доромжилдог... ” гэх мэдүүлэг /1хх-05-06 дахь тал/,

Гэрч Г.*******агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сард цагаан сарын бууз хийж өгөхөөр манай гэрт ирсэн. Тэр үед миний нүдэн дээр цохиж, зодоогүй. Маргааш өглөө нь Б.*******ий нүд нь хөхөрч, хацар нь хавдаж, уруулын дотор тал нь язарсан байсан. Тухайн үедээ Б.******* нь О.******* бид хоёр ярилцаад учраа олсон гэж хэлээд ажилдаа явахгүй 7 хоносон...2023 оны сарын эхээр гэрт ирж уулзахад нүүрээ будсан хэдий ч хацар нь хавдсан байсан би юу болсон талаар асуухад шүд өвдсөн, О.******* санамсаргүй цохисон гэж худлаа ярьсан, мөн О.******* бид хоёр эвлэрчихсэн дахиж ийм зүйл болохгүй гэсэн гэж хэлсэн...2024 оны 06 дугаар сард Б.******* гэртээ зодуулсан байдалтай ирсэн. Бүх бие нь хөхөрч зулгарсан байсан...тэгээд 2024 оны 07 дугаар сард эрүүгээ хугалуулсан...” гэх мэдүүлэг /1хх-61-63, 241-243 дахь тал/,

Шүүгдэгч О.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд Яллагдагчаар өгсөн: “...2024 оны 05 дугаар сард манай ажлын газрын хүмүүс Хонхорын амралт руу зугаалахаар явсан. Тухайн үед Б.******* архи уучхаад манай даргатай хэрүүл маргаан үүсгэсэн. Тухайн үед би Б.*******өөс “яагаад хэрүүл маргаан үүсгээд бaйгаа юм бэ” гэж асуухад Б.******* авсан зүйл нь таалагдаагүй шарсан махаа хүртэл миний урд тавьж өгөөгүй учраас миний уур хүрсэн гэж хэлж байсан...Б.******* миний толгой руу хоёр удаа цохисон би яагаад байгаа талаар асуухад Б.*******ий архи нь гараагүй байсан явъя гээд байгаа юм биш үү гэж уурласан. Би босоод машин дээрээ очиход миний машины урд гүпер, хойд гүпер, хөгжим, 4 амаржин, бүх түлкүүд зэргийг эвдэрсэн байсан. Жолоочийн эсрэг талын хаалгыг зураад юм шүргэсэн байдалтай байсан...Тэгээд Б.******* согтуу машин бариад би хажуу талд нь суугаад рүү явсан.Тухайн үед би *******ийг одоо хоёулаа больё салъя чи архины асуудал хэтэрлээ” гэж хэлээд гэрт нь буулгаад би машинаа бариад гэр рүүгээ явж байсан... 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад Б.******* над руу “Уулзаж ярилцаж байж учраа ольё” гэж гуйгаад байсан...тэгээд 20 цаг өнгөрөөгөөд гийн гэрт байна энд хүрээд ир гээд 3 дугаар хороо, Замчинд дуудахаар нь яваад очсон. *******ийг гаргаж ирээд ******* машинд суухад согтуу байсан...Б.******* 6 ширхэг лаазтай пиво авч машинд суугаад ганцаараа ууж суусан. Би Б.*******тэй одоо больё салъя гэж ярьсан. Б.******* нэлээн уурлаж уурлаж пивоо ууж байгаад машинд асгаж буугаад явсан. Тэгээд би гэртээ орсон чинь ээж наад охин чинь фейсбүүк дээрээ үхнэ, хатна гэж бичээд байна яасан юу болсон талаар асуусан. Ээжид учир байдлаа хэлсэн ээж намайг араас нь залгаад очиж авч хүргэж өг гэж хэлсэн. Тэгээд би ******* рүү залгасан хаана байгаа талаар асуухад караокед ганцаараа уугаад дуулаад сууж байсан. Тэгээд би очиж авахад тухайн газраас 2 лааз пиво аваад машинд уугаад сууж байгаад урьд өмнө болсон асуудлын талаар ярьж байгаад ерөөсөө орж унтъя гээд Б.******* машинаас буусан. Би араас нь очиход бид хоёрын байсан газрын цаад талд холгүй нэг машин зогсож байсан Б.******* тэр машинтай хүмүүсийг хараад намайг “писда минь зайл” гэж хэлээд түлхэж 2,3 удаа цохисон би зүүн гараараа зөрүүлээд хацар хэсэгт нь нэг удаа алгадсан тэгээд хоёр тийшээ салаад явсан...” гэх мэдүүлэг /1хх-79-81 дэх тал/,

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.******* нь ихэвчлэн бие өвдлөө гэж чөлөө авдаг байсан. Б.*******тэй 2024 оны 02, 03 дугаар сарын үед сургууль дээр таарахад нүүр нь хөхөрсөн хөх туяа нь арилаагүй ирж байсан. Менежер багшаас асуухад “хамтран амьдрагчдаа зодуулсан” гэж хэлж байсан. Мөн 2024 оны 06 дугаар сард элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр 12 дугаар ангийн сурагчдад давтлага орох ёстой байсан ч Б.******* цахимаар давтлагаа орсон. Тухайн үед нь бас юу болсон талаар менежер багшаас тодруулахад “гэр бүлийн асуудал хамтран амьдрагч хүндээ зодуулсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-167-168 дахь тал/,

Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 01 р сард ******* ажлаасаа 7 хоногийн чөлөө авсан байсан. Би яасан талаар видео каллаар залгаж асуухад нэг нүдэнд нь цус хурсан байсан. Тухайн цаг хугацаанаас сарын орчмын дараа ******* надад “ ******* намайг цохисон” тэгээд ажлаасаа чөлөө авсан гэсэн “ гэсэн мэдүүлэг /1хх-171/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 359 дугаартай “...Б.*******ий биед эрүү ясны хоёрлосон хугарал, нэг шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад 5% нөлөөлнө...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-16-17 дахь тал/,

2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.*******ий эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-224-234 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 946 дугаартай “...Б.******* нь сэтгэцэд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-51-53 дахь тал/,

Хохирогч Б.*******өөс гаргаж өгсөн хохирол, эмчилгээний зардалтай холбоотой баримт, гэрэл зургийн үзүүлэлт, фейсбүүк чатаар харилцсан зурвас /1хх-27-31, 35-39, 41, 110-136, 138-164 дэх тал/,

Шүүгдэгчийн зүгээс хохирогчид хохирол төлбөр нөхөн төлсөн талаарх бичгэн  баримтууд /1хх-197-201, 2хх-47 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ий холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах мөн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учирсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул гэмт буруутайд тооцуулах саналтай байна....гэх,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Хохирогч өнөөдөр эрүүндээ хүндэвтэр гэмтэл учирчхаад ямар их сэтгэл санаа эд материалын хохиролд учирсан гэдгийг хэн ч тааварлашгүй. ... Хэрэг болсон цаг хугацаа нь тохирч байх тул 660,000 төгрөгөө 12,99 хувиар үржүүлэхээр 8,573,400 төгрөгөөр сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байгаа. Цаашид эмчилгээнд гарах зардлыг гэм хорын хохирлыг нээлттэй үлдээж өгөөч...” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 1-т зааснаар нотолбол зохих ажиллагаатай холбоотойгоор сэдэлт санаа зорилго буюу субьектив санаа зорилго зорилгыг шууд нотолсон байна гэж нотлох баримтыг бүрдүүлсэн байхыг шаардаж байгаа юм 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасан зүйлчлэл нь хууль зүйн хувьд ийм нөхцөл байдал харагдаж байна. ...11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань өөрөө субьектив талын шинж нь буюу нэг ёсондоо бол гэмт хэрэг болон зөрчил гарч байгаа зөрчил хоорондын уялдаа холбоон дээр дүгнэлт хийнэ. Субьектив санаа сэдэлт нь огт тогтоогдохгүй мөн дээрээс нь объектив талын шинжийг хангасан гэх хоёр төрлийн үйлдэл огт нотлогдохгүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч О.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч О.*******д холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.******* нь өөрт холбогдсон хэргийн талаар: “...10 шарын гадаа байрны зогсоол дээр очоод би ээжтэй ярьсан, ээж чи маш их архи уудаг хүнтэй байна одоо ингээд салсных нэг мөсөн салаад явуул гэдэг зүйлийг ээжтэй ингэж тохирсон гэж яриад бид хоёр 2 тийшээ салсан.... Би машинаа цоожлоод араас нь очсон чинь булан эргээд явахаар нь би хаачих гэж байгаа юм бэ гээд анхны маргаан үүссэн. Над руу нулимсан, цохисон, өшиглөсөн, орилсон өчнөөн зүйл хийсэн тэгээд би уураа барьж чадалгүй үнэхээр алгадсан нь миний буруу тэгээд ийм гэмтэл учруулсан....6 сард Б.******* “авсан зүйл чинь ерөөсөө таалагдахгүй, надад мах шарж өгөхгүй байна. Танай хамт олон намайг хүндлэхгүй байна” гэдгээр маргаан үүсгэж эхэлсэн...Б.******* машин асаагаад тэр чигтээ явсан. Үүрээр Б.******* хаанаас ирж байгааг нь мэдэхгүй шууд орж ирээд миний толгой руу цохисон, өшиглөсөн цуг ажиллаж байсан 3 хүн цуг байсан...Б.******* надтай заавал цуг явна гэж орилсоор байгаад бид 2 цуг гараад гэр лүү нь очсон. Тэгээд би Б.*******ийг буулгачхаад шууд харьсан” гэж мэдүүлсэн байдал дараах үйл баримт тогтогдсоноор үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч О.******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн *******, 55 дугаар байрны ойролцоо салахгүй гэх шалтгааны улмаас маргалдан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.*******ийг, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй  түүний нүүр рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь “эрүү ясны хоёрлосон хугарал, нэг шүдний булгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан

2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн *******, тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн хамран амьдрагч Б.*******ийг машины түлхүүр алга болгосон гэж түүний зүүн талын нүд, хацар, шанаа хэсэгт нь цохиж зодсон,

2024 оны 01 дүгээр сард дүүргийн 1*******, , тоотод Б.*******ийг  өөрийг нь өөр эмэгтэйтэй хардсан гэх шалтгааны улмаас  нүүрэн тус газар цохиж зодсон,

2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дүүрэг, хороонд байрлах амралтын газарт ажлын хүмүүстэй муухай харьцлаа гэх шалтгаанаар нүүр, хөл, хэвлий хэсэгт удаа дараа цохиж зодсон болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтууд болох нь

Хохирогч Б.*******ий өгсөн: “... 9 сарын 17-ны өдөр манай ажлынхантай гарахдаа хамт гараад уусан. Тэгээд машины түлхүүр алга болгосон гээд зодсон. 1 сард бууз хийх гээд очихдоо урд харьцсан хүүхнээс болж муудалцаад намайг зодсон. 6-р сарын 09-ний өдөр намайг үсдэж чирээд зодсон. Маргааш нь хамт явж байхдаа усны саваар арын суудлаас миний толгой руу цохиж байсан. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр орой 21 цагийн үед би найз гийн гэрт байж байхад О.******* уулзъя гээд чат бичээд манай найзын гэрээс ирж аваад бид хоёр машинтай 10 шарын автобусны буудал дээр очиж юм ярьсан...тухайн үед намайг явуулахгүй гээд би болохоор явна чи эндээ үлд гээд маргалдаж байтал гэнэт миний баруун хацар руу гараараа нэг удаа цохисон....” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.*******агийн шүүхийн хэлэлцүүлэгт:”... 9 сард сүүл хавьд хацар нь хавдсан , нүд нь хөхөрсөн байсан яасан бэ гэсэн чинь шүд өвдсөн гэсэн. Тэгээд хараад шүд биш байна гэхэд зүгээр зүгээр ээж гээд байснаа бид 2 үл ойлголцоод ******* цохьсон гэж байсан. ...Дараа нь цагаан сарын бууз хийж байх үедээ дахин зодсон байсан. Би яагаад дахин дахин ингээд зодоод байгаа юм гэхэд би эвлэрсэн байгаа гэсэн. 6 сард болохоор би ажил тараад орой гэртээ ирэхэд охины бүх бие нь хөх няц болчихсон байсан. Би наашаа босоод ир гээд биеийнх нь бүх зургийг нь дарсан. *******ээс яагаад ингээд зодоод байдаг юм гэхэд би юм авчихаад эргээд ирье гээд яваад өгсөн. Би цагдаад өгөх үү гэхэд охин яах юм бээ бид ингээд салнаа гэж байсан. 7 сард дахин зодуулахад нь би цагдаад өргөдөл өгсөн. Би тэр үеүүдэд нь цагдаад өгсөн байсан бол охиноо ингэж гэмтээлгэхгүй байсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.******* нь ихэвчлэн бие өвдлөө гэж чөлөө авдаг байсан. Б.*******тэй 2024 оны 02, 03 дугаар сарын үед сургууль дээр таарахад нүүр нь хөхөрсөн хөх туяа нь арилаагүй ирж байсан. Менежер багшаас асуухад “хамтран амьдрагчдаа зодуулсан” гэж хэлж байсан. Мөн 2024 оны 06 дугаар сард элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр 12 дугаар ангийн сурагчдад давтлага орох ёстой байсан ч Б.******* цахимаар давтлагаа орсон. Тухайн үед нь бас юу болсон талаар менежер багшаас тодруулахад “гэр бүлийн асуудал хамтран амьдрагч хүндээ зодуулсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-167-168 дахь тал/,

Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 01 р сард ******* ажлаасаа 7 хоногийн чөлөө авсан байсан. Би яасан талаар видео каллаар залгаж асуухад нэг нүдэнд нь цус хурсан байсан. Тухайн цаг хугацаанаас сарын орчмын дараа ******* надад “ ******* намайг цохисон” тэгээд ажлаасаа чөлөө авсан гэсэн “ гэсэн мэдүүлэг /1хх-171/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 359 дугаартай “...Б.*******ий биед эрүү ясны хоёрлосон хугарал, нэг шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад 5% нөлөөлнө...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.******* нь хохирогч Б.*******ийг байнга зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байна.

Мөн шүүгдэгч нь  хохирогч Б.*******ийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Түүнчлэн шүүгдэгч О.*******, хохирогч Б.******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарах ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэрээр халдсан байхыг шаарддаг бөгөөд эдгээрийн аль нэг хэлбэр эсхүл хэд хэдэн хэлбэрт байнгын шинжтэйгээр халдсан бол гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж болох “Байнга” гэх шинжийг 3 ба түүнээс дээш удаагийн давтамжтай гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь хоорондоо 6 сараас хэтрээгүй байх агуулгаар ойлгох бөгөөд шүүгдэгч нь хамтран амьдрагч Б.*******ий биед 2023 оны 09 сар, 2024 оны 01 сар, 2024 оны 06 сар, 2024 оны 07 дугаар саруудад хүчирхийллийн шинжтэй халдсан үйлдлүүд нь “байнга” гэх хууль зүйн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч О.*******ийг 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч Б.*******ий биед халдаж зодож цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулах”, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч О.*******ий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.******* нь эмчилгээний зардалд 3,894,664 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3,260,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан.

Мөн шүүх хуралдааны явцад хохирогч нь сэтгэл санаанд учирсан хохиролд 8,573,400 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүх хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 946 дугаартай “...Б.******* нь сэтгэцэд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг баримтыг үнэлээд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасан ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 9 дахин үржүүлэн 5.940.000 төгрөгийг шүүгдэгч О.*******ээс гаргуулж хохирогч Б.*******д олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол төлбөр төлөх санал гаргаж, завсарлуулсан хугацаанд хохирогчид учирсан 5.940.000 төгрөгийг нөхөн төлсөн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаанд Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял 11.дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар нэмж нэгтгээд 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна...” гэх,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх зүйлд зааснаар гэм буруутайд тооцсон. Энэ төрлийн гэмт хэрэг дээр сонгох санкци хангагдсан хэрэгждэг өөрөөр хэлбэл зорчих эрх болон хорих ял шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай тэгэхээр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж байгаа нь энэ үйлдэл дээр тохирч байна. 11.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан үйлдэлтэй холбоотойгоор манай үйлчлүүлэгчийн зүгээс 11.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх зүйлчлэл дээр маргадаггүй. Анхнаасаа хүлээн зөвшөөрч оролцсон байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах саналтай нэгдэж байна...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

Шүүх  талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангиудад заасан ялуудаас  зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж нэмж нэгтгэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүндэвтэр хохирол санаатай учруулсан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг ******* хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Б.******* нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД