Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2020/01562

 

 

 

 

2020 05 05 101/ШШ2020/01562     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Ганболд, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.М холбогдох

7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ж би Хан-Уул дүүрэгт байрлах С ХХК-д орчуулагч, менежерийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа ажилчин С.Мд ажлын хувиар бүхий ажил үүргийг гүйцэтгэхийг шаардсаны төлөө цохиулж өшиглүүлэн хамраа хугалуулж эрүүл мэндээрээ хохирсон юм

Зохих байгууллагаас С.Мд эрүүгийн хэрэг үүсгэн прокуророос яллах дүгнэлт үйлдэн 2019 oны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд  дугаар шийтгэх тогтоолоор ял оногдуулсан. Би тухайн үед нүүрний мэс засал хийлгэж эмчилгээнд 3 сая төгрөг зарцуулсан. Гэтэл хэрэг болсон өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл С.М нь нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байна. Шийтгэх тогтоолоор хохиролд 1,960,875 гаргуулахаар шийдвэрлэж үлдэх 7,500,000 төгрөгийн баримт дутуу гэсэн үндэслэлээр иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй үлдээж шийдвэрлэгдсэн юм. Гэмт хэргийн улмаас хагалгаанд орсон, мөн эрүүний гэмтлийн улмаас 2019 оны 11 дүгээр сар хүртэл ажилдаа орж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд эрүүний гэмтэл тогтоогдсон шүүх эмнэлгийн дүгнэлт гарсаар байтал прокурор зүйлчлэлийг өөрчлөөгүй удаа дараа татгалзсаар шүүх хуралдаан хүргэсэн. Нэгэнт шүүх дээр ирээд дахин эрүүний гэмтэл тогтоогдсон байгааг анхаараагүй гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан боловч мөн үүнд ажиллагаа хийгдэхгүй байсан учраас дахиж шүүхэд ирсэн тул эрүүнд учирсан ярихад хүндрэлтэй байгаа ч гэмтлийг өөрөө эмчлүүлэхээр мэдүүлж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Мөн "С компани нь 4 жил надтай ажиллахдаа миний нийгмийн даатгал төлдөггүй, байсан нь миний цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын газарт гаргасан гомдлын дагуу шалгалт хийгдэж акт тавьж торгосон. Гэтэл энэ шалтгаанаар тайлбар хэлж тус компани нь 2019.11.04-ний өдөр буцааж ажилд авахаас татгалзсан хариу өгсөн. Би тус компанид 4 жил ажилласан ба сарын цалин 1,200,000-1,500,000 төгрөг авдаг байсан гэж багаар тодорхойлж өгсөн. Хэрэг болсны дараа мэргэжлийн хяналтын газраас компанид шалгалт хийж сарын цалин 1,200,000 төгрөгөөр нийгмийн даатгал төлөн үндэслэл байна гэж үзэн акт тавьсны дагуу зөвхөн нэг сарын нийгмийн даатгалын нөхөн бичилт хийсэн байдаг. Хэрэв С.Мийн учруулсан хохирол гараагүй байсан бол би 1,200,000 төгрөгийн цалингийн орлоготой байх байсан. Иймд шийтгэх тогтоолоор гаргуулж шийдвэрлэсэн хохирол 1,960,875 төгрөгөөс үлдэх ажилгүй байсан хугацааны хохиролд 2019.04.29-ний өдрөөс 11 сарын 04-ний өдөр хүртэл 6 сарын цалин 7,200,00 төгрөгийг С.Мээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.М нь 2019.11.08-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар О.Жн хохирлыг 1,960,875 төгрөг, 280 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан. 2019.12.17-ны өдрөөс нийтэд тустай ажлыг өдрийн 4 цагаар хийж дуусгасан, хохирлын мөнгийг одоогоор 210,000 төгрөг төлөөд байгаа. Уг шүүх хуралдаанд шинжээч эмч Т.А оролцохдоо хөнгөн гэмтэл 14-21 хоногийн хугацаанд бүрэн эдгэрдэг, ажил хөдөлмөр эрхлэхгүй байх шалтгаан О.Жд үүсэхгүй гэж мэдүүлсэн.

Иймд О.Жийн нэхэмжилсэн ажилгүй хугацааны 7,200,000 төгрөгийг төлөх боломж байхгүй болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ж, хариуцагч С.Мд холбогдуулан гэм хорын хохиролд 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсны улмаас нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан үндэслэлээр нэг сарын 1,200,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх 6 сарын хугацаагаар тооцон 7,200,00 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч С.Мнийг бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ. Тус шийдвэрээр хариуцагчаас 1,960,875 төгрөгийн эмчилгээ болон бусад зардлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн байна. тус шийтгэх тогтоолд талууд гомдол гаргаагүй тухай тайлбарласан бөгөөд шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан бол тухайн хохирлын үр дагаврыг хариуцагч арилгах үүрэгтэй. Гагцхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тухайн хохиролд шалтгаант холбоотой байх шаардлагатай.

Гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч дурдсан зургаан сарын хугацаанд ажилгүй байсан, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тухай нэхэмжлэгч шүүхэд, өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ үндэслэл бүхий байдлаар шүүхэд нотлоогүй байна. Тус ....дугаартай шийтгэх тогтоолд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5307 тоот дүгнэлтээр О.Жын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулын язрал, хамрын нуруу, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4-т гэмтлийн хөнгөн зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарахыг зааж, мөн журмын 2.4.1гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан, мөн журмын 2.4.2ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл хамаарахыг тодорхойлжээ.

Шийтгэх тогтоолоос үзэхэд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндийг 28 хоногоос доош хугацаагаар сарниулсан гэмтэл тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс шалтгаалан зургаан сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсныг шүүхэд нотлоогүй нь нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас цалингаа авч чадаагүй гэж үзэх боломжгүй, хариуцагч дурдсан хугацаанд хамаарах цалингийн хохиролд 7,200,000 төгрөгийг нөхөн төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.Мээс 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Жцын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧ Д.ГАНБОЛД

 

ШҮҮГЧ Б.УНДРАА