| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2019/01304/И |
| Дугаар | 182/ШШ2019/01376 |
| Огноо | 2019-08-05 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2019/01376
2019 оны 08 сарын 05 өдөр Дугаар 182/ШШ2019/01376 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б-д холбогдох,
“Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 5 дугаар гудамж, 0040а тоот хаягт байрлах 18642314919863 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0.7 га газрыг Д.Бат-Эрдэнийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2019 оны 03 дугаар сард зарын сонинд нийтлэгдсэн зарын дагуу С.Лхагвасүрэн гэдэг иргэнтэй холбогдож, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хайлааст 5 дугаар гудамж, 0040а тоот хаягтай, гэр бүлийн зориулалттай 0.7 га газар, түүн дээр баригдсан 60 м.кв хувийн орон сууцыг худалдах-худалдан авахаар тохиролцож 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бичгээр гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан.
Газрыг анх үзэхээр очиход хашаанд нэг байшинтай айл байсан бөгөөд С.Лхагвасүрэнгээс тодруулахад, “Хашааг түрээслэн амьдарч байгаа айл байгаа юм. Удахгүй нүүнэ. Би газраа зарж байгаа талаар хэлсэн байгаа. Асуудал үүсгэхгүй” гэсэн учраас бид харилцан итгэлцлийн үндсэн дээр цааш тодруулалгүйгээр С.Лхагвасүрэнгийн нэр дээрх бичиг баримтыг үзэж, дүүргийн Газрын албанаас тодруулаад худалдах, худалдан авах гэрээгээ байгуулсан.
Улмаар гэрээг үндэслэн дүүргийн Газрын албанд очиж газрын кадастрын зургийг өөрийн нэр дээр гаргуулан баталгаажуулж, газрын мэдээллийн санд холбогдох өөрчлөлтийг бүртгүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн 000459829 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 5 дугаар гудамж, 0040а тоот хаягтай, 18642314919863 нэгж талбарын дугаартай 0.7 га талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрын хууль ёсны өмчлөгч болсон.
Миний бие нь уг газартаа байшин барьж ашиглахаар төлөвлөж, барилгын ажил эхлүүлэхээр газар дээрээ очиход Д.Б гэгч хүн гарч ирэн үл ойлголцол үүсгэж эхэлсэн бөгөөд “Миний газрыг хүмүүс хуйвалдаж зарсан байна, би нүүхгүй. Эсвэл нүүх зардал өгвөл нүүнэ” гэх зэргээр эсэргүүцэл үзүүлж, бидний зүгээс удаа дараа тайлбарлаж хэлсэн боловч газрыг чөлөөлөхгүй цааргалсаар өнөөдрийг хүрлээ.
Газрыг худалдан авахаар судалж, дүүргийн Газрын албанаас тодруулахад уг газар нь иргэн С.Лхагвасүрэнгийн өмчлөлийн газар мөн бөгөөд өөр ямар нэг байдлаар давхцал болон өөр бусад эзэмшигч, өмчлөгчийн асуудал байгаагүй. Тиймдээ ч газрыг миний нэр дээр шилжүүлэн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчилгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан байдаг бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т энэ хуулийн 106.1-д заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасныг үндэслэн тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд миний хууль ёсны эрхийг хангаж, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 5 дугаар гудамж, 0040а тоот хаягт байрлах 18642314919863 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0.7 га газрыг иргэн Д.Бат-Эрдэнийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.” гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Б миний бие хадам ээж Д.Аюуш нь н.Нямдугар гэгч айлтай энэ хашаанд хамт амьдарч байсан. Энэ хашааг Д.Аюуш, н.Нямдугар нарт ажлын газар болох 19 дүгээр эмийн сангаас хамтран эзэмшүүлэхээр олгосон байдаг юм.
Миний бие А.Оюунчимэгтэй 1984 онд гэр бүл болж тус хашаад 10х6 хэмжээтэй 3 өрөө байшин барьж суусан. Ингээд манай хуучин 2 өрөөнд н.Нямдугарынх орсноор 3 өрөө байшинд амьдарч байгаад хүү н.Нямжаргалтай нь хашаагаа хувааж, тус тусдаа гэрчилгээ гаргуулахаар тохирсон.
Ингээд 2014 онд хашаагаа хуваасан. Гэтэл Н.Нямжаргал бид нарыг хуурч зөвхөн өөрийн нэр дээр уг газрын гэрчилгээг гаргачихсан. Ингэхдээ манай байшингийн зургийг кадастраас үгүй болгосон байдаг.
Хуурамчаар кадастрын зураг хийлгэж, бид нарыг хохироосон. Худалдаж авсан н.Лхагвасүрэн хүнд дахин зарсан, ингэхдээ худалдаж авах хүндээ намайг түрээсээр амьдардаг гэж худлаа хэлж зарснаар энэ хүн бидний өмч болох газар байшинг хууль бусаар булаан авах гэж шаардаж байна. Манай гэр бүл энэ хашаа байшиндаа 40-өөд жил амьдарч байна. Иймд миний газрыг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж, бид нарыг хохироохгүй байхыг хүсье” гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Х нь хариуцагч Д.Бд холбогдуулан “Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 5 дугаар гудамж, 0040а тоот хаягт байрлах 18642314919863 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0.7 га газрыг Д.Бат-Эрдэнийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 5 дугаар гудамж, 0040а тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18642314919863 дугаартай 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2202006478 дугаарт бүртгэгдсэн газар, Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Хайлаастын дугаар гудамж, 40а тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай Ү-2202013536 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Ч.Х болох нь хэрэгт авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000459829 дугаартай гэрчилгээ, 2019 оны 04 дүгээр сарыг 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000695932 дугаартай гэрчилгээ, кадастрын зураг, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хайлааст 5 дугаар гудамж, 0040а тоот хаягтай, гэр бүлийн зориулалттай 0.7 га газар, түүн дээр баригдсан 60 м.кв хувийн орон сууцыг худалдах-худалдан авч 000459829 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр газрын хууль ёсны өмчлөгч болсон. Миний бие нь уг газартаа байшин барьж ашиглахаар төлөвлөж, барилгын ажил эхлүүлэхээр газар дээрээ очиход Д.Б гэгч хүн эсэргүүцэл үзүүлж, бидний зүгээс удаа дараа тайлбарлаж хэлсэн боловч газрыг чөлөөлөхгүй цааргалсаар өнөөдрийг хүрлээ.” гэж тайлбарлажээ.
Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Д.Б миний бие хадам ээж Д.Аюуш нь н.Нямдугар гэгч айлтай энэ хашаанд хамт амьдарч байсан. Энэ хашааг Д.Аюуш, н.Нямдугар нарт ажлын газар болох 19 дүгээр эмийн сангаас хамтран эзэмшүүлэхээр олгосон байдаг юм.
Манай хуучин 2 өрөөнд н.Нямдугарынх орсноор 3 өрөө байшинд амьдарч байгаад хүү н.Нямжаргалтай нь хашаагаа хувааж, тус тусдаа гэрчилгээ гаргуулахаар тохирч 2014 онд хашаагаа хуваасан. Гэтэл Н.Нямжаргал бид нарыг хуурч зөвхөн өөрийн нэр дээр уг газрын гэрчилгээг гаргачихсан. Ингэхдээ манай байшингийн зургийг кадастраас үгүй болгосон байдаг.
Хуурамчаар кадастрын зураг хийлгэж, бид нарыг хохироосон. Худалдаж авсан н.Лхагвасүрэн хүнд дахин зарсан, ингэхдээ худалдаж авах хүндээ намайг түрээсээр амьдардаг гэж худлаа хэлж зарснаар энэ хүн бидний өмч болох газар байшинг хууль бусаар булаан авах гэж шаардаж байна. Манай гэр бүл энэ хашаа байшиндаа 40-өөд жил амьдарч байна. Иймд миний газрыг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж, бид нарыг хохироохгүй байхыг хүсье...” гэж маргажээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ч.Х нь С.Лхагвасүрэнтэй 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 5 дугаар гудамж, 0040а тоот 700 м.кв газрыг 7,000,000 төгрөгөөр худалдан авсан байх бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000459829 дугаартай гэрчилгээгээр Ч.Х нь дээрх газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь баримтуудаар тогтоогджээ.
Маргааны зүйл болох хашаа, байшингийн өмчлөгч нь Ч.Х тул өөрийн өмчлөлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь өөрийн шүүхэд гаргасан татгалзлын үндэслэлийг нотлох үүрэгтэй ба энэхүү үүргийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 5 дугаар гудамж, 0040а тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18642314919863 дугаартай 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2202006478 дугаарт бүртгэгдсэн газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа талаарх баримтыг хариуцагч Д.Б нь шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүйгээс гадна энэ талаарх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хариуцагч Д.Б нь маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 5 дугаар гудамж, 0040а тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18642314919863 дугаартай 700 м.кв газар буюу хашаанд одоог хүртэл амьдарч байгаа гэж зохигчид тайлбарлаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар хариуцагч Д.Б нь өөрийн эзэмшлийг хууль болон гэрээний үндсэн дээр хууль ёсоор эзэмших эрхтэй гэдгээ нотлоогүй, өөрөөр хэлбэл дээрх маргаан бүхий газрын хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй болох нь тогтоогдож байгаагаас гадна маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.Бат-Эрдэнийн эзэмшил нь хууль бус байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 5 дугаар гудамж, 0040а тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18642314919863 дугаартай 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2202006478 дугаарт бүртгэгдсэн газрыг хариуцагч Д.Бат-Эрдэнийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Ч.Хд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр товлон зарласан шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Бд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу түүний 99800816 дугаарын утсаар 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.
Шүүх хариуцагч Д.Бд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 09.00 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу Д.Бд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулсан өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Д.Бат-Эрдэнийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 5 дугаар гудамж, 0040а тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18642314919863 дугаартай 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2202006478 дугаарт бүртгэгдсэн газрыг хариуцагч Д.Б болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Ч.Хд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Хд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС