| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/01755/И |
| Дугаар | 101/ШШ2018/02736 |
| Огноо | 2018-08-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2018/02736
| 2018 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2018/02736 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхий шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З ХХК
Хариуцагч: Т.М /-нд холбогдох
300 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч З ТББ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З ТББ нь Хан-уул дүүрэг 4-р хорооны нутагт хүүшийн амны хойно байрлах 700 мкв тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газартай байсан бөгөөд газар дээр өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийн дугаартай гурван иргэний өмч болох 288 мкв контор, кофены 50 мкв 3 давхар үл хөдлөх хөрөнгө байсан. Халаалт цахилгааны зардал өвөлдоө их гарч байсан тул байгууллагын зардалаа хэмнэх зорилгоор Мы тавьсан саналын дагуу хоёр тал харилцан тохиролцож 2014 оны 11 сарын 20 өдөр газар болон үл хөдлах хөрөнгөө шилжүүлж 2014 оны 11 сарын 21 өдөр Мтай Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээгээр М нь тус газар дээр шинээр барих орон сууцны барилгаас 400 мкв орон сууц, 50 мкв үйлчилгээний талбай буюу гэрээний 7.2-т заасны дагуу 1мкв нь хоёр сая төгрөг үнэ бүхий нийт 900.000.000 төгрөгийн үнэтэй байр талбай өгөхөөр тохирч тус газар дээр байрлах тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийндугаартай гурван иргэний өмч болох 288 мкв контор, кофены 50мкв 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг Хан-уул дүүрэг 11-р хороонд байрлах улсын бүртгэлийн тоот 95.48 мкв үл хөдлөх хөрөнгөөр сольсон. Үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 11 сарын 21 өдөр мөн барьцааны гэрээ байгуулж Улсын бүртгэлийн дугаартай орон сууц. тоот орон сууцнуудыг М барьцаалсан байсан. Гэрээний дагуу манай тал үүргээ биелүүлж хариуцагчид шилжүүлэх ёстой хөрөнгөө бүрэн шилжүүлж газраа чөлөөлөн үүргээ гүйцэтгэсэн. М нь гэрээнд заасан хугацаандаа барилгаа бариагүй бөгөөд удахгүй барилга барина гэж хүлээлгэж байсан. Манай байгууллагаас Мд албан тоотууд илгээж байсан. Улмаар 2014 оны 11 сарын 21 өдрийн №1 тоот гэрээний үнийн дүн эд хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулж хоёр тал харилцан тохирч 2015 оны 1 1 сарын 15 өдөр Арилжааны гэрээг байгуулсан. Гэрээгээр өмнөх гэрээгээ дуусгавар болгож гэрээний салшгүй нэг хэсэг байхаар тохирсон бөгөөд М нь манай талд 220,000.000 төгрөг, СХД-т байрлах 1 өрөө байр тус тус хүлээлгэн өгч барьцаанд тавьсан 2 байраа суллан авч, үлдэгдэл төлбөрт тухайн газар дээр 12 давхар барилга баригдсан тохиолдолд 3 давхарт орон сууцны 100 мкв. 1 давхарт үйлчилгээний 50 мкв талбай өгехөөр харилцан тохирсон. Манай талаас шилжүүлж өгсөн уг газар дээр орон сууцны 12 давхар барилга баригдсан байгаа бөгөөд 2017 оны сүүлээр тус барилгын захиалагч нь Т.М байсан. Тус орон сууц нь баригдаж дуусч байгаа бөгөөд байр захиалгын гэрээ хийгдэж байсан тул захиалгаа өгөхөөр 2018 оны 3 сарын эхээр очиход барилгын захиалагч нь өөрчлөгдсөн байсан. Бид төлөөлөгчөөрөө дамжуулан Мтай уулзан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад өгч чадахгүй би барилга бариагүй гэж үүргээсээ зугтах болсон. Бид албан ёсоор 2018 оны 3 сарын 6 өдөр шуудангаар албан тоот явуулж гэрээний үүргээ биелүүлэхийг дахин шаардахад хариу ирүүлээгүй болно. Манай байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг байсан байраа Мд шилжүүлсэн бөгөөд тогтсон ажлын байргүй хүндрэлтэй байгаа болно. Иймд Маас 2015 оны 11 сарын 15 өдөр байгуулсан гэрээний дагуу орон сууцны 100 мкв байр, үйлчилгээний 50 мкв тайлбайн үнэ болох 300,000.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Хан-уулд байрлалтай 700 мкв газартай байсан. Уг газар дээр 288 мкв 3 давхар үл хөдлөх байсан. Хариуцагч нь уг газар дээр барилга барина оронд 450 мкв орон сууц болон үйлчилгээний талбай өгнө гэсэн. Гэрээ нь арилжааны шинжтэй хөрөнгө оруулах гэрээ байгуулсан. 400 мкв орон сууц 50 мкв үйлчилгээний талбай өгнө гэсэн. Мкв-г 2 сая төгрөг гэж тохирсон. Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг шилжүүлье гэсэн. Газар болон 288 мкв үл хөдлөх хөрөнгө юм. Газар нь 450 мкв талбайд бөгөөд 288 мкв-д Хан-Уул дүүрэгт 95.48 мкв орон сууц өгнө гэсэн. 95.48 мкв орон сууцаа авсан. Хариуцагч нь 288 мкв үл хөдлөхийг шилжүүлээгүй гэдэг боловч хариуцагчийн эгч Сайнжаргалт Уранбаяраас шилжсэн. Уранбаяр нь ТББ-н гишүүн. Газар дээр барилга барих тул 288 мкв үл хөдлөхийг буулгах болсон тул хариуцагч нь 100 саяыг өгөөд бид буулгаж зайлуулах байсан. Хариуцагч нь 100 саяыг өгөөд буулгаад газрыг чөлөөлөөлж өгсөн. 2015.6.1-нд чөлөөлж өгсөн. Улмаар нэхэмжлэгч талаас хариуцагчид барилгаа хэзээ барих талаар албан тоот шилжүүлж байсан. Үүнээс хойш 2015.11 сард дахиж гэрээ байгуулсан. Ингэхдээ өмнөх гэрээний үнийн дүнг өөрчилж хариуцагч нь 220 сая өгөөд Сонгинохайрханд 1 өрөө байр өгөөд барилга баригдахаар 100 мкв орон сууц, 50 мкв үйлчилгээний талбай өгнө гэсэн. Анх гэрээ байгуулахдаа барьцаалсан 2 үл хөдлөхийг барьцаанаас чөлөөлсөн. Үүний дагуу 220 сая төгрөгөө өгсөн. 1 өрөө байраа өгсөн. 100 мкв орон сууц болон 50 мкв үйлчилгээний талбай өгөөгүй. 2017 онд барилга баригдаж эхлээд захиалагч нь М хариуцагч байсан. Захиалга авч байна гэхээр нь очтол захиалагч нь М биш гэсэн. Очоод уулзахад надад хамаагүй гэсэн. 2018.3.6-нд гэрээний үүргээ биелүүлэхийг албан тоотоор явуулахад хариу ирүүлээгүй. Хариуцагч нь би барилга бариулаагүй гэсэн. Гэтэл барилга барих зөвшөөрлөөр М, хүлээн авсан комисс нь М, Бямбажав гэж гарч ирсэн. Иймд хариуцагч нь барилга барьсан бөгөөд талбайгаа өгөхгүй гэж байгаа тул талбайн үнийг гаргуулна. Их хэмжээний хөрөнгөөр солисон гэсэн. Харилцан тохиролцож хийсэн гэрээ. Өмнөх гэрээг зөвшөөрсөн тул 2015 оны гэрээг хийсэн. 12 давхар барилга барина гэж гэрээ хийсэн. Баримтаар хариуцагч барилга барьсан нь тодорхой байгаа. Бямбажав гэрээ байгуулаад байгаа боловч 2 эзэнтэй бол хэн нь ч гэрээ хийж болно. 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн гэрээнд дээр хариуцагч 100,000,000 төгрөг өгч түүгээр нь нэхэмжлэгч газрыг чөлөөлж өгөхөөр тохиролцсон бөгөөд энэ нь биелэгдсэн. Сайнжаргал гэдэг нь хариуцагчийн төрсөн эгч нь юм. Хариуцагчийн хэлсэнээр эгч уруу нь шилжүүлсэн байдаг. Бид 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэлээ гаргаж байгаа гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:ЗТББ-ын иргэн Т.Мд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:З ТТБ нь Хан-Уул дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт Хүүшийн амны хойно байрлах 700 мкв талбай бүхий газар болон 288 мкв контор, кофены 50 мкв 3 давхар үл хөдлөх хөрөнгийн үнэ гэж иргэн Т.Маас 100 000 000 төгрөг бэлнээр, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан хороолол, Зайсан гудамж 23 /1-р байрны 83 тоот 95,48 мкв орон сууц / 334 сая төгрөгийн үнэтэй/, 220 000 000 /хоёр зуун хорин сая төгрөг/ бэлнээр, СХД, 15-р хороо, 1-р хороолол, 32-р байр, 228/А тоот 1 өрөө орон сууц зэргийг тус тус хүлээн авсан. Нэхэмжлэгч З ТТБ нь 2015 оны 11-р сарын 15-ны өдөр байгуулсан арилжааны гэрээний дагуу орон сууцны 100 мкв байр, үйлчилгээний 50 мкв талбайн үнэ гэж 300 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Учир нь иргэн Т.М нь тухайн газар дээр барилга барих санхүүгийн боломжгүйгээс уг газрыг иргэн Бямбажавт шилжүүлсэн. Харин иргэн Бямбажав нь тухайн газар дээр өөрийнхөө хөрөнгөөр орон сууцны барилга барьсан ба уг орон сууцны өмчлөгч юм. Иргэн Т.М нь тухайн газар дээр өөрөө барилга бариагүй, ямар ч хөрөнгө оруулаагүй тул талуудын хооронд 2015 оны 11-р сарын 15-ны өдөр байгуулсан арилжааны гэрээний дагуу орон сууцны 100 мкв байр, үйлчилгээний 50 мкв талбайг А талд хүлээлгэн өгөх үндэслэлгүй болно. Арилжааны гэрээний 4.1, 4.2-р зүйлүүдэд Б тал нь Хан-Уул дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт Хүүшийн амны хойно байрлах газарт орон сууцны зориулалтаар 12 давхар барилга барьсан тохиолдолд орон сууцны 100 мкв байр, үйлчилгээний 50 мкв талбай бүхий орон сууцыг барьж дуусмагц хүлээлгэн өгөх гэж заасанчлан Б тал ямар нэг барилга, орон сууц бариагүй тул эдгээр заалтын дагуу үүрэг хүлээхгүй болно. Иймд дээрхи үндэслэлүүдээрЗТТБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч нь газар болон 288 мкв үл хөдлөхийн үнэ гэж 100 сая төгрөг бэлнээр, ХУД, 11-р хороонд зайсанд 95.48 мкв орон сууц авсан. Энэ нь 334 сая төгрөгний үнэтэй байрыг авсан. Бэлнээр 220 саяыг авсан. СХД, 1-р хороололд 1 өрөө орон сууц авсан. Нэхэмжлэгч нь арилжааны гэрээний дагуу 288 мкв нь анх 2014.11.20-нд Сайнжаргалд шилжүүлж хөлсөнд Зайсангийн байрыг арилжааны гэрээгээр авсан. Энэ нь шүүхэд ирсэн баримтад байгаа. Иймд 288 мкв үл хөдлөх нь 345 саяаар Сайнжаргалд очсон. Гэтэл гэрээг ТББ болон М нар байгуулсан. 2014.11.21-нд байгуулсан. Сайнжаргалд өгсөн үл хөдлөхөө өөрөө хариуцагчтай гэрээ байгуулсан. Дараа нь 3 дахь гэрээ гарч ирдэг. 2015.11.15-нд арилжааны гэрээгээр нэхдэг. Энд Гомбодорж М нар гэрээ байгуулсан байдаг. Үүгээр өмнөх гэрээг дуусгавар болгоод гэрээний үнийг өөрчилсөн. Энд хариуцагч барилга барьсан тохиолдолд 100 болон 50 мкв өгнө гэдэг боловч гэрээний үнэ тохирсон хэсэг байхгүй. Харин барилга барьсан тохиолдолд 100 болон 50-г өгнө гэсэн өөр заалт байгаа. Уг барилгыг Бямбажав барьсан болох нь тогтоогддог. Энэ талаар баримт байгаа бөгөөд Бямбажав гэрчээр мэдүүлэг өгсөн. 2015.11.15-ны гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Учир нь Гомбожав нь иргэний хувиар ТББ-н өмчийн талаар гэрээ байгуулсан. Иймд шаардлагыг зөвшөөрөхгүй. 288 мкв-ыг хангалттай мөнгөөр өгсөн. Зөвхөн газрыг 220 сая, 1 өрөө байраар өгсөн. Эзэмших эрхтэй газрыг их хэмжээний орлого олох зорилгоор зарсан байдаг. Комиссын актанд хариуцагчийн нэр оролцсон явдаг. Учир нь газар эзэмших эрх шилжихтэй холбоотойгоор төрийн байгууллага нэр шилжүүлэх асуудлыг удаасан тул хариуцагчийн нэр давхар яваад байгаа юм. Зайсангийн байр нь 345,000,000 төгрөгний үнэ ба энэ талаар баримт байхгүй. Нэхэмжлэл гаргаад байгаа гэрээг хийсэн даруйдаа мэдээгүй тул зарим хэсгийг нь биелүүлсэн байдаг. Уг гэрээ нь хүчин төгөлдөр бус ба тэгээд ч хариуцагч уг газар дээр барилга бариагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн эзэмших эрхтэй газрыг их өндөр үнээр зараад байгаа нь хууль бус юм гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
НэхэмжлэгчЗТББ нь 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.М нь нэхэмжлэлийн үндэслэл болсон арилжааны гэрээ нь хүчин төгөлдөр бус, мөн гэрээнд зааснаар барилга бариагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хөрөнгө оруулж хамтран ажиллах гэсэн нэртэй гэрээ байгуулж Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн байна. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн амны хойно байрлах 700 мкв газар, газар дээр байрлах нэхэмжлэгч ТББ-н гишүүд болох Г.Урамбаяр, Л.Оюунчимэг, М.Гомбодорж нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 288 мкв конторын зориулалттай, 50 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлж, улмаар хариуцагчаас олгох 100,000,000 төгрөгт дээрх үл хөдлөх хөрөнгийг буулгаж, газрыг чөлөөлөх үүрэг хүлээсэн. Харин хариуцагч нь дээрх газар дээр баригдах барилгаас 400 мкв орон сууц, 50 мкв үйлчилгээний зориулалттай талбай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 95,48 мкв орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж, газрыг чөлөөлөхөд гарах зардалд 100,000,000 төгрөг олгохоор тохиролцсон байна.
Энэхүү гэрээнд заасан 700 мкв газрыг нэхэмжлэгчЗТББ нь дээрх гэрээг байгуулах үед эзэмшиж байсан болох нь хэргийн 12 дугаар талд байгаа Хан-Уул дүүргийн газрын албанаас 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15 жилийн хугацаатайгаар олгосон аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000304629 дүгээр гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Уг газрыг эзэмших эрхийг хариуцагч Т.Мд шилжүүлсэн эсэх талаар зохигчид хэн аль нь маргаагүй бөгөөд энэхүү үйл баримт нь зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, хариуцагч Т.М болон иргэн З.Бямбажав нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан эрх шилжүүлэх тухай гэрээний хуулбар, Нийслэлийн газрын албаны 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02-06/788 дугаар албан тоотоор тус тус тогтоогдсон.
Харин дээрх газар дээр байрлаж байсан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 288 мкв конторын зориулалттай, 50 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөх эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж хариуцагч маргасан. 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн хөрөнгө оруулж хамтран ажиллах тухай 01 дугаар гэрээний 2.2-т эрхийн улсын бүртгэлийн Y-2206007732 дугаарт бүртгэгдсэн 288 мкв болон 50 мкв үл хөдлөх эд хөрөнгийг Б тал буюу энэ хэргийн хариуцагчийн Хан-уул дүүргийн 11-р хороонд байрлах 95,48 мкв орон сууцаар солих гэж заасан. Уг эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө ньЗТББ-н өмчлөлөөс 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн объект бэлэглэх гэрээний дагуу Г.Урамбаяр, Л.Оюунчимэг, М.Гомбодорж нарын өмчлөлд 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шилжсэн болох нь дээрх бэлэглэлийн гэрээ болон эд хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 138 дугаар тал/ Улмаар дээрх 3 өмчлөгч болон иргэн Т.Сайнжаргал нар нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг Т.Сайнжаргалын өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 95,48 мкв орон сууцыг Г.Урамбаяр, Л.Оюунчимэг, М.Гомбодорж нарын өмчлөлд шилжүүлэхээр арилжааны гэрээ байгуулсан. /хэргийн 139 дүгээр тал/ Гэрээнд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 95,48 мкв орон сууц нь Т.Сайнжаргалын өмч болох талаар заасан. Энэхүү арилжааны гэрээний хэрэгжилт болон эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 95,48 мкв орон сууцны өмчлөлийн талаар зохигч хэн аль маргаагүй. Мөн уг эрхийн улсын бүртгэлийндугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөх эрх Т.Сайнжаргалд шилжсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дүгээр гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 140 дүгээр тал/
Хариуцагч нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Т.Мд бус харин бусдад шилжүүлсэн гэж маргасан. Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн хөрөнгө оруулж хамтран ажиллах тухай 01 дугаар гэрээний 2.2-т зааснаар эрхийн улсын бүртгэлийндугаарт бүртгэгдсэн 95,48 мкв орон сууцыг Б тал буюу энэ хэргийн хариуцагчийнх гэж заасан, мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн Т.Сайнжаргал нь хариуцагч Т.Мы төрсөн эгч гэх тайлбарыг хариуцагч талаас үгүйсгээгүй тул эдгээр нөхцөл байдлаас хариуцагчийн хүсэл зоригийн дагуу эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг Т.Сайнжаргалын өмчлөлд шилжүүлсэн гэж үзэхээр байна. Мөн уг үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөлийг шилжүүлэн авсанаар цаашид эзэмшиж, ашиглах зорилгогүй, харин байрлах газрыг чөлөөлж өөр барилга барих зорилгтой байсан нь зохигч хэн алины тайлбараар тогтоогдсон. Түүнчлэн газрыг чөлөөлөх зоригоор хариуцагч нь 100,000,000 төгрөг төлж, нэхэмжлэгч газрыг чөлөөлсөн гэх үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.
Дээрх үйл баримтуудыг дүгнэвэл нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Үүний дараа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Т.М болон М.Гомбожав нар нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн өдрийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээнд өөрчлөлт оруулж, арилжааны гэрээ байгуулсан байна. /хэргийн 8 дугаар тал/
Хариуцагч нь энэ гэрээг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, өөрөөр хэлбэлЗТББ-н байгуулсан гэрээнд иргэн М.Гомбожав өөрчлөлт оруулсан тул хүчин төгөлдөх бус байх хэлцэл гэж маргасан. НэхэмжлэгчЗТББ нь тэргүүн М.Гомбожавт 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээнд өөрчлөлт оруулах, өөрийн нэрийн өмнөөс маргаж буй асуудлаар гэрээ байгуулах эрх олгосон болох нь хэргийн 24 дүгээр талд байгаа баримтаар тогтоогдож байна. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн арилжааны гэрээнд нэхэмжлэгчЗТББ-ийн шаардах эрхийн талаар тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчЗТББ нь уг арилжааны гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан байх тул энэхүү хэлцэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд хариуцагчийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй байна.
Арилжааны гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээнд заасан Б тал буюу энэ хэргийн хариуцагчийн үүрэгт өөрчлөлт оруулж, хариуцагч нь 220,000,000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 228А тоот хаягт байрлах 1 өрөө орон сууц, шинээр баригдах барилгаас 100 мкв орон сууц, 50 мкв үйлчилгээний зориулалттай талбайг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нар нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг дуусгавар болгож заасан эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцжээ. Үүний дагуу барьцааны гэрээ дуусгавар болж, барьцаанаас чөлөөлөгдсөн эсэх талаар зохигчид маргаагүй. Мөн 220,000,000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 228А тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь шинээр баригдах барилгаас 100 мкв орон сууц, 50 мкв үйлчилгээний зориулалттай талбайг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.
Хариуцагч нь бид 100,000,000 төгрөг өгсөн гэж маргасан. Гэвч 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний 2.1-б зааснаар 100,000,000 төгрөг нь дээрх байдлаар эзэмших эрх шилжүүлсэн газрыг чөлөөлөх зардалд зарцуулагдахаар зохигчид тохиролцсон байна. Иймд уг 100,000,000 төгрөг нь шинээр баригдсан барилгаас олгох 100 мкв болон 50 мкв талбайд хамаарахгүй байна.
Хариуцагч нь барилгыг З.Бямбажав өөрийн хөрөнгөөр барьсан, хариуцагч барилга бариагүй. Гэрээнд хариуцагчийг барилга барьсан тохиолдолд дээрх талбайг өгөхөөр тохиролцсон тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.
Гэвч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Т.Мд Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Хүүшийн амны хойно барилгын ажлын дугаар зөвшөөрлийн гэрчилгээ олгожээ. Улмаар уг барилгыг 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хариуцагч Т.М болон иргэн З.Бямбажав нар нь улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018/106 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна. /хэргийн 130-131 дүгээр тал/ Мөн уг барилгыг З.Бямбажав нь өөрийн хөрөнгөөр барьсан болох нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрч З.Бямбажавыг асуусан тэмдэглэл, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Эдгээрийг дүгнэвэл хэдийгээр маргаж буй барилгыг барих зардлыг З.Бямбажав хариуцсан байх боловч барилгын ажлын зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээс үзэхэд уг барилгыг хариуцагч Т.М хамтран барьж байгуулсан гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийн тухайн барилгад хамааралгүй гэх тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл маргаж буй барилгыг хамтран барьсан нь хариуцагчийг арилжааны гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хариуцагч нь газар эзэмших эрхийг ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчлэх зорилготой ТББ байгууллага худалдсан нь хууль бус үйлдэл гэж маргасан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшигч нь зохих этгээдийн зөвшөөрөлтэйгээр өөрийн эрхийг бусдад шилжүүлэх эрхтэй. Ингэхдээ хариу төлбөртэйгээр газар эзэмших эрх шилжүүлэхэд хуулиар хориглосон зохицуулалтгүй.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээнд хариуцагчийн шилжүүлэх талбайн 1 мкв-н үнийг 2,000,000 төгрөг гэж тохиролцсон бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн арилжааны гэрээний 6.3-т хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ нь уг арилжааны гэрээний салшгүй хэсэг болох талаар заажээ.
Хариуцагч нь маргаж буй барилгаас нийт 150 мкв талбайг өгөх боломжгүй гэж тайлбарласан бол нэхэмжлэгч нь арилжааны гэрээний дагуу зарим үүргийг хариуцагч биелүүлсэн боловч 150 мкв талбай өгөх үүргээ биелүүлээгүй тул уг талбайд ногдох мөнгөн хөрөнгийг гаргуулна гэж тайлбарласан. Энэ нь нэхэмжлэгч арилжааны гэрээний зарим хэсгээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд газар дээр нэгэнт барилга баригдаж гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах боломжгүй байдал үүссэн байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д зааснаар хариуцагчийн хүлээсэн үүргийг мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 300,000,000 /150*2,000,000/ төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.2.1-д зааснаар хариуцагч Т.М-аас 300,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчЗТББ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,657,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД