| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/05150/И |
| Дугаар | 101/ШШ2022/00437 |
| Огноо | 2022-01-31 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2022/00437
| 2022 01 31 | 101/ШШ2022/00437 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 64 байр 2 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Агваанцэрэнгийн Т/регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ 205 байр, 22 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Рагчаасүрэнгийн Э/регистрийн дугаар: /-т холбогдох,
13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ, гэрч А.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Этай найзаараа дамжуулан танилцсан бөгөөд АНУ-аас ирээд удаагүй байхад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах объектыг гэр бүлийн хүн Б.Оюунтуяа бид нарт үзүүлж ...засвар үйлчилгээ хийгээд хүнсний зах болгон ажиллуулах гэж байгаа юм. Та хоёрт байрлал сайтай лангуу өгье, одоо бэлэн мөнгөө өгчих гэж удаа дараа биеэр уулзах, утсаар ярьж шамдуулаад байхаар нь түүнд итгэж 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр түүний өөрийнх нь Хаан банкны 5024670290 тоот дансанд 10,000,000 /арван сая/ төгрөг, мөн оны 11 сарын 16-ы өдөр дээрх дансанд нь 3,000,000 /гурван сая/ төгрөг, бүгд 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг шилжүүлсэн.
Мөнгө шилжүүлснээс хойш удаа дараа утсаар ярьж, очиж уулзахад ...одоо удахгүй ашиглалтад орно, асуудал байхгүй гэж худал ярьсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд сүүлийн үед утсаа авахгүй байх, утсаа салгаад дугаараа солих, гэр орон нь шилжиж нүүх зэргээр элдэв арга саам хийж зугтаад байгаа юм.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 4 сарын 7-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2021 оны 9 сарын 27-ы өдрийн 15923 тоот захирамжаар Б.Оюунтуяа нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдюрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд, нэхэмжлэлийг хүлээн авч Р.Эаас 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Р.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 15б-д байрлах объектыг засч, тохижуулахаар түрээслэгчийг нь түлхүүр авахаар хүлээж байтал Төрөө гэр манай найз ирээд хийх юм алга хоёулаа хамтарч наад бизнесийг чинь хийе би мөнгө гаргая ахтайгаа хамтраад бүхнийг зохицуулъя гэж гуйсаар байгаад эхний ээлжинд засварын мөнгө 10 сая төгрөг нэг удаа, 3 сая төгрөг нэг удаа өгснөөс хойш хэд хэдэн удаа согтуу ирж хараад явдаг байсан. (уг нь өөр хүнд бараан зах болгоод зарах гэж байсан.) Энэ 6 сарын хугацаанд ах нь гэх Энхболд мөнгө олох зарах зорилгоор 5 удаа ирж байсан. Мөн байрны эзэдтэй уулзаж үнэ өртгийн талаар ярьж байсан. Би уг объектын бүх засварыг хийсэн, нэхэмжлэгч юу ч хийгээгүй.
Мөнгө нь бүтээгүйн улмаас миний хийсэн бүх хөдөлмөр, хөрөнгө мөнгө, нөү-хау зэрэг бүх зүйл үгүй болж байрны эзэнтэй шүүхээр 3 жил явж хохирол болох 152 сая төгрөгөө авч чадаагүй.
Иймд нэхэмжлэл үнэнд нийцэхгүй, гэртээ хэвтээд гомдол гаргаж, миний ажил амьдрал эрүүл мэнд, цаг хугацаагаар хохироож байгаа юм гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч Р.Эт холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Уг 13,000,000 төгрөгийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч тайлбарлахдаа, Р.Э Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах объектыг эхнэр бид хоёрт үзүүлж ...засвар үйлчилгээ хийгээд хүнсний зах болгон ажиллуулах гэж байгаа юм. Та хоёрт байрлал сайтай лангуу өгье, одоо бэлэн мөнгөө өгчих гэж удаа дараа биеэр уулзах, утсаар ярьж шамдуулаад байхаар нь 13 сая төгрөг шилжүүлсэн, объект ашиглалтад ороогүй тул мөнгөө буцааж гаргуулна хэмээн шаардсан.
Хариуцагч дээрх үйл баримтын талаар өөрөөр тайлбарлаж, тухайн объектыг тохижуулах ажилд А.Т хамтран ажиллахаар гуйж, мөнгө өгсөн нэхэмжлэл үнэнд нийцэхгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан.
Талуудын хооронд үүсэн харилцаа нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах объектыг Р.Э засч, тохижуулж, зах ажиллуулах зорилготой байсан гэх үйл баримтыг тодорхой илэрхийлэх боловч А.Тоос Р.Эт 13,000,000 төгрөг шилжүүлэх болсон үндэслэлийг талууд хэн аль нь өөрөөр тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан Мөнгөн шилжүүлгийн баримтаас үзэхэд, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг Б.Оюунтуяагаас лангууны төлбөр төлөв, Лангууны төлбөр Оюунтуяагаас гэх утгаар Б.Оюунтуяагаас Р.Эын эзэмшдэг 5024670290 дугаартай дансанд шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч Р.Э Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах объектыг засч, тохижуулан зах ажиллуулах зорилготой байсан, тухайн объектод захын үйл ажиллагаа явуулж, лангуу ажиллах үед нэхэмжлэгч А.Т нь өөрийн лангуутай болсон байх нөхцөлийг талууд тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээр дурьдсанаар талууд тохиролцож, үүрэг хүлээн, мөнгө шилжүүлсэн үйл баримт нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасантай нийцсэн, Үүргийн харилцаа талуудын хооронд үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх хэлцлийг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар байгуулагдсанд тооцно.
2017 оны 11 дүгээр сард Р.Э 13 сая төгрөг хүлээн авснаас хойш Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах объект нь захын үйл ажиллагаа явуулаагүй буюу объектыг засч, тохижуулаагүй байх тул хариуцагч Р.Э нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасны дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч А.Т нь дээр дурьдсанаар, хариуцагчид шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно., мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж тус тус заасантай нийцнэ.
Дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч Р.Эаас 13,000,000 төгрөг гаргуулах А.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй тул өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Р.Эаас 13,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Тод олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Эаас улсын тэмдэгтийн хураамж 222,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Тод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА