Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/03588

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: 0 тоот хаягт байрлах, В Э Т фХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 0 тоот хаягт оршин суух, Х******* г******* овогт Б.Б /РД:0/

Хариуцагч: 0 тоот хаягт оршин суух, Х******* г******* овогт Б.Ж /РД:0/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 81,927,730.19 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Фидуцийн гэрээгээр шилжүүлсэн тээврийн хэрэгслийг 44,540,000 төгрөгөөр үнэлж, зээлийн төлбөрөөс хасч тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б, хариуцагч Б.Б, Б.Ж, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага Б.Б, Б.Ж нартай 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ19/148 дугаартай зээлийн гэрээ байгуулан 44,540,000 төгрөгийг жилийн 34.80 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар 2029 оны 04 сарын 25-ны өдөр хүртэл бэлнээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дуусаагүй байгаа боловч зээлдэгч нар нь зээлийн төлбөрөө зээл олгосон өдрөөс хойш төлөөгүй өдийг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 22,270,000 төгрөг, үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 44,540,000 төгрөг, үндсэн төлбөрөөс бодогдсон зээлийн хүү /2019.04.17-2020.04.07/ 356 хоногийн зээлийн хүү 15,117,730 төгрөг, нийт 81,927,730 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б би 2018.08.24-ний өдөр Япон Улсын иргэн Сато Тэцуяагаас 57,000,000 төгрөгийн зээл авахдаа түүний төлөөлөгч, "ВБ Э Т Ф" ХХК-ийн захирал Р.Бтой зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Б0 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн дээрхи хаягт байрлах 466 м.кв талбай бүхий газраа барьцаанд тавьсан. Мөн "ВБ Э Т Ф" ХХК-тай фидуцийн гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн Nissan маркийн Qashqai загварын тээврийн хэрэгслийг уг гэрээгээр шилжүүлсэн. 2019 оны хавар би зээлдүүлэгч Сато Тэцуяагийн төлөөлөгч Р.Бтой уулзаж, "... Банкнаас зээл авч, Тэцуяагаас авсан өндөр хүүтэй зээлийг төлж, бага хүүтэй банкны зээлд хамрагдах гэсэн юм. Барьцаанд байгаа миний хөрөнгүүдийг түр чөлөөлж өгөөч" гэж хүсч, саналаа хэлэхэд тэрээр эхэндээ татгалзсан. Дараа нь түүнтэй хэд хэд удаа уулзсаны эцэст тэрээр зөвшөөрч'... Би чамд туслая. Тэцуяагаас авсан зээлийн үлдэгдэл чинь 44.500.000 төгрөг болсон байна. Энэ мөнгийг манай компани төлье. Харин чи манай компанитай зээлийн гэрээ байгуулж, фидуцийн гэрээгээр машинаа манай компанид шилжүүл. Бас үл хөдлөх хөрөнгүүдээ миний нэр дээр шилжүүлчих. Банкны зээл чинь бүтэхээр үл хөдлөх хөрөнгүүдийг чинь би буцааж шилжүүлье. Тэгээд чи банкнаас авах зээлээрээ манай компанийн зээлийг төлөөрэй" гэсэн. Уг саналыг би хүлээн авсан ба "ВБ Э Т Ф" ХХК нь Тэцуяагаас авсан миний зээлийг төлж, 2019.04.17-ны өдөр би "ВБ Э Т Ф"ХХК-тай 44.540.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Ингээд тохирсон ёсоор 2019.04.22-ны өдөр "ВБ Э Т Ф" ХХК нь Тэцуяагаас авсан миний зээлийн үлдэгдэл 44.540.000 төгрөгийг төлж, барьцаанд байсан миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлж, миний нэр дээр шилжүүлж өгөхөд нь би тэдгээр хөрөнгүүдээ өөрийн ах Жавхланд итгэмжлэл олгон мөн тохирсон ёсоор худалдах, худалдан гэрээгээр Р.Бын өмчлөлд шилжүүлсэн. Тэгээд би иргэн Р.Бын өмчлөлд түр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүд болон фидуцийн гэрээгээр "ВБ Э Т Ф" ХХК-нд шилжүүлсэн тээврийн хэрэгслээ буцааж авахын тулд хэд хэдэн банкаар орж, эцэст нь Капитрон банкны эдийн засагч Б.Лхагваболд гэх залуутай уулзаж, зээлийн материалаа өөрийн ах Ж, түүний эхнэр Ц.Ц нарын нэрээр түүнд өгсөн. Ах бид 2 уг эдийн засагчид үнэн байдлаа тодорхой ярьсан байсан тул тэр хүн Р.Бтой уулзана гэсэн. Бид 2 түүнийг Б-той утсаар яриулсан, мөн Баярцогтыг дагуулж түүнтэй уулзуулсан. Ингээд Капитрон банкны зээлийн хороо хурлаараа бидний зээлийн материалыг авч хэлэлцээд 54.400.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгохоор болсон юм. Ингээд тохирсны дагуу үл хөдлөхүүдээ өөрийн нэр дээр буцаан шилжүүлж байгаад банкнаас зээл авах гэтэл Р.Б нь "...эхлээд манай компанид зээлээ төл. Дараа нь хөрөнгүүдийг чинь шилжүүлнэ" гэж тохирсноо биелүүлэхгүй татгалзсан. Түүнээс хойш ах бид хоёр Р.Бтой олон удаа уулзаж, гуйсан боловч "Эхлээд зээлээ төл. Дараа нь хөрөнгүүдийг чинь шилжүүлнэ гэсээр өдий хүрээд байна. Зээлийн үндсэн төлбөр 44,540,000 төгрөг, зээлийн хүү 15,117,730 төгрөг, алданги 22,270,000 төгрөг, нийт 81,927,730 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар маргахгүй гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Зээлийн гэрээ байгуулсны дараа "В Э Т Ф" ХХК-ийн захирал Р.Б надад "...Чи фидуцээр шилжүүлсэн автомашинаа манай компанийн өмчлөлд шилжүүлэхээс гадна автомашинаа үлдээ. Манай Компани автомашиныг чинь ашиглаж хэрэглэхгүй, найдвартай хадгалж байна" гэхээр нь итгэж, автомашинаа "Ви Э Т Ф" ХХК-ийн эзэмшилд үлдээсэн. Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний фидуци 5.6-д "Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд... зээлийн гэрээг цуцалсан өдрөөс эхлэн ... өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээн авагчид үл маргах журмаар шилжүүлэн өгч, энэхүү гэрээний Хавсралтад заасан үнээр худалдаж борлуулахыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна" гэж заасан. Гэтэл "В Э Т Ф" ХХК нь автомашиныг унаж ашиглах эрхгүй, хадгалалтдаа байлгах үүргээ зөрчиж, байнга унаж ашиглаж байсан болох нь Замын цагдаагийн газрын торгуулийн хуудсаар тогтоогдож байна. Автомашиныг унаж ашиглаж, доголдол үүсгэчихээд одоо зах зээлийн үнэ нь буурсан гэж 22,000,000 төгрөгөөр тооцуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй. Иймд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өмчлөлдөө шилжүүлэн авсан автомашины үнэ 44,540,000 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээсээ хасч тооцоогүй, шаардлага гаргаж байгаа нь миний хувьд сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэл болж байна. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д " Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож, дуусгавар болгож болно", 238.4-д " Хооронд нь тооцож дуусгавар болгох хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна" гэж тус тус заасан. Иймд би 2019.04.17-ны өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүүлэх гэрээний дагуу "В Э Т Ф" ХХК-ийн өмчлөлд нэгэнт шилжүүлэн өгсөн автомашиныхаа үнийг зээлийн гэрээний үүргээс харилцан тооцуулахаар буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 238 дугаар зүйлийн 238.1, 238.4-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 81,927,730 төгрөгөөс фидуцээр шилжүүлэн өгсөн автомашины үнэ 44,540,000 төгрөгийг хасч тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Бид 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ байгуулж, зээлдэгч нар нь 0 тоот арлын дугаартай, Nissan Qashqai маркийн автомашиныг 44,540,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. Уг тээврийн хэрэгслийн өмчдөх эрх нь манй компанид шилжсэн. Уг тээврийн хэрэгслийг манай компани унаж, ашиглаж байсан нь үнэн. Одоо уг автомашины зах зээлийн үнэлгээ нь 22,000,000 төгрөг байгаа. Иймд уг автомашиныг 22,000,000 төгрөгөөр тооцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв. 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч В Э Т фХХК нь хариуцагч Б.Б, Б.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 81,927,730 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нар зээлийн төлбөр гаргуулах шаардлагыг зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тээврийн хэрэгслийг 44,540,000 төгрөгөөр үнэлж зээлийн төлбөрт тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчдын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр В Э Т фХХК нь 44,540,000 төгрөгийг 120 сарын хугацаатай зээлдүүлэх, Б.Б, Б.Ж нар нь сарын 2.9 хувийн хүү төлөх, тохирсон хугацаанд зээлийг төлж барагдуулах, эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Мөн талууд тус өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож 0000 УНГ улсын дугаартай, 0 тоот арлын дугаартай, Nissan Qashqai маркийн автомашиныг 44,540,000 төгрөгөөр үнэлж В Э Т фХХК-д барьцаалсан байна.

Хариуцагч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сато Тэцүяагаас 57,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авсан байх ба уг зээлийн төлбөрийн үлдэгдэл 44,540,000 төгрөгийг төлөхийн тулд В Э Т фХХК-иас уг мөнгөн хөрөнгийг зээлж авах замаар барагдуулсан үйл баримтын талаар талуудын хэн аль маргаагүй, тайлбарласан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Хариуцагч нар нь Сато Тэцүяад төлбөл зохих зээлийн мөнгөн хөрөнгийг В Э Т фХХК-иас зээлэн авч төлсөн талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа тус тус үүсчээ.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Зээлдэгч Б.Б, Б.Ж нар нь зээлийн үндсэн төлбөр 44,540,000 төгрөг, зээлийн хүүд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 15,117,730 төгрөг, алдангид 22,270,000 төгрөг, нийт 81,927,730 төгрөг төлөх үүрэгтэй талаар маргаагүй. Иймд хариуцагч нарын нийт гүйцэтгэвэл зохих үүрэг 81,927,730 төгрөг гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч В Э Т фХХК нь хариуцагч Б.Бгийн өмчлөлийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр бүртгүүлж, гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор автомашиныг өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон, талууд энэ талаар маргахгүй байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.2 болон барьцааны гэрээний 4.1-т ...зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь фидуцийн гэрээний дагуу шилжүүлж авсан хөрөнгийг үл маргах журмаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, захиран зарцуулах эрхтэй гэж заажээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүдэд зааснаар зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран автомашиныг зээлдүүлэгч нь өөрийн өмчлөлд авч, захиран зарцуулах буюу худалдан борлуулах замаар хохирлоо гаргуулан авахаар талууд тохиролцсон байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч В Э Т фХХК нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөл, эзэмшилд бүрэн шилжүүлэн авсан атлаа худалдан борлуулах замаар хохирлоо гаргуулан авах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэн талуудын байгуулсан фидуцийн гэрээний 4.6-д ...өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг эзэмших, ашиглахийг хориглох,... гэж заасан байхад нэхэмжлэгч В Э Т фХХК нь гэрээний зүйл болох автомашиныг ашиглаж байсан болох нь шийтгэврийн хуудсаар тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгчээс гаргаж буй автомашины үнэлгээ нь эдэлгээний явцад буурч, одоогийн зах зээлийн үнэлгээ нь 22,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээгээр зээлийн төлбөрт тооцуулах тухай тайлбар үндэслэлгүй.

Нөгөө талаар, талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөлтэй гэрээ гэж үзнэ. Аж ахуй эрхлэгч бус иргэнтэй байгуулж буй стандарт нөхцөл бүхий гэрээний утга агуулга ойлгомжгүй тохиолдолд санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах талаар Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан.

Иймд талууд фидуцийн гэрээгээр барьцааны зүйл болох 0000 УНГ улсын дугаартай, 0 тоот арлын дугаартай, Nissan Qashqai маркийн автомашины үнэлгээг 44,540,000 төгрөгөөр тогтоож, харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хариуцагч Б.Б, Б.Ж нарын зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих нийт үүрэг болох 81,927,730 төгрөг байгаа талаар талууд маргаагүй. Иймд нийт гүйцэтгэвэл зохих үүрэг 81,927,730 төгрөгөөс барьцаа хөрөнгийн үнэ болох 44,540,000 төгрөгийг хасч, үлдэх 37,387,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В Э Т фХХК-д олгох нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 235 дугаар зүйлийн 235.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Нэхэмжлэгч В Э Т фХХК нь 44,540,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлд нэгэнт тооцож авсан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага биелэгдсэнтэй холбоотойгоор шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч Б.Бгаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн татгалзлын үндэслэл байх хэдий боловч нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн үнийг 22,000,000 төгрөгөөр үнэлж маргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үнэ болох 44,540,000 төгрөгөөр тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Б, Б.Ж нараас 37,387,730 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В Э Т фХХК-д олгож, нэхэмжлэлээс 44,540,000 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бгийн фидуцийн гэрээгээр шилжүүлсэн тээврийн хэрэгслийг 44,540,000 төгрөгөөр үнэлж, зээлийн төлбөрөөс хасч тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 567,588 төгрөг, хариуцагч Б.Бгаас төлсөн 381,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Б.Ж нараас улсын тэмдэгтийн хураамжид 344,888 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч В Э Т фХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 381,000 төгрөг гаргуулж хариуцагч Б.Бд тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.БЯМБАЖАРГАЛ