| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 105/2022/0732/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/613 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/613
2025 03 06 2025/ШЦТ/613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Э.Баасанбаяр,
Шүүгдэгч: А.Ж , түүний өмгөөлөгч М.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ж-д холбогдох эрүүгийн 2206013701*** дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр **** суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамтаар Нийслэлийн **** тоот хаяганд түр оршин суудаг, Урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял, Сонгинохайрах дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, А.Ж /РД:****0/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*** " группын дэргэд байх түргэн үйлчилгээний цэгийн дэргэд хохирогч Ш.Э г өөрийнх нь гар утсыг авсан гэх шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь тархи доргилт, баруун, зүүн чамархай, дух, хоёр нүдний зовхи, баруун шанаа, чих, хацар болон дээд уруул, эрүү, хүзүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, баруун, зүүн шанаа, хамарт зулгаралт гэмтлийг үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Ж нь “...2022 оны 02 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулда "*** " группын дэргэд байх түргэн үйлчилгээний цэгийн дэргэд хохирогч Ш.Э г өөрийнх нь гар утсыг авсан гэх шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь тархи доргилт, баруун, зүүн чамархай, дух, хоёр нүдний зовхи, баруун шанаа, чих, хацар болон дээд уруул, эрүү, хүзүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, баруун, зүүн шанаа, хамарт зулгаралт гэмтлийг үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Ш.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би *** зочид буудлын барилга нотлох дээр ажиллаж байсан юм. Тэр өдөр 2022 оны 02 дугаар сарын 25-нд цалин буугаад ажлын газрын 4 хүүхэнг урьдчилж баярлуулах гээд ажлынхантайгаа караокед орсон. Ороод хүн бур 2-3 шил пиво уусан. Тэндээс гараад би хүнтэй /казак / хүнтэй маргалдсан... намайг зодсон казах залуу нь 27-28 орчим насны, надаас өндөр, царайг нь сайн санахгүй байна... миний биед толгойн хэсэгт гэмтэл үүссэн, одоо дагзны ар талын хэсэг толгой дүүрч өвддөг болсон." гэх мэдүүлэг /хх-ийн 48 дахь тал/,
Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2022 оны 02 дугаарсарын 26-ны өдрийн 07 цагийн орчимд Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо *** группын хажуу талын өөрийн түрээслэж ажиллуулдаг ТҮЦ-нд ирээд онгойлгож цэвэрлэгээгээ хийгээд хаалгаа хойд тал руу нь онгойлгох гэтэл 2 ТҮЦ-ний завсар цэнхэр өнгийн жийнсэн өмдтэй, хар өнгийн гуталтай, хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн хэвтэж байхаар нь гартаа барьж байсан шүүрээрээ гутал руу нь түлхээд босоорой гэсхэд босохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Би сайн анзаарч хараагүй, толгой хэсэгтээ цус болчихсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14 дэхь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын, Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 565 дугаартай "Ш.Э гийн биед тархины зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархи доргилт, баруун, зүүн чамархай, дух, хоёр нүдний зовхи, баруун шанаа, чих, хацар болон дээд уруул, эрүү, хүзүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархай, баруун, зүүн шанаа, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Ш.Э гийн биед учирсан тархины зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралтын улмаас мэдрэлийн энэ нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүдээс тархины зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархи доргилт, баруун, зүүн чамархай, дух, хоёр нүдний зовхи, баруун шанаа, чих, хацар болон дээд уруул, эрүү, хүзүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чамархай, баруун, зүүн шанаа, хамрын зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй....." гэх дүгнэлт /хх-ийн 220-225 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын, Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ***1 дугаартай "... Урьд гаргасан №35**, №5** дугаартай дүгнэлтүүдийн хохирлын зэрэгт өөрчлөлт орохгүй.” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2ХХ-ийн 24-28 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 5-7 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч А.Ж нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Ш.Э гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүгдэгч А.Ж ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол хор уршгийн хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Э гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан ба хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч шүүхээс А.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ж т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС