| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/04794/И |
| Дугаар | 101/ШШ2022/00463 |
| Огноо | 2022-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/00463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, ******* тоот хаягт оршин суух, Д******* овогт Л*******ийн Б /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, С******* овогт Т*******ийн М /регистрийн дугаар: /-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 26,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б , хариуцагч Т.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, Т.М тай 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 9,000,000 төгрөгийг хүүгүй, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч Т.М төлбөрөө төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 17,500,000 төгрөг, нийт 26,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, алданги гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Үндсэн зээл 9,000,0000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие, Л.Б гаас 1 сарын хугацаатай 9,000,000 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан, дахин сунгагдаагүй тул алдангид нэхэмжилсэн 17,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хууль эрх зүйн мэдлэг дутуу байсны улмаас буруу тайлбар өгсөн байна. Би уг мөнгийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Л.Б гаас аваад мөн өдрөө нотариат дээр гэрээ байгуулж, Ц.Баярмаад өгсөн тул хариуцагчийг Ц.Баярмаагаар сольж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч П.М холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 26,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан дээр алданги 17,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгав.
Хариуцагч нь нэхэмжлэгч Л.Б гаас 9,000,000 төгрөгийг зээлж авснаа үгүйсгээгүй боловч мөнгийг бусдад зээлдүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй хэмээн маргасан.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Талууд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Т.М нь 9,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх нөхцөлтэй харилцан тохиролцож, зээлдүүлэгч Л.Б нь 9,000,000 төгрөгийг мөн өдрөө зээлдэгчид дансаараа шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Л.Б гийн эзэмшдэг Хаан банк дахь 5006589560 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдов.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Хариуцагч нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 35,000,000 төгрөгийг Ц.Баярмаа гэх хүнд зээлдүүлсэн тухай Зээлийн гэрээг нотлох баримтаар гаргаж, Л.Б гаас авсан 9,000,000 төгрөгийг Ц.Баярмаад өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан нь хуулийн дээрх зохицуулалт, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан заншилтай харшилж байх тул хариуцагчийн татгалзах үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.,
мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж тус тус гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн 26,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамж 290,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 9,000,000 төгрөг буюу шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Т.М аас 9,000,000 (есөн сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нь 26,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 17,500,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан 17,500,000 төгрөгийн шаардлагын талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М аас улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА