Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 119/ШШ2022/0010

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С-ийн Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД Н.Б-т холбогдуулан гаргасан “СТСХД-ын 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22052.. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.М-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С би, тус аймгийн ТСХД Н.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-5-8.. тоотод оршин суугч “А” ХХК-ны нягтлан бодогч Д.М-ийг 2019 он, 2020 оны тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж шийдвэрлэсэн 01 дугаартай хялбаршуулсан материалыг хянахад шийтгэлийн хуудас нь хууль ёсны шаардлага хангаагүй, хүчингүй болсон шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар: Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 135 дугаар тогтоолоор шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг шинэчлэн баталж, Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолыг хавсралтын хамт хүчингүй болгосон байна. Эрх бүхий албан тушаалтан нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “А” ХХК-ны нягтлан бодогч Д.М-ийг санхүүгийн тайлангаа хугацаанд ирүүлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шийтгэл оногдуулахдаа 2021 оны 05 дугаар сард Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсон 22052.. дугаартай шийтгэлийн хуудсыг хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага аймгийн ТСХД Н.Б-ийн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22052.. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.М-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД Н.Б шүүхэд гаргасан тайлбартааОрхон аймгийн ПГ-ын АП Ч.С-ийн гаргасан аймгийн ЗДТГ-ын СТСХД Н.Б миний “А” ХХК-ийн нягтлан бодогч Д.М-ийн гаргасан үйлдэлд оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар торгууль оногдуулсан хялбаршуулсан материалыг хянаад илрүүлсэн шийтгэлийн хуудас нь хууль ёсны шаардлага хангаагүй, хүчингүй болсон шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан гэж прокурорын дүгнэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

Прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болж, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор шинэчлэгдсэн батлагдаж ирснийг манай төрийн сангийн мэргэжилтэн өөр дээр байлгаж байсан болох нь тогтоогдсон.

Иймд “А” ХХК-ийн нягтлан бодогч Д.М-д холбогдуулан бичсэн 22052.. дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцуулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД Н.Б-т холбогдуулан “СТСХД-ын 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22052.. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.М-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлтийг тус шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтыг баримтлан Орхон аймгийн ПГ-ын АП Ч.С-ийн Орхон аймгийн ЗДТГ-ын СТСХД Н.Б-т холбогдуулан гаргасан “СТСХД-ын 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2205203 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.М-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ШҮҮГЧ                                  П.УУГАНЦЭЦЭГ