| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/0197/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/191 |
| Огноо | 2025-03-28 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/191
2025 03 28 2025/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,
улсын яллагч: Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч: А.Т., түүний өмгөөлөгч О.Баасанхүү нар оролцсон эрүүгийн 2503000000210 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М. овогт А.ийн Т.
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, М. овогт А.ийн Т..
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Т. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2503000000210 дугаартай хэргээс:
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, баримт /4, 6/,
Жолоочийн лавлагаа /хх-ийн 28/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 451 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 15-17/,
А.Т.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 26/,
А.Т.ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 29-36/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч А.Т. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-ын буудал, Дондогдуламын рашааны зүүн замд Mitsubishi Outlander маркийн ...улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...драйгер багаж ашиглан шалгахад 0.21% үзүүлэлт илэрсэн...” гэх тэмдэглэл, баримт /4, 6/,
Жолоочийн “Эрх хасах: Чингэлтэй, Зөрчлийн тухай хууль, 14.7.5.1, 2024-03-21, 2025-03-21, 1 жил, ЭХАШ ЗШ/778” гэх лавлагаа /хх-ийн 28/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 451 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар зөрчилд холбогдогч А.Т.т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай.” гэх шийтгэврийн хуулбар /хх-ийн 15-17/,
А.Т.ийн яллагдагчаар өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 23-ны орой эхнэр бид хоёр ажлаа тараад Дарь-Эхэд эхнэрийн найзын гэрт очихоор болоод тэнд найзуудаараа хэдэн пиво ууж суусан. Би хоол унд идэнгээ 1 стакан Cass нэртэй пиво уусан. Тэгээд бид сууцгааж байгаад гэр гэртээ харихаар болоод найзынхаа гэрээс 2025 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 01-02 цагийн хооронд гарсан. Манай эхнэр мөн пиво уусан байсан болохоор бид хоёр дуудлагын жолооч хүлээж байхад манай найз Н.Чинзориг эрүүл байсан болохоор дуудлагын жолооч ирээд манайхыг олохгүй байх гээд манай машиныг хашаанаасаа төв зам руу гаргаж өгөөд буцаад гэртээ орсон. Тэгээд эхнэр бид хоёр машиндаа дуудлагын жолоочоо хүлээгээд сууж байхад эхнэр бие засмаар байна гэхээр нь би машинаа жолоодоод төв замаас гараад гудамж руу ороод, бид хоёр машинаасаа бууж бие засчихаад машиныхаа хажууд зогсч байтал замын цагдаа ирээд драгер үлээлгэж шалгасан. Би драгер багаж үлээхэд 0.21% согтолтой гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 451 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хэдий ч тийнхүү 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл дахин согтуугаар жолоодсон болох нь цагдаагийн алба хаагчийн холбогдох тэмдэглэл, спиртийн агууламжийг төхөөрөмжөөр шалгасанд холбогдох баримт, шүүгдэгчийн мэдүүлэг, шүүгчийн шийтгэвэр, жолоодох эрхийн лавлагаа зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголтыг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 5 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу уг гэмт хэргийг үйлдэхэд ямар нэг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүйн дээр гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Өөрөөр хэлбэл, урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус шинжтэй болохыг мэдсэн, мэдэх боломжтой байхад зориуд санаатай үйлдсэн нь нийгмийн аюулын шинж чанарыг ихэсгэж, үүнээс учирч болох хохирол, хор уршгийг нэмэгдүүлж, үүнд өртөж буй эрх ашиг буюу нийгмийн аюулгүй байдалд халдаж байдаг тул хууль тогтоогч 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ зөрчил, эсхүл гэмт хэрэг үйлдэж хасуулсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг гэмт хэрэгт тооцон эрүүжүүлсэн.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Т.өөс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад учруулсан хохиролгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч А.Т.ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч А.Т.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч А.Т.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч А.Т. нь бүрэн дунд боловсролтой, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7-уулаа амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Улсын яллагчаас “шүүгдэгч А.Т.т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч А.Т. танилцаж, хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуурлын хувь 0.21 промилли гарсан, хувийн байдал буюу өөрийн үйлдэлдээ гэмшиж буй байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Т.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээ, улсын яллагчийн гаргасан ялын саналын дотор буюу эрх хасах нэмэгдэл ялыг нь багасгаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналыг хүрээнд торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял нь түүний урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан шийтгэлийн хугацааг тасалдуулахгүй болохыг тэмдэглэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М. овогт А.ийн Т.ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т.ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т.т оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Т.т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хассан хугацаа дууссан үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Т.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН