Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/02953

 

 

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/02953

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

            

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ......регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Центр 34-407 тоот хаягт байрлах Г.Ц.А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн .... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 69б байр 45 тоот хаягт оршин суух, В.Г-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,533,308 төгрөг гаргуулах, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2204001693 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 16 дугаар хороолол 69б байрны 45 тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Ц.А ББСБ ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэн В.Гийн хүсэлтийг үндэслэн Авто засвар газар байгуулах төсөл зориулалтаар Т-15/03 тоот зээлийн гэрээ-г сарын 0.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар байгуулж 20,000,000 төгрөгийг байгууллагын кассаас бэлнээр олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №Т-15/03 тоот барьцааны гэрээ байгуулж, В.Гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 16 дугаар хороолол, 69б байрны 45 тоотод байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг зээлийн барьцаанд бүртгүүлсэн. Зээлдэгч В.Г нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 6,926,865 төгрөг, зээлийн хүүнээс 388,853 төгрөг, хуримтлуулсан хүүнээс 261,429 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 17,153 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний нийт хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлд 6,926,865 төгрөг, зээлийн хүүнд 388,853 төгрөг, хуримтлуулсан хүүнээс 261,429 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17,153 төгрөгийг төлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13,073,135 төгрөг, хуримтлагдсан хүүний үлдэгдэл 383,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,695 төгрөг, нийт 13,533,308 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөхгүй, зээл төлөлтийн хуваарийг удаа дараа ноцтой зөрчиж ББСБ-ын хэвийн ажиллагаанд саад учруулж ирсэн. Иймд В.Гоос 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Т-15/03 тоот зээлийн гэрээний дагуу өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл 13,073,135 төгрөг, зээлийн хүү 383,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,695 төгрөг, нийт 13,533,308 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 16 дугаар хороолол 69б байрны 45 тоотод байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг албадан борлуулж, зээлийн өр төлбөрийг барагдуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ц.А ББСБ ХХК нь хариуцагч В.Гид холбогдуулан үндсэн зээл 13,073,0135 төгрөг, зээлийн хүү 383,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,695 төгрөг, нийт 13,073,135 төгрөгийг гаргуулах, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2204001693 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 16 дугаар хороолол 69б байрны 45 тоот үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсхүл татгалзах талаар тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Г.Ц.А ББСБ ХХК нь В.Гтой 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Т-15/03 тоот зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг, сарын 0,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авто засварын газар байгуулах төсөл хэрэгжүүлэх зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд В.Гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204001693 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 16 дугаар хороолол 69б байрны 45 тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Т-15/03 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна./х.х-ийн 11-12, 16, 19 дахь талд/

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар зээлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан байх тул хууль зүйн хувьд талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч нь үндсэн зээлд 6,926,865 төгрөг, зээлийн хүү хуримтлагдсан хүүнд 650,282 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17,153 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /х.х-ийн 20 дахь талд/

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссан боловч үүргээ гүйцэтгээгүй байх бөгөөд улмаар нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 13,073,135 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хэтэрсэн хугацааны хүүнд 383,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,695 төгрөг, нийт 13,533,308 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 13,533,308 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэлд дурдсан уг мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, түүнчлэн 41.2-т Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус зохицуулснаар талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний дагуу шаардах эрхийг барьцаалагч Г.Ц.А ББСБ ХХК шаардах эрхтэй байна.

Иймд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг барьцаалуулагч буюу зээлдэгчээс шаардаж байгаа нь үндэслэлтэй байх тул энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Тус хэрэгт хариуцагч тал нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан байх боловч хуульд заасан хугацааны дотор болон шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэлх хугацаанд шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч В.Гоос 13,533,308 /арван гурван сая таван зуун гучин гурван мянга гурван зуун найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц.А ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд В.Гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204001693 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 16 дугаар хороолол 69б байрны 45 тоот 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ц.А ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,817 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 295,817 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц.А ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ