| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0057/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/61 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/61
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч О.Мөнхтуяа,
шүүгдэгч Б.Э******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э******* холбогдох эрүүгийн 2515000000033 дугаартай, 304/2025/0057/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц******* овогт Б******* Э*******, Булган аймгийн ******* суманд 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Б******* сумын 7 дугаар баг ******* ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, регистрийн дугаар: , урьд нь
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан,
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Э******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр Булган аймгийн ******* сумын *******бүрэн 3 дугаар багийн нутагт байрлах ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг босоо шинэс төрлийн модыг 30 хэсэг болгон тайрч бэлтгэн, өөрийн эзэмшлийн улсын дугаартай, Киа бонго-2 загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас ''байгаль экологид 472,235.148 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 1,416,705.444 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Э******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн ******* сумын *******бүрэн 3 дугаар багийн нутаг дэвсгэрийн ойгоос 5 ширхэг буюу 1.26 метр куб ургаа шинэс төрлийн мод огтолж, хэрэглээний зориулалттайгаар 30 ширхэг болгон тайрч бэлтгэн улсын дугаартай, “KIA.Bongo” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн байгаль экологид 472,235.148 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 1,416,705.444 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Иргэний нэхэмжлэгч Б.Б: “...Миний бие ******* сумын Засаг даргын захирамжаар иргэний нэхэмжлэгчээр томилогдсон. Иргэн Б.Э******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж хууль бусаар мод бэлтгэсэн байна. Мөн мод бэлтгэх журмыг зөрчиж мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй мод бэлтгэсэн. Хуулийн дагуу шалгаж буруутай эсэх нь тогтоогдсон тохиолдолд Байгаль Экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, арга хэмжээ авхуулах, шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
-Гэрч С.Б: “...Булган аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар эрх олгох захирамж гарч иргэн, хуулийн этгээдэд мод бэлтгэх эрхийн бичгийг олгодог. ...Иргэн Б.Э******* нь 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 25-ны өдрийн хооронд мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
-Гэрч Г.Х: “...Би Булган аймгийн ******* сумын 3, 4 дүгээр багийн байгаль хамгаалагчаар ажилладаг. Мод бэлтгэх эрхийн бичиг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хуваарийн дагуу талбай тусгаарлалт хийгдсэн газарт олгодог.
...Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд Б.Э******* гэдэг иргэнд ямар нэгэн талбай тусгаарлалт хийгдсэн газраас мод бэлтгэх эрх буюу мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөөгүй. Б.Э******* гэдэг иргэн надаас мод бэлтгэх эрхийн бичиг асууж, бичүүлэх талаар ямар нэгэн асууж тодруулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 74-75 дахь тал/,
-Гэрч Ч.Б: “...2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай үеэл ах Б.Э******* намайг Орхон аймгийн Б******* суманд гэртээ байхад манай гэрт ирээд “Булган аймгийн ******* сумын *******бүрэн 3 дугаар багийн нутаг руу түлээний хуурай модонд хамт яваад өгөөч” гээд би хамт явсан. Ууланд очоод Б.Э******* нь өөрийнхөө эзэмшлийн цахилгаан хөрөөгөөр модыг хөрөөдөж бэлтгэсэн. Миний хувьд “модыг хөрөөдөж унагаад “Киа Бонго” маркийн машинд хөндлөнгөөр нь ачих учраас” би модыг 1.5 метрийн уртын хэмжээтэй хэмжих гишүү модыг барьж тусалсан. Мөн Ц.Б хамт явж машинд хөрөөдөж бэлтгэсэн модыг ачихад нь тусалсан.
...Би болон үеэл ах Б.Э*******, найз Ц.Б бид 3 хамт явсан. Манай үеэл ах Б.Э******* 5 ширхэг босоо мод, 1 ширхэг унианги модноос нийт 36 ширхэг, 1.5 метрийн урттай түлээний мод бэлтгэсэн. “Киа бонго” тээврийн хэрэгсэл нь Б.Э*******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Хүнээс худалдаж аваад удаагүй байгаа гэсэн. Би мод бэлтгэх эрхийн бичгийг тодруулсан тухайн үед Б.Э******* нь мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж хэлээд Ц.Б бид хоёрыг дагуулаад явсан. Түүнээс биш тухайн модонд гоожин байхгүй гэдгийг мэдсэн бол би хамт явахгүй байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 78-80 дахь тал/,
-Гэрч Ц.Бын “...2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр намайг Орхон аймгийн Б******* суманд найз Ч.Б гэрт байхад Б.Э******* ирээд “хамт Булган аймгийн ******* сумын *******бүрэн 3 дугаар багийн нутаг руу түлээний хуурай модонд хамт яваад өгөөч” гээд би хамт явсан. Ууланд очоод Б.Э******* нь өөрийнхөө эзэмшлийн цахилгаан хөрөөгөөр мод хөрөөдөж бэлтгэсэн. Мод хөрөөдөж унагаад “Киа Бонго” маркийн машинд хөндлөнгөөр нь ачих учраас модыг 1.5 метрийн уртаар модыг хөрөөдөж тайрч бэлтгээд би хамт машинд модыг нь ачиж өгсөн. ...Би болон найз Ч.Б, Б.Э******* бид 3 хамт явсан. ...Б.Э******* “модонд яваад өгөөч” гэж гуйхаар хамт явж өгсөн юм. Би ойгоос мод бэлтгэж хөрөөдсөн зүйл байхгүй, харин машинд л ачиж өгсөн. ...Би туслах журмаар хамт явсан ямар нэгэн хөлсөөр модонд явсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
-Гэрч Б.Б*******: “...Миний хувьд өөрийн хүүхэд Б.Э******* “миний ажилдаг цэцэрлэг маань түлээгүй болж байна даа” гээд ярьсан байсан. Тэгтэл харин манай хүү Б.Э******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр надад хэлэлгүй мод бэлтгэх эрхийн бичиг гоожин авалгүй уул руу түлээний модонд яваад өгсөн байна лээ. Би сүүлд нь цагдаад баригдсан гэснийх нь дараа модонд явсан гэж мэдсэн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ОРА: 1002090 дугаартай “...Bongo G2” маркийн загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнийг 1,800,000 төгрөг...” болохыг тогтоосон дүгнэлт / хавтаст хэргийн 97-100 дахь тал/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ТХҮ-ОРХ/1002090-1 дугаартай “...бензин хөдөлгүүрт цахилгаан хөрөөний үнийг 60,000 төгрөг...” болохыг тогтоосон дүгнэлт / хавтаст хэргийн 106-108 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн модны дээж нь Сибирь шинэс- Larix sibirica lebeb байна. Модны чийг 23.1%-тай нойтон мод байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн модны дээж нь Сибирь шинэс- Larix sibirica lebeb байна. Модны чийг 14.5%-тай хуурай мод байна.
3.Уг 36 ширхэг модыг түлээний зориулалтаар бэлтгэсэн мод байна.
4.1 дугаартай 5 ширхэг босоо мод 1.26 м3, 2 дугаартай 1 ширхэг унанги мод 0.59 м3, нийт 1.85 м3 хэмжээтэй мод байна.
5.Нийт 36 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 472,235.148 төгрөг+157,947.13 төгрөг=630,182.278 төгрөг байна.
6.Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 630,182.278x3=1,890,546.834 төгрөг байна.
7.Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 1,416,705.444 төгрөг+473,841,39 төгрөг=1,890,546.834 төгрөг байна.
8.Булган аймгийн ******* сумын *******бүрэн 3 дугаар баг гэх газар N49°38.867', Е104°32' солбицол нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А-156 тушаалын хавсралтаар гуравдугаар мужлалд хамаарч байна.
9.Булган аймгийн ******* сумын *******бүрэн 3 дугаар баг гэх газар нь байршлын хувьд гуравдугаар мужлалд хамаарч байна.
10.Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай 5 ширхэг босоо модны дээж 63 настай, 2 дугаартай 1 ширхэг унанги модны дээж 60 настай байна.
11. Шинжилгээний явцад нэмэлт нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэсэн дүгнэлт, дүгнэлтийн хавсралт /хавтаст хэргийн 119-122, 123-127 дахь тал/,
-Хэргийн газарт 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6, 7-16 дахь тал/,
-Цахилгаан хөрөөнд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-18,19 дэх тал/,
-Модонд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 23-25, 26-47 дахь тал/,
-“Киа бонго” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 51-52, 53-55 дахь тал/,
-Булган аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 01/138 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Э******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
-Шүүгдэгч: “...Байхгүй...” гэв.
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь заалтад “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх...”-ийг хориглосон бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “...ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 34.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ:
35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;
35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;
35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн... гэж тус тус хуульчлан тогтоожээ.
Шүүгдэгч Б.Э*******ын ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хүсэж үйлдэж, хохирол хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тогтоосон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Шүүгдэгч Б.Э*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 472,235.248 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 1,416,705.444 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Э******* нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,416,705.44 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал:
-Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
-Шүүгдэгч: “...Байхгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Б.Э*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хавтас хэргийн 156 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 159 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 160 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 161 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 162 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 163 дахь тал/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 164 дэх тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 165 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 168-177 дахь тал/, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдийн 483 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 180-187 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Э*******ын хувийн байдлыг тодорхойллоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э******* эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.
Шүүгдэгч Б.Э*******ын хувийн болон гэр бүлийн байдал, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э*******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгчид сануулав.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг болно.
Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэжээ.
Иймд шүүгдэгч Б.Э*******ын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 30 ширхэг 1.26 метр куб шинэс төрлийн мод, түүний гэмт үйлдлээ түргэтгэх, хялбарчлах, хөнгөрүүлэх зорилгоор ашигласан техник буюу бензин моторт хөрөө, улсын дугаартай “KIA.Bongo” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг хурааж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай “KIA.Bongo” маркийн тээврийн хэрэгсэл нь Д.Т гэх иргэний нэр дээр бүртгэлтэй байгаа хэдий ч түүний өмчлөлд шилжсэн /нэр шилжүүлээгүй/ болох нь гэрч Д.Тий мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/, гэрч Ч.Б мэдүүлэг /хавтаст хэргийн 78-80 дахь тал/, гэрч Б.Б******* мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/, гэрч А.Ө мэдүүлэг /хавтаст хэргийн 89-90 дэх тал/, яллагдагч Б.Э*******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 151-152 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдах нь зүйтэй.
2.3. Бусад асуудал
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц******* овогт Б******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э******* 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э******* оногдуулсан 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э*******ын гэмт хэрэг үйлдэж олсон Булган аймгийн Хангал сумын сум дундын цагдаагийн тасгийн хашаанд хадгалагдаж байгаа 30 ширхэг 1.26 метр куб шинэс төрлийн мод, түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Орхон аймгийн Баян-өндөр сумын ******* баг ******* тоот хашаанд битүүмжилсэн улсын дугаартай “KIA.Bongo” маркийн тээврийн хэрэгсэл болон “бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө”-г тус тус хурааж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Б.Э*******ын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 30 ширхэг 1.26 метр куб шинэс төрлийн модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “дугааргүй” тогтоол, улсын дугаартай “KIA.Bongo” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “дугааргүй” тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Шүүгдэгч Б.Э******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ