| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 1806096000453 |
| Дугаар | 2021/ДШМ/228 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ДШМ/228
2021 03 04 2021/ДШМ/228
Б.Б-, Ш.Г- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Даваасүрэн,
хохирогч Б.Б-ийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Ш.Г-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-, Ш.Г- нарт холбогдох эрүүгийн 1806096000453 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овгийн Б-ийн Б, Өвөрхангай аймагт 1965 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч, эдийн засагч мэргэжилтэй, “...........” ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо, Баянмонгол хорооллын ..... дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар:..................................../
2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
2. Л овгийн Ш-ын Г-, Төв аймагт 1967 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин, механизмын жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “...........” ХХК-ийн харуулын даргаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Улаанхуарангийн ... дүгээр хэсгийн ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар:......................../
Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “....” ХХК-ийн байранд Б.Б-той маргалдан зодож, бие махбодод нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ш.Г- нь мөрдөн байцаалтын явцад 2019 оны 11 дүгээр сарын 12, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө өмнө нь өгсөн мэдүүлгээ үгүйсгэн зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ш.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ш.Г-ийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б-д оногдуулсан 1,350,000 төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, Ш.Г-эд оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-гаас 120,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-ид олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.Г- давж заалдах гомдолдоо: “...Миний бие 4 удаа цус харваж, 80 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан бөгөөд намайг загнахаар юу хэлснээ санадаггүй тархины хүнд гэмтэлтэй хүн. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0048049 тоот актад тархины бусад тодорхой эмгэг оношоор 80 хувийн хөдөлмөрийн чавдараа хугацаагүй алдсан гэсэн байдаг. Гэтэл тархины эмгэгтэй хүнийг мөрдөн байцаагч дарамтлан өмгөөлөгчгүй мэдүүлэг авч, шүүхээр шийтгэсэн маш их гомдолтой байна. Өмгөөлөгч авах эрхтэй байсныг шүүх хуралдааны үеэр олж мэдсэн. Миний хөдөлмөрийн чадвар алдалтын актыг мөрдөн байцаагч авахаас татгалзаж “Наадах чинь хэрэгт хамааралгүй” гээд аваагүй. Шүүх хурал дээр актаа үзүүлээд нотлох баримтаар өгөх гэхэд татгалзаж намайг шийтгэсэн. Би шал согтуу агсан тавьсан Шагдарсүрэн, Б.Б- нарыг архи зардаггүй өдөр ажил дээр танхайрсан гэдгийг үнэн зөв хэлсний төлөө шийтгэгдлээ. Би цаашид энэ талаар Хүний Эрхийн Үндэсний Комисс болон Эрүүгийн цагдаагийн тусгай субьектийн хэлтэст гомдол гаргаж үнэн зөвийг олох хүртлээ явна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. Би дараа нь болсон явдлыг яг үнэнээр мэдүүлсэн байгааг анхаарна уу...” гэжээ.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч гэх Б.Б- нь цагдаа, прокурорт танил ихтэй. Энэ нь миний хувьд тэнцвэргүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Түүний худ нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хурандаа Ш.Нарантуяа гэх хүн байдаг. Хүргэн нь цагдаад байж байгаад прокурор болсон. Эхнэрийх нь дүүгийн нөхөр олон жил цагдаагийн байгууллагад ажилласан хүн байдаг. Хохирогчийн найз Г нь Эрүүгийн цагдаад 25 жил ажилласан, хохирогчийн найз гэрч Шагдарсүрэн нь тусгайд олон жил ажилласан.
Мөрдөн байцаагч нь хохирогчтой танил байсан тул миний асуулгах гэсэн гэрчүүдийг асуугаагүй. Согтуугаар Б.Б-той орж ирээд манай конторын эд хөрөнгийг сүйтгэн танхайрсан, дуудлагаар ирсэн цагдаа нартай тохиролцоо хийсэн Шагдарсүрэнгийн мэдүүлгийг үндэслэл болгосон байна. Б.Б- нь надад зодуулаагүй. Согтуу Б.Б-, Шагдарсүрэн нарын мэдүүлгээр намайг буруутгасан. Уг нь Б.Б- нь их мөнгөний төлөө өөрийнхөө нүдийг хөхрүүлэх нь мэргэжлийн бөх хүний хувьд юу ч биш. Дуудлагаар ирсэн цагдааг асуулгах хүсэлт удаа дараа гаргасны эцэст гэрчээр асуусан байдаг. Цагдаагийн мэдүүлэгт “... ганц эрүүл хүн нь засварчин байсан” гэсэн нь гэрч Ш, гэрч Г, хохирогч Б.Б- нар нь согтуу байсан гэдгийг нотолж байгаа болно. Цагдаад байсан гэрч Шагдарсүрэн, Г, цагдаад танилтай хохирогч Б.Б- нарт хууль дүрэм нөлөөлөхгүй байгааг 12 дугаар сарын 01-ний өдөр архи зардаггүй өдөр шал согтуу гуйван явж байгаагаар нотолж байна.
Өөрөөр хэлбэл цагдаа, прокурор, шүүх нь архи зардаггүй өдөр согтуу архи уугаад байгууллагын байранд дайран орж ирээд хамаг эд хогшил сүйтгээд, нэг согтуу нь нөгөө согтуугынхаа гэрч нь болоод, хохирогч гэх согтуу нь өөрөө өөрийнхөө нүдийг хөхрүүлсэнд Б.Б буруутай, Б.Б нь цагдаагийн тусгайд байсан хүний найзыг зодсон болгож шийтгэхийн хамт 4 удаа харвалт өгсөн Ш.Г- гэдэг хүнийг үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсний төлөө согтуу Шагдарсүрэн, Б.Б- нарын мэдүүлгээр шийтгэл оногдуулжээ. Би мөрдөн байцаагчид бичлэг бүхий “CD” өгөхөд аваагүй. Шүүхэд энэ талаар хэлэхэд мөн л аваагүй. Бичлэгээс харахад шүүхийн тогтоолд дурьдсан шиг зүйл болоогүй, уг бичлэг нь намайг буруугүй болохыг нотолно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Г-ийг өмгөөлөгчтэй мэдүүлэг авхуулж, миний гэрч нарыг асуулгах, тухайн үеийн бичлэг бүхий “СD”-г нотлох баримтаар гаргуулж, Б.Б-ийн худ, хүргэн нар нь цагдаад нөлөөлөхүйц хүн эсэх, согтуу гэрч Шагдарсүрэн мөрдөн байцаагчийн найз эсэхийг тодруулах боломж олгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудасны доороосоо 2 дахь хэсэгт “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв” гэсэн байна. Гэтэл шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа гэх нотлох баримт нь дан ганц яллах талын нотлох баримтууд байдаг бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий, тухайн гэмт хэргийн, шүүгдэгчийн хувийн байдлын талаар сайн мэддэг хүмүүсээс огт мэдүүлэг аваагүй буюу цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах ажиллагааг огт хийгээгүй байна. Тодруулбал: шүүгдэгчид холбогдох хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/2056 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Захирамжид:
1. 2018 оны “....” ХХК-ийн байранд хэрэг маргааныг болох үед тус асуудлыг харсан гэх тус байгууллагын харуулын албаны дарга, манаач, цэвэрлэгч, аж ахуйн дарга нараас мэдүүлэг авах,
2. Б.Б-ид учирсан гэмтлийг яллагдагч Б.Б- нь цохиж учруулаагүй, хэн учруулсныг тогтоогоогүй тул шалгаж тогтоох,
3. Мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилж гэмтлийн зэргийг зөв тогтоох шаардлагатай гэсэн байдаг.
Гэвч мөрдөгчийн зүгээс зарим ажиллагааг хийгээгүй атал шүүх шийдвэр гаргасан. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр дахин прокурорт буцаасан. Ийнхүү хэргийг хоёр ч удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байхад дээрх шүүгчийн захирамжийн 1 дүгээрт заагдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Хавтаст хэрэгт цагаатгах талын нотлох баримт гүйцэд авагдаагүй ба шүүгдэгч Б.Б-гийн гэм буруугүй болохоо нотлохын тулд гаргасан хүсэлтийн дагуу ажиллагаа явуулаагүй. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч нь зөвхөн “...." ХХК-ийн үйлчлэгч, харуулын албаны дарга нараас мэдүүлэг авсан ба захирамжид дурдагдсан бусад хүмүүс болох аж ахуйн дарга, цэвэрлэгч, манаач нараас мэдүүлэг аваагүй байна. Мөн тус захирамжийн 2, 3 дугаарт заагдсан хохирогчид хэн хохирол учруулсныг тогтоох, бүрэлдэхүүнтэй шинжээч томилох зэрэг асуудлуудын хувьд ажиллагаа гүйцэд хийгдээгүй байгаа нь тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаа илт дутмаг хийгдсэн гэдгийг илтгэж байна.
Түүнчлэн хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны бүхий л шатанд өгсөн мэдүүлэг нь гэрч Г, Ш, С нарын мэдүүлгээс өөр байдаг. Тодотговол: Б.Б- нь анх цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа болон мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор, гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ч “Тэр хэрэг болоход тухайн өрөөнд Б.Б-, Ш, бид гурваас өөр хүн байгаагүй” гэж мэдүүлсээр ирсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны үед Р.Шагдарсүрэн, Д.Г нар нь хэрэг болох үед өрөөнд Б.Б-, Р.Шагдарсүрэн, Б.Б-, Д.Г бид дөрөв байсан гэж өөр өөрөөр мэдүүлсэн байдаг бөгөөд үүнээс үзэхэд тухайн хэрэг болох үед өрөөнд яг хэн хэн байсан нь эргэлзээтэй тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хохирогч гэх Б.Б- нь анх цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа Б.Б- өөрийг нь цохиж унагаан, зодсон гэх мэдүүлэг өгсөн боловч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ширээн дээр дарж унагаад цохисон хэмээн эрс өөрчлөгдөж байгаагаас үзэхэд хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй болж байгаа юм. Дээрх гэрчүүдийн хувьд анхан шатны шүүх хуралдааны үеэр гэрчээр өгсөн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлгээс өөрчлөгдсөн.
Тухайлбал, Д.Г нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ Б.Б- нь Б.Б-ийг зодож цохиж байсан гэх мэдүүлэг өгсөн боловч шүүхийн шинэчилсэн мэдүүлэг авах ажиллагаагаар тийм зүйл хараагүй гэх утгатай мэдүүлэг өгсөн. Дээрхээс дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар Б.Б- нь үнэхээр Б.Б-ийг цохиж, зодсон эсэх нь тогтоогдохгүй, шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй буюу мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй байтал анхан шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шаардлагатай ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж, үнэлж чадаагүй болох нь илтэд харагдаж байна. Түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь нотлогдохгүй байгаа бол цагаатгах тогтоол гаргах үндэслэлтэйг харуулж байна.
2. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болон шүүгдэгчид холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хэргийг хянан шийдвэрлэсэн талаар:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй байна” гэж дүгнэсэн байна.
Гэтэл анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр 2018 онд үйлдэгдсэн гэж дүгнэсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хойно ял оногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр орсон хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалт болон түүнийг тоолох журмаар хөөн хэлэлцэх хугацааг тоолж ял оногдуулах үндэслэлгүй билээ. Тодруулбал: 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос Эрүүгийн хууль дахь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацааг тоолдог байсан. Гэтэл анхан шатны шүүх нь 2018 онд үйлдэгдсэн гэж дүгнэсэн хэрэгтээ яагаад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл” гэж өөрчлөлт орсон шинэ заалтаар хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь тодорхойгүй. Угтаа бол Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхэд удирдлага болгодог заалт бий. Нөгөөтэйгүүр Б.Б-гийн үйлдсэн гэж ял шийтгүүлсэн гэмт хэрэгт хууль буцаан хэрэглэх ямар ч боломжгүй, тийм шаардлага, үндэслэл ч байхгүй.
Хэдийгээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх үйлчлэхгүй” гэж заасан ч энэхүү Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг мөрдөх журмын тухай хуулийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн IV Улсын Үндсэн Хуулийн цэцийн 12 дугаартай дүгнэлтээр түдгэлзүүлсэн байна.
Мөн тус нэмэлт өөрчлөлтөд хуулийг буцааж хэрэглэхгүй байх талаар тодорхой заасаар байтал шүүхээс Б.Б-д хууль буруу хэрэглэн ял оногдуулсан нь илэрхий үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрхээс үзэхэд Анхан шатны шүүхэд хууль буцаан хэрэглэх ямар ч шаардлага үүсээгүй, хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан байхад шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж, түүнд ял оногдуулж, Эрүүгийн хуулийн зарчмыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн шийдвэрлэж илтэд үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл Б.Б-г холбогдуулан шийтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жил бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаад бүхэл бүтэн 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад хүртэл хэргийг үргэлжлүүлэн хянан хэлэлцэж, Б.Б-д ял оногдуулж байгаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал болж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхыг заасан байдаг. Өөрөөр хэлбэл Б.Б-гийн холбогдсон хөнгөн хэрэгт холбогдсон этгээдүүд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр цагаатгагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болдог. Гэтэл түүнд хуулийг өөрөөр хэрэглэж, ялгаварлан авч үзээд ял оногдуулж байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрч болзошгүй хүний эрхийн асуудал гэж үзэж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан байхад хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол” бий болсон гэдгийг дурьдах нь зүйтэй...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Б.Б- тус компани дээр эксковатор засна гэж 11 цагт ирэх үедээ согтуу байсан ба оройн 20 цагт хэрэг маргаан гарах хүртэл найзууд болох Д.Г, Шагдарсүрэн, засварчин нарын хамт архи ууж, согтуурсан байтлаа мөрдөн байцаалт шүүхэд худал мэдүүлж архи ууснаа нууж байсан нь гэрч Д.Гын мэдүүлэгээр нотлогдсон. Б.Б-ийг нүд рүү нь Б.Б- цохиж байгаа үйлдлийг гэрч Шагдарсүрэн, Д.Г нар мэдүүлдэг боловч 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хурал дээр гэрч Д.Г мэдүүлгээ өөрчилж, “Би зодоон болохыг хараагүй” гэж мэдүүлсэн. Гэтэл шүүгч таны аль мэдүүлэг үнэн бэ гэж уурласан, гэрч худал мэдүүлэг өгч байгаа нь гэрч Ш.Г-ийн нөхцөл байдалтай ижил болж байна, мөрдөн байцаалтаар үнэн мөнийг нь тогтоогоорой гэж прокурорт хэлсэн. Энэ үед би хэргийн бодитой үнэн байдал тогтоогдохгүй эргэлзээ үүсч байгааг харж суусан. Гэрч эцэстээ шүүх хурал дээр андуурч буруу ярьсан мэт дүр эсгэж мэдүүлгээ урьдын мэдүүлснээр зодооныг харсан болж мэдүүлснээр гэрчийг асуух ажиллагаа дууссан. /проктол, дууны бичлэгт байх ёстой/ Гэрч Д.Гын мөрдөн байцаалтад анх өгсөн мэдүүлэг зохиомол байсан учраас тэр хүн юу гэж мэдүүлснээ санахгүй анхны болсон үйл явдлыг өөрийн санаж байгаа хэмжээнд үнэн зөв мэдүүлсэн нь гэрчийн мэдүүлэгтэй нь зөрсөн гэж өмгөөлөгч миний хувьд дүгнэсэн.
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б, Б.Б-ийн нүүр лүү 2-3 удаа цохисон … Ш.Г-, Сүхбат нар конторт орж ирээгүй … /xx 1-27, xx-2.64/ гэж мэдүүлсэн бол шүүхийн хэлэлцүүлэгч “ …Ш.Г- үйл явдал болсны дараа орж ирсэн гэж мэдүүлсэн нь энэ зодооны үеэр Ш.Г- байсан конторт орж байсныг гэрчилдэг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Г-ийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Би санахгүй байна. Дотогшоо контор луу ороод байдаггүй …” гэж /1-р хх 114/ мэдүүлсэн бичвэр Ш.Г-ийн өөрийн хэлж ярьсан мэдүүлэг биш, мөрдөгч түүнээс мэдүүлэг авахгүй байхын тул зохиосон, энэ хэрэгт огт хамааралгүй гэрч болгох гэсэн, аргацаасан үг, өгүүлбэр бичигдсэн байна. Ш.Г- 4 удаа цус харваж биеийн эрүүл мэнд нилээд муудсан удаан гацаж ярьдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн тул мөрдөгч түүнээс мэдүүлэг авах сонирхолгүй байжээ гэж ойлгогддог. 2 дахь удаа харсан зүйлээ үнэн зөв бодитой мэдүүлснийхээ төлөө худал мэдүүлсэн болж ял шийтгүүлсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь Б.Б-, Б.Б-ийг зодож, хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэл нь нотлогдохгүй, эргэлзээтэй байдаг. Тэр тусмаа хохирогч Б.Б- архи уусан согтуу байснаа нуудаг түүнийг гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд зориуд худал мэдүүлж Б.Б-ийг Бясгалан нүүрлүү нь 2-3 удаа цохисон гэж нэг аргаар буруутгаж шүүхээр шийтгүүлсэн гэсэн Б.Б-ийн нөлөө байжээ гэж ойлгогдож байна. Энэ нөлөө Р.Шагдарсүрэнд ч мөн хүрсэн гэж үзэж байна. Учир нь тэр Гыг зодооны үед байсан гэж, харуул манаач нар байгаагүй гэж зөрүүтэй мэдүүлсэн /1-р xx 24-25, 54/
Шүүгдэгч Ш.Г-ийн гэрчээр өгсөн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн /1-р хх 201-202/ мэдүүлэг худал мэдүүлэг гэдгийг яаж нотолж байгаа вэ? Гэрчүүдийн мэдүүлгийг нөгөөгөөс нь илүүд тооцож үнэлж байгааг ойлгохгүй байна. Хохирогч Б.Б- ах Б.Б-тай хөрөнгө булаалдаж байгаа учраас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан авах гаргалгаа болгох гэж хувийн сэдэлтээр энэ хэргийг сэдэж зохиомол хэрэг болгох гэж хувийн сэдэлтээр энэ хэргийг сэдэж зохиомол хэрэг болгож байгаа тухай Б.Б- мэдүүлснийг шүүх анхаарах ёстой. Б.Б-, Б.Б хоёрын зодоон маргаанаас яаж ямар хугацаанд цагдаа ирсэн талаар баримт байхгүй. Б.Б- цохиулсан гэмтэл ул мөрийг үүсгэх хангалттай боломж, цаг хугацаа байсан гэдэг. Б.Б-ийн биед хөнгөн гэмтлийг Б.Б- учруулсан болон Ш.Г- зориуд худал мэдүүлсэн гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... урьд нь Давж заалдах шатны шүүх энэ хэрэгт нотлох баримтуудыг дахин шинжлэн, хэргийн үнэн бодит байдлыг тогтоохын тулд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын шатанд давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаанаас зарим хэсгийг нь биелүүлж, “зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон” гэх заалтын дагуу 80 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан Ш.Г-ийг худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан байна. Хэргийн үнэн бодит байдал тогтоогдохгүй байна. Б.Б- “мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаа өгөх гэсэн боловч мөрдөн байцаагч хүлээн аваагүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Прокуророос хэргийн бодит байдлыг тогтоогоогүйгээр анхан шатны шүүхэд ирүүлсэн. Өмгөөлөгч анхан шатны шүүхэд хэргийг буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж тайлбар хэлсэн. Хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Г анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд зодоон болохыг харсан гэдэг боловч шүүхийн хэлэлцүүлэгт “... Би зодоон болохыг хараагүй” гэж мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч таны аль мэдүүлэг үнэн бэ гэж уурласан нөхцөл байдал байгаа. Энэ нь гэрч Ш.Г-ийн нөхцөл байдалтай ижил болж байна. Гэрч Г эцэстээ шүүх хурал дээр андуурч буруу ярьсан мэт дүр эсгэж мэдүүлгээ урьдын мэдүүлснээр зодооныг харсан болж гэрчийг асуух ажиллагаа дууссан. Гэрч Д.Гын мөрдөн байцаалтад анх өгсөн мэдүүлэг зохиомол байсан учраас тэр хүн юу гэж мэдүүлснээ санахгүй анхны болсон үйл явдлыг өөрийн санаж байгаа хэмжээнд үнэн зөв мэдүүлсэн нь гэрчийн мэдүүлэгтэй нь зөрсөн гэж өмгөөлөгч миний хувьд дүгнэсэн. Гэрч Д.Гын мэдүүлэг илт зөрүүтэй байсаар байтал түүнийг энэ асуудлаар шалгаж тогтоогоогүй. Гэтэл тодорхойгүйгээр шүүх өөрөө хохирогчийн талд үйлчилж, анхны өгсөн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ш.Г- нь хөдөлмөрийн чадварын 80 хувийг алдсан учраас анх мэдүүлэг өгөхөөр очиход мэдүүлэг авсан мөрдөгч нь “би энэ хэргийг хараагүй. Би тэр өрөө рүү очдоггүй” гэж мэдүүлээрэй гэж хэлээд мэдүүлгийг авсан байдаг. Гэтэл Ш.Г- өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод агуулах руу өдөр бүр ордог хүн байхад огт хэргийн талаар мэдүүлэг авалгүйгээр дээрх ажиллагааг дуусгасан. Энэ нь шүүгдэгч Ш.Г-ийн чин сэтгэлээсээ өгсөн, хуулийн хариуцлага хүлээлгэж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж хууль сануулж тайлбарлаж өгсөн мэдүүлэг огт биш. Ш.Г-ээс мэдүүлэг авсан байцаагчийн хүсэж байсан зүйлээ тэмдэглэгдээд өнгөрснийг харуулж байгаа. Дараа нь мөрдөн байцаалтад хэрэг буцсанаар үнэн зөв мэдүүлэг өгөхөөр өөрөө очоод мэдүүлэг өгөхөд түүнийг яллагдагчаар татсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга байдал зөрчигдөж байна. Эдгээр байдлыг залруулах хүсэлттэй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн өмнөх магадлалын заалтыг хангуулахаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү ...” гэв.
Хохирогч Б.Б-ийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг дээр хамгийн гол шалгагдах ёстой асуудал бол шүүгдэгч Б.Б- хохирогч Б.Б-ид гэмтэл учруулсан уу гэдгийг тогтоох ёстой байсан. Энэ асуудал хангалттай тогтоогдож ирсэн. Гэтэл 2019 онд яг л адил өмгөөлөгчийнхөө хамт гомдол гаргаж, 2020 оны 02 дугаар сард Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар холбогдох ажиллагаа явуулахаар хэргийг буцаадаг. Нэмэлт ажиллагаагаар тэнд байсан гэрчүүдээс 2 удаа байцаалт авсан. Дараа нь Сүхбат, Ганбат нарыг нүүрэлдүүлэн байцаасан. Эдгээр байцаалтаар шүүгдэгч Б.Б- хохирогч Б.Б-ийг цохиж нүүрэнд нь гэмтэл учруулсан үйл баримт хангалттай тогтоогддог. Нотлох баримтууд болон мэдүүлэгт маргаан гаргаж шүүх хуралдаан дээр юу гэж хэлдэг бэ гэхээр “хохирогч Б.Б- өөрөө өөртөө гэмтэл учруулсан байна” гэж мэдүүлдэг. Зодооны үеэр юм уу, эсхүл зодооны дараа юм уу ийм баримт хэрэгт байхгүй. Улсын Дээд шүүхэд ах дүү хоёрын хоорондын эд хөрөнгөтэй холбоотой маргаан байдаг. Энэ асуудалд Б.Б- ахыгаа зодсон гэж гүтгэж, шүүхийн шийдвэр гаргуулж тэрийгээ Улсын дээд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгнө гэсэн санааг агуулж байна гэсэн нь үндэслэлгүй тогтоогдоогүй байна. Шүүгдэгч талаас “СД” бичлэг гэж ярьдаг. Энэ нь 2017 оны энэ хоёр хүний өмнөх зодооны бичлэг юм. Бүтэн 2 жилийн хугацаанд шүүгдэгч Б.Б- “СД” бичлэгээ гаргаж өгөөгүй хангалттай боломж хугацаа байсан. Манаач, цэвэрлэгч 2 байсан гэж ярьдаг. Манаач, цэвэрлэгч 2 байсан гэдэг нь тогтоогдоогүй. Тухайн зодооныг болж байх үед байсан бүх гэрчүүд бүгд асуугдсан. Шүүгдэгч Б.Б-тай ашиг сонирхол нэгтэй 2 гэрч байдаг. Тэр нь Сүхболд, Ш.Г- 2 байна. Энэ 2 хүн ямар ч байсан зодооны дараа хохирогч Б.Б-ийн нүд нь хөхөрсөн байсан гэж өөрсдөө гэрчилж мэдүүлдэг. Согтуу байсан гэж ярьдаг. Согтуу байсан асуудлыг ирсэн цагдаа Одонбаяр гэрчийн мэдүүлэгтээ “хэрэв согтуу хүн байсан бол эрүүлжүүлэх ажиллагааг хийх байсан” гэдэг ба хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар өнөөдрийн шүүх хуралдаанд яг ямар ажиллагаа явуулах талаар тодорхой ярихгүй байна. Гэтэл Гын мэдүүлгийг үндэслэл болгож байна. Хохирогч Б.Б- зүүн талын нүдээ цохиулсан. Зовхи нь хавдаад улаасан байсан гэж мэдүүлдэг. Миний эхний өгсөн мэдүүлэг үнэн зөв. 2 жилийн өмнө болсон үйл явдлыг сандарч мартаад, зармыг нь урд хойно нь оруулж ярьсан байж магадгүй гэж гэрч Г мэдүүлдэг. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Харин Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан хөөн хэлэлцэх хугацааны талаарх асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна...” гэв.
Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг хэрэг шүүхээр орж буцсаны дараа шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Тухайн хэрэг болох үед байсан бүх хүмүүсээс мэдүүлэг авсан учраас тухайн хэрэг үйлдэгдэх үед байгаагүй хүмүүсээс дахин асууж мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн. Шүүгдэгч Б.Б-гийн үйлдлийн хувьд зөвхөн гэрч Гын мэдүүлгийг үндэслээд хэргийг шүүхээр шийдвэрлээгүй. Бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Гэрч Г шүүх дээр очоод худлаа ярьсан гэдэг байдлаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар тайлбар хэлсэн. Гэтэл хавтас хэргийн нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна. Ш.Г-ийн хувьд 2 өөр мэдүүлэг өгсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөгчид тайлбар хэлсэн. Би яллах дүгнэлтдээ тодорхой бичсэн. Гэрч гурван удаа өөр мэдүүлэг өгсөн. Эхний удаа бол хэргийн талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн боловч хоёр дахь удаа мэдүүлэг өгөхдөө Б.Б- нь Б.Б-ийг чулуун ширээн дээрээс унагааж, цагдаа ноцолдож байхад нь ирсэн гэж мэдүүлсэн. Гурав дахь удаагаа мэдүүлэхдээ цагдаа ирээд явсны дараа Б.Б-, Б.Б- хоёр ноцолдож байгаад хамт унасан гэж мэдүүлдэг. Эдгээр мэдүүлгүүд зөрүүтэй байгаа учраас үнэлж дүгнэх боломжгүй. Гэтэл бусад гэрчүүдийн мэдүүлэг тогтвортой байдаг. Гэрч Гын хувьд мөрдөн байцаалтын шатанд зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй учраас яллагдагчаар татаж шалгах үндэслэл байгаагүй. Харин шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г нь шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээ хүлээн зөвшөөрч байгаа үнэн зөв гэж мэдүүлсэн. Энэ талаар шүүгч шалгаарай гэж хэлсэн боловч прокурор хуульд заасны дагуу цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл ирснээр шалгуулах үүрэгтэй. Харин прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд шууд шалгуулах ганцхан үндэслэл нь гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол гэж заасан. Гэтэл энэ тохиолдолд өөрөө хэргийг илрүүлсэн гэж үзэхгүй байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад шалгуулах асуудал дурьдагдаагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн учраас яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-, Ш.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Прокуророос шүүгдэгч Ш.Г-ийг 2019 оны 11 дүгээр сарын 12, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлгээ үгүйсгэн зориуд худал мэдүүлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
Хэргээс үзэхэд шүүгдэгч Ш.Г-эд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа түүний хувийн байдлыг тогтоох талаар ажиллагаа хийгээгүй ба гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэхүү байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулснаас шүүгдэгч Ш.Г-ийн талаар гарсан шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.
Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан 1 дэх хэсэгт худал мэдүүлэх гэмт хэрэгт тооцон хуульчилжээ. Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуульд заасан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүн үйлдэх бөгөөд тэрээр хэргийн бодит байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулах, болоогүй зүйлийг болсон мэтээр гүжирдэх, эсхүл харсан, үзсэн, мэдсэн зүйлээ огт мэдүүлэхгүй байх зэрэг санаатай, идэвхтэй үйлдлээр илэрдэг. Тиймээс энэ гэмт хэргийг үйлдсэн хүний хэрэг хариуцах чадвар буюу сэтгэцийн байдлыг тогтоох нь шүүхээс үнэн зөв шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Г-ийн өгсөн гурван удаагийн мэдүүлэг бүгд өөр хооронд эрс зөрүүтэй, тэрээр тархины гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь хугацаагүй алдсан тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан зэргээс үзэхэд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг нь зайлшгүй шалгах, шаардлагатай бол тухайн асуудлаар шинжилгээ хийх нь зүйтэй байна.
Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Ш.Г-эд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол өмнөх хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Б.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал илэрсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Г-эд холбогдох хэргийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоос шүүгдэгч Ш.Г-эд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Ш.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН