| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0058/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/60 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Х.Д******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Д*******д холбогдох эрүүгийн 2515000000046 дугаартай, 304/2025/0058/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ш******* овогт Х******* Д*******, Х******* аймгийн Р******* суманд 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 4 эхнэр, 2, хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын .......дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь
Х******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: .
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Х.Д******* нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний орой Булган аймгаас Булган сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт улсын дугаартай “ ” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ цусанд 3.2 хувийн хүнд зэргийн согтолттой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/459 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0,000 төгрөгөөр торгох” шийтгэл хүлээсэн байх ба тээврийн жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байхдаа 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Булган аймгийн Бугат сумын 5 дугаар багийн нутагт улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Иргэний нэхэмжлэгч Б.О: “...Би 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Булган сумын төвөөр зам дагуу гэрлийн шалгалт хийгээд явж байсан чинь 22 цаг 44 минутын үед Булган сумын 5 дугаар баг Цагдаагийн газрын ертөнцийн зүгээр урд талын асфальтан зам дагуу улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл манай эзэмшлийн шонг мөргөж гэмтээсэн байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч болох Х.Д******* гэх хүнтэй уулзахад Х.Д******* нь манай гэрлийн шонг засварлаж хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлсэн. Тэгээд би тухайн газраас явсан. Шон мөргөсөн тээврийн хэрэгслийг ачигч машин ирээд ачаад явсан. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай гэрлийн шонг мөргөсөн жолооч гэрлийн шонг маань бүрэн засварлаж манай байгууллагыг ямар ч хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
-Гэрч Н.Б: “...Би 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган сум 5 дугаар багт байрлах Төрийн өмчит Эрдэнэт Булганы цахилгаан түгээх станцын урдуур өнгөрөөд Цагдаагийн газар руу эргэх гээд явж байсан чинь миний урдаас явж байсан саарал өнгийн тээврийн хэрэгсэл Цагдаагийн газрын хашааны ертөнцийн зүгээр урд хэсэгт замын гэрэлтүүлгийн шонг мөргөж осол гаргаад зогссон. Тэгэхээр нь би тухайн осол дээр явж очиход улсын дугаартай саарал өнгийн “Соната-6” маркийн тээврийн хэрэгсэл баруун урд хэсгээрээ гэрлийн шон мөргөсөн байдалтай зогссон байхаар нь жолоочийн бичиг баримтыг шалгахад тухайн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байхаар тухайн жолоочийг Цагдаагийн газар луу оруулж согтуурал хэмжигч багажаар согтолтын зэргийг шалгаж үзэхэд 1,99 хувийн согтолттой гэж гарсан. Тэгээд тухайн жолоочийн овог нэр, регистрийн дугаарыг асуухад Х******* Д******* гэж овог нэр регистрийн дугаараа хэлэхээр нь сангаар шалгаж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,
-Хэргийн газар 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 3-5, 6-8 дахь тал/,
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
-Жолоочийн согтуурал шалгаж 1.99 хувийн согтолттой болохыг тогтоосон талаарх илтгэх хуудас, тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 11,12,13 дахь тал/,
-Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн “Х.Д******* 34/эр” гэж хаягласан цуснаас 3.2 спиртийн агууламж илэрсэн.
3.Цусан дахь 3.2 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
-Булган аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батбаярын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/459 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 105-106 дахь тал/ зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх хангалттай байна.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Х.Д******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явууллаа.
1.4.Эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Х.Д******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон заалтыг зөрчин, согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаартай дүгнэлтээр “Х.Д*******ын цусанд 3.2 хувь спиртийн агууламж илэрсэн” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт зааснаар “согтуурсан” гэх ойлголтод хамаарч байна.
Х.Д*******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/459 дугаартай шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэх ойлголтод мөн хамаарч байна.
Х.Д*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг бөгөөд, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүгдэгч Х.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэндэд хохирол учраагүй, Булган аймгийн Булган сумын тохижилт үйлчилгээний ангийн эзэмшлийн гэрлийн шонд учруулсан гэмтлийг Х.Д******* нь сайн дураараа бүрэн засварлаж, хохирлыг барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Х.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна....” гэв.
Шүүгдэгч: “..Байхгүй...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 68 дахь тал/, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 70 дахь тал/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хавтаст хэргйин 71 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 73-74, 85-87 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 75 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 77-78 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /зөрчлийн хэргийн 79-84 дэх тал/, 2415000509 дугаартай зөрчлийн хэргийн хуулбар /хавтаст хэргийн 91-108 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.Д*******ын хувийн байдлыг тодорхойллоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Д******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Х.Д*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Д*******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгч Х.Д*******д сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ... торгох... ял дээр нэмж онгодуулсан бол ял оногдуулсан үеэс ... хугацааг тоолно гэж” заасан тул шүүгдэгч Х.Д*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
2.3.Бусад асуудал:
Шүүгдэгч Х.Д******* нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болохыг дурдан, шүүгдэгч Х.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 зүйлийн 1, хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш******* овогт Х******* Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д*******д оногдуулсан 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Д*******д сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Х.Д******* нь бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ