Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2018/01040

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2018/01040

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н. Д -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Т. Т -д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт нийт 3,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н. Д нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Т. Т-д зээлийн гэрээ байгуулан, нотариатаар батлуулан 4 980 000 төгрөгийг  тоот Хаан банкны дансаар, 1 020 000 төгрөгийг бэлнээр өгч нийт 6 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлсэн болно. Гэрээнд заасан хугацаа дуусахад Зээлдэгч Т.Т нь зээлсэн тегрөг төлөхгүй удаа дараа шаардуулсаны эцэст 2016 оны 05 дугаар сарын 10-нд 5 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1 000 000 төгрөгийг удахгүй төлнө гэж хэлсэн. Гэвч зээлдэгч Т.Т нь зээлийн үлдэгдэл толбөрийг төлөлгүй байсан тул зээлдүүлэгч Н.Д миний бие үлдэгдэл төгрөгөө төлөхийг удаа дараа шаардахад өнөө маргаашгүй төлнө гэх эсхүл утсаа авахгүй зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Түүнчлэн дээрх зээлийн гэрээний 1-т зааснаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийг төлөх ёстой ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний 4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги төлөх ёстой ба 5 000 000 төгрөгийг 2016.02.17-2016.05.10-ныг хүртэл 82 хоног хэтрүүлсэн тул 2 050 000 тогрөгийн алданги, 1 000 0000 тогрөгийг 2016.02.17-2018.02.27-ныг хүртэл 740 хоног хэтрүүлсэн тул 3 700 000 төгрөгийн алданги тооцогдож байгаа боловч Иргэний хуулийн 232.4-т нийцүүлэн 500 000 төгрөгийн алданги тооцож нийт 2 550 000 төгрөгийн алданги тооцогдож байна. Иймд Туваандоржийн Тс зээлийн гэрээний үлдэгдэл 1 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 2 550 000 төгрөг нийт 3 550 000 (гурван сая гаван зуун тавин мянган) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Намдагийн Дд олгож, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Эрдэнэбилэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015.12.17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагчид 6 сая төгрөг зээлүүлсэн. 4,980,000 төгрөгийг  гэх дансанд шилжүүлсэн. 1,020,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө бэлнээр өгсөн. 6 сая төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаа дууссан, үүргээ гүйцэтгэхгүй байсан тул удаа дараа шаардаж бйасан. 2016.05.10-ны өдөр 5,000,000 төгрөгийг өгсөн. 1 саяыг 3 хоногийн дотор өгнө гэсэн. Гэвч төлөхгүй байсан тул удаа дараа шаардаж байсан. Уулзах үед одоо төлнө гээд гараад зугтдаг. Улмаар арга буюу шүүхэд хандсан. Гэрээнд алдангийн талаар заасан байгаа. Үндсэн зээл 1,000,000, алданги нь 2016.02.17-05.10 хүртэл 5 саяд тооцоод 82 хоногт 2,050,000, 1 саяд 2016.02.17-2018.02.27 740 хоногт 500,000 нэхэж байгаа. Нийт алданги 2,550,000 төгрөг, үндсэн зээлээ нэмээд 3,550,000 төгрөг нэхнэ. Би хариуцагчтай утсаар ярихад өөрөө 5 сая төгрөг гэж хэлсэн байдаг. Зөрүү 1 саяыг нь өгнө гэдэг. Зээлдэгч 4,980,000 төгрөгний баримт байхад 5,000,000 төгрөг өгсөнөөр 6 саяыг авсан нь нотлогдоно гэв.

 

Хариуцагч Т.Т нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай хүүхдийн барьж байсан Баянхонгор аймгийн Баянговь сумын соёлын төв өргөөний барилгын гүйцэтгэл оролгүй, БСШУС яам гэрээний хийнэ гээд хийлгүй удсан. Бид барилгын материалаа Хятад улсын Эрээн хотоос ачиж ирээд тээврийн хөлсөө төлж чадахгүй хотод гацсан. Тэгэхэд яамны мэргэжилтэн Нямханд би нэг найзтайгаа уулзуулж өгье тэр хүнээс 5,000,000 төгрөг зээлээд гүйцэтгэлээ орохоор буцааж төлөөрэй гэсэн. Тэгээд бид Дтэй уулзаж 5,000,000 төгрөг авсан. Миний гүйцэтгэл оролгүй удахаар нь бид өөр хүнээс мөнгө зээлж Дд 5,000,000 төгрөгийг буцааж төлсөн. Манай гүйцэтгэл оролгүй удсаар энэ онд орж байгаа. Тийм учраас бид алданги төлж дийлэхгүй. Бид 6 сая биш 5 сая төгрөг авсан гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д нь зээлийн гэрээний үүрэгт нийт 3,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Т.Т нь зээлийн гэрээний дагуу 6,000,000 биш 5,000,000 төгрөг авсан. Зээлээ буцаан төлсөн бөгөөд гүйцэтгэсэн ажлын хөлс төлөгдөлгүй удсан тул алданги төлөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх хариуцагч Т.Тд 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн байна. Улмаар шүүгчийн туслах 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 00 минут болох шүүх хуралдааны товыг 7 хоногийн өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдсэн байна. Гэвч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт гаргаснаар мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр 6,000,000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар олгохоор тохиролцсон. Гэрээнд зээлийн хүүний талаар заагаагүй боловч хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

 

Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 6,000,000 төгрөг олгосон гэсэн боловч хариуцагч нь 5,000,000 төгрөг авсан гэж маргаж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 4,980,000 төгрөгийг дансаар, харин үлдэх 1,020,000 төгрөгийг бэлнээр олгосон гэж тайлбарласан. Хэрэгт байгаа 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгч нь 4,980,000 төгрөгийг хариуцагчид биш харин Б.Доржид олгосон байна. Гэвч хариуцагч нь 5,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээж оролцох бөгөөд нэхэмжлэгч нь үлдэгдэл 1,000,000 төгрөгийн зээлийг олгосон гэдгээ нотлоогүй. Харин хариуцагч нь 5,000,000 төгрөг авсан гэж маргасан байна. Иймд зохигчид хэдийгээр 6,000,000 төгрөгний үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан боловч 5,000,000 олгосон гэж үзэх үндэслэлтэй.

 

Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй байсан боловч мөн оны 05 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 9 дүгээр талд байгаа нэхэмжлэгч Н.Дгийн Хаан банк дахь  тоот дансны хуулгаар тогтоогдож байна. Зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Гэрээний 4-р зүйлд зохигчид хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул хоногт 25,000 төгрөгний алданги тооцогдоно. Улмаар гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 83 хоногийн хугацаа хэтэрсэн тул нийт 2,075,000 төгрөгний алданги төлөх үүрэг үүссэн байна. Энэхүү алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцсэн байна. Хариуцагч нь бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр төлөх хугацаанаас хамаарч зээлийн гэрээний үүргийн хугацаа хэтэрсэн тул алданги төлөхгүй гэж тайлбарласан. Гэвч зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар зээлийн гэрээний агуулгыг тодорхойлсон тул бусадтай байгуулсан гэх ажил гүйцэтгэх гэрээний харилцаа нь хариуцагчийг алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иймд хариуцагчаас 2,075,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,475,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Т.Тгоос 2,075,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,475,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД