| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/03314/И |
| Дугаар | 101/ШШ2022/00582 |
| Огноо | 2022-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2022/00582
| 2022 02 11 | 101/ШШ2022/00582 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 35-37а тоот хаягт оршин суух, Сойвон овогт Жанцансамбуугийн Б /регистрийн /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, 27 дугаар хороо, Дунд дарь эх 3 гудамж, 831 тоот хаягт оршин суух, Иеншөбү овогт Дүгэрсүрэнгийн Н-Э /регистрийн -д холбогдохp
2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр unegui.mn сайтаас Модон цонх зарна, 20,000 төгрөг гэсэн зарын дагуу 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 88119492 дугаарт анх холбогдож, 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 32-н тойрог, Сансар супермаркетын арын гудамжинд байрлах компанийн хашаанд өөрийн барьж байгаа барилгад ашиглах 2 ширхэг модон цонх авахаар хариуцагчтай уулзсан. Хариуцагчийн зарах цонхнуудыг үзэхэд эгнүүлээд хураасан, бүрэн бүтэн цонхнууд байсан.
Хариуцагч нь Цонхнуудыг бүгдийг нь бөөнд нь 3,000,000 төгрөгөөр ав, би контейнераар хүнтэй солих гэж байгаа гэсэн. Контейнер 4,400,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийн хооронд байдаг тул би хэсэг бодож байгаад надад бэлэн мөнгө 700$ байгаа, гэрт байгаа гэсэн. Гэтэл Д.Н-Э нь Машинтай цуг суугаад танай гэрт очоод авъя гэсэн. Тэгээд манай гэрт очоод хариуцагчид гэрээс 700 ам: доллар болон 3000 төгрөг (2,000,000 төгрөг) бэлнээр өгсөн. Тэр оройдоо 1 портер цонх очиж авсан. Цонх ачиж байхад орой үдэш, харанхуй болсон байсан. 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр буюу маргааш нь үлдэгдлийг нь авсан ба буулгаж байхдаа ангилж хураахад цонхнуудын дийлэнх хэсэг нь эвдрэл гэмтэлтэй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан ба бусдад зарж ашиг олох сонирхолтой байсан боловч цонхны эвдрэл гэмтэл нь худалдаж авсан үнээ ч барихгүй их хэмжээний доголдолтой байсан. Ингээд цонхнуудын эвдрэл гэмтлийг хэлэхээр, цонхыг буцаахаар 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Цонхнууд чинь маш их хагархайтай байна. Цонхнууд үнээ барихгүй байна, цонхнуудыг чинь авъя гээд байсан хүнд нь хэлээд холбоод өгөөчээ гэтэл Д.Н-Э За, цонх худалдаж авъя гэсэн хүнээсээ асууя гэсэн.
Түүнээс хойш хариуцагч Д.Нанжид-Эрдэнийг надтай холбоо барихыг тэвчээртэйгээр хүлээсэн боловч хариу өгөөгүй. 2021 оны 8 дугаар сарын 06 ны өдөр хариуцагчтай утсаар холбогдоод Цонхийг чинь контейнераар солих хүнтэйгээ холбогдсон уу, би цонхоо буцаамаар байна, дийлэнх хэсэг нь эвдрэл гэмтэлтэй зориулалтын дагуу ашиглах боломжгүй байна гэхэд Буцаахгүй, надад тэр чинь хамаагүй гэсэн.
Худалдагч нь худалдаж буй эд хөрөнгийн талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй, намайг ноцтой төөрөгдүүлэн худал хэлж худалдсан. Цонхнуудын 70-аас илүү хувь нь зориулалтаар ашиглах боломжгүй байна. 3,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцоод 2,000,000 төгрөг авч, үлдэгдэл төлбөрөө шаардахгүй байгаа нь тухайн цонхнуудын доголдолтойг мэдэж байсан гэж үзэж байна.
Иймд 2021 оны 7 дугар сарын 24-ний өдөр амаар байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилж төлсөн 2,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд төлсөн 500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг Д.Н-Э эс гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээ нь чөлөөт байдлын зарчимтай холбоотой. Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь гэрээний зүйл, үнийг тохирсон байх явдал билээ.
Нэхэмжлэлийн үндэслэлдээ модон цонх авахаар хариуцагчтай уулзсан. Хариуцагчийн зарах цонхнуудыг үзэхэд эгнүүлээд хураасан, бүрэн бүтэн цонхнууд байсан талаар бичсэн байна. Энэ талаар анх цонх худалдаж, худалдан авахад маргаагүй бөгөөд тохиролцож авч өгөлцсөн болох нь өөрийнх нь нэхэмжлэлээр нотлогдож байна. Чөлөөт байдлын зарчимтай учир эд хөрөнгийн чанарын талаар тохиролцоогүй, анхнаасаа шинэ эд хөрөнгө миний бие зараагүй, өөрөө үзэж хараад тохиролцоод авсан, өөрөө ирж портер машинаар ачиж явсан, миний бие аваачиж өгөөгүй зэрэг шалтгаан байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-д зааснаар эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэсэн агуулгатай нийцэж байна. Эд хөрөнгийн доголдол гээд хэлээд байгаа зүйл нь ноцтой биш өөрөө ирж хүлээн авч ачиж явсан, анхнаасаа тохиролцсон хэмжээний үнийн дүнтэй эд хөрөнгө байсан, шинэ зүйл биш учраас эд хөрөнгийн доголдол нь ноцтой биш бөгөөд уг эд хөрөнгө нь худалдан авагчийн зорилгыг бүрэн хангаж анх тохиролцож, тохиролцсон зүйлээ ачиж явсан бөгөөд цаашаа ашиг олох зорилгоор худалдаж авсан, ашиг олохооргүй болохоороо худалдаж худалдан авсан зүйлээ доголдолтой гэж гэрээнээс татгалзах нь үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Д.Н-Э д холбогдуулан, гэрээнээс татгалзаж 2,000,000 төгрөг буцаан гаргуулах, хууль зүйн туслалцаа авсан зардал 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцэж Ж.Б нь Д.Н-Э эс модон хүрээтэй цонхнуудыг 3,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2,000,000 төгрөгийг худалдагч талд төлсөн болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдов.
Нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй хариуцагчийн татгалзлын үндэслэлд, ...цонхнууд бүрэн бүтэн байсан талаар нэхэмжлэлд бичсэн байна, ...анх худалдаж авахдаа маргаагүй, тохиролцож авсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр нотлогдож байна, ...анхнаасаа шинэ эд хөрөнгө зараагүй, өөрөө үзээд тохиролцоод авсан, ...эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй... гэж дурьдсанаас үзэхэд, хэлэлцэн тохиролцсон 3,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг Д.Н-Э хүлээн авсан эсэх талаар маргаагүй буюу худалдах-худалдан авах хэлцэл бодьтой, хэлцлийн дагуу харилцан шилжүүлэгдсэн зүйлийг хэвээр хадгалах эрмэлзэлтэй байх тул 2,000,000 төгрөгийг бэлнээр төлөгдсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зйлийн 243.2.-т зааснаар, Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.
Хариуцагчийн тухайд дээрх үүргээ биелүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул гэрээнээс татгалзсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 35 гудамж, 37 а тоот хаягт байрлах хашаанд хураалттай, модон хүрээтэй цонхнуудад үзлэг хийхэд, модон хүрээтэй, хагархай болон бүтэн шилтэй цонхнууд, шилгүй модон хүрээнүүдийг ангилж хураасан байх ба шилтэй модон хүрээтэй цонхнуудыг тоолох боломжгүй, хөдөлгөхөд хагарч болзошгүй, тоо ширхэгийг бодитоор тоолох боломжгүй, бүтэн цонхнуудын цаана далдлагдсан цонхнууд бүтэн эсхүл, хагархай шилтэй, шилгүй хоосон хүрээ байгаа эсэх нь тодорхойгүй байсан тул цонхнуудаа Д.Нанжид-Эрдэнийн хүмүүсээр ачуулж аваад, хашаандаа буулгахад цонхнууд шаардлага хангахааргүй байсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бодьтой гэж үзнэ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж тус тус зааснаар, гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй байна.
Харин өмгөөлөгчийн зардал 500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээх үүргээ биелүүлээгүйгээс эрх зүйн туслалцаа авах шаардлага үүссэн хэдий ч өмгөөлөгч болон үйлчлүүлэгч нарын тохиролцож буй уг мөнгөн дүн нь тухайн маргааны хувьд хийсвэр дүн болохын зэрэгцээ нотлох баримт хэрэгт авагдаагүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.Н-Э эс 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 54,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-Э эс улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА