Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/00708

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Алтай сум, 4 дүгээр баг, ******* хаягт оршин суух, Харчин овогт Д*******ийн А/регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Да хүрээ 11Б байр ******* тоот хаягт оршин суух, Бургасан овогт Н*******гийн Б /регистрийн дугаар: /-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,904,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А /цахимаар/, хариуцагч Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, Н.Бямбахшигтэй 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний хугацаа дуусан боловч зээлийн төлбөрөө төлөөгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 64 хоногийн алданги 704,000 төгрөг, үндсэн зээлийн 2,000,000 төгрөг, хүү 200,000 төгрөг, нийт 2,904,000 төгрөгийг хариуцагч Н.Б ээс гаргуулж өгнө үү.

Би Н.Б тэй 2 зээлийн гэрээ байгуулсан. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр Ш.Д*******, хамтран зээлдэгчээр Н.Б оролцсон. Тухайн үед надаас дэлгүүр ажиллуулж, бараа татах зорилгоор 2,000,000-3,000,000 төгрөг хайж байна гэсэн зарын дагуу Н.Б тэй утсаар холбогдож, цахимаар зээлийн гэрээ байгуулсан. Улмаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлт хийгдэхгүй, ор сураггүй алга болсон тул түрээсэлж байсан дэлгүүрийн эзэнтэй нь холбогдож энэ хоёр хүнийг олсон. Тухайн үед уулзаад зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй хугацаа алдсан учраас хүү, алданги зэргийг тооцсон. Н.Б нь 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл болон хүү, алдангийг төлөөгүй. 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны хүү, алдангийг 0,5 хувиар тооцно гэж гэрээн дээрээ тусгасан. Бид 07 дугаар сарын 23-ны өдөр нотариат орж, үндсэн 2,000,000 төгрөг дээрээ зээлийн гэрээ байгуулсан. 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнийхээ хүү, алдангид тооцож дэлгүүрээс нь бараа материал авсан. Иймд 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөр болох 2,904,000 төгрөгийг хариуцагч Н.Б ээс гаргуулах хүсэлтэй байна. Үндсэн зээлийн төлбөр 2,000,000 төгрөг, хүү 200,000 төгрөг, алданги өдрийн 11,000 төгрөгөөр тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны нийт төлбөр 2,904,000 төгрөг болж байгаа гэв.

 

Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Агөөс 2021 оны 7 дугаар сарын 23-нд зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөг, 10 хувийн үүтэй аваагүй бөгөөд энэхүү мөнгийг өмнө нь онлайнаар 2021 оны 4 дүгээр сард авсан бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хийсэн зээлийн гэрээ нь энэхүү 4 сард авсан зээлийн хүү алданги бодогдож хийгдсэн гэрээ.

Зээлдүүлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээлийн хүү, алданги гэж надаас дараах байдлаар нийт 2,584,300 төгрөг авсан. Үүнд:

-       7 дугаар сарын 23-ны өдөр 170,500 төгрөг дансаар, 60,000 төгрөгийн бараа авч 230,500 төгрөгийг үндсэн зээлийн хүүнд авсан.

-       7 дугаар сарын 25-ны өдөр С******* гэдэг эмэгтэй ирж, Д.Атэй хамт ажилладаг гэж хэлээд 200,000 төгрөгийн бараа авсан.

-       7 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөгийг ******* дансаар шилжүүлсэн.

-       9 дүгээр сарын 06-ны өдөр 288,000 төгрөг дансаар.

-       9 дүгээр сарын 08-ны өдөр 75,000 төгрөг дансаар, 55,000 төгрөгийн барааг С******* авсан.

-       9 дүгээр сарын 09-ний өдөр 45,000 төгрөг дансаар.

-       9 дүгээр сарын 11-ний өдөр 50,000 төгрөг Голомт банкны дансаар.

-       9 дүгээр сарын 12-ны өдөр 50,000 төгрөг дансаар.

-       9 дүгээр сарын 13-ны өдөр 40,000 төгрөгийн барааг С******* авсан.

-       9 дүгээр сарын 14-ний өдөр 50,000 төгрөг дансаар.

-       9 дүгээр сарын 17-ны өдөр 88,200 төгрөгийн бараа С******* авч, 21,800 төгрөг дансаар авсан.

-       9 дүгээр сарын 18-ны өдөр 80,000 төгрөг.

-       9 дүгээр сарын 20-ны өдөр 61,500 төгрөг.

-       9 дүгээр сарын 21-ний өдөр 100,300 төгрөг.

-       9 дүгээр сарын 22-ны өдөр 100,000 төгрөг дансаар.

-       10 дугаар сарын 04-ний өдөр 380,000 төгрөгийг С******* гэсэн данс руу шилжүүлсэн.

Энэхүү зээлийг дэлгүүр түрээслэн ажиллуулж байхдаа авсан бөгөөд дэлгүүрийн үйл ажиллагаа доголдож 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дэлгүүрээ буцааж өгсөн.

2021 оны 9 дүгээр сарын 26-ны орой С******* гэрийн гадаа ирж, тооцоогоо тулгаж үзье гэсэн. Тэгээд машинд нь сууж байгаад гар утсаараа тооцоо бодож 380,000 төгрөг дутуу байна гэхэд минь миний гар утсыг авч тоо бодоод үлдэгдэл энэ мөнгөө өгч байж гар утсаа аваарай гээд өгөөгүй. Би 3 дахь хүртэл хугацаа өгчих, эгч нь аргалж байгаад мөнгийг чинь өгөөд утсаа авна шүү гэж хэлсэн. Тэгээд боломж олдохгүй байсаар 3 дугаар сарын 04-ний өдөр 380,000 төгрөгийг С******* руу шилжүүлээд гар утсаа авъя гэхэд хүнээр хүргүүлчихье гээд өгөөгүй. Дахин утсаар ярьж асуухад, би хүнтэй андуурсан байна, 2,000,000 төгрөгөө өгөөд аваарай гээд өгөөгүй. Энэ утас бол Самсунг А02 маркийн утас бөгөөд хүргэн маань надад 369,000 төгрөгөөр авч өгсөн.

Нэхэмжлэгч нь надаас авсан нийт 2,584,300 төгрөгөө хүү, алдангид тооцож, үндсэн зээл 2,000,000 төгрөгийг хүү алдангийн хамт 2,904,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Гар утасныхаа мөнгийг эсхүл, утсаа авмаар байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Н.Б т холбогдуулан, үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 200,000 төгрөг, алданги 704,000 төгрөг, нийт 2,904,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.

 

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №4632 дугаартай Зээлийн гэрээнээс үзэхэд, зээлдүүлэгч Д.А нь зээлдэгч Н.Б т 2,000,000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 1 сарын хугацаатай, сард 10 хувийн хүүтэй, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байх ба гэрээг нотариатаар гэрчлүүлжээ.

 

Гэвч 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №4632 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсанаар 2,000,000 төгрөгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдов.

Тодруулбал, нэхэмжлэгч Д.А нь 2,000,000 төгрөгийг Н.Б т 2021 оны 4 дүгээр сард зээлдүүлэхээр харилцан тохиролцож, 2021 оны 4 дүгээр сарын *******-ны өдөр Н.Б ийн эзэмшдэг Хаан банк дахь 5021536836 дугаартай дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигч талуудын тайлбар, Д.Агийн эзэмшдэг Хаан банк дахь 5846074521 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Талууд дээр дурьдсанаар 2021 оны 4 дүгээр сард зээлийн харилцаа үүсгэж, хэлэлцэн тохиролцсон нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж заасантай нийцэж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана., 232 дугаар зүйлийн 232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т ... бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө. гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 4 дүгээр сард хэлэлцэн тохиролцсон Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул 2021 оны 4 дүгээр сарын *******-ны өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөгийн зээлээс хүү, алданги шаардах эрхгүй.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Н.Б ийн эзэмшдэг Хаан банк дахь 5021536836 дугаартай дансны хуулгаас үзэхэд, хариуцагч нь нийт 1,338,800 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ад шилжүүлсэн байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлийн төлбөрт тооцож, Н.Б ийн ажиллуулдаг гэх дэлгүүрээс эд бараа авч байсан, зээлийн төлбөр төлөхийг шаардахдаа хариуцагчийн гар утсыг авсан үйл баримтыг зохигч талууд хэн аль нь тайлбарласан.

 

Нэхэмжлэгчийн авсан гэх гар утасны марк, үнийн талаар талууд маргаагүй, өөрөөр хэлбэл 369,000 төгрөгийн үнэтэй Самсунг А02 маркийн гар утас худалдан авсан тухай баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй буюу ...1,500,000 төгрөгийн бараа болон мөнгө авсан, нэмээд 380,000 төгрөгийн гар утас нэмэгдээд нийт 1,880,000 төгрөгийг хариуцагчаас авсан... гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Хариуцагч нь дээр дурьдсанаар дэлгүүрийн барааг зээлийн төлбөрт тооцож авснаа хүлээн зөвшөөрч байх боловч нийт хэдэн төгрөгт тооцож бараа авснаа тодорхой тайлбарлаж чадаагүй буюу 372,800 төгрөгийн барааг зээлдүүлэгчид өгсөн гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж нотлоогүй.

 

Тодруулбал, хариуцагч нь 1,338,800 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлсэн, 372,800 төгрөгийн бараа өгсөн, нэхэмжлэгч нь 369,000 төгрөгийн гар утас авсан зэргийг тооцоход нийт 2,080,000 төгрөгийн мөнгө эд зүйл хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №4632 дугаартай Зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлд тухайлан зааснаар шаардах эрхгүй нь дээр дурьдсанаар тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 1*******, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Н.Б ээс 2,904,000 төгрөг гаргуулах тухай Д.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,414 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА