2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/776

 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

Улсын яллагч С.Бат-Орших /томилолтоор/,  

Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц од холбогдох эрүүгийн 2206001793401 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ... тоотод оршин суух М.Б ийн гэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар М.Б ийг унтсан хойгуур түүний “Iphone XS” загварын гар утас болон Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картаас нь 2,440,000 төгрөг уншуулан авч, нийт 3,340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Г.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ... тоотод оршин суух М.Б ийн гэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар М.Б ийг унтсан хойгуур түүний “Iphone XS” загварын гар утас болон Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картаас нь 2,440,000 төгрөг уншуулан авч, нийт 3,340,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Иргэн М.Б өөс гаргасан “...... тоотод 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өмнө нь хамт ажиллаж байсан залуу Г.Ц той архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтох үед шар өнгийн Iphone X загварын гар утас болон Хаан банкны виза картыг авч, улмаар данснаас 2,700,000 төгрөг авсан байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар тал/,

 

Хохирогч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 07 цагийн үед хамт ажиллаж байсан Г.Ц ирээд урьд шөнө архи уусан чинь үхлээ, архи аваад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрөөд 1 шил Хараа архи авч хувааж ууж дуусгаад Г.Ц дахин нэг шил архи авч ирэхээр миний Хаан банкны виза картын кодыг асууж аваад явсан ба 0.75 граммын Хараа архи авч ирж уугаад согтоод унтсан. 11 цагийн үед манай эхнэр С  намайг сэрээж утсаа яасан юм бэ гэхээр нь утсаа хайгаад залгаж үзэхэд холбогдож байсан боловч авахгүй байсан. Гэтэл 17 цагийн орчимд Г.Ц 0.75 граммын архи болон адууны чанах мах бариад манайд ирэхээр нь би гар утас болон утасны хавтсанд байсан Хаан банкны виза картыг авъя гэж хэлэхэд ажлын газрын сейфт байгаа гэж хэлсэн. Миний ашигладаг ээж Б.С гийн ...   дугаарын данс байсан ба дансны хуулгыг шалгаж үзэхэд 2,700,000 төгрөг гарсан байсан. Надад Iphone X загварын гар утас, 2.700.000 төгрөг, нийт 3,900,000 төгрөгийн хохирол учирсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

 

Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 50/13518 дугаартай албан бичиг, хохирогч Б.Б ийн эх Б.С гийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 13-15 дугаар тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн БЗ1-22-08 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн үед яах гэж архи уусан юм бол гэж харамсаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц оос: “...Би гэрээ зараад 800,000 гаруй төгрөг хохирогчид өгсөн. Тэрнээс хойш хохирогч Батмөнхтэй уулзаагүй. Гэрээс нь би 100,000 төгрөг л авсан. Би өөр юм аваагүй. Архи ууж, согтуу байсан. Надаас өөр хүн авсан гэж бодож байна...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ... тоотод оршин суух М.Б ийн гэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар М.Б ийг унтсан хойгуур түүний “Iphone XS” загварын гар утас болон Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картаас нь 2,440,000 төгрөг уншуулан авч, нийт 3,340,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Ц нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Г.Ц нь хохирогч М.Б ийн “Iphone XS” загварын гар утас болон Хаан банкны картаас 2,440,000 төгрөгийг хулгайлсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Ц ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Б өд 3,340,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Г.Ц нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Г.Ц оос 3,340,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б өд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Г.Ц од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна... ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Ц нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Ц ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 64 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 66 дугаар тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 67 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Г.Ц од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Г.Ц од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эргийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц ын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ц нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Г.Ц ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц ыг 7 /долоо/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц ын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ц оос 3,340,000 /гурван сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Б өд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ц од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН