Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 581

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00294 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Л.Эгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НГт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Надад холбогдуулан 86 718 118 төгрөгийг “Сити Партнерс ББСБ” ХХК-д гаргуулах ажиллагааг Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Болормаа нь явуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд би төлбөрийг төлсөн байхад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Трю эл хотхоны 719 дүгээр байрны 305 тоот, 74.33 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 206 044 642 төгрөгөөр үнэлсэн. Энэ тухай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4/18424 дугаартай мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шууданд хийснийг 2018 оны 11 сарын 12-ний өдөр хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч Ц.Болормаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчин төлбөр төлөгч намайг төлбөрийн мөнгөө төлсөөр байхад, үнэлгээ тогтоолгох тухай тогтоол гаргаж надад танилцуулаагүй, миний өмч хөрөнгийг үнийн санал албан ёсоор аваагүй байж үнэлгээ тогтоолгож байгаад гомдолтой байна. Миний байрыг зах зээлийн ханшаар үнэлгээ тогтоогдоогүй, хэт бага үнээр үнэлсэн. Учир нь 2015 онд анх ашиглалтанд ороход худалдаж авах үеийн ханш 1 м.кв талбайн үнэ 3 200 000 төгрөг байсан одоо зарагдах зах зээлийн боломжит 1 м.кв талбайн үнэ 3 300 000 төгрөг орчим үнэтэй буюу 238 000 000 төгрөгөөс илүү байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2017/11071 дугаар захирамжаар Л.Эгөөс 86 718 118 төгрөгийг гаргуулж “Сити партнерс ББСБ” ХХК-д олгохоор төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Трю эл хотхон Хүннү гудамж 719 дүгээр байрны 305 тоот хаягт байрлалтай 74.33 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр битүүмжилж сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч төлбөр төлөөгүй учир уг орон сууцыг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад Л.Э 238 000 000 төгрөгөөр, хамтран өмчлөгч Ч.Солонго 236 905 600 төгрөгөөр, төлбөр авагч “Сити партнерс ББСБ” ХХК өмчлөгч болон үүрэг гүйцэтгэгч нарын үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгосон. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шйдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Эгийн хариуцагч НГт холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Трю эл хотхон /13312/ Хүннү гудамж, 719 дүгээр байрны 305 тоотод орших 74.33 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204076100 дугаартай гурван өрөө орон сууцыг үнэлсэн “Дамно” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь "Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд НГ нь төлбөр төлөгч иргэн Л.Эгөөс төлбөр барагдуулах ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Шүүхийн Шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, шаардлагыг зөрчин ажиллагаа явуулж байсан учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл шүүх хэргийн оролцогчийн эдлэх эрх болоод хүлээх үүргийг хэрэгжүүлэх боломжоор хангаагүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад зөв дүгнэлт өгөөгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэн гомдол гаргаж байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тухайд: Төлбөр төлөгч иргэн Л.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчин явуулсан. Шүүхийн шинжилгээний тухай хуульд Шүүхийн шинжилгээ хийх нийтлэх журмыг тогтоож өгсөн бөгөөд 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан "шинжилгээ хийх хугацаа"-нд хөрөнгийн үнэлгээ нь гараагүй, уг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үүргээ шинжээч, үнэлгээчин нь зөрчсөн, дүгнэлт гаргахдаа хугацаа сунгалт хийгдээгүй. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 42 дугаар зүйлд "Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах"-аар заасан бөгөөд шинжээч томилогдоод эрх үүрэгтэй танилцсан байдаг боловч өөрийн ажлын туршлагаа тодорхойлолт, мэргэжлээрээ ажилласан жилээ тусгай зөвшөөрөл дээрх ажилласан хугацаатай зөрүүлсэн зэргийг харгалзан үзсэнгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд: Нэхэмжлэгч нь үнэлгээний тухайд гомдол гаргасан учир шүүхийн шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээч томилуулж, үнэлгээг зах зээлийн ханшинд нийцсэн үнэлгээ биш байна гэдгийг тогтоолгох хүсэлт гаргасан ч шүүх хүлээн аваагүй, шинжээчийн гаргасан үнэлгээг хэрхэн яаж тооцоолсон, мөн үнэлгээний үнэн зөв бодитой байдлыг хариуцах ёстой гэж үзэн гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээн аваагүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүхээс шийдвэр гаргахдаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй буюу хуулийн хугацааг зөрчсөн нь, зөрчил гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн байна. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч НГт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах гомдлыг хариуцагч тал эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт Л.Э 86 688 118 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор “Сити партнерс ББСБ” ХХК-д төлөхийг зөвшөөрсөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Талуудын эвлэрлийг батлах тухай” 101/ШЗ2017/11070 дугаар захирамж авагдсан байна. /хх 36-38 дахь тал/

Төлбөр төлөгч Л.Энхтүвшин дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүйгээс НГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-д заасан үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.

Талууд эд хөрөнгө битүүмжлэн, хураасан ажиллагаанд маргаагүй, барьцаалагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаар маргаж, энэ нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэл болсон байна.

 Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Л.Энхтүвшин, хамтран өмчлөгч Ч.Солонго нар дуудлага худалдаа явуулах эд хөрөнгийн үнийн талаар зөрүүтэй санал ирүүлснээс гадна төлбөр авагч уг үнийн саналыг зөвшөөрөөгүй байна. /хх 50, 54-55 дахь тал/ Үүний улмаас хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийг үнэлүүлжээ. /хх 57 дахь тал/

Шинжээч нь үнэлгээ хийхдээ зах зээлийн хандлагын аргыг ашиглан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Трю Эл хотхоны 719 дүгээр байрны 305 тоот 74.33 м.кв талбай бүхий орон сууцыг 206 044 642 төгрөгөөр үнэлж, дүгнэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргажээ. /хх 58-66 дахь тал/ Хариуцагч тал уг үнэлгээг нэхэмжлэгчид мөн сарын 06-ны өдөр мэдэгдсэн болох нь хэргийн 67 дахь талд авагдсан 4/18424 тоот албан бичгээр нотлогдож байна. Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасанд нийцэх тул нэхэмжлэгчийн, “... үнийн санал аваагүй, ... мэдэгдээгүй...” гэх тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болох хөрөнгийн үнэлгээчин М.Хосбаярын үнэлгээний тайланд маргааны зүйл болох орон сууцыг 209 434 000 төгрөгөөр үнэлсэн байх тул /хх 98-114 дэх тал/ шинжээч “Дамно” ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, “...шүүх, шинжээч хугацаандаа үнэлгээ гаргаагүй..., ...үнэлгээний хугацаа сунгаагүй хууль зөрчснийг анхаараагүй, мөн шүүх шинжээч томилуулах, гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт хүлээж аваагүй ... ” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Хариуцагч тал “Шинжээч томилох тухай” 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 264 дүгээр тогтоол гарган, шинжээчид дүгнэлтээ мөн сарын 28-ны өдөр ирүүлэхийг даалгажээ. /хх 57 дахь тал/ Хэрэгт авагдсан “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд нэхэмжлэгч Л.Энхтүвшингийн орон сууцанд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээ хийж, мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бичиж дуусгасан талаар тэмдэглэгдсэн /хх 60 дахь тал/ байх тул шинжээчийг тогтоол гарсан өдрөөр шинжилгээний объектод үнэлгээ хийсэн гэж үзнэ. Мөн шинжээч дүгнэлтээ тогтоосон хугацаанд ирүүлээгүйгээс нэхэмжлэгчийн орон сууцын зах зээлийн үнэлгээ буурсан, түүний эрх хохирсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн шүүхийн журмаар шинжээч томилуулж, гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00294 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ

                                          ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 Ч.ЦЭНД