Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/246

 

 

 

 

 

 

 2021             03            11                                        2021/ДШМ/246                                                    

 

 

Б.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор Д.Уянга,

            шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Байгалмаа,

            нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Уянгын бичсэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Б-т холбогдох 1906066190334 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Б-ийн Б, Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1974 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Жамсран уулын өвөр гудамжны 00000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.

Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд иргэн Р.Б-ын 395,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung galaxy G-2” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, “Дунд Дарь-Эх”-ийн 22-1482 тоот хаягт байрлах иргэн О.О-ын агуулахын зориулалттай байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 560,000 төгрөгийн үнэ бүхий 2 шуудай зэс авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 142 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Прокурор Д.Уянга бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг 2 удаа үйлдсэн тул  үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэж зүйлчлэлийг өөрчлөх талаар дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь ойлгомжгүй байна. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Б- хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдоно. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулсан нь хууль ёсны, үндэслэл бүхий байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос, шүүгдэгч Б.Б-т холбогдох 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд иргэн Р.Б-ын “Samsung galaxy G-2” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, “Дунд Дарь-Эх”-ийн 22-1482 тоот хаягт байрлах агуулахын цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 шуудай зэс авсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд хэргийн зүйлчлэлийг нэгтгэх хууль зүйн үндэслэлтэй талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт энэ талаар заахгүйгээр шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар буюу нэг зүйлчлэлээр ял шийтгэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Б-ийн хоёр удаагийн хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нэгтгэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэл болгосон нь буруу гэж үзэв. Учир нь, шүүгдэгч Б.Б-ийн үйлдлүүд Эрүүгийн хуулийн нэг зүйлд заасан гэмт хэрэг боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр орон зай, цаг хугацаанд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан шинжтэй байх тул хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүй нийлж нэг гэмт хэргийн шинжийг хангах тухай ойлголтод хамаарахгүй.  

Харин Эрүүгийн эрх зүйн онол ёсоор гэмт хэргийн олонлогийг давтан, нийлмэл, үргэжилсэн болон удааширсан гэмт хэрэг гэж ангилахын зэрэгцээ гэмт хэрэг давтан үйлдэх тухай ойлголтыг дотор нь нийтлэг ба тусгай давталт гэж нарийвчлан авч үздэг.

Нийтлэг давталт нь урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн нөхцөл байдлыг сүүлд үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид харгалзан үзэх тухайн ойлголт бөгөөд үүний нэг жишээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалт болон 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” гэж зохицуулсан байна.

Нэг төрлийн, эсхүл хоорондоо төстэй гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтад хамаарах ба энэ шинжийг Эрүүгийн хуульд “байнга”, “байнга тогтвортой”, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж өөр өөрөөр тодорхойлсон боловч эдгээр нь дээрх нөхцөл байдлыг илэрхийлсэн эрх зүйн утга, ач холбогдлын хувьд ижил ойлголтууд юм.

Эрүүгийн хуулиар тогтоосон дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүний үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй тул нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болж байвал зөвхөн тэр шинжээр нь, үгүй бол гэмт хэргийн ердийн шинжээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.

Иймд эхний үндэслэлээр улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй боловч тогтоолд өөрчлөлт оруулах замаар анхан шатны шүүхийн алдааг залруулах боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ         

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН