Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/00743

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн *******, Өргөө плаза хаягт оршин байрлах А Х ХХК/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух Баян овогт А*******ийн У /регистрийн дугаар: *******/-т холбогдох,

3,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О*******, хариуцагч А.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Олон улсын онгоцны тийз борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг А Х ХХК нь 2019 оны 8 дугаар сард ажилчиддаа урьдчилгаа төлбөр төлөөд БНСУ-руу хөнгөлөлттэй аялуулахаар болсны дагуу А.У нь эхнэртэйгээ хамт аялах хүсэлт ирүүлсэн. Аяллын зардал 4,000,000 төгрөгийн урьдчилгаа 600,000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлсэн бөгөөд ирээд үлдэгдэл төлбөр 3,400,00 төгрөгийг 2019 ны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Гэтэл заасан хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүйн сацуу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажилдаа ирэхгүй алга болж компанийг хохироож байна.

Иймд аяллын тийзний үлдэгдэл төлбөр 3,400,000 төгрөгийг А.У аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилж байгаа үнийн дүн дээр маргах зүйл байхгүй. Намайг ажил хаяж явсан гэж хэлж байгаа нь худлаа. Бид өөр компанид ажилладаг байсан учраас бараг таарч байгаагүй. Би цалингаа хасуулаад үлдэгдэл төлбөрийг төлөх бодолтой байгаа. 3,400,000 төгрөгийг төлөх боломжгүй.

2019 оны 7 дугаар сарын эхээр ажилчдын нийтийн чатаар А Х ХХК-ийн захирлын Солонгос улс руу хөнгөлөлттэй аялуулна гэсэн зар явж байсан. Би А Х ХХК-д ажиллаж байгаагүй, А ХХК-д аяллын зөвлөх хийдэг байсан. Тухайн үед н.Баянжаргал захирал руу чат бичээд намайг н.Баярмаа гэж хүнтэй холбогдоорой гэж хэлсэн. Би ажлаа хаяж зүйл байхгүй, 7 дугаар сард Солонгосоос ирээд 12 дугаар сар хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А Х ХХК нь хариуцагч А.У т холбогдуулан, аяллын тийзний төлбөрийн үлдэгдэл 3,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч А.У нь А Х ХХК-иас ажилчиддаа зориулсан, БНСУ-д хөнгөлөлттэй нөхцлөөр аялуулах хөтөлбөрт оролцохоор 2019 оны 7 дугаар сард тус компанитай харилцан тохиролцож, 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаа төлбөр 600,000 төгрөгийг А Х ХХК-ийн эзэмшдэг Голомт банк дахь дугаартай дансанд шилжүүлж, үлдэх 3,400,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хэлцэл хийсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, зохигч талуудын тайлбараар тогтоогдов.

Талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн дүнгийн хэмжээ болон шаардаж буй үндэслэлийн талаар маргаагүй боловч А ХХК-д аяллын зөвлөхөөр ажиллаж байгаад 2019 оны 7 дугаар сард БНСУ-руу аялалд явж ирээд 12 дугаар сар хүртэл ажилласан цалин олгогдоогүй тул нэхэмжилж буй мөнгийг уг цалингаас суутгуулж тооцуулна хэмээн мэтгэлцсэн.

Хариуцагчийн энэхүү татгалзал нь А Х ХХК-тай хийсэн дээрх хэлцлийн улмаас үүссэн үүрэг дуусгавар болоход харилцан хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч А.У аас 3,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А Х ХХК-д олгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.У аас 69,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А Х ХХК-д олгосугай. 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА