| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2017/00697/И |
| Дугаар | 101/ШШ2017/02406 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2017/02406
| 2017 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2017/02406 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК
Хариуцагч: Т
2010 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 133 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний Агротрак-150 тракторт холбогдох хэсгээс татгалзаж, улмаар татгалзсан хэсэгт холбогдох 98 940 000 төгрөгний өр төлбөрийн бүртгэлийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.А, С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2010 оны 01 сарын 14-ний өдрийн 133 тоот санхүүгийн түрээс, барьцааны гэрээний Агро-150 маркийн трактортай холбогдох хэсгээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Агро-150 маркийн тракторын төлбөр 98 940 000 төгрөгийн өр авлага бүхий бүртгэлийг хүчингүй болгохыг Тд даалгах тухай. Сэлэнгэ аймгийн Орхон туул суманд байрлах С ХХК нь Ттай 2010 оны 01 сарын 14-ны өдөр 133 тоот гэрээ байгуулж, 98 940 000 төгрөгийн үнэ бүхий Агро-150 маркийн трактор, 61 689 390 төгрөгийн үнэ бүхий үр тарианы үрлүүр 2 ком, 15 500 430 төгрөгийн үнэ бүхий хор цацагч ОП-2000, бүгд 176 129 820 төгрөгийн эд хөрөнгийг сахүүгийн түрээсээр авч төлбөр тооцоог гэрээнд заасан хувиарын дагуу төлж, гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Дээрх гэрээний зүйл болох Агро-150 маркийн тракторын хувьд хүлээн авч, хаварын тариалалтанд анх ашиглахад үйлдвэрийн гэмтэл, чанарын доголдлын улмаас эвдэрч, үйл ажиллагаандаа огт ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Компанийн зүгээс энэ талаар түрээслүүлэгч Т болон уг техникийг нийлүүлэгч М Ти Эс ХХК-д нэн даруй мэдэгдэж, дээрх талуудын төлөөлөл газар дээр нь ирж үзэж, уг трокторыг нийлүүлэгч тал болох М Ти Эс ХХК-д буцаан өгсөн. Манай компани тухайн Агро-150 маркийн трактор болон түүнийг орлох өөр ямар нэгэн техникийг хүлээн аваагүй, өөрөөр хэлбэл Ттай байгуулсан 133 тоот санхүүгийн түрээсийн гэрээнээс 98 940 000 төгрөгийн Агро-150 маркийн трактортой холбоотой зүйл заалтууд огт хэрэгжээгүй. Харин уг гэрээний бусад тоног төхөөрөмжтэй холбоотой зүйл заалт бүрэн хэрэгжиж, манай зүгээс гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг зохих журмын дагуу хугацаанд нь бүрэн барагдуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл Т нь манай компанид гэрээний дагуу нийлүүлээгүй Агро-150 маркийн тракторыг барьцааны зүйл мэтээр бүртгэж, үнийг хасч тооцохгүйгээр, үндэслэлгүй 98 940 000 төгрөгийн авлага үүсгэж, тус санд дээрх хэмжээний өртэй үндэслэлээр жил бүрийн тариалалтын үеэр олгогддог хөнгөлөлттэй зээл, тусламжаас хасч компанийн эрх ашиг давхар хохирч байна. Иймд Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу С ХХК нь 2010 оны 01 сарын 14-ний өдрийн 133 тоот санхүүгийн түрээс, барьцааны гэрээний Агро-150 маркийн трактортай холбогдох хэсгээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Агро-150 маркийн тракторын төлбөр 98 940 000 төгрөгийн өр авлага бүхий бүртгэлийг хүчингүй болгуулахыг Тд даалгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжинэ. Маргаж байгаа тракторыг хүлээж авсан, хүлээлгэж өгсөн огноог шүүх анхаарна уу. 1 сард аваад баталгаат хугацаандаа эвдэрсэн байдаг. Гуравдагч этгээд нь засвар үлйчилгээг хариуцахаар байсан. Тракторыг буцааж өгсөн хугацаа нь зөрүүтэй байна. Гуравдагч этгээд нь засаад буцааж хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Буцааж өгөх үүргээ биелүүлээгүйгээс манай тал удаа дараа шаардаж байсан. Урд нь нэгэнт ашиглаагүй техникийн мөнгийг төлөх үүрэггүй. Хариуцагч Т дээр өртэй мэт яваад байгаа тул тариалан эрхлэлтийг дэмжих дэмжлэг авч чадахгүй байгаа тул өртэй гэсэн жагсаалтаас хасахыг даалгаж өгнө үү. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг гуравдагч этгээд нь огт хамааралгүй этгээд биш. Засварыг нь хариуцах үүрэгтэй байсан. 2010.1 сард хүлээлгэж өгсөн. Энэ үед өвөл байсан, тариалалт хийгээгүй тул бүрэн шалгаж авах боломжгүй байсан. Хариуцагчийн Улаанбаатар банканд өгсөн албан бичигт 98 саяын өр төлбөр эргэлзээтэй байгаа гэж заасан байдаг. Тракторыг буцааж өгөх талаар тохиролцож байсан талаар дурдсан байгаа. Гэрээнд засвар үйлчилгээ хариуцсан талд л хүлээлгэж өгсөн тул бид авч ашиглаагүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Т нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С ХХК-ийн нэхэмжпэлтэй Тд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
С ХХК-наас 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 133 дугаар Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний төлбөр Агротрак-150 дугуйт тракторын үнэ 98,940,000 /ерэн найман сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулах.
Т нь С ХХК-тай 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 133 дугаар Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулж Агротрак-150 дугуйт трактор 1 ширхэгийг 98,940,000 /ерэн найман сая есөн зуун дөчин мянга/ төгрөгөөр, Үр тарианы үрлүүр 2 ком 61,689,390 /жаран нэгэн сая зургаан зуун наян есөн мянга гурван зуун ер/ төгрөгөөр, Хор цацагч ОП-2000 1 ширхэгийг 15,500,430 /арван таван сая таван зуун мянга дөрвөн зуун гуч/ төгрөгөөр нийт 176,129,820 /нэг зуун далан зургаан сая нэг зуун хорин ес/ төгрөгийн техник тоног төхөөрөмжүүдийг олгосон. Мөн сангийн үйл ажиллагааны хүрээнд олгогддог бусад төрлийн дэмжпэг болох ургамал хамгааллын бодис, хор бордоо, түлш зэргийг хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ байгуулан авч байсан. С ХХК нь дээрх гэрээнүүдээр хүлээсэн төлбөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд төлбөр тооцоог хэсэгчилэн барагдуулж ирсээр өнөөдрийн байдлаар 108 сая төгрөгийн өр төлбөртэй байна. Хоорондын үүссэн өр төлбөрийг харилцан тооцоо нийлж төлбөрийг хэсэгчилэн барагдуулснаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж ирсэн. Харин 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 133 дугаар Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний зүйл болох Агротрак-150 трактортой холбоотой асуудлаар үндэслэлгүй тайлбар, шаардлагыг тавьж манай санд үүссэн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Дээрх тракторыг гэрээний дагуу С ХХК нь өөрсдийн мэдэлд шилжүүлэн авсан бөгөөд нэг жилийн баталгаат хугацааг гэрээгээр олгосон, баталгаат хугацаан дотор гарсан үйлдвэрлэлийн гэмтлийг гэрээний 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар М Ти Эс ХХК засварлахаар заасан байдаг. Гэтэл баталгаат хугацаа өнгөрсний дараа өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас уг тракторыг эвдэлсэн. Мөн гэрээний оролцогч тал нь Т байтал гэрээтэй холбоотой шаардлагаа бидэнд тавилгүй дур мэдэн гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь тэдний тайлбараар нотлогдож байна. Засварын үүрэг гүйцэтгэх М Ти Эс" ХХК нь гэрээний оролцогч тал биш бөгөөд уг тракторыг өмчлөх, эзэмшил ашиглалтандаа авах эрхгүй этгээд юм. Гэтэл ийнхүү бусдад шилжүүлсэн, эсвэл орхиж явсан тракторын төлбөрийг хариуцахгүй гэж манай санд үүссэн төлбөр, бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. С ХХК-иас гаргасан нэхэмжлэлд трактор нь үйлдвэрийн гэмтэлтэй гэсэн ба үйлдвэрийн гэмтэл гэж ямар эвдрэл гэмтэл болох үүнийг тогтоосон шалгасан баримт нотолгоо байхгүй. Мөн чанарын доголдол гэж ямар доголдол илэрсэн үүнийг ямар үзүүлэлтээр тооцож байгаа нь тодорхойгүй тул гэрээний үүргээ зөрчиж төлбөрийг төлөхөөс үндэслэлгүйгээр зайлсхийж байгааг нотлож байна. Иймд 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 133 дугаар Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний зүйл Агротрак-150 дугуйт тракторын төлбөр 98,940,000 /ерөн найман сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтүвшин нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин миний бие эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны харьяа Т нь газар тариалангийн салбарын үйл ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлд гурил улаанбуудайн хэрэгцээ, үнийг тэнцвэржүүлэх бодлого хэрэгжүүлэгч чиглэл бүхий Засгийн газрын тусгай сан, улсын төсөвт үйлдвэрийн газар юм. Сан нь үйл ажиллагааныхаа хүрээнд тариалан эрхлэгч иргэн аж ахуйн нэгжид газар тариалангийн зориулалттай техник тоног төхөөрөмж, хор бордоо, ургамал хамгааллын бодис, үрийн буудай, түлш зэргийг хөнгөлөлттэй нөхцлөөр зээлээр болон бусад хэлбэрээр олгох үйл ажиллагааг явуулдаг. Нэхэмжлэлд дурьдсан Агротрак-150 дугуйт тракторын хувьд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас 155-180 морины хүчтэй дугуйт трактор нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТШ/09/03/07/-МУХС тендерийн дагуу шалгарсан М-Ти-Эс ХХК-иас нийлүүлэгдсэн трактор бөгөөд тус сангаар дамжуулан иргэд аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр олгогдсон. Тус сан нь С ХХК-тай 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 133 дугаар Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулж Агротрак-150 дугуйт трактор 1 ширхэгийг 98,940,000 /ерэн найман сая есөн зуун дөчин мянга/ төгрөгөөр, Үр тарианы үрлүүр 2 ком 61,689,390 /жаран нэгэн сая зургаан зуун наян есөн мянга гурван зуун ерэн төгрөгөөр, Хор цацагч ОП-2000 1 ширхэгийг 15,500,430 /арван таван сая таван зуун мянга дөрвөн зуун гуч/ төгрөгөөр нийт 176,129,820 /нэг зуун далан зургаан сая нэг зуун хорин ес/ төгрөгийн техник тоног төхөөрөмжийг зээлээр олгосон. Гэтэл гэрээгээр шилжүүлэн авсан Агротрак-150 тракторыг үйлдвэрлэлийн гэмтэл, чанарын доголдлын улмаас эвдэрч үйл ажиллагаандаа огт ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, М-Ти-Эс ХХК-д буцаан өгсөн тул санхүүгийн түрээсийн гэрээний агро-150 маркийн трактортой холбогдох хэсгээс татгалзаж 98,940,000 төгрөгийн өр авлага бүхий бүртгэлийг хүчингүй болгуулахыг даалгах нэмэхмлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Бид гэрээний дагуу техник тоног төхөөрөмжүүдийг хугацаанд нь бүрэн шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Дээрх гэрээний дагуу трактор, техник тоног төхөөрөмжүүдийн баталгаат хугацаа нь нэг жил байх ба баталгаат хугацааны дотор гарсан үйлдвэрийн гэмтлийг М Ти Эс ХХК-иар засварлуулахаар гэрээний 9 дүгээр зүйлийн 9.6-д заасан байдаг. Гэтэл С ХХК нь тракторыг баталгаат хугацаа өнгөрсний дараа, мөн өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж зориулалтын жингээс хэтэрсэн зүйл чирч, буруу ажиллуулснаас эвдэлсэн байдаг. Дээрх эвдрэлийг үүссэн нөхцөл, үйлдвэрийн эсвэл механик гэмтэл эсэхийг тогтоолгоогүй нь өөрсдийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байсныг нотлож байна. Нэхэмжлэлд бичсэн үйлдвэрийн гэмтэл гэж ямар гэмтэл эвдрэл илэрсэн үүнийг хэн тогтоосон, яаж мэдэж байгаа нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн тайлбар шаардлагыг нотлох үүрэг хүлээсэн бөгөөд энэ талаар баримт нотолгоо байхгүй байгаа нь тэдний нэхэмжлэл үндэслэлгүй болохыг нотлож байна. Мөн чанарын доголдол гэж ямар доголдол үзүүлэлтээр тооцож байгаа нь тодорхойгүй байна. Мөн улмаар С ХХК нь гэрээгээр хүлээн авсан Агротрак-150 тракторыг талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний оролцогч тал биш гуравдагч этгээдэд шилжүүлсэн байна. Засварын үүрэг гүйцэтгэх М Ти Эс ХХК нь гэрээний оролцогч тал биш бөгөөд уг тракторыг өмчлөх, эзэмшил ашиглалтандаа авах эрхгүй этгээд, Ттай төлбөр тооцоогүй, гэрээгээр үүрэг хүлээгээгүй тул бид тракторын үнийг тухайн засварын компаниас нэхэмжпэх хууль зүйн үндэслэлгүй юм. Гэтэл ийнхүү бусдад шилжүүлсэн, эсвэл орхиж явсан тракторын төлбөрийг хариуцахгүй гэж Тд үүссэн төлбөр, бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч нь өөрийн буруутайгаас эвдлээд гэрээний хугацаа дууссаны дараа буцааж өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь өөрийн яриад байгаа үйлдвэрлэлийн гэмтэл гэдгээ нотлоогүй байна. Өөрийнх нь гаргаж өгсөн гуравдагч этгээдийн албан тоотоор өөрийн буруугаас эвдсан гэдэг нь нотлогдоно. Гэрээний зүйлийг гэрээний тал биш гуравдагч этгээдэд бидэнд мэдэгдэлгүйгээр өгсөн байдаг. Гэрээний 9.6-д баталгаат хугацаа гэж байгаа. 2014.7.24-ны тоот дээр 2011 оны 11 сард хүлээлгэж өгсөн гэдэг. Нэхэмжлэгч нь өөрөө манайд ирүүлсэн бичиг нь 2014 он гэж байгаа. 2011 оны 12 сард хүлээлгэж өгсөн гэдэг. Иймд баталгаат хугацаа дууссан. Гэрээний 6.2.1-д зааснаар түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэх барьцаалах эрхгүй. Ингэвэл гэрээ дуусгавар болохоор заасан. Ингэснээр эрсдэлийг бид хариуцахгүй гэж байгаа. Гэрээнээс татгалзвал манай талд трактор байхгүй тул өгсөн авсанаа буцаах боломжгүй. Иймд гэрээнээс татгалзах харилцаа үүсэх боломжгүй юм. Гэрээний 3.3-т заасан байгаа. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Банканд өгсөн бичиг нь хүлээлцсэнээр л байгаа бөгөөд тэрнээс өр авлагагүй гээгүй. Трактор нь манайд байхгүй. Гэрэээг гуравдагчтай байгуулаагүй. Гэрээг цуцлах бол нөгөө талдаа мэдэгдэхээр заасан. Гэрээнд зааснаар манайд төлбөрөө төлөөгүй. 50 буюу түүнээс дээш хувийн төлбөр төлсөн тохиолдолд гэж заасан байгаа. 2016.9.5-ны өдрийн дээд шүүхийн зөвлөмж байгаа. Иргэний хуулийн 204.1-д зааснаар мэдэгдэх үүрэг хүлээнэ. Худалдагч талд буцаан өгсөнөөр мэдэгдсэнд тооцно. Манайд өгсөн бичгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа өгсөн байдаг. Иймд гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М Ти Эс ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн Яамнаас 155-180 морины хүчтэй дугуйт трактор нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТШ/09/03/07/-МУХС тендерийн дагуу шалгарч Тд Агротрак-150 дугуйт тракторийг нийлүүлсэн байдаг. Ингээд Т С ХХК-тай 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Санхүүгийн лизингийн түрээсийн гэрээ байгуулж уг Агротрак-150 дугуйт тракторыг С ХХК-д хүлээлгэн өгсөн. 2011 оны 12 дугаар сарын эхээр уг тракторыг эвдэрсэн гэж засвар үйлчилгээ хийлгүүлэхээр манайд хүлээлгэн өгсөн ба тракторыг шинжиж оношлоход хүчин чадлын үзүүлэлтэд нь таараагүй буюу хүчин чадлыг хэтрүүлсэн агрегат чирэн хэрэглэснээс хурдны хайрцаг эвдэрсэн гэсэн оноштойгоор явах эд ангийг бүхлээр нь тос, масло, шүүлтүүрүүдийн хамтаар бүгдийг нь шинээр сольж засвар үйлчилгээг хийж нийт зардал 10 000 евро болсон байдаг. Бид нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн эвдрэлийн засвар үйлчилгээг хийж бэлэн болоход С ХХК буцаан хүлээн авахаас татгалзсан бөгөөд засвар үйлчилгээний зардлыг төлөх санхүүгийн чадваргүй байсан. Иймээс Тгийн удирдлагад уг тракторын нийт үнийн дүнгээс засварын зардлыг хасуулж үлдэгдэл төлбөрийг манай зүгээс төлж өөрийн эзэмшилдээ авах хүсэлт удаа дараа тавьж байсан боловч энэ асуудлыг шийдэж өгөөгүй болно. Уг трактор нь хүлээн авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл манай эзэмшилд байгаа болно. Нэгэнт энэхүү трактор олон жил манай компанийн эзэмшилд байгаа тул С ХХК засвар үйлчилгээнд оруулсан төлбөр болох 10 000 еврог өнөөдрийн ханшаар тооцон төлсөн тохиолдолд бид тракторын үнэ болох 98 940 000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ энэхүү тайлбараараа илэрхийлж байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Ариунжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх тендерийн дагуу тракторыг нийлүүлсэн. 2011 оны 11 сарын сүүлээр нэхэмжлэгч нь үйлдвэрийн гэмтэлтэй байна гэж ирүүлсэн. Бид оношлогоонд оруулахад даац хэтрүүлж чирсэнээс болж эвдэрсэн байсан. 2 тариалалтанд нэхэмжлэгч нь ашигласан байсан. Бид засварыг хийгээд хүлээлгэж өгөх гэтэл аваагүй. Нэгэнт удсан тул трактороо аваад засварын зардалаа суутгаад мөнгийг нь өгөхөд татгалзахгүй. Нэхэмжлэгч нь тракторыг ашиглаагүй гэж байна, гэтэл 2 тариалалтын хугацаа өнгөрсөн байгаа юм гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь 2010 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 133 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний Агротрак-150 тракторт холбогдох хэсгээс татгалзаж, улмаар татгалзсан хэсэгт холбогдох 98,940,000 төгрөгний өр төлбөрийн бүртгэлийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т нь бид гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээний зүйлийг эвдсэн, энэ талаар хариуцагчид мэдэгдээгүй гэж маргаж, улмаар маргаж буй Агротрак-150 тракторын үнэ болох 98,940,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М Ти Эс ХХК нь баталгаат хугацаа дууссаны дараа маргаж буй Агротрак-150 тракторыг буцаан өгсөн бөгөөд эвдрэлийн шалтгаан нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой байсан тул бид засварын зардалыг гаргаж өгвөл уг тракторыг аваад мөнгийг буцаан төлөх боломжтой гэж тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2010 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 133 дугаар санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулж хариуцагч нь тодорхой тооны техникийг нэхэмжлэгчид нийлүүлсэн байна. Үүнд маргаж буй 98,940,000 төгрөгний үнэ бүхий Агротрак-150 трактор багтжээ. Энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
Энэхүү санхүүгийн түрээсийн гэрээ нь санхүүжилт олгох зорилготой буюу үйл ажиллагаа дэмжсэн санхүүгийн түрээсийн гэрээ байсан гэж хариуцагч, харин нэхэмжлэгч нь энэ нь борлуулалтыг дэмжсэн санхүүгийн түрээсийн гэрээ байсан гэж маргаж байна.
Санхүүжилтийн лизингийн гэрээний хувьд лизинг олгогч нь борлуулалтын ашиг сонирхолгүй бөгөөд санхүүжилтээр ямар зүйл ашиглах гэж байгаа нь лизинг олгогчийн хувьд анхаарах зүйл биш байдаг. Улмаар ийм төрлийн лизингийн гэрээний хувьд санхүүжилтээр авсан эд хөрөнгийн доголдол болон бусад эрсдлийг гагцхүү лизинг авагч өөрөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл доголдлын улмаас засвар үйлчилгээ хийлгэх зардалыг өөрөө хариуцах бөгөөд лизинг олгогч хариуцлага хүлээхгүй. Харин борлуулалт дэмжсэн лизингийн гэрээний хувьд энэ нь өөр зохицуулалттай байна. Энд лизинг олгогч нь борлуулагчтэй гэрээ байгуулсан байх ба гэрээний зорилго нь санхүүжилт хийх биш харин тодорхой эд хөрөнгийг бусдад ашиглуулах боломж олгох буюу эд хөрөнгө хөлслөх болон түрээслүүлэх гэрээний шинжтэй байна. Өөрөөр хэлбэл тодорхой эд хөрөнгийг хариу төлбөртэйгээр бусдад ашиглуулсанаар тодорхой хугацааны дараа өөрийн олох ашигийг олоод цаашид тухайн эд хөрөнгийг хэрхэх талаар гэрээгээр зохицуулсан байдаг.
Зохигчдын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний хувьд хариуцагч нь тендерийн дагуу маргаж буй Агротрак-150 тракторыг лизинг авагчид санал болгосон нь хэлбэрийн хувьд борлуулалт дэмжсэн санхүүгийн түрээсийн шинжийг агуулж байна. Гэвч хэргийн оролцогчдын хооронд үүссэн харилцаанаас үзэхэд буюу нэхэмжлэгч нь үйл ажиллагаандаа тодорхой техник хэрэгсэл шаардлагатай талаар хүсэлт гаргаснаар тендер зарлагдсан гэж үзэхээр байна. Улмаар уг Агротрак-150 тракторыг санал болгосон нь шууд борлуулалт дэмжсэн санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэхэд учир дутагдалтай юм. Эдгээрээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тодорхой техникийг санал болгосон буюу борлуулагч болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь лизинг олгогчийг санал болгоогүй харин эсэргээрээ нэхэмжлэгч нь үйл ажиллагаандаа зориулсан техник тоног төхөөрөмж авах санхүүжилт олгохыг хариуцагчид санал болгосноор зохигчдын хооронд санхүүжилт дэмжсэн лизингийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу маргаж буй тракторыг нийлүүлсэн эсэх талаар зохигчид маргаагүй боловч түүний доголдолын талаар маргажээ. Эндээс гэрээний 1.1-д Агротрак-150 ....... худалдан авахын тулд түрээслүүлэгчээс түрээс авах, төлбөр тооцоог тохиролцсон хуваарийн дагуу буцаан төлөх ... гэж зааснаас түрээслүүлэгч буюу хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд түрээслэгч буюу нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь маргаж буй тракторыг үйлдвэрлэлийн доголтой байсан гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас болж эвдэрсэн гэж маргасан боловч хэн аль нь өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ талаар баримт байхгүй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.
Хэрэгт байгаа Тгаас 2010 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар банканд гэсэн албан тоотоос харахад 2010 оны 08 дугаар сард тракторын талаар маргаан үүссэн байсан гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгч С ХХК-ний 2014 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн албан тоотоор маргаж буй тракторыг 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд хүлээлгэж өгсөн нь тогтоогдож байна. /хэргийн 41-42 тал/
Иймд нэгэнт хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүсээгүй байна. Эдгээрээс гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүсээгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой үүсэх үр дагавар буюу өр төлбөрийн бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс маргаж буй эд хөрөнгийг худалдан авсан тул ийнхүү худалдан авсан гэрээнээс үүсэх гомдолын шаардлага гаргах эрх нь лизинг авагч буюу нэхэмжлэгчид шилжсэн байна. Гэвч маргаж буй тракторын доголдол болон засварлах үйл ажиллагаа, түүнээс гарах зардлын талаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний 3.2-т зааснаар 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийг төлж дуусах үүрэг хүлээсэн бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар энэ үеээс хариуцагчид гэрээний үүргийг шаардах эрх үүсжээ. Гэвч төлбөр төлөгдөөгүй байхад хариуцагч буюу лизинг олгогч Т нь 133 дугаар гэрээний үүрэг болох маргаж буй тракторын төлбөрийг шаардаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь хариуцагчийн төлөөлөгчийн бид өмнө нь төлбөрөө нэхэх боломжгүй байсан боловч нэхээгүй байсан гэх тайлбараар тогтоогдож байна. Үүнээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээний дагуу маргаж буй тракторын төлбөрийг төлөхөөс татгалзах эрх үүссэн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин маргаж буй тракторыг цаашид хэрхэн болон хэн нэг этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих эсэх талаар эрх бүхий этгээд зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 312 дугаар зүйлийн 312.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Тд холбогдох 2010 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 133 дугаар санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний Агротрак-150 трактортой холбогдох хэсгээс татгалзаж, 98,940,000 төгрөгний өр төлбөрийн бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэгч С ХХК-ний үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч С ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 98,940,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Тгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 722,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД