2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/768

 

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл хөтлөн,

улсын яллагч Б.Энхбаяр,

хохирогч Т.*******,           

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000000001 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 2 дугаар сарын 16-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ******* аймгийн ******* сумын*******, ******* гэх газарт оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн , ын од оршин суух хаягтай,

-2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, /РД:НЫ/, ******* овогт *******гийн *******.

 Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн , ын од байх гэртээ хамтран амьдрагч Т.*******ыг хардалтын улмаас гараараа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “******* бид хоёр хамтран амьдраад 4 жил болж байна,  дундаасаа хүүхэдгүй. ******* бид хоёр хамт архи уугаад мөнгө төгрөгийн асуудлаас болж хоорондоо маргалдаж, нэг нэгнийхээ үгийг дааж ойлголцохгүй маргаан болж би *******ын нүүр рүү нь алгадсан. Урьд нь би түүнд гар хүрч байгаагүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.******* мэдүүлэхдээ “Тухайн өдөр намайг хардаад ээжийн гэрийн гадаа ******* ирчхээд орилоод байсан. Согтуу хүн яах ч юм билээ гээд санаа зовоод, за ээж би өөрийнхөө гэр рүү оръё доо энэ хашхираад хүн амьтнаас санаа зовмоор юм гээд буцаад гэр рүүгээ орсон юм. Ороод гайгүй байж байгаад дахин маргалдаад дахиад намайг цохисон. Тэгээд ээж цагдаа дуудсан. Ер нь бол хардалт мөнгөний асуудлаас болж маргалддаг. Тухайн үйл явдал болсноос хойш надаас уучлалт гуйсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2508000000001 дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.*******ын хохирогчоор өгсөн: “Би *******тай анх 2018 оны өвөл танилцаад 2019 оноос хойш хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод байх манай ээж Г.гийн хашаанд тусдаа монгол гэрт хамтран амьдарч байгаа бөгөөд ******* 2024 оны 11 дүгээр сард хөдөө Дорнод аймгаар ажилд явж байгаад 2024 оны 12 дугаар сарын 02-ны орой гэртээ ирсэн ба 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөржин *******ийг хөдөөгөөс ирсэн гээд захаар хамт явж гэртээ монгол гэрийн хаалга болон өөрт нь хувцас хунар бас хоол хүнсээ аваад орой 16 цагт гэртээ хамт ирсэн бөгөөд ******* гэрт ирээд өмнө нь өөрийнхөө авсан байсан 0,75-тай Хараа архиа ганцаараа намайг гэрээ цэвэрлээд хоолоо хийж байхад уусан ба архиа уучхаад тасраад унтаад өгсөн юм. *******ийг унтаж байхад би хоолоо хийж дуусаад сэрээгээд хоолоо ид гээд хамт суугаад хоолоо идэж байхад би *******ийн картыг нь авч гараад дэлгүүрээс 0,75-тай хандсан уу. Ээж чинь хүртэл над руу залгаад чамайг хүмүүстэй байна” гэж ярьсан гээд намайг хардаад гүтгээд байхаар нь би уурлаад хэрэлдээд уурандаа нүүрэнд нь 2 удаа алгадсан чинь ******* зөрүүлээд миний нүүрэнд баруун гараараа цохисон чинь миний хамраас цус гарсан тэгэхээр нь би ээжийнхээ гэрт гүйж ороод ээждээ хэлээд сууж байсан чинь ******* манай ээжийн гэрт орж ирээд надаас уучлалт гуйгаад гэртээ орж унтъя гэхээр нь би хамт гэртээ ороод байж байтал үргэлжлүүлэн намайг хардаад хэрүүл хийгээд байхаар нь би дахиад хэрэлдээд зогсож байсан чинь ******* миний нүүр рүү болон хамар баруун нүд рүү 2-3 удаа гараараа цохиод дахин миний хамраас цус гараад бид хоёр ноцолдож байсан чинь миний гэртээ өмсөж байсан футболк урагдсан. Энэ үед ээж  гаднаас манай гэрт орж ирээд намайг зодлоо гээд цагдаад дуудлага өгөөд *******ийг эрүүлжүүлсэн юм. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй би өөрөө 2 хүүхэдтэй нэг нь аав дээрээ байдаг 13 настай нөгөөх нь Герман улсад сурч байгаа. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдраад олон жил болж байгаа гэр бүлийн хоёр хүн байгаа юм. Өмнө нь 2024 оны 01 дүгээр сард ******* намайг архи уусан үедээ гэр бүлийн асуудлаар бас харалтаас болж алгадаж зодсон чинь манай ээж цагдаад дуудлага өгч байсан. 2020 оны 01 дүгээр сард Зайсанд хамт байхдаа намайг хардаж зодож байсан. Би тушаалтай уншиж танилцлаа. Би ямар нэгэн байдлаар өөрийн хамтран амьдрагч *******аас сэтгэл санааны болон эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор хохирол нөхөн төлбөр нэхэмжлэхгүй. Яагаад гэвэл би тэр үед өөрөө хамт архи уугаад уурлуулаад өөрийг нь түрүүлж алгадсанаас болж ийм асуудалд хүрсэн болохоор мөн бид хоёр өнөөдрийг хүртэл хамт бараг 6 жил хамт зовлон жаргалаа хуваалцаж байгаа гэр бүлийн хүмүүс болохоор нэхэмжлэхгүй. Би гомдол саналгүй байна. ******* бид хоёр хамт архи уугаад байж байтал намайг бас хардаад байхаар нь хэрэлдээд цагдаа дуудсан чинь авч яваад эрүүлжүүлсэн байсан. ******* хувь хүний хувьд бол төлөв даруу зан ааш сайтай, хүнд их тусархуу, ажилд сайн, гэр бүлдээ их анхаарал тавьж байнга гэрийнхээ ажилд оролцож тусалж байдаг ярих юмгүй сайн залуу бөгөөд хааяа архи уухаараа уурлаад бухимдаад байдаг хүн байгаа юм. Ер нь бид хоёрын асуудал бол зөвхөн бид хоёрын хоорондын харилцаа хамт архи уусан асуудлаас болж согтуудаа хоёр биеэ хардаад асуудал үүсдэг юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.*******ын хохирогчоор дахин өгсөн: “Эдгээр гэмтлүүдийг миний хамтран амьдрагч ******* 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр согтуудаа намайг өөр хүмүүстэй хардаад байхаар нь би эхлээд *******ийг уурандаа алгадсан чинь зөрүүлээд 1 удаа миний нүүрний хамар нүдний орчим цохиод цус гарахаар нь би ээжийнхээ гэрт гүйж ороод дараа нь эвлэрээд эргээд гэрт орж ирээд хамт байж байсан чинь дахин уурлаад 2-3 удаа нүүр рүү цохиод миний өмсөж байсан футболкийг нь урчихсан юм.  Энэ гэмтлүүдийг ******* миний биед 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр учруулсан гэмтлүүд байгаа юм. Би *******аас  ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй мөн олон жил хамт амьдарсан, цаашдаа ч хамт амьдрах болохоор ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол тогтоох шинжилгээ хийлгэж сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Гомдолгүй байна. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.гийн гэрчээр өгсөн: “Би тухайн өдөр 2024 оны 12 дугаар сарын 03-ны оройн 21 цаг 30 минутын үед гэртээ байж байхад манай охин ******* нь хамраас нь цус гарчихсан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь охиныхоо гэрт ороод хамтран амьдрагч болох *******т чи яахаараа энэ амьтныг зодоод байгаа юм, чиний гарын аяыг яаж даадаг юм цуг байж чадахгүй юм бол та хоёр тус тусдаа унтаж амар гэж хэлээд охиноо гэртээ оруулаад буцаж ******* дээр ороод хэрэв чамайг ийм байдалтай байх юм бол цагдаа дуудаж өгнө шүү гэсэн чинь бид хоёр одоо унтаж амарлаа гэхээр нь би гэртээ ороод охиндоо одоо унтаж амар, дахиж хэрүүл маргаан гаргахгүй гэж байна гэхэд манай охин ******* нь гэр рүүгээ орсон. Удалгүй дахиад хамраас нь цус гарчихсан өөрийнх нь өмсөж явсан фудволк урагдчихсан ******* нь миний баруун нүд хамар руу цохичихлоо гээд ороод ирэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-52 дахь тал)

5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 474 дугаартай “Т.*******ын биед баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх бусад хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн яллагдагчаар өгсөн: “...Т.*******ын хамт 2 шил 0,75-тай Хараа архи хувааж уусан ба архи ууж байгаад би унтаж байгаад 21 цагийн үед унтаж байгаад сэрсэн чинь ******* дэлгүүрээс дахиад 1 шил Хараа архи аваад ирчихсэн хоол хийгээд сууж байхаар нь авчирсан архийг нь бид хоёр  хамт хувааж уугаад сууж байтал ******* нэлээн согтчихоод намайг өөрийнхөө ээжтэй хардаад эсвэл чи манай ээжийн гэрт орж ээжтэй хамт нэг орон дээр хамт унтахгүй юу гээд хэрүүл өдөөд байхаар нь би *******д  чам шиг юм гэж юу  байдаг юм бэ. Намайг хөдөө ажиллаж байхад чи дандаа согтуу байсан биз дээ гээд хэрэлдсэн чинь ******* хардалтын шинжтэй хэрүүл өдөөд агсраад байсан ба *******д тэр үед уурлаад намайг миний хацар руу гараараа 2-3 удаа алгадаад авахаар нь би бас уурлаад унтал даа гээд *******ыг баруун гараараа алгадсан чинь нүүрэнд цохичихсон ба ******* гүйж гарч яваад хадам ээж гийн гэрт орчихсон байсан. Тэгэхээр нь би араас нь хадам ээжийн гэрт ороод *******ыг аваад гэртээ орж амаръя гээд гэртээ дагуулаад орсны дараагаар *******ыг чи дуугүй гэртээ ороод амарчихад яадаг юм бэ гээд хэлэхэд ******* унтахгүй агсан тавиад байхаар нь унтуулах санаатай *******тай ноцолдож байсан чинь *******ын өмсөж байсан футболк нь урагдаад би нүүрэнд нь дахиад нэг удаа гараараа алгадсан чинь хамраас нь цус нь гараад нүд нь хавдчихсан юм...”  гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 101-102 дахь тал)

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

2024 оны 12 дугаар сарын 03-ны орой Сонгинохайрхан дүүргийн , ын од байх гэртээ *******, Т.******* нар хамт архидан согтуурч, ******* нь Т.*******ыг хардсаны улмаас хоорондоо маргалдаж улмаар Т.******* нь *******ийн нүүрэнд гараараа алгадахад ******* зөрүүлж гараараа Т.*******ын нүүр хэсэгт 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), Т.*******ын хохирогчоор өгсөн: “...би уурлаад хэрэлдээд уурандаа нүүрэнд нь 2 удаа алгадсан чинь ******* зөрүүлээд миний нүүрэнд баруун гараараа цохисон чинь миний хамраас цус гарсан тэгэхээр нь би ээжийнхээ гэрт гүйж ороод ээждээ хэлээд сууж байсан чинь ******* манай ээжийн гэрт орж ирээд надаас уучлалт гуйгаад гэртээ орж унтъя гэхээр нь би хамт гэртээ ороод байж байтал үргэлжлүүлэн намайг хардаад хэрүүл хийгээд байхаар нь би дахиад хэрэлдээд зогсож байсан чинь ******* миний нүүр рүү болон хамар баруун нүд рүү 2-3 удаа гараараа цохиод дахин миний хамраас цус гараад бид хоёр ноцолдож байсан чинь миний гэртээ өмсөж байсан футболк урагдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дэх тал), Т.*******ын хохирогчоор дахин өгсөн: “Эдгээр гэмтлүүдийг миний хамтран амьдрагч ******* 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр согтуудаа намайг өөр хүмүүстэй хардаад байхаар нь би эхлээд *******ийг уурандаа алгадсан чинь зөрүүлээд 1 удаа миний нүүрний хамар нүдний орчим цохиод цус гарахаар нь би ээжийнхээ гэрт гүйж ороод дараа нь эвлэрээд эргээд гэрт орж ирээд хамт байж байсан чинь дахин уурлаад 2-3 удаа нүүр рүү цохиод миний өмсөж байсан футболкийг урчихсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),  Г.гийн гэрчээр өгсөн: “...охиныхоо гэрт ороод хамтран амьдрагч болох *******т чи яахаараа энэ амьтныг зодоод байгаа юм чиний гарын аяыг яаж даадаг юм цуг байж чадахгүй юм бол та хоёр тус тусдаа унтаж амар гэж хэлээд охиноо гэртээ оруулчхаад буцаж ******* дээр ороод хэрэв чамайг ийм байдалтай байх юм бол цагдаа дуудаж өгнө шүү гэсэн чинь бид хоёр одоо унтаж амарлаа гэхээр нь би гэртээ ороод охиндоо одоо унтаж амар, дахиж хэрүүл маргаан гаргахгүй гэж байна гэхэд манай охин ******* нь гэр рүүгээ орсон. Удалгүй дахиад хамраас нь цус гарчихсан өөрийнх нь өмсөж явсан фудволк урагдчихсан ******* нь миний баруун нүд хамар руу цохичихлоо гээд ороод ирэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-52 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 474 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал)  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч Т.*******ын биед баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай (хамтран амьдрагч) хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч  байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.

Шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд  шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар. 

Хохирогч Т.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...гэр бүлийн хүмүүс болохоор нэхэмжлэхгүй. Би гомдол саналгүй байна....”гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дэх тал)-д авагдсан мэдүүлэг болон мөн шүүхийн хэлэлцүүлэгт “ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг  харгалзаж шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, өмнөх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нийт 02 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (гэр бүлийн харилцаатай хүмүүс хамт архидан согтуурсан, хардалтаас харилцан маргалдаж, улмаар биед нь халдсан), учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ (хөнгөн гэмтэл учруулсан) зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хамт архидан согтуурч түрүүлж нөхрийнхөө нүүрэнд алгадсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна. 

Дээрхи нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзаж шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас /03/ гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

*******ийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ. (хавтаст хэргийн 61-73 дахь тал)

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд ******* нь дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь дараах эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, мөн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаас зөвхөн *******ийг тэнссэн хэсгийг хүчингүй болгож, тус шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 90 хоног буюу 03 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 03 сарын хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч *******т үйлдсэн хэргээ шударгаар хүлээж, гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

******* урьд нь товлогдсон шүүх хуралдаанд удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд 1.31%  хувийн согтуурлын зэрэгтэй ирсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь мөн хуулийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно. Энэ үндэслэлээр шүүхээс цагдан хоригдсон 12 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний биечлэн эдлэх ялд оруулан тооцно.

Хэрэгт ******* битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаас *******ийг тэнссэн хэсгийг хүчингүй болгосугай.

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон *******т хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хоёр жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 90 хоног буюу 03 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг түүний биечлэн эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Хэрэгт ******* бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт  түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ