Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/03210

 

 

 

 

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/03210

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А б Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж о ХХК-д холбогдох,

 

16.236.693 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгч А б нХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Р нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Хариуцагч нь нэхэмжлэгч талтай 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 20190529/01 тоот барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал хариуцагч талд нэхэмжлэлийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нийт гэрээний үнийн дүн 115.408.000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх урьдчилгаа 57.704.000 төгрөгийг дансанд шилжүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* тоот дансанд 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Ж о ХХК нь манай компанид нийт 56.265.750 төгрөгийн бараа материал нийлүүлсэн ба хамгийн сүүлд 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш бараа материал нийлүүлээгүй. Манай компани өөрсдөө бараа материал захиалах боломжтой бөгөөд Ж оХХК нь 14 хоногийн хугацаанд нийлүүлнэ гэснийг үндэслэн бараа материалын үнэтэй татан авалтыг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч тал нь хариуцагч талтай удаа дараа утсаар ярьж, биечлэн уулзаж үлдэгдэл бараа материалаа нийлүүлэхийг шаардсан боловч холбогдох утсаа салган ор сураггүй 3 сар орчим алга болж гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд түүнээс шалтгаалан манай компаний ажил зогсоход хүрсэн, ажил зогссоноор нэхэмжлэгч талд сул цалин гүйлт болон хоног хугацаа алдалт график төлөвлөгөөнөөс хоцрох гэх мэт хохирол учирсан болно. Манай компани нь цаашид хүлээх боломжгүй бөгөөд барилгын материал нийлүүлэх гэрээнд заасны дагуу үндсэн үнэ 11.438.250 төгрөг, алданги 4.798.443 төгрөг, нийт 16.236.693 төгрөгийг Ж оХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж оХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай компани 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр барилгын материал нийлүүлэх 20190529/01 дугаар бүхий гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. Гэрээний дагуу А б нХХК нийт 67.704.000 төгрөгийг шилжүүлсэн. Манай компани 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2.062.500 төгрөгийн, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 274.000 төгрөгийн, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 7.527.500 төгрөгийн, 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 7.478.000 төгрөгийн, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 17.600.000 төгрөгийн, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 20.350.000 төгрөгийн, 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1.750.000 төгрөгийн, нийт 57.042.000 төгрөгийн барилгын материал А б нХХК-д нийлүүлсэн. Ж оХХК-ийн материал нийлүүлээгүй 10.662.000 төгрөг болон 8, 9, 10 дугаар сарын алданги болох 959.958 төгрөгийн үнийн дүнд 2020 оны хавар 3 дугаар сард компанийн угсралтын ажил эхлэхэд гэрээнд заасан сайн чанарын материал болон фанерыг нийлүүлж хоорондын тооцоог дуусгах хүсэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 16.236.693 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бид гэрээнд заасан хугацаанд барилгын материалыг нийлүүлээгүй, хүний ажлыг уясан учир алдангийг ч хүлээн зөвшөөрнө гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А б нХХК нь хариуцагч Ж оХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 11.438.250 төгрөг, алданги 4.798.443 төгрөг, нийт 16.236.693 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа 57.042.000 төгрөгийн барилгын материал нийлүүлсэн, мөн алданги 959.958 төгрөгийг хүлээн зөвшөөрөх агуулгатай тайлбар гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, үнийн дүн, тооцооллыг татгалзаагүй, нэхэмжлэлийн үнийн дүнд бараа материал нийлүүлэх хүсэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 20190529/01 тоот барилгын материал нийлүүлэх гэрээ бичгээр байгуулагдаж, хариуцагч Ж оХХК хавсралтад заасан нэр төрөл, тоо хэмжээ бүхий нийт 115.408.000 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын материал нийлүүлэх, нэхэмжлэгч А б нХХК барилгын материалыг хүлээн авч, үнийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /хх-12-16/.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан гэрээ байх ба талууд гэрээ байгуулагдсан талаар, мөн түүний хүчин төгөлдөр байдлын талаар шүүхэд маргаагүй.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдан авсан эд хөрөнгийн хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг тус тус хүлээнэ.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч 67.704.000 төгрөг, хариуцагч 56.265.750 төгрөгийн үнэ бүхий барилгын материал тус тус харилцан шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар шүүхэд маргаагүй.

 

Хариуцагч нь гэрээний 4.1-д зааснаар гэрээнд гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн хугацаанд нэхэмжлэгчид барилгын материал нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргийг бүрэн гүйцэтгээгүй байна.

 

Дээрх зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн 11.438.250 төгрөгийг буцаан гаргуулахыг шаардсаныг хариуцагч маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Түүнчлэн аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөхөөр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан тул нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хангах үндэстэй.

 

Гэрээний 2.6-д нийлүүлэгч тал гэрээний хугацаанд өөрөөс шалтгаалан захиалагч талд гэрээт материалыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд нийлүүлээгүй материалын үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, мөн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцжээ.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ба хариуцагч гэрээний 4.1-д заасан хугацаанд бараа материалыг нийлүүлээгүй байна.

 

Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэх ба энэ нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу алданги тооцох үндэслэл болно.

 

Нэхэмжлэгч алданги 4.798.443 төгрөг тооцсоныг хариуцагч маргахгүй байна.

 

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч Ж оХХК-аас 16.236.693 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А б нХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж о ХХК-аас 16.236.693 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А б нХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239.134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж оХХК-аас 239.134 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А б нХХК-д олгосугай.  

 

3. Хариуцагч Ж оХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА