| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2003000000410 |
| Дугаар | 2021/ДШМ/278 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ДШМ/278
2021 03 18 2021/ДШМ/278 ХЯНУУЛАХ № Т M № 546 МАЛАЛ
Г.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Арвинбуудайн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Г.А-д холбогдох эрүүгийн 2003000000410 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э овгийн Г-ийн А-, Хөвсгөл аймагт 1996 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 0 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ........................./.
Г.А- нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 02 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайлаастын уулзвараас Дарь-Эх чиглэлийн шинэ замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/-д заасныг зөрчин жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0,90 хувийн согтолттой үедээ “Toyota prius” загварын 58-40УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчин хурд хэтрүүлж, аюул саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны 595 тоот хашаа руу унаж, байшингийн суурь бетоныг мөргөн, зорчигч Б.У-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Г.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулжээ.
Дээд шатны прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ: “... шүүгдэгч Г.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, 3 дахь хэсэгт “Шүүх хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж тус тус заасныг шүүх шийдвэр гаргахдаа хэрэглээгүй нь хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн...” гэжээ.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрх хасах нэмэгдэл ял оногдуулахаар заасан байхад шүүх орхигдуулсан байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдов.
Шүүгдэгч Г.А- нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 02 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайлаастын уулзвараас Дарь-Эх чиглэлийн шинэ замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/-д заасныг зөрчин жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0,90 хувийн согтолттой үедээ “Toyota prius” загварын 58-40УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ...ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчин хурд хэтрүүлж, аюул саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны 595 тоот хашаа руу унаж, байшингийн суурь бетоныг мөргөж зорчигч Б.У-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.
Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журамд чанд нийцүүлэн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүхийн сонгож хэрэглэсэн эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон нөхцөлд шударга ёсны зарчим хангагдсан, эрүүгийн хариуцлагыг зорилго биелэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байх боловч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар автомашин жолоодон хурд хэтрүүлсний улмаас жолоодлого алдаж хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж дүгнээгүй байх тул шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гэж үзэх боломжгүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.А-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэргийг дахин хэлэлцтэл шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.А-д холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН