Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0871

 

 

 

 

 

 

 

   2022         11           22                                   128/ШШ2022/0871

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “О****” ХХК /РД:5***/,

Нэхэмжлэгч “Ж****” ХХК /РД:5***/,

Нэхэмжлэгч “Ж****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Ц*** /РД:ШБ4***/,

Нэхэмжлэгч “Ж****” ХХК-ийн өмгөөлөгч: З.С*** /ШТЭҮ:***, Б.Х*** /ШТЭҮ:***/,

Нэхэмжлэгч “О****” ХХК-ийн өмгөөлөгч Н.Д*** //

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хууль, эрх зүй, гэрээ хариуцсан мэргэжилтэн Ж.Б***, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн цэвэрлэх байгууламж, хаягдал ус зайлуулах барилга, байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.А***, Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хууль, эрх зүй, гэрээ хариуцсан мэргэжилтэн Г.Н***,

Гуравдагч этгээд: “О**** с***” ОНӨААТҮГ,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “О**** с***” ОНӨААТҮГ-ын Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Пүрэвжамц, Хуулийн зөвлөх Д.Г*** нарын хоорондын орон сууцны хорооллын ашиглалт, засвар үйлчилгээг шилжүүлэхтэй холбоотой гарсан захиргааны актын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “О****” ХХК-ийн төлөөлөгч Д.А***, өмгөөлөгч Н.Д***, “Ж****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц***, өмгөөлөгч З.С***, Б.Х***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А***, Г.Н***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “О****” ХХК, “Ж****” ХХК нь тус шүүхэд хандан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1358 дугаар захирамжийн 1.4 дэх заалтыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
  2. Нэхэмжлэгч “О****” ХХК нь “Т*** о***” ТӨҮГ-тай 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 2014/1-09 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний үндсэн дээр “Б*** У*** 1” төслийн хүрээнд баригдаж, ашиглалтад орсон 1764 айлын орон сууцны ус, дулаан дамжуулах төвийн ашиглалтын үйл ажиллагаа болон инженерийн байгууламжийн ашиглалтыг хариуцах болсон,

                 Нэхэмжлэгч “Ж****” ХХК нь “Т*** о***” ТӨҮГ-тай 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 2016/4-03 дугаар “Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ”-ний үндсэн дээр “Б*** У*** 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын болон УДДТ-ын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах болсон.

                 Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1358 дугаар “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” захирамжийн 1.4 дэх заалтаар “Хөгжлийн банкны хөрөнгөөр баригдсан, орон сууцны ашиглалт үйлчилгээ нь маргаантай Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б*** У*** 1, 2” хорооллын инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг “О**** с***” ОНӨААТҮГ-т шилжүүлэх”-ээр шийдвэрлэсэн.

3.  Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч “О****” ХХК-иас Нийслэлийн  Засаг даргад хандан 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1001/01 дугаар албан бичгээр, нэхэмжлэгч “Ж****” ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/2001-2 дугаар албан бичгээр тус тус “...манай байгууллагад холбогдох заалтыг дахин хянаж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/31 дугаартай албан бичгээр “...Тус захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар ажлын хэсэг байгуулсан тул захирамж, тушаалаар өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох бэлтгэл, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг үүгээр мэдэгдэе” гэсэн агуулга бүхий хариу өгснийг эс зөвшөөрч тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгч “О****” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу 2014 онд “Т*** о***” ТӨҮГ-ын “Б*** У***-1” орон сууцны хороололд бүтээн байгуулалт явуулж байгаа. Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож танай компани шаардлага хангаж байгаа учраас хамтран ажиллахаар болж 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2019 оны А/1358 дугаар захирамжийг Улаанбаатар хотын Захирагчийн албаны олон нийтийн цахим сүлжээгээр байршуулсан захирамжтай танилцаад 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг даргатай 2 компанийн төлөөлөл очиж уулзсан. Нийслэлийн Засаг даргаас бид энэ захирамжийг хийж буй ажлыг сайн хийлгэхийн төлөө гаргасан. “...Хүний ажлыг булааж ав гэж гаргаагүй” гэсэн тайлбар өгсөн. “...Бид танай компанийн асуудлыг шийдэж өгнө” гэж хэлсэн. Бид Засаг даргын Тамгын газартай байнга холбоотой ажил хийж байсан. Манай компанийн үйл ажиллагааг зогсоох гэж олон удаа хүмүүс ирж байсан. Бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт манай үйл ажиллагааг зогсоох гэж байгаа явдлыг зогсоож өгөхийг хүссэн. Энэхүү захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Бид 8 жилийн хугацаанд тодорхой хэмжээний хөрөнгө гарган үйл ажиллагаа явуулж байгаа.

            Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 25 дугаар тогтоол гарсан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд нэхэмжлэл гаргасан.

            Нийслэлийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд тайлбар, санал гаргах боломж олгох ёстой боловч уг шийдвэр гарсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн хувийн нүүр хуудаснаас олж мэдсэн” гэв.

Нэхэмжлэгч “О****” ХХК-ийн өмгөөлөгч Н.Д***ас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна. Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулийн заалтыг үйл ажиллагаандаа шийдвэр гаргахдаа баримтлах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэгт “Хуульд үндэслэх” гэж байна. Тэгэхээр Үндсэн Хууль түүнд нийцүүлж гарсан хуулийн заалтуудыг Нийслэлийн Засаг дарга баримтлах ёстой юм. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа дээр дурдсан хуулиудыг баримтлаагүй байна. Захиргааны акт гаргахдаа Нийслэлийн Засаг дарга ямар үйл ажиллагаа явуулах талаар холбож ярихаас аргагүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дах заалтад “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн заалтад үндэслээгүй. “О****” ХХК нь Компанийн тухай хуульд заасан “Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагааг эрхэлж болох” гэсэн заалтыг баримтлан үйл ажиллагаа явуулж байна. Тусгай зөвшөөрөл шаардах үйл ажиллагаа явуулах бол хуульд заасны дагуу “холбогдох эрх бүхий байгууллагын бичгээр олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үндсэн дээр үйл ажиллагаа явуулна” гэсэн заалтын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Холбогдох баримт, тусгай зөвшөөрлөө хавтаст хэрэгт хавсаргасан байгаа.

Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хууль, мөн бусад хуулиудын олон заалтуудыг зөрчсөн. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу боломж огт олгоогүй. Тус хуулийн 26.2 дах хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасны дагуу сонсох ажиллагаа огт хийгээгүй.

Нийслэлийн Засаг даргын захирамжийг Улаанбаатар хотын Захирагчийн албаны цахим хуудаснаас олж мэдсэн байдаг. Төрийн ажил үүрэг ингэж явж болохгүй. Захиргааны акт гаргасан бол түүнийг мэдэгдэх, сонсох ажиллагаа зэргийг хийх байтал хийгээгүй. Захиргааны акт гаргахдаа зөвхөн компанийн эрх ашиг бус цаана байх иргэдийн эрх ашгийг ч харж үзээгүй. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг харгалзаад заавал үйл ажиллагааг нь зогсоо гэсэн захирамж гарах ёсгүй байсан. Тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дах хэсэгт “Энэ хуулийн 19.1-д заасан барилга байгууламж, шугам сүлжээ, байгууламжийн ашиглалт, үйлчилгээг зохих тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж болно” гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулж болох байсан. Хувийн хэвшлийн талаар төрөөс баримтлах бодлого гэж байгаа. Төр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэн оролцож болох вэ гэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нэг тал нь болж оролцох тодорхой заалт байгаа. Үүний дагуу асуудлыг шийдэх боломжтой байсан. Гэтэл үйл ажиллагааг нь зогсоох заалт оруулсан нь буруу юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0562, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний 128/ШШ2022/00411 дугаар шийдвэр гарахад хариуцагч, гуравдагч этгээд болж оролцож байсан. Эдгээр баримтууд, хуулиудыг зөрчсөнийг үндэслээд нэхэмжлэгч “О****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч “Ж****” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж****” ХХК-ийн орон сууцны контор нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн орон сууцны корпорацын зарласан Хан-Уул дүүрэг .... дугаар хороо, "Буянт-Ухаа-2" орон сууцны хорооллын ус дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагыг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, "Буянт-Ухаа-2 орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ болон ус, дулаан дамжуулах товийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах болсон. Улмаар 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр "Төрийн орон сууцны корпорац"-тай "Ашиглалт хариуцан хамтран ажиллах" гэрээг байгуулсан бөгөөд гэрээнд заасан өөрийн үүргээ бүрэн биелүүлж “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 30 байрны 1620 өрх, 240 хүүхдийн цэцэрлэгийг ус, дулаан, цахилгаанаар хангах, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах үйл ажиллагааг одоог хүртэл хэвийн явуулсаар ирсэн. Гэрээний хугацаанд манай компанийн зүгээс гэрээг зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй, энэ талаар талуудад маргаан байхгүй болно. "Ашиглалт хариуцан хамтран ажиллах гэрээ”-г 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл байгуулсан бөгөөд энэ нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт "Барилга байгууламжийг ашиглалтад тохируулах, зүгшрүүлэх хугацаа 1 жил байна" гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, гэрээ байгуулсан ашиглагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор тогтоосон хугацаа юм. Уг гэрээний хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрээг дүгнэж, манай компанийг ажлаа хангалттай сайн гүйцэтгэсэн байх тул тус гэрээг цаашид сунгах шаардлагагүй, "Ж****” ХХК ажлаа хэвийн үргэлжлүүлж болно гэж шийдвэрлэн акт үйлдсэн байдаг бөгөөд энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0562 дугаар шийдвэрт "Нэхэмжлэгч нь тухайн ажил, үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хариуцахаар болсон, ийнхүү хариуцах явцдаа тоног төхөөрөмжид тодорхой хэмжээний зардал гаргаж, засан сайжруулалт хийсэн гэж хариуцагчийн тайлбар болон түүний хариуцаж байсан ажил үйлчилгээг орон сууц нийтийн ахуйн удирдах газарт шилжүүлсэн захиргааны акт гарснаас хойш талууд гэрээг дүгнэн, улмаар нэхэмжлэгч компанийг "сайн ажилласан, цаашид хариуцан ажиллуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн зэргээс үзвэл энэ харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дах хэсэгт заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” гэж заасны дагуу дүгнэсэн болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар Хан-Уул дүүрэг “Б*** У***-2” орон сууцны хорооллын ус, дулаан дамжуулах, ашиглалт, үйлчилгээг “О**** с***” ОНӨААТҮГ-т хариуцуулан шийдвэрлэсэн. Дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолыг манай компанийн зүгээс эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0562 дугаар шийдвэрээр "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолын 2 дахь заалт болон уг тогтоолын хавсралтын 5-д заасан Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг Ус, дулаанаар хангаж буй Ус, дулаан дамжуулах төвд холбогдох хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж, тус тогтоолын дагуу Ус дулаан дамжуулах төв 11-ийн хууль ёсны эзэмшигчээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг тогтоолгох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэх тогтоол гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Анх О**** с*** нь “Б*** У***-2” орон сууцны хорооллын ашиглалт, үйлчилгээг манай орон сууцны контор хүлээн авахаас өмнө хариуцан ажиллаж байсан бөгөөд үйл ажиллагаа нь доголдон хариуцан ажиллах боломжгүй, алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар "Т*** о***” ТӨҮГ-аас "Буянт-Ухаа-2" орон сууцны хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагыг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгарсан манай орон сууцны конторт хариуцуулан. Манай орон сууцны контор "Буянт-Ухаа-2" орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ болон ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллахаар хүлээн авснаас хойш хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд мэргэжлийн инженер, техникийн ажилчдын сэтгэл шингэсэн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бидний ажил өдий зэрэгт хүрч, мянга мянган оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж инженерийн шугам сүлжээ засвар үйлчилгээг шуурхай хийж, хангагч байгууллагуудад ямар нэг хуримтлагдсан өр төлбөргүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд манай байгууллага 24 цагийн шуурхай диспетчерийн албаар дамжуулан 8000 гаруй оршин суугчдад төрийн үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс тасралтгүй, шуурхай хүргэхийн зэрэгцээ 24 инженер, техникийн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр ажилчдын цаана 100 орчим иргэний нийгмийн асуудлыг шийдвэрлэн, нийгмийн хариуцлагаа хүлээн ажиллаж байна. Манай орон сууцны контор "Буянт-Ухаа-2 орон сууцны хорооллын ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллахаар хүлээн авах үед 200,000,000 /хоёр зуун сая/ гаруй төгрөгийн хуримтлагдсан өр зээлтэй, үйл ажиллагаа нь доголтой байсан.

Түүнчлэн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар-аас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Нийслэлийн өмч буюу орон нутгийн өмчид бүртгэн авсан Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Б*** У***-1, 2 дугаар хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар-т шилжүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01915 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1940 дугаар магадлалаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн бөгөөд “О****” ХХК, “Ж****” ХХК-иас дээрх магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд гомдол гаргаж, шүүх хуралдаан хараахан товлогдоогүй, тус маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно.

Гэтэл дээрх нөхцөл байдлыг судлалгүй Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1358 дугаар захирамжаар "Буянт-Ухаа-2 орон сууцны хорооллын ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг дахин О**** с***т хариуцуулж, шилжүүлэн өгч байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа төдийгүй, бидний өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн бүхнийг маань үгүйсгэсэн, шударга бус шийдвэр байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” бүхэлдээ зөрчигдөж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1358 дугаар захирамжийн 1.4 дэх хэсгийн “Буянт-Ухаа 2” хороололд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч “Ж****” ХХК-ийн өмгөөлөгч З.С***аас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Өнөөдрийн энэ маргаан бүхий захиргааны актад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өмнө нь 2 удаа нэхэмжлэгч болон хариуцагчийн статустай оролцож шийдвэрүүд гарсан. Үүний нэг нь 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зөвлөлөөс гарсан 25 дугаар тогтоолыг 2018 оны 0562 дугаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээр маргаж байгаа хөрөнгө, үндсэн ашиглалтын үйл явцыг одоо захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа байгууллагад шилжүүлж өгөх ажиллагааг зохион байгуулах ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээд тогтоолын 2 дах заалт хавсралт хүчингүй болж тооцогдсон. Гуравдагч этгээд өөрөө нэхэмжлэгч тал болж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлтэй холбоотой маргаан 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дүгээрт “..нэхэмжлэгч шаардах эрхгүй байна” гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтад “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар хүчин төгөлдөр байна. 25 дугаар тогтоолын 2 дах заалт болон хавсралт 5-г хүчингүй болгож шийдвэрлэсэн. Эдгээр хүчин төгөлдөр баримтуудыг үндэслээд өмчийн асуудлаар эцсийн шийдвэр гаргах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хүчингүй болгосон. Ашиглалтыг хариуцаад аваад явах нь боломжгүй. Ийм шаардах эрх байхгүй гэдгийг иргэний шүүхээс тогтоосон.

Нийслэлийн Засаг даргын захирамж нь 3 хуулийн хэд хэдэн заалтыг үндэслэсэн байдаг. Энэ хуулийн заалтуудад дүн шинжилгээ хийж, үндэслэх хэсэгт анхаарлаа хандуулж үзвэл тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтад дээд удирдлага болгосон байдаг. Нутаг дэвсгэрт “эрчим хүчний үйлдвэрлэл, аж ахуйн үйлчилгээ, хот, тосгоны орон сууц нийтийн үйлчилгээг хөгжүүлэх бодлого боловсруулах хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна” гэсэн байдаг. Тус хуулийн 29.1.6 дах заалтыг үндэслэн “нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан өмчийн хязгаарын нутагт үүрэг чиглэл өгч биелэлтийг хангуулна” гэж заасан байдаг. Тус хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дах хэсгийг удирдлага болгосон. Хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад “хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасныг удирдлага болгосон. Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаарх бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. 3 байгууллагад даалгах шийдвэр гаргасан. Үүнээс Эрчим хүчний зохицуулах хороонд даалгасан шийдвэрийн Эрчим хүчний зохицуулах хороо “...бид зөвшөөрөхгүй. Хүчингүй болго” гэсэн албан бичгийг явуулсан байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дах заалтад “холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих” гэж заасныг удирдлага болгосон. Хууль тогтоомжийн биелэлтийг хангах тухай асуудал нь Нийслэлийн Засаг даргын чиг үүрэг юм гэдэг нь эдгээр хуулийн зохицуулалтуудын уялдаа холбооноос болон эрх зүйн тогтолцооны үүднээс тайлбарлах юм бол ямар нэг маргаан байхгүй. Өмчийн удирдлагатай холбогдолтой асуудлаар бичиг хүргээд байна уу гэдгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргаагүй, гаргасан шийдвэр хүчингүй болсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дах хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн хувьд өмчлөгчийн эрхийг хуульд заасан хязгаарын хүрээнд тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, өмчийн удирдлагыг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.

А/1358 дугаар захирамж нь чиг үүргийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гарч чадаагүй захирамж юм. Нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа учир хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дах заалтад “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан байдаг. Тодорхой хэмжээний санхүү гаргаж, ажил хийсэн байтал гэнэт ийм шийдвэр гаргаж авч болохгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг зүйл ажиглагдаж байдаг. Нийслэлийн өмч учраас нийслэлийн өмчлөлийн байгууллага, мэргэжилтэн хариуцах ёстой гэсэн зүйл байгаад байдаг. Төр нийтийн болон хувийн өмч гэдгийг харгалзахгүйгээр мэргэжлийн байгууллагад тусгай зөвшөөрлийг олгоод ажлаа хийх ёстой гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгч “Ж****” ХХК-ийн өмгөөлөгч Б.Х***аас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Маргаан бүхий захирамжийн 1.4 дэх хэсэг нь инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн ашиглалт засвар үйлчилгээг шилжүүлэхтэй холбоотой маргаан байгаа. Засвар үйлчилгээтэй холбоотой харилцааг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар зохицуулж өгсөн. Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. Ашиглалт засвар үйлчилгээг хуулиар олгогдсон бүрэн эрхгүй Нийслэлийн Засаг даргаас засвар үйлчилгээг “Орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газар”-т шилжүүллээ гэдэг шийдвэр гаргасан нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. Энэ захирамж нь Захиргааны ерөнхий хуулийг бүхэлд нь зөрчиж гарсан захирамж юм. Сонсох ажиллагаа явуулаагүй, нөхцөл байдлыг тодорхойлоогүй. Нийслэлийн Засаг даргаас захирамжийг гаргахад ямар ажиллагаа баримтууд цуглуулсан талаар шүүхээс албан бичиг явсан. Үүнд тодорхой ямар ажиллагаа хийгдсэн талаар хариу ирээгүй. Нөхцөл байдлыг тодорхой тогтоосон эсэх нь тодорхойгүй байгаа. “Ж****” ХХК-иас “Б*** У***-2” хорооллын ашиглалт үйлчилгээтэй холбоотой тусгай зөвшөөрлийг бүгдийг нь авсан байгаа. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тусгай зөвшөөрлөөр 3 жилийн хугацаатай, Эрчим хүчний зохицуулах хорооноос мөн тусгай зөвшөөрлийг аваад ажиллаж байгаа. Гуравдагч этгээдээр оролцож байгаа буюу Нийслэлийн Засаг даргын захирамжаар шилжүүлээд байгаа “О**** с***”-т ямар нэг тусгай зөвшөөрөл олгогдоогүй гэж үзэж байгаа. Нэгэнт хуулиар тусгай зөвшөөрлийг зөвлөлүүдээс олгохыг заасан учраас зохицуулах зөвлөлийн эрхэд халдаж Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Тийм учраас энэ үндэслэлийг харгалзан үзэх шаардлагатай юм” гэв.

                 5. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “....Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж ашиглалтад орсон дэд бүтцийн барилга байгууламж, ус дулаан дамжуулах төвийг нийслэлийн өмчид бүртгэсэн. Мөн дээрх тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/705 дугаар захирамжаар ашиглалт, үйлчилгээг хүлээн авах комисс ажиллаж 2016/03 тоот актаар Ус дулаан дамжуулах төвийн 10 барилга байгууламжийг тоног төхөөрөмж, шугам сүлжээ, цахилгаан кабель зэрэг үндсэн хөрөнгийг О**** с*** Орон сууц нийтийн өмчийн аж ахуйн газрын балансад шилжүүлсэн байна.

                 Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зөвлөлийн хурлаар орон сууцыг нийтийн аж ахуйн чиглэлээр зарим авах арга хэмжээний талаар хэлэлцэж, зөвлөлийн хурлаас гарсан тэмдэглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1358 дугаар захирамж гарч Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 1,2 хорооллын инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн ашиглалт засвар, үйлчилгээг нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүлэн ажиллаж Эрчим хүчний зохицуулах хороо хот суурин ус хангамж, ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл Улаанбаатар хотын Захирагчийн албанд тус тус үүрэг болгосон захирамж гарсан. Захирамжаар гарсан үүргийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж дээрх шийдвэрүүдийг нэхэмжлэгч талд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/0131 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Ус, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж, барилга байгууламжтай газартай танилцаад энэ талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл энэ асуудал маргаантай хэвээр байна. Нэхэмжлэгч нар хуульд заасан орон нутгийн өмчийг эзэмшиж, ашиглах Нийслэлийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэд халдаж хохирол учруулж байгаа. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны “Б*** У***-1” хорооллын 1764 айлын засвар үйлчилгээг хариуцуулах зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 14/109 дугаартай 1764 айлын ашиглалт хариуцах гэрээний хугацаа өнөөдрийн байдлаар дууссан. Гэрээг сунгаж үйл ажиллагаа явсан зүйл байхгүй. Т*** о***ас эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээг шилжүүлэх тухай мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарны 17-ны өдөр өгч байсан. “Ж****” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн орон сууцны корпораци нь 1910/25 дугаар ашиглалт хариуцаж, хамтран ажиллах түр гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэхүү гэрээг түр хугацаагаар байгуулж байгаа бөгөөд “Нийслэлийн орон сууцны корпорац” ХХК-ийн удирдлага, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгч нарын аль нэгээс шийдвэр гарах хугацаагаар байгуулна” гэж заасан байдаг. Эдгээр зохицуулалт гэрээнд тусгасан нөхцөл байдал, гэрээний зүйл заалтаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1358 дугаар захирамж гарснаар нэхэмжлэгч талын ашиглалт хариуцсан гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                   6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “... “Ж****” ХХК нь Төрийн орон сууцны корпорацаас сонгон шалгаруулалт зарлаад хамтран ажиллах гэрээгээр одоо хүртэл ажиллаж байгаа. 2018 оны 9 дүгээр сарын Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг дурдаж байна. Одоо хэргийн материалд авагдсан байгаа. Буянт-Ухаад байрлах ус, дулаан дамжуулах төв нийтдээ 11 төв байгаа. Үүний 3-г “Ж****” ХХК хариуцаж байгаа. “О****” ХХК нь нэгийг нь хариуцаж байгаа. Захиргааны хэргийн шүүх “О****” ХХК-ийн хөрөнгө бүртгэн авах тухай 25 дугаар тогтоолын 2 дах заалт болон уг тогтоолын 5-т заасан Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа 2 хорооллыг ус дулаанаар хангаж буй ус дулаан дамжуулах 11-т холбогдох хэргийг хүчингүй болгож өгнө үү. Энэ шийдвэр нь “О****” ХХК-д ямар ч хамаагүй юм. 350 сая төгрөг хөрөнгө оруулсан гэж байна. Ашгийн төлөө байгуулага учир ажлаа өгөхгүй байгаа. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гарсан Нийслэлийн Засаг даргын А/1358 дугаар захирамж нь хуулийн дагуу хуулийн хүрээнд гарсан захирамж юм. “...Инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ажиллагааг зохион байгуулсугай” гэсэн агуулгатай. Тийм учир энэ захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй юм” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0562 дугаар шийдвэрээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 25 дугаар тогтоолын 2 дах заалт болон хавсралт 5-г хүчингүй болгосноор “Буянт-Ухаа 1, 2” хорооллын инженерийн шугам сүлжээ, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээний асуудал маргаантай байсан,

2. Нийслэлийн Засаг даргаас маргаантай гэдгийг нь мэдсээр байж өмчлөлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэлгүйгээр тухайн объектын ашиглалт, засвар, үйлчилгээг гуравдагч этгээдэд шилжүүлсэн захирамж гаргасан нь хууль бус,

3. Нийслэлийн Засаг дарга тухайн захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын зөрчсөн зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

                 Нэхэмжлэгч “О****” ХХК нь “Т*** о***” ТӨҮГ-тай 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 2014/1-09 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний үндсэн дээр “Б*** У*** 1” төслийн хүрээнд баригдаж, ашиглалтад орсон 1764 айлын орон сууцны ус, дулаан дамжуулах төвийн ашиглалтын үйл ажиллагаа болон инженерийн байгууламжийн ашиглалтыг хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа болох нь,

                 Нэхэмжлэгч “Ж****” ХХК нь “Т*** о***” ТӨҮГ-тай 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 2016/4-03 дугаар “Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ”-ний үндсэн дээр “Б*** У*** 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын болон ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа болох нь,

                 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөрөнгө бүртгэн авах тухай” 25 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Нийслэлийн... Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ... Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж ашиглалтад орсон хавсралтад заасан нийт 24,900,062,148 төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн барилга байгууламж, ус, дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэж авсугай” хэмээн, 2 дахь заалтаар “Нийслэлийн өмчид бүртгэсэн эд хөрөнгийг данс бүртгэлдээ тусган, ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллахыг хавсралтад заасан эзэмшигч байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай” гэж шийдвэрлэн, тогтоолын хавсралт “Нийслэлийн өмчид бүртгэх эд хөрөнгийн жагсаалт”-ын 5-д “Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа” орон сууцны хороолол, Ус дулаан дамжуулах 1-4, 6-11 дүгээр төвийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн эзэмшигч байгууллагаар О**** с*** байхаар заасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0562 дугаар шийдвэрээр “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөрөнгө бүртгэн авах тухай” 25 дугаартай тогтоолын 2 дахь заалт болон уг тогтоолын хавсралтын 5-д заасан Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа-II орон сууцны хорооллыг Ус, дулаанаар хангаж буй Ус, дулаан дамжуулах төв-11-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн болох нь,

                 Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/1358 дугаар захирамжийн 1.4-т “Хөгжлийн банкны хөрөнгөөр баригдсан, орон сууцны ашиглалт үйлчилгээ нь маргаантай Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б*** У*** 1, 2” хорооллын инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг “О**** с***” ОНӨААТҮГ-т шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд” даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагчаас тухайн захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 26 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхцөл байдлыг тогтоох болон тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх болон сонсох ажиллагааг гүйцэтгээгүй. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаас маргаан бүхий захиргааны акт гарсны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “О****” ХХК болон “Ж****” ХХК-ийн удирдлагатай уулзалт хийсэн болох нь,

                 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 18/ШШ2022/00417 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч “О**** с***” ОНӨААТҮГ нь дээрх барилга байгууламж, ус дулааны сүлжээ тоног төхөөрөмжийг өөртөө шилжүүлэн авах шаардах эрхтэй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч “О****” ХХК болон “Ж****” ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Б*** У*** 1,2 хорооллын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэн авах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” болох нь тус тус хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2014/1-09 дугаар “Хамтран ажиллах гэрээ”, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/31 дугаартай албан бичиг, “Т*** о***” ХХК-иас Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/80, “О**** с***” ОНӨААТҮГ-т хүргүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1/579 дугаартай албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1358 дугаар захирамжийн хяналтын дагалдах хуудас, хувийн хэрэг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" хэмээн,

              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-н 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” хэмээн,

              Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” хэмээн,  78 дугаар зүйлийн 1-т “Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй”, 78 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 1-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” хэмээн тус тус хуульчилсан.

                 5.  Үүнтэй холбогдуулан шүүх, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-н 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах эрх, үүрэгтэй. Тухайн тохиолдолд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0562 дугаар шийдвэрээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөрөнгө бүртгэн авах тухай” 25 дугаар тогтоолын 2 дахь заалт болон уг тогтоолын хавсралтын 5-д заасан Ус, дулаан дамжуулах төв-11-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.                 

                 Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь “ашиглалт үйлчилгээ нь маргаантай” болохыг мэдэж байсан ч тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд болох “О****” ХХК, “Ж****” ХХК-д урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангахтай холбоотой хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1358 дугаар захирамжийг гаргасныг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-н 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1358 дугаар захирамжийн 1.4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч тус бүрт олгосугай

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА