Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/00595

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/00595

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.С

 

Хариуцагч:  Т ХХК 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С, хариуцагчийн төлөөлөгч Л, хариуцагчийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн Жаргалан хотхонд баригдаж байгаа 96-н айлын орон сууцанд захиалга авч байна гэсэн зарын дагуу Т ХХК-тай очиж уулзахад манай байр 1 мкв 850,000 төгрөгөөр захиалга авч байгаа, төрийн албан хаагчдын 6 хувийн хүүтэй зээлэнд хамрагдаж болох юм. Урьдчилгаа 10 хувьтөлөөд байрандаа орж болно гэсэн. Би 2013 оны 02 сарын 08-нд цалингийн зээл аваад өөрийн төрсөн дүү Г.Сэлэнгээр дамжуулж тус кампаний Төрийн банк дахь  тоод дансанд 2013 оны 03 сарын 16-нд байрны урьдчилгаа төлбөр 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэний дараа тус компаниас ярьж байрандаа орж болно гэхээр би 2013 оны 08 сард орон сууцандаа орсон. Би байрандаа ороод орон сууцны зээл хөөцөлдөх болоход тус байрыг Улсын комисс хүлээж аваагүй байсан. Компаниас 2013 оны 10 сарын 25-ны өдөр орон сууц захиалан барих гэрээгээ байгуулья намайг дуудахад би очиход компаний зүгээс орон сууцны 1 мкв -ыг 1,250,000 төгрөгөөр гэрээгээ хийнэ гэж санал тавьсан. Би та нар өмнө нь 1 мкв талбайг 850,000 төгрөгөөр тохирч надаар урьдчилгаа төлбөр төлүүлж байрандаа оруулчихаад яагаад 1 мкв-ын үнээ өсгөж байгаа юм бэ гэхэд улсаас 6 хувийг хүүтэй орон сууцны батлагдахгүй болсон учраас үнээ нэмж байна гэсэн тайлбар хэлсэн. Тэд намайг 8 хувийн хүүтэй зээлд хамрагдахыг тулган шаардаж гэрээ байгуулсан. Мөн намайг урьдчилгаа 30 хувь төлөх шаардлагатай байна чи өмнө нь 10 төлсөн зөрүү 20 хувь нэмж төлж 8 хувийн зээлд хамрагдаж болно гэж хэлсэн. Компаниас зөвлөхдөө манайх 30 хувь төлсөн орлогын баримт бичиж өгье чи зээлд хамрагд гэж 2013.10.24-нд 14,347,500 төгрөгийн орлогын баримт бичиж өгсөн. Өмнө нь амаар тохирсон орон сууцны үнэ буюу 1мквталбайг 850,000 төгрөг тооцоход орон сууцны үнэ 35-н сая төгрөг болж байсан болохоор надад боломжийн байсан. Гэтэл компани амаар тохирсон тохилцоогоо зөрчиж орон сууцны 1 мкв-ын үнээ өсгөж 1,250,000 төгрөг болгосоноор орон сууцны үнэ 47,825,000 төгрөг болсон. Би зээлд компанийн хүмүүсийн хэлсэн үгээр явж хамрагдахаар зээл хөөцөлдсөн боловч орон сууцны үнэ өндөр байсан учир миний цалингийн хэмжээ нь зээлийн эргэн төлөх нөхцөлгүй бий болж зээл авах боломж бүрдээгүй. Тус компани орон сууцныхаа 1мкв-ыг 850,000 төгрөгөөр тохирч орон сууцандаа оруулчихаад байранд ороод амьдарсаны дараа орон сууцны мкв-аа өсгөж намайг орон сууц авах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Компани намайг анхнаасаа хуурч мэхэлсэн, боломжгүй байдлыг надад тулгаж гэрээ хийсэн, мөн хуурамчаар 30 хувь төлсөн баримт хийж өгч зээл авахуулахыг оролдсон. Би банкнаас зээл авах боломжгүй байна гэж гэрээгээ цуцлая гэхэд чи манай орон сууцанд амьдарсан тул орон сууцанд суусан хугацааны чинь төлбөрт суутгасан гэж хариулт өгсөн. Би орон сууцыг захиалан худалдаж авах гэж гэрээ хийсэн. Гэтэл энэ компаний хүмүүсийн арга залинд мэхлэгдэж орсон байна гэдгээ ойлгосон. Мөн би тус орон сууцны урьдчигаанд төлсөн 3,500,000 төгрөгийг төлөх гэж цалингийн зээл авч төлсөн бөгөөд цалингийн зээлийн хүүнд 1,053,306 төгрөг төлж цалингийн зээлийн хүүгээр давхар хохирч явна. Би 2016 оны 07 сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэсэн үндэслэлээр буцаагдсан бөгөөд шүүхийн тэмдэгтийн хураамжаа буцааж аваад дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд "Т" компианиас орон сууц захиалгын гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 3,500,000 төгрөгийг, миний цалингийн зээлийн хүүнд 1,053,306 төгрөгийн хамт, нийт 4,553,306 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Байрыг авах болон хүлээлгэн өгөхөд ямар нэг баримт дээр гарын үсэг зураагүй. Би түрээсийн гэрээ хийгээгүй тул түрээсийн төлбөр төлөхгүй гэв.

 

Хариуцагч Т ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Г.С нь Т ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд баригдсан 96 айлын Жаргалан хотхоны 4-р орцны 1 давхрын ******* тоот 38.26 м2 талбайтай 2 өрөөг авахаар тохирч 2013.10.25-нд Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан. Уг байрны урьдчилгаа төлбөрт 2013.03.12-нд 3.500.000 төгрөгийг шилжүүлэн 2013.03.13-нд байрандаа орж амьдарсан. Байрны 1мкв талбайг 1,250,000 төгрөгөөр авахаар тохирч төлбөрийг банкнаас зээл аваад 3 сарын дотор бүрэн төлнө гэж тохирсон. Т ХХК-аас 2013.10.25-ны өдөр 4,000,000 төгрөгний зээл авсан баримтандаа гурван сарын дотор төлнө гэдгээ баталгаажуулж өөрийнхөө гараар бичиг үйлдэж өгсөн. Гэтэл 2014.01.25-ны дотор байрны төлбөр төлөөгүйгээс гадна 2014 оны 9 cap хүртэл бүтэн 8 сарын хугацаанд байрны үлдэгдэл төлбөр болох 44.325.000 төгрөгийг төлөөгүй тул орон сууц захиалан бариулах гэрээний 5.1.3 дахь заалтаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.02 хувиар буюу хоногт 8,865 төгрөгөөр 8 сарын хугацааны 240 хоногт алданги бодоход / 240 хоног * 8865 төгрөг = 2,127,600 төгрөг / 2,127,600 төгрөгийг Т ХХК-д төлөхөөр байна. Мөн Т ХХК-ийн түрээсийн журмын дагуу 2013.03.13-наас 2014.10.01 -ыг хүртэлх 18 cap байранд амьдарсан хугацаанд cap тутамд 200,000 төгрөгийн түрээс төлөх үүрэгтэй. Иргэн Г.С нь байрыг худалдаж авна хэмээн тохиролцож цоо шинэ байранд орж 18 cap амьдрахдаа хананы обой, шал , тааз, нойлын болон бусад өрөөний хаалганы цоож, эд зүйлсийг эвдлэн гэмтээж муутган засвар хийхээс аргагүй байдалд оруулж хохироосон болно. Дээрх байдлаар Г.С алдангид 2,127,600, түрээсэнд 3,600,000 төгрөг нийт 5,727,600 төгрөгийг Т ХХК-д төлөхөөс урьдчилгаанд төлсөн байсан 3,500,000 төгрөгийг суутган 2.227.600 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд иргэн Г.Сос 2.227.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Лю Лян Хуа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.С нь Т ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн урьдчилгаа 3,500,000 төгрөгийг бусад 1,053,306 төгрөгийн хохирлын хамт нийт 4,553,306 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасантай танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Нэхэмжпэлд Орон сууцны 1м2 талбайг 850,000 төгрөгөөр тохирч надаар урьдчилгаа төлбөр төлүүлж байрандаа оруулчихаад 1м2 талбайн үнийг өсгөж 1,250,000 төгрөг болгосон гэж дурьдсанг зөвшөөрөхгүй. Учир нь:

1.    Иргэн Г.Стой Орон сууц захиалан бариулах гэрээ-г 2013 оны 10- сарын 25-ны өдөр байгуулж 1м2 талбайг 1,250,000 төгрөгөөр буюу 38.26 м2 талбайтай 2 өрөө орон сууцны нийт 47,825,000 төгрөгг тооцож өгөхөөр тохиролцсон байна. Уг тохиролцоо нь гэрээний 1.1 дэх болон 3.1 дэх заалтаар нотлогдоно. Түүнээс иргэн Г.Стой 1м2 талбайг 850,000 төгрөгөөр тооцно гэсэн гэрээ хэлцэл огт хийж байгаагүй.

2.    Иргэн Г.С нь байрны мөнгийг зээл аваад төлчихнө хэмээн Сэлэнгэ аймаг Мандал сумын Жаргалан хотхоны 96-н айлын орон сууцны 4-р орцны 1 давхарт байрлах ******* тоот 2 өрөө орон сууцанд 2013 оны 3 сард орж 2014 оны 10 сард 1 жил 6 cap буюу 18 cap амьдарсан атлаа байрны үлдэгдэл төлбөр мөнгийг огт төлөөгүй.

3.    Уг байранд 18 cap амьдрахдаа шинэ орон сууцны обойг урж, хуучируулж, 00-ны өрөөний эд зүйл, шал, хана, зэргийг муутгаж дахин засварлах аргагүй байдалд оруулж хохироосон. /Засварын үйлчилгээг хийлгэнэ/

Хоёр. Нэхэмжлэлд Байрны урьдчилгаанд төлсөн 3500.000 төгрөгийг төлөх гэж цалингийн зээл авсан түүний хүүнд 1053306 төгрөг төлсөнгэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:

1.    Нэхэмжлэгч Г.С нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхийн 2016.01.12-ны өдрийн шүүхийн 95 дугаартай шийдвэрт Иргэн Г.С 2013.02.08-ны өдөр цалингийн зээлд 4,710,077 төгрөг авч уг цалингийн зээлээ төлөхөөр 4,000,000 төгрөг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Үүнээс байр захиалахаас өмнө буюу огт өөр зориулалтаар цалингийн зээл авсан нь батлагддаг тул хүүний мөнгийг төлөх үндэсгүй.

2.    Т ХХК-ийн түрээсийн журмын дагуу байрыг сард 200,000 төгрөгөөр түрээслүүлдэг бөгөөд Г.Солонгийн тус байранд амьдарсан 18 сарын түрээсэнд 3,600,000 төгрөг авах, засварт 5,200,000 төгрөг зарцуулагдах тооцоотой байсан тул түүний урьдчилгаанд төлсөн 3,500,000 төгрөгийг тооцож авсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид урьдчилгаа төлбөрөө төлсөн болохоор нь байрны түлхүүрийг өгсөн. Дараа нь төлбөрөө төлөхийг удаа шаардсан, мөн төлөхгүй бол байр суллаж өгөхийг шаардаж байсан. Байрны түлхүүрийг өгөх болон буцааж авахдаа баримт үйлдээгүй гэв.

Хариуцагч Т ХХК-ний өмгөөлөгч С.Оюунцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 850,000 төгрөгөөр гэрээ хийсэн гэдгээ нотлохгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар 1,250,000 төгрөгөөр гэрээ хийсэн байдаг. Хэрэв гэрээний нөхцөлийг зөвшөөрөөгүй бол анхнаасаа орохгүй байсан. 18 сар амьдарсан. Энэ нь байрын ашиглалтын төлбөр төлсөн баримтаар тогтоогддог. Банкны ажилтан тул 3 сарын дотор төлбөрөө төлнө гэсэн боловч төлбөрөө төлөөгүй. Хариуцагчийн түрээсийн журам байгаа. Үүгээр байрандаа орсон хүн мөнгөө төлж чадахгүй бол түрээс төлөхөөр тохирч явсан байгаа. Гэвч энэ хүн амьдарч байхдаа байранд гэмтэл учруулсан. Иргэний хуулийн 222-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол учирсан хохирлыг төлөх үүрэгтэй. 2014.9 сарыг дуустал цахилгаан дулаанаа төлөөд амьдарч байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Мөнгө суутгасан нь өөрөө өөртөө тусалж байгаа юм. Учир нь нэхэмжлэгч нь урд нь авсан зээлээ төлөхгүй байсан тул шүүхийн шийдвэр гарсан. Иймд төлөхгүй байх магадлалтай. Төлөөлөгч ээж нь байрны түлхүүр авсан гэж андуурч хэллээ, дүү нь авсан байдаг гэв.

Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.С нь гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 3,500,000 төгрөг, төлбөр төлөх зорилгоор авсан цалингийн зээлийн хүүнд 1,053,306 төгрөг, нийт 4,553,306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, төлбөрөө хугацаандаа төлөөгүй алдангид 2,127,600 төгрөг, байрны түрээсийн төлбөрт 3,600,000 төгрөг, нийт 5,727,600 төгрөгнөөс урьдчилгаанд төлсөн 3,500,000 төгрөгийг хасаж, 2,227,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Мөн нэхэмжлэгчийг гэрээ байгуулахаас өмнө цалингийн зээл авсан байсан тул түүний хүүг хариуцахгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэсэн гэрээ байгуулсан байна. /хэргийн 3 дугаар тал / Энэхүү гэрээний нэр нь ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх боловч гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь уг орон сууцанд амьдарч байсан, өөрөөр хэлбэл орон сууц ашиглалтад орсон байсан талаар маргаагүй тул зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Мөн зохигчид уг гэрээг нөхөж хийсэн бөгөөд өмнө нь амаар гэрээ байгуулсан гэж тайлбарласан.

Уг амаар тохиролцсон гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн дүү Г.Сэлэнгэ нь 3,500,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн баримт хэргийн 6 дугаар талд байгаа бөгөөд энэхүү төлбөр нь нэхэмжлэгч Г.Солонгын байрны урьдчилгаа төлбөр болох талаар зохигч хэн аль нь маргахгүй байна. Нэхэмжлэгч нь анх 1 мкв-н төлбөрийг 850,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд гэрээг 1,250,000 төгрөгөөр хийсэн тул би төлөх боломжгүй болсон, улмаар гэрээг цуцлах тухай удаа дараа хэлж байсан гэж тайлбарласан. Гэвч нэхэмжлэгч өөрийн тайлбарыг нотолж чадаагүй бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Түүнчлэн дээрх тайлбар нь нэхэмжлэгчийн уг орон сууцанд 2013 оны 08 дугаар сараас 2014 оны 08 дугаар сарын хооронд амьдарсан гэх тайлбараар үгүйсгэгдэж байна. Хариуцагч нь 2013 оын 03 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөр байрыг хүлээлгэж өгсөн гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд нэхэмжлэгчийг маргаж буй орон сууцанд 2013 оны 08 дугаар сараас 2014 оны 08 дугаар сар буюу 1 жилийн хугацаанд амьдарсан гэж үзлээ.

Зохигчд хэн аль нь гэрээг цуцалсан, байрыг хариуцагч хүлээн авсан бөгөөд одоо гуравдагч этгээд хөлсөөр амьдарч байгаа талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт байгаа хариуцагч Т ХХК болон Т.Хадбаатар нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдөр байгуулагдсан ******* тоот түрээсийн гэрээгээр нотлогдож байна. Иймд гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаан өгөх үүрэг үүссэн тул хариуцагчаас 3,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь цалингийн зээлд 4,710,077 төгрөг авч үүнээс 3,500,000 төгрөгийг байрны урьдчилгаанд төлсөн гэж тайлбарласан. Улмаар хариуцагчийг анх тохиролцсон мкв-н үнийг өсгөж гэрээ байгуулсан тул урьдчилгаанд төлсөн төлбөрийн зээлийн хүүнд төлсөн 1,053,306 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж, харин хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээ байгуулахаас өмнө зээл авсан тул зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Зохигчдын хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээний харилцааны дагуу нэхэмжлэгчид төлбөр төлөх, хариуцагчид эрхийн болон биет байдлын доголдолгүй зүйлийг хүлээлгэн өгөх үүрэг үүссэн. Улмаар нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийн тулд зээл авсан нь хариуцагчаас шалтгаалсан гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор зээл авсан нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос шалтгаалжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүнд 1,053,306 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нь хугацаа хэтэрсэний алданги, түрээсийн гэрээний төлбөр нэхэмжилсэн.

Зохигчид гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх талаар маргахгүй /хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа урьдчилгаа төлбөрийг суутган тооцсон/ байх тул хариуцагч нь төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн гэж алданги нэхэмжлэх эрхгүй. Түүнчлэн анз тооцох гэрээг бичгээр байгуулах бөгөөд амаар тохиролцон байгуулсан гэрээний дагуу 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлж, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бичгэн хэлбэрээр гэрээ байгуулсан байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 2,127,600 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэгт 3,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ байгуулаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг маргаж буй орон сууцанд 18 сар амьдарсан тул өөрийн түрээсийн журмын дагуу төлбөр шаардах эрхтэй гэж тайлбарласан. Гэвч зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг 2013 оны 03 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сар хүртэл уг орон сууцанд амьдарсан гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Харин нэхэмжлэгч нь 2013 оны 08 дугаар сараас 2014 оны 08 дугаар сар хүртэл 1 жилийн хугацаанд амьдарсан гэж тайлбарлаж байна. Зохигчид орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх болон буцаан хүлээн авахад ямар нэг баримт үйлдээгүй гэж тайлбарлаж байх тул шүүхээс амьдарсан хугацааг тодруулах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хугацаагаар буюу 2013 оны 08 дугаар сараас 2014 оны 08 дугаар сарын хооронд нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцыг ашигласан гэж үзлээ. Мөн 2013 оны 08 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч нь уг орон сууцыг ашиглаж эхэлсэн болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарт ХААН банкны Зүүнхараа салбарын харъяа Төмөр зам ТТ теллерээр томилов, 2013.08.05 гэсэн бичилтээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч бусдын орон сууцыг төлбөргүйгээр ашигласан байх тул өөрийн хөрөнгийг хэмнэх замаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь өөрийн барьсан орон сууцыг сарын 200,000 төгрөгөөр түрээсэлдэг гэж тайлбарласан бөгөөд энэ нь хэрэгт байгаа Т.Хадбаатартай байгуулсан түрээсийн гэрээгээр нотлогдож байна. Эдгээрийг дүгнэвэл нэхэмжлэгчээс 2,400,000 /12*200,000/ төгрөг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх 1,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийг орон сууцыг ашиглах явцад эд хөрөнгөд хохирол учруулсан гэж тайлбар гаргасан боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Иймд шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 3,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Сд, нэхэмжлэгч Г.Сос 2,400,000 төгрөг гаргуулж, хариуцагч Т ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,053,306 төгрөгт холбогдох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,327,600 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 87,803 төгрөг, хариуцагчийн 50,630 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 53,350 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД