Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/83

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг,

Улсын яллагч Т.А..,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б...,

Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Э.Ц /РД:АЯ92021038/-т холбогдох эрүүгийн 2512000420042 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны . дугаар сарын ...-ны өдөр А.. аймгийн .... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, ... боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ЭБЦТСТӨХК-ний Архангайн салбарт засвар үйлчилгээний техникч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, А.... аймгийн ... сум, .... дүгээр баг, ... толгой .....-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй Б овогт Э.Ц /РД:АЯ...../

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ц нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний шөнө А... аймгийн Э... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” нэртэй бааранд шалтгаангүйгээр Б.Б...ын зүүн талын нүдийг цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар яс, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний нулимсны сувгийн тасрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Ц-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд:

улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч торгох ял санал болгоход зөвшөөрсөн” гэж,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б... “гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэж,

шүүгдэгч Э.Ц нь “сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагын агуулгыг ойлгож хүлээн зөвшөөрсөн, өөр саналгүй” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

 

Гэм буруугийн талаар: 

  Шүүгдэгч Э.Ц нь хохирогч Б.Б-ын зүүн талын нүдийг цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар яс, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний нулимсны сувгийн тасрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ..... түгээх сүлжээний шинэ жилийн арга хэмжээ болсон. Уг арга хэмжээ 18 цагаас А.... аймгийн Э.... сумын “....” бааранд эхэлсэн. Арга хэмжээ үргэлжлээд явж байхад 00 цаг 17 минутын үед миний хажуугийн буюу 5 дугаар ширээнд сууж байсан Ц шалтгаангүйгээр намайг гарах уу? гээд над руу агсраад байсан. Би гарахгүй гэж хэлээд л ширээн дээрээ суугаад байсан. Тэгтэл Ц миний сууж байсан 4 дүгээр ширээн дээр ирээд шалтгаангүйгээр нэг удаа зүүн талын нүдэнд цохисон. Тэр үед би хэрэг хугацаанд манараад ухаан алдсан байсан. Тэгээд сэртэл нүдний нулимсны сувгаас цус гараад байсан. Би 00 цаг 40 минутын үед гэртээ харьсан. Би шинэ жилийн арга хэмжээний үед их архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин Ц маш согтуу байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 хуудас/,

- Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэх мэдүүлэг/хх-ийн 73 хуудас/

- Гэрч Б.Г. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр шинэ жилийн арга хэмжээтэй гээд гэрээсээ 17 цаг 30 минутын үед явсан. 12 дугаар сарын 20-ны өдөр 00 цаг 50 минутын үед зүүн талын нүднээс нь цус гарсан байдалтай Ц намайг зүгээр байхад ирээд цохисон би хэн нэгэн хүнтэй зодолдоогүй гэж ирсэн. Тэр өдөртөө нүднээс нь цус гараад байхаар нь арчаад унтсан. 20-ны өдрийн 14 цагийн үед Нэгдсэн эмнэлэг ороод нүдний эмчид үзүүлтэл хамар нулимсны суваг тасарсан байна гэж хэлсэн. Миний нөхрийн биед учирсан гэмтлийг Ц учруулсан. Энэ талаар би өөрөө нөхрөөсөө асуусан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13 хуудас/

 

- Гэрч Д.М. мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...2024 оны 12 дугаар сарын 19-ний орой А. аймгийн Э. сумын 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй бааранд манай байгууллага шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан. Тэгээд шинэ жилийн арга хэмжээний үеэр Б нь согтчихсон намайг үгээр идээд маргалдах гээд байсан би биеэ бариад маргаан үүсгээгүй. Тэгээд шинэ жил дуусах дөхчихсөн байхад бид нар өөр өөр ширээн дээгүүр очиж явж байгаад Бын сууж байсан ширээн дээр очиход Б нь бусдыг юм яриулахгүй яриаг нь таслаад дундуур нь ороод байсан. Тэгээд Б нь намайг хараагаад байхаар нь би босож ширээг нь гараараа цохичхоод дахиж танай ширээнд ирэхгүй гэж хэлчхээд босоод явсан тэр үйлдлийг Ц харсан байсан. Тэгээд удалгүй Нефтунээс гарах болоод гарахынхаа өмнө би Ц-ийн хамт Б-ын ширээн дээр очоод тэгээд би хажуугийн ширээний хүнтэй юм ярьж байхад Ц Б-ыг гараараа цохичихсон тэр хоёр хоорондоо ямар зүйлийн талаар ярьж маргалдсаныг мэдэхгүй байна. Тэгээд би салгаад Б-ыг холдуулах гэхэд үгэнд орохгүй байхаар нь Ц-ийг аваад гарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 82-83 хуудас/

- Иргэний нэхэмжлэгч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “..Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь Б.Б нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.561.919 /хоёр сая таван зуун жаран нэгэн мянга есөн зуун арван ес/ төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна. /Гүйлгээний утга дээр: РД, нэр, Архангай/ гэж бичнэ...”гэх мэдүүлэг, /хх-ийн 89-90 хуудас/

- Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай “...Б.Б-ын биед хамар яс, зүүн ухархайн дотоод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал засах мэс заслын дараах байдал зүүн нүдний нулимсны доод сувгийн тасрал, нулимсны сувгийг нөхөн сэргээх мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Э.Ц-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Э.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар: 

Хохирогч Б.Б нь “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаас шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Б.Б нь цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

 

Хохирогч Б.Б энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 2,561,919 /хоёр сая таван зуун жаран нэгэн мянга есөн зуун арван ес/ төгрөгийн эмчилгээ, тусламж үйлчилгээ авсан болох нь амбулаториор эмчлүүлэгчдийн карт, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Э.Ц-аас 2,561,919 /хоёр сая таван зуун жаран нэгэн мянга есөн зуун арван ес/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгуулах нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

          5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

         Шүүх шүүгдэгч Э.Ц-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгчийн санал дүгнэлтийг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Цид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Э.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Э.Ц-ид шүүхээс оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Э.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            4. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Э.Цаас  2,561,919 /хоёр сая таван зуун жаран нэгэн мянга есөн зуун арван ес/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

    

          5. Шүүгдэгч Э.Ц нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан плаш 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

           7. Шүүгдэгч Э.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Ц-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОРХОНТАМИР