Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2018/01075

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2018/01075

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ш. Н /- ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Т ХХК-нд холбогдох

 

524 929 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Н нь шүүх гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ш.Н миний бие тус байгууллагад 2016 оны 09 дүгээр сарын 01-нд худалдааны зөвлөхөөр ажилд орсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Манай байгууллага Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу долоо хоногт 40 цаг ажиллах ёстой гэж хөдөлмөрийн гэрээ байгуулдаг боловч бямба, ням гаригуудад ажиллуулдаг ч тохиромжтой цагт нөхөн амраадаггүй. Илүү цагийн хөлсийг бодохдоо ажлын өдрүүдээр ажилласан илүү цагийг илүү цагт тооцдоггүй мөн амралтын өдөр илүү цаг ажилласан бол нэг хувиар тооцон олгож байгааг хууль зөрчиж байна гэж үзэж байна. Миний бие 2016.09.01 - 2017.10.16-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа зуны цагийн хуваарьт 05 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны хооронд өглөө 09 цагаас орой 19 цаг хүртэл ажилласан, өвлийн цагийн хуваарьт 10 сарын 01-нээс 04 дүгээр сарын 30 хүртэл 09 цагаас 18 цаг хүртэл ажилласан. Зуны цагийн хуваарийн дагуу ажиллахад ажлын өдрүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 8 цаг ажиллахаас 9 цаг ажиллаж, 1 цаг илүү ажиллахаас гадна бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын амралтын өдөр ажиллаж байсан болно. Нийт ажилласан хоногийн илүү цагийн хөлсөө авах тухай шаардахаар өгөхгүй байгаа болно. Тухайн байгууллагад Хөдөлмөрийн тухай хуульд заасан ХМТК байхгүй болохоор ХМШЦСХ-д гомдолоо гаргасан болно. Тус ХМШЦСХ-ноос өгөх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан боловч өгөхгүй байгаа тул тус дүүргийн шүүхэд гомдолоо гаргасан боловч шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа хэдэн оны хэдэн сарын хэднээс хэдэн хүртэл хэдэн цаг илүү ажилласан нь тодорхойгүй байна гэсэн байгаа тул уг зөрчлөө арилгаад ахиад шүүхэд хандаж байна.

Энэхүү ажилласан зуны цагийн хуваарийг үзэхэд:

-       2016 оны 09 дүгээр cap ажлын 22 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 9 сард 22 цаг илүү ажилласан. 9 дүгээр сарын нэг цагийн ажлын хөлс нь 2272 төгрөг. Энэ илүү ажилласан нэг цагийн ажлын хөлсийг хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1.5-аар үржүүлэхэд 3408 төгрөг. Энэ 3408 төгрөгийг илүү ажилласан 22 цагаар үржүүлэхэд 74976 төгрөг

-       2017 оны 05 дугаар cap ажлын 23 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 5 сард 23 цаг илүү ажилласан. 5 дугаар сарын нэг цагийн ажпын хөлс нь 2174 төгрөг. Энэ нэг цагийн ажлын хөлсийг 1.5-аар үржүүлэхэд 3261 төгрөг. Энэ 3261 төгрөгийг илүү ажилласан 23 цагаар үржүүлэхэд 75003 төгрөг

-       2017 оны 06 дугаар cap ажлын 20 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 6 сард 20 цаг илүү ажилласан. 6 дугаар сарын нэг цагийн ажпын хөлс нь 2500 төгрөг, Энэ илүү ажилласан нэг цагийн ажлын хөлсийг хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1.5-аар үржүүлэхэд 3750 төгрөг. Энэ 3750 төгрөгийг илүү ажилласан 20 цагаар үржүүлэхэд 75000 төгрөг

-       2017 оны 07 дугаар cap ажлын 16 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 7 сард 16 цаг илүү ажилласан. 7 дугаар сарын нэг цагийн ажпын хөлс нь 3125 төгрөг. Энэ илүү ажилласан нэг цагийн ажлын хөлсийг хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1.5-аар үржүүлэхэд 4688 төгрөг. Энэ 4688 төгрөгийг илүү ажилласан 16 цагаар үржүүлэхэд 75000 төгрөг

-       2017 оны 07 дугаар сарын 14-ны бүх нийтийн амралтын өдөр 8 цаг илүү ажилласан. 07 дугаар сарын нэг цагийн ажлын хөлс нь 3125 төгрөг. Энэхүү нэг цагийн ажлын хөлс 3125 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар 2 дахин нэмэгдүүлэн бодоход 6250 төгрөг болно. Энэ илүү ажилласан нэг цагийн ажлын хөлс болох 6250 төгрөгийг илүү ажилласан 8 цагаар үржүүлэхэд 50000 төгрөг

-       2017 оны 07 дугаар сарын 15-ны бүх нийтийн амралтын өдөр 8 цаг илүү ажилласан. 07 дугаар сарын нэг цагийн ажлын хөлс нь 3125 төгрөг. Энэхүү нэг цагийн ажлын хөлс 3125 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар 2 дахин нэмэгдүүлэн бодоход 6250 төгрөг болно. Энэ илүү ажилласан нэг цагийн ажлын хөлс болох 6250 төгрөгийг илүү ажилласан 8 цагаар үржүүлэхэд 50000 төгрөг болно. Ажил олгогч нь энэ өдрийн ажлын хөлсийг 1 хувиар бодож 25000 төгрөгийг дутуу олгосон. Иймд үлдсэн 25000 төгрөгийг гаргуулж авах

-       2017 оны 08 дугаар cap ажпын 23 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 8 сард 23 цаг илүү ажилласан. 8 дугаар сарын нэг цагийн ажлын хөлс нь 2173 төгрөг. Энэ илүү ажилласан нэг цагийн ажлын хөлсийг хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1.5-аар үржүүлэхэд 3260 төгрөг. Энэ 3260 төгрөгийг илүү ажилласан 23 цагаар үржүүлэхэд 74980 төгрөг

-        2017 оны 09 дүгээр cap ажлын 21 хоногтой ба өдөрт 1 цаг илүү ажилласан гэвэл 9 сард 21 цаг илүү ажилласан. 9 дүгээр сарын нэг цагийн ажлын хөлс нь 2380 төгрөг. Энэ илүү ажилласан нэг цагийн ажлын хөлсийг хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1.5-аар үржүүлэхэд 3570 төгрөг. Энэ 3570 төгрөгийг илүү ажилласан 21 цагаар үржүүлэхэд 74970 төгрөг тус тус нэхэмжилж авахаар байна.

Хүснэгтээр харуулбал

Ажлын өдөр илүү цаг ажилласан цалингийн тооцоо

Хугацаа

Сарын цалин

1 цагийн цалин

Илүү цаг /1,5 хувь/

Илүү ажилласан цаг

Олговол зохих илүү цагийн мөнггө

1

2016.09 сар

400,000

2272

3408

22

74976

2

2017.05 сар

400,000

2174

3261

23

75003

3

2017.06 сар

400,000

2500

3750

20

75000

4

2017.07 сар

400,000

3125

4688

16

75000

5

2017.08 сар

400,000

2173

3260

23

74980

6

2017.09 сар

400,000

2380

3570

21

74970

 

Нийт

 

 

 

125

449,929

 

Улсын баяр наадмаар ажилласан цалингийн тооцоо

Хугацаа

Сарын цалин

1 цагийн цалин

Илүү цаг /2 хувь/

Илүү ажилласан цаг

Олговол зохих илүү цагийн мөнгө

1

2017.07.14

400,000

3125

6250

8

50,000

2

2017.07.15

400,000

3125

6250

8

25,000 олгоод 25,000 дутуу олгосон

 

Нийт

 

 

 

 

75,000

 

Зуны цагийн хуваарийн дагуу ажиллахад ажлын өдрүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 8 цаг ажиллахаас 9 цаг ажиллаж, 1 цаг илүү ажилласан. Нийт 141 цаг илүү ажилласан бөгөөд илүү цагийн хөлс болох нийт 524 929 төгрөг гарч байна. Үүнийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч надад олгуулахаар шийдвэр гаргаж өгнө үү. НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГА:

Иймд нэхэмжлэгч миний бие 2016 оны 09, 2017 оны 5, 6, 7, 8, 9 саруудад ажилласан ажлын өдрүүдийн илүү цагийн хөлс мөн 2017 оны 07 сарын 14, 15-ны өдрүүдэд ажилласан илүү цагийн хөлс нийт 141 цагийн хөлс болох 524 929 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч надад олгуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Илүү цагийн 449 929 төгрөг, баяраар ажилласан 75 000 төгрөг, нийт 524 929 төгрөг гаргуулна. Нэхэмжлэлд үндэслэлийг дурдсан. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ байгуулж 8 цаг ажиллуулна гэсэн боловч дэлгүүрийн дотоод журмаар ажил гэсэн. Зуны цагт өдөрт 1 цаг илүү ажилладаг байсан. Удаа дараа илүү цагийн талаар хэлсэн боловч шийднэ гээд шийдээгүй тул шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Бармон трейдтэй 2015 оноос талбай түрээсэлж хамтарч ажилласан. Нэхэмжлэгч нь Тэнгэр компанид ажилласан байгаад хүүхэд асрах чөлөө дуусахад Тэнгэр таурт ажиллуулсан. Бармонтой гэрээ байгуулахдаа баярын өдрөөр амарна гэсэн. Нэхэмжлэгчийн цагийг бүртгэдэггүй. Салбар дээр ажилладаг тул итгэлээр цалинг бүрэн өгдөг байсан. Улмаар бид очиход заримдаа байдаггүй байсан. Удирдлагаас 9-18 хүртэл ажиллах л үүрэг өгсөн. Гэтэл илүү цагаар ажилласан л гэдэг. Гэтэл илүү цагаар ажилласан гэдгээ нотлох баримтгүй. Ийм шаардлагыг зөвшөөрөхгүй. 7.14 ажиллаагүй байдаг. 7.15 нд ажилласан гэсэн тул итгээд 25 000 төгрөгийг олгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Н нь дутуу олгосон цалин хөлсөнд нийт 524,929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь бид илүү цагаар болон нийтээр амрах баярын өдрөөр ажиллах үүрэг өгөөгүй. Харин 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ажилласан гэсэн тул 25,000 төгрөгний цалин хөлс олгосон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр 16/26 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь худалдааны зөвлөхийн албан тушаалд сарын 400,000 төгрөгний цалин хөлстэйгээр 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл ажиллахаар тохиролцсон байна. Гэрээний 2.3-т зааснаар уг хөдөлмөрийн гэрээ нь хугацаагүй гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилласан болох нь түүний  дугаар нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар тогтоогдож байна. Улмаар нэхэмжлэгч нь Бармон трейд ХХК-ний БИГ худалдааны төвд байрлах хариуцагчийн барилгын материалын дэлгүүрийг хариуцан ажиллуулж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй.

Бармон трейд ХХК-ний БИГ худалдааны төв нь өвлийн улиралд 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 04 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл даваагаас баасан гариг хүртэл 09-18 цаг хүртэл, бямба гаригт 10-18 цаг хүртэл, /ням гаригт амардаг/ зуны улиралд 05 дугаар сарын 01-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл даваагаас баасан гаригт 09-19 цаг хүртэл, бямба, ням гаригт 10-18 цаг хүртэл ажилладаг болох нь тус худалдааны төвийн дотоод журмаар тогтоогдож байна. Иймд тус БИГ худалдааны төв дахь хариуцагчийн дэлгүүрийг ганцаар хариуцан ажиллаж байсан, мөн ажлын байрны тодорхойлолтод худалдааны заалны бараа материалыг хариуцах гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь БИГ худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу зуны улиралд илүү цагаар ажилласан гэж үзэхээр байна. Хариуцагч нь өдрийн цагаар шалгаж очиход ажлын байранд байдаггүй гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй. Түүнчлэн зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд цалин хөлсийг сараар тооцож олгохоор тохиролцсон, өөрөөр хэлбэл тухайн сарын ажлын өдөртэй уялдуулан тогтоогоогүй тул нэхэмжлэгч нь сар бүрийн ажлын өдрөөс хамаарахгүйгээр сард 400,000 төгрөгний цалин хөлс авах эрх үүссэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн 2016 оны 09 дүгээр сар, 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 09 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл ажилласан илүү цаг болон түүнд тооцогдох цалин хөлсийг тооцвол.

1)    2016 оны 09 дүгээр сард 22 ажлын өдөр байх тул нэг цагт ногдох цалин хөлс нь 2,272.72 төгрөг бөгөөд нэхэмжлэгч 2,272 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн тул энэ дүнгээр тооцох нь зүйтэй. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар тооцвол илүү 1 цагийн цалин хөлс нь 3,408 төгрөг болно. Үүнийг тухайн сарын ажлын өдөр болох 22 хоногт тооцвол ажлын өдөр илүү цагаар ажилласан цалин хөлс нь 74,976 төгрөг болно.

2)    2017 оны 05 дугаар сард 23 ажлын өдөр байх тул нэг цагт ногдох цалин хөлс нь 2,173,91 төгрөг юм. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар тооцвол илүү 1 цагийн цалин хөлс нь 3,260.86 төгрөг болно. Үүнийг тухайн сарын ажлын өдөр болох 23 хоногт тооцвол ажлын өдөр илүү цагаар ажилласан цалин хөлс нь 74,999.78 төгрөг болно.

3)    2017 оны 06 дугаар сард 21 ажлын өдөр байх тул нэг цагт ногдох цалин хөлс нь 2,380.95 төгрөг юм. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар тооцвол илүү 1 цагийн цалин хөлс нь 3,571.42 төгрөг болно. Үүнийг тухайн сарын ажлын өдөр болох 21 хоногт тооцвол ажлын өдөр илүү цагаар ажилласан цалин хөлс нь 74,999.82 төгрөг болно.

4)    2017 оны 07 дугаар сард 17 ажлын өдөр байх тул нэг цагт ногдох цалин хөлс нь 2,941.18 төгрөг юм. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар тооцвол илүү 1 цагийн цалин хөлс нь 4,411.77 төгрөг болно. Үүнийг тухайн сарын ажлын өдөр болох 17 хоногт тооцвол ажлын өдөр илүү цагаар ажилласан цалин хөлс нь 75,000.09 төгрөг боловч нэхэмжлэгч нь 75,000 төгрөг нэхэмжилсэн тул энэ дүнгээр тооцох нь зүйтэй.

5)    2017 оны 08 дугаар сард 23 ажлын өдөр байх тул нэг цагт ногдох цалин хөлс нь 2,173.91 төгрөг бөгөөд нэхэмжлэгч 2,173 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн тул энэ дүнгээр тооцох нь зүйтэй. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар тооцвол илүү 1 цагийн цалин хөлс нь 3,259.50 төгрөг болно. Үүнийг тухайн сарын ажлын өдөр болох 23 хоногт тооцвол ажлын өдөр илүү цагаар ажилласан цалин хөлс нь 74,968.50 төгрөг болно.

6)    2017 оны 09 дүгээр сард 21 ажлын өдөр байх тул нэг цагт ногдох цалин хөлс нь 2,380.95 төгрөг бөгөөд нэхэмжлэгч 2,380 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн тул энэ дүнгээр тооцох нь зүйтэй. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар тооцвол илүү 1 цагийн цалин хөлс нь 3,570 төгрөг болно. Үүнийг тухайн сарын ажлын өдөр болох 21 хоногт тооцвол ажлын өдөр илүү цагаар ажилласан цалин хөлс нь 74,970 төгрөг болно.

Иймд эдгээрийг нэгтгэн тооцвол нэхэмжлэгч ажлын өдрүүдэд илүү цагаар ажилласан цалин хөлсөнд нийт 449,914.10 төгрөг шаардах эрхтэй. Энд дээрх цалин хөлсийг олгоогүй болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ажлын өдрүүдэд илүү цагаар ажиллах үүрэг өгөөгүй тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбараар тогтоогдсон.

 

Харин дээрх хугацаанд нэхэмжлэгч нь долоо хоногийн амралтын өдрөөр ажилласан цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлага болох нийтээр амрах баярын өдрөөр ажилласан цалин хөлсний тухайд Бармон трейд ХХК-ний БИГ худалдааны төв нь 2017 оны 07 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд амарч, 15-ны өдөр ажилласан болох нь тус компаний 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18/45 дугаар албан тоотоор тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн 2017 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн цалин хөлсөнд 50,000 төгрөг нэхэмжилсэн шаардлага нь үндэслэлгүй байна. Харин 15-ны өдөр ажилласан цалин хөлсөнд 25,000 төгрөг олгосон талаар зохигчид маргаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.5-д зааснаар жил бүрийн 07 дугаар сарын 15-ны өдөр нь нийтээр амрах баярын өдөр тул мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар энэ өдөр ажилласан бол цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгоно. Түүнчлэн зохигчид 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэсэн талаар маргаагүй. Иймд тус өдөр олгох цалин хөлсийг тооцвол

7)     2017 оны 07 дугаар сард 17 ажлын өдөр байх тул нэг цагт ногдох цалин хөлс нь 2,941.18 төгрөг юм. Үүнээс хуульд зааснаар олгох цалин хөлсийг тооцвол 1 цагт олгох цалин хөлс нь 5,882.36 төгрөг болно. Нэхэмжлэгч нь энэ өдөр 8 цаг ажилласан гэж тайлбарлаж, хариуцагч энэ талаар маргаагүй тул олгох цалин хөлс нь 47,058.88 төгрөг бөгөөд үүнээс зохигчдын маргаагүй өмнө нь олгосон 25,000 төгрөгийг хасаж тооцвол 22,058.88 төгрөг болно.

Дээрх үндэслэл, тооцооллыг нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас 471,972.98 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52,956.02 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 471,972.98 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52,956.02 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,809 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД