Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/33

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ануужингаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт .... ...., .... овогт ........ нарт холбогдох эрүүгийн 2517000000027 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ...аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ...мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., нөхөр, хүүхдүүдийн хамт .. аймгийн .. сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх, .... овогт .... .... /РД:.../,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ..-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., нөхөр, хүүхдүүдийн хамт Г... аймгийн .... сумын ... дугаар баг, .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, .... овогт ........ /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч ...., .... нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч .... нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Грийн хаус нэртэй ресторанд 2025 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хохирогч ....тэй маргалдаж, улмаар тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас гараараа цохих, үсдэх зэргээр зодолдох шатан дээр унаж улмаар хохирогчийн биед зүүн дээд 2-р шүдний уналт, доод, уруулын дотор салстын цус хуралт, өнгөц язрал, зүүн хацарт цус хуралт, толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч .... нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Грийн хаус нэртэй ресторанд 2025 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хохирогч ....тай маргалдаж, улмаар тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас архины шилээр толгойн тус газар нь цохиж зодсоны улмаас хохирогчийн биед толгойн оройд няцарсан шарх, баруун гарын 3 дугаар хурууны өндгөнд урагдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч .... үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 90, 92 хуудас/

2. Шүүгдэгч .... үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 94 хуудас/

3. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 1 хуудас/

4. Хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 01 дүгээр сарын 28-ны орой 22 цагийн үед ...., ...., ...., ...., ...., .... төрсөн өдрийг тэмдэглэхээр орсон. Орох үед .... гэх хүн бид нарыг хараагаад байсан...би найз ....ийн хамт бүжгийн талбайд бүжиглэж байсан. Тэгээд 23 цагийн үед халууцаад гадаа гарч сэрүүцэх гээд гарахад үүдэнд .... 0,5 гр савлагаатай ногоон өнгийн архи ганцаараа амаар уугаад зогсож байсан. Тэгээд намайг буцаад ороход бид нарын сууж байсан ширээн дээр ирээд гуйлгачид минь архийг ингэж уудаггүй юм над шиг уу гээд бид нэг утас авсан гээд сэрдээд байсан..... гадагшаа гараад ардаас нь би гараад буцаад ороод ирэхэд .... ариун цэврийн өрөөний хажуу талд шилтэй архиа уугаад зогсож байсан. Тэгээд намайг нааш ир гээд дуудахаар нь очсон чинь барьж явсан архиараа миний толгой хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би зөрүүлээд тэр хүнийг түлхсэн. Тэгээд бид 2 нэг нэгнийгээ үсдээд 2 давхар руу гардаг шатан дээр оочсон...Би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэнэ. Би гомдолтой байна, эмчилгээний зардалд зарцуулсан мөнгөө гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/

5. Хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 01 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед Сүмбэр сумын 3 дугаар баг Грийн хаусд ..., ... нарын хамт ... төрсөн өдрийг тэмдэглэхээр орсон. Тэр газар ороод бид 3 экс нэртэй 0,75 грамм савлагаатай архи 1, fuze tea нэртэй ундаа 0,5 гр савлагаатай 2 ширхэг, ус 4 ширхэг, 1 чипс авсан. Тэгээд тэрийг ууж дуусаад 23 цагийн үед  дахиад 1 ширхэг Экс нэртэй 0,5 савлагаатай архи, 1 ширхэг сэнгүр нэртэй 0,5 гр савлагаатай шар айраг авсан. Тэгээд бид хойд талын зааланд суусан байсан ширээнийхээ хажуу талд бүжиглэж байгаад сүүлд авсан архины үлдэгдлээ аваад 00 цагийн үед гарах гэж байсан гарах хаалган дээр 2 эмэгтэй, 3 залуу байсан. Тэгээд .... гээд эмэгтэй намайг дуудсан. Дуудахаар нь очсон чинь юм хэлэхгүй гараараа миний хэвлий хэсэг рүү 1 удаа цохисон. Ардаас 1 хүн намайг түлхээд унагаасан...тэгээд би .... гэх эмэгтэйг нь түлхсэн тухайн явдлыг би сайн санахгүй байгаа...Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/

6. Гэрч М..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр найз ....гийн төрсөн өдөр болсон...тэгээд ..., ...., .... бид хэд грийн хаусд очсон. Грийн хаусд ороход согтуу 3 хүн сууж байсан. Тэгээд бид хэд тэр баруун хойд буланд нь суусан тэгсэн .... 0,5 гр савлагаатай ногоон өнгийн экс нэртэй архи авч ирсэн. ....г нэг согтуу эмэгтэй хэрүүл ам хийгээд өдөөд байсан. Тэгээд бүжгийн талбайд .... тэр согтуу эмэгтэйтэй цуг бүжиглээд байсан. Удалгүй тэр хоёр цуг гараад явсан. Араас нь гараад очсон чинь 2 давхар луу гарах шатан дээр тэр 2 зууралдсан байсан. Тэгээд манай найз гадагшаа гарсан нөгөө согтуу эмэгтэй нь шатан дээр суугаад үлдсэн. Би газар унасан байсан гар утсыг аваад тэр согтуу эмэгтэйд өгсөн. Тэгээд гаднаас .... орж ирээд миний толгойг хагалсан байна гэж хэлээд цагдаа дуудсан. Тэр согтуу эмэгтэй ....г чи миний утсыг авчихлаа гээд байсан. Намайг гарж харахад тэр 2 зууралдаж байгаад шатан дээр оочсон. Тэр хоёрын доор архины шил, гар утас хоёр байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/

7. Гэрч Н..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2025 оны 01 дүгээр сарын 28-ны орой 22 цагийн үед Сүмбэр сумын 3 дугаар баг Грийн хаусд найз ...., ...., ... бид дөрөв ....гийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд орсон....бид нарыг ороход хар хувцастай согтуу эмэгтэй бид нарт ирээд гуйлгачид орж ирдэггүй гээд байсан. Тэгээд ...., би тэгээд тэр согтуу эмэгтэй бид 3 бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. .... тэр согтуу эмэгтэйн хамт тэврэлдэж байгаад гараад явсан. Тэгсэн удалгүй үүдэнд хүмүүс зодолдоод байна гэхээр нь гараад хартал ....гийн толгой хэсгээс цус гарч байсан. Нөгөө согтуу эмэгтэй гартаа 0,5 гр ногоон өнгийн экс нэртэй архины шил барьсан байсан. Тэр согтуу эмэгтэй миний утас алга болчихлоо гээд тэгээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/

8. Гэрч  ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Бид нар 22 цагийн үед Грийн хаус орсон...сууж байсан нэг эмэгтэй ирээд бид нарыг хүзүүнээс татаж аваад, цамцнаас татаж аваад байсан. Тэгээд бид нар 23 цаг өнгөрч байх үед гарах гэж байсан чинь нөгөө эгч ирээд ....г аваад үүдний хэсэг рүү гарсан. Би ардаас нь гарч байсан чинь тэр эмэгтэй ....гийн толгой хэсэгт барьж байсан 0,5 гр савлагаатай ногоон өнгийн экс нэртэй архиараа 1 удаа цохисон. Тэгээд намайг очиход ....гийн толгойноос цус гарч байсан. Тэр эмэгтэй утас алга болцон байна гээд чанга орилоод байсан...тэр хоёр өөр хүнтэй маргалдаагүй хоорондоо маргалдаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/

9. Гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 00 цагийн үед манай үүдний хэсэгт 2 эмэгтэй хүн маргалдаж, нэг нь 0,5 гр ногоон өнгийн экс нэртэй архиар нэг эмэгтэй хүний толгой хэсэгт нь цохисон...Тэр цохисон эмэгтэй хэлэхдээ миний юмыг хулгайлсан гэж яриад байсан. Тухайн асуудал болсны дараа тэр цохисон эмэгтэй над дээр ирээд миний шүдийг хөдөлгөчихлөө гээд цагдаа дууд гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/

10. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай дүгнэлтэнд: ....ы биед толгойн оройд няцарсан шарх, баруун гарын 3 дугаар хурууны өндгөнд урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдахгүй

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 56-57 хуудас/,

11. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 64 дугаартай дүгнэлтэнд: ....ийн биед зүүн дээд 2-р шүдний уналт, доод, уруулын дотор салстын цус хуралт, өнгөц язрал, зүүн хацарт цус хуралт, толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн дээд 2-р шүдний уналт, доод, уруулын дотор салстын цус хуралт, өнгөц язрал гэмтэл нь хамтдаа үүсэх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн хацарт цус хуралт, толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдахгүй

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 62-63 хуудас/,

12. хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 5, 10 хуудас/

13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 95-99, 112 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч ...., .... нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ...., .... нар нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж тухайн гэмт хэргийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Прокуророос шүүгдэгч ...., .... нарт гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тэдний үйлдэлд тохирсон, шүүгдэгч .... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Батчимэгтэй, шүүгдэгч .... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Энхжаргалтай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.   

Шүүгдэгч ...., .... нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч ...., .... нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч шүүгдэгч нар нэгнээсээ хохирол нэхэмжлээгүй нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын газраас шүүгдэгч ....ээс нэхэмжилсэн 172 959 төгрөг, шүүгдэгч ....аас нэхэмжилсэн 28 350 төгрөгийг тус тус шүүхийн шатанд төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч ....ы хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч ....ийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нарт тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ...., .... нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Arkhi гэсэн бичиглэлтэй архины шилийг устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт .... ....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч .... овогт ........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...., .... нарт оногдуулсан торгох ялыг тус бүрт 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Шүүгдэгч ...., .... нар нь бусдад төлөх гэм хорын хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Arkhi гэсэн бичиглэлтэй архины шилийг устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...., .... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.АРИУНЖАРГАЛ