| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/04310/И |
| Дугаар | 101/ШШ2022/00900 |
| Огноо | 2022-02-28 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2022/00900
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 40-38 тоотод байрлах, БЭЖЭИКЭ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуаран 1а хэсэг, 2021 тоотод байрлах, З Х ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:/-д холбогдох
245,353,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Жаргалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг, гэрч Р.Бат-Эрдэнэ, Э.Гончигсүмбэ, М.Шийлэгдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БЭЖЭИКЭ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Жаргалан шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: БЭЖЭИКЭ ХХК /Түрээслүүлэгч/ нь хариуцагч З Х ХХК /Түрээслэгч/-тай Машин механизм түрээслэх тухай №210503, №210503/01 тоот гэрээнүүдийг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 03 сарын хугацаатай байгуулж гэрээний үүргээ зохих журмын дагуу биелүүлж ажилласан.
210503 тоот гэрээгээр гэрээний зүйл болох 9 тооны машин механизмыг 148,000,000 төгрөг НӨАТ шингэсэн үнээр, 210503/01 тоот гэрээгээр гэрээний зүйл болох 7 тооны машин механизмыг 57,000,000 төгрөг НӨАТ ороогүй үнээр /сарын 28 хоногоор, өдрийн 1 ээлжээр 10 цагаар/ тус тус тооцож, тооцоо нийлсэн актыг үндэслэн төлбөрөө сар бүрийн 10-ны дотор хийхээр харилцан тохиролцсон.
Мөн гэрээний хугацаанд гэрээний төлбөрийн баталгаа болгон З Х ХХК-ын захирал С.Батхишиг, Т.Анхцэцэг нарын санал болгосон компанийн эзэмшлийн шинээр баригдсан БЗД-ийн 10-р хороо 13-9 тоотод хаягтай 120 м.кв талбайтай 1 давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 240,000,000 төгрөгт тооцон Түрээслүүлэгчийн нэр дээр барьцаалуулахаар харилцан тохирч гэрээнд оруулж хоёр тал баталсан.
Хариуцагч гэрээнд заасны дагуу урьдчилгаа 20 000 000 төгрөг төлөхөөс 12 000 000 төгрөг төлсөн, мөн нүүлгэн шилжүүлэлтийн мөнгийг техник ажлын талбайд очиход өгнө гэж тохирсон боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй тул нийлсэн тооцоондоо оруулж бодсон. Мөн 3 сар хүрээгүй гэрээ цуцалсан тул техник буцаан нүүлгэн шилжүүлж тээвэрлэх зардлын эксковатороос бусад техникийн зардал тооцоог оруулсан.
Хариуцагч тал болох З Х' ХХК-ыг төлөөлж Гүйцэтгэх захирал Т.Анхцэцэг, нэхэмжлэгч тал ВКЛ ХХК-ыг төлөөлж захирал Б.Жаргалан нар нь 2021 оны 06-р сарын 15-ны өдөр /2021.05.05-2021.05.31 хүртэлх/ тооцоо нийлж 5-р сарын түрээсийн төлбөр буюу тооцооны үлдэгдэл 113 457 571.43 төгрөг, 2021 оны 07-р сарын 09-ны өдөр /2021.06.01- 2021.06.28 хүртэлх/тооцоо нийлж 6-р сарын түрээсийн төлбөр буюу тооцооны үлдэгдэл 108 212 857.14 төгрөг гарсныг тус тус хоёр тал харилцан баталсан.
Хариуцагч тал болох З Х ХХК-иас 2021.06.18-ны өдөр ирүүлсэн 21-6/16 тоот албан бичигт 5 сарын төлбөр 105,847,851 төгрөгийг 2021 оны 6 сарын гүйцэтгэлийн хамт 2021 оны 07-р сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо хийгээгүй болно.
Манай талаас 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 57/21 тоот, 58/21 тоот, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 67/21 тоот албан бичгүүдээр болон утсаар гэрээний үүргээ биелүүлэх, түрээсийн төлбөрийг цаг хугацаанд төлөх талаар олон удаа сануулж, шаардаж байсан, сүүлдээ утсаа авахаа больсон.
Манай компани нь гэрээний зүйл болох өөрөө буулгагч 2 самосвал /0388ДУН, 2916 УБЛ/ болон 520 эксковаторыг эзэмшигчтэй нь Түрээсийн гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн техникүүдтэй нийлүүлэн З Х ХХК-тай гэрээ хийн ажилласан. Гэвч Түрээслэгч тал удаа дараа гэрээний үүргээ зөрчин, төлбөр тооцоогоо хийхгүй 2 сарын хугацаа өнгөрснөөр түрээслүүлэгч талын үйл ажиллагаанд саад учирч, компанийн үйл ажиллагаа доголдож, ажилчдын цалин, машин механизмын сэлбэг хэрэгсэл, тос тосолгоо, гаднаас түрээсэлсэн техникийн түрээс төлж чадахгүй байдалд хүрсэн. Иймд эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тул хувьцаа эзэмшигч Р.Бат-Эрдэнийн утасны дугаар барьцаалж 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Саран Финанс ХХК-аас 40,000,000 /дөчин сая/ төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр далангийн индүү /ХОМА 4499УН/ -г 60,000,000 төгрөгөөр, усны машин/-г 40,000,000 төгрөгөөр тус тус зарж борлуулан түрээсийн төлбөр, цалин тавьж олгосон.
Гэрээний 7.1-т зааснаар хариуцагч З Х ХХК-нд гэрээний алданги тооцохдоо хоёр талаас нийлсэн тооцооны дагуу 5 сарын гэрээний төлбөр 113,457,570 төгрөгийн /2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл/ 91 хоногийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги 10,324,638 төгрөг, 6 сарын гэрээний төлбөр 108,212,857.14 төгрөгийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл/ 68 хоногийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги 7,358,474 төгрөг, нийт алданги 17,683,112 төгрөг болж байна.
5 болон 6 сарын түрээсийн төлбөр нийт 221 670 427 төгрөг, алданги 17,683,112 төгрөг, мөн гэрээний үүргээ биелүүлэхгүй гэрээг 2 талаас харилцан ярилцаж 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан тул З Х ХХК-ийн кемпээс 520 эксковаторыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд нүүлгэн шилжүүлэлтийн төлбөр тооцоонд оруулаагүй тул гэрээнд заасны дагуу 6,000,000 төгрөгийн тээврийн зардлыг гэрээг зөрчсөн буруутай хариуцагчаас тус тус гаргуулна.
Нэхэмжлэгч ВЮ ХХК нь хариуцагч З ХХХК-иас гэрээний төлбөрт 221,670,428 Хоёр зуун хорин нэгэн сая зургаан зуун далан мянга дөрвөн зуун хорин найман/ төгрөг болон гэрээний алданги 17,683,112 /Арван долоон сая зургаан зуун наян гурван мянга нэг зуун арван хоёр/ төгрөг, гэрээний хохиролд буцах тээврийн зардал 6,000,000 /Зургаан сая/ төгрөг, нийт 246 738 257.70 /хоёр зуун дөчин зургаан сая долоон зуун гучин найман мянга хоёр зуун тавин долоон төгрөг далан мөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт үндэслээд зарим тооцоог нягталж үзлээ. 5 сарын тооцооны төлбөр гэрээн дээр 101,332,714 төгрөг, 5, 6 дугаар сарын нийлсэн алданги 16,579,750 төгрөг болж байна. Гэрээний төлбөр 209,545,571 төгрөг, 5, 6 дугаар сарын нийлсэн алданги 16,579,750 төгрөг, гэрээний хохирол буцах тээврийн үнэ 6,000,000 төгрөг, нийт гэрээний шаардлага 233,510,038 төгрөгийг шаардаж байгаа. 13,228,219 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч З Х ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2021 оны 5 дугаар сараас 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан тухайн хугацаанд бид гэрээний үүргээ биелүүлж ажиллаагүй, техникийн түрээс оруулж баталгаажуулсан. Гэтэл тус компани өөрсдөө тухайн техник ажиллаж эхлэх үед зарим техник нь эвдэрхий ажиллаж байгаа техникээ өөр компанид давхар түрээслэх гэх мэт ноцтой алдаа гаргасан төл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй.
Би Эр Жи ХХК-ийн цагийн бүртгэлийг хэлье гэж бодож байна. 520 экскаватор 5 дугаар сарын 18-ны өдөр ирээд 6 дугаар сард буцсан. Автогрейдэр 5 дугаар сарын 16-ны өдөр, ковшийн оператор н.Үүрцолмон 5 дугаар сарын 12-ны өдөр, ковшийн оператор 5 дугаар сарын 21-ний өдөр, 2873-ын жолооч н.Дамдинсүрэн 5 дугаар сарын 19-ний өдөр, 6278-ын жолооч 5 дугаар сарын 12-ны өдөр, н.Галсүх 5 дугаар сарын 12-ны өдөр, индүүний оператор н.Сандагдорж 5 дугаар сарын 12-ны өдөр, н.Ганбаатар 5 дугаар сарын 27-ны өдөр, н.Ганцоож 5 дугаар сарын 18-ны өдөр, 520 экскаватор 5 дугаар сарын 6-ны өдөр, хуучин ковш 5 дугаар сарын 5-ны өдөр, 5 дугаар сарын 27-ны өдөр, индүү 5 дугаар сарын 27-ны өдөр тус тус ирсэн. Номергүй индүү 6 дугаар сарын 4-ний өдөр эвдэрчихсэн. 5 дугаар сарын 18-ны өдөр оператор нь ирээд ажиллаж байсан. Цагийн бүртгэлүүд нь тооцоо нийлсэн актан дээр байгаа. Гэрээний үүргийг гэрээн дээрээ заачихсан байгаа. 4409-ийг 20 хоногоор бодсон байгаа боловч 17 хоног болсон. Индүү, LSMG нь 16 хоног ажилласан, номергүй экскаватор нь 13 хоног ажилласан, автогрейдэр 14 хоног ажилласан, усны машины хоног нь таарч байгаа. 6283 гэдэг машин манайд ирээд эвдэрчихсэн учраас 10 гаруй хоног ажилласан. Илүү талбай дээр ажилласан хоногийг хасаж тооцож өгөөч. Өөрсдөө гэрээний үүргийг зөрчсөн учраас бусад тээврийн зардлыг манай компани хүлээн зөвшөөрөхгүй. Автобусны тээврийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Худалдан авна гэж ярьж байсан боловч боломжгүй болоод буцаачихсан байгаа. Индүү нь 7 хоног ажиллаад эвдэрчихсэн. Төлбөр тооцоон дээр 6 дугаар сард нийт тооцоо нь 90,463,285 төгрөг, техник буцахад 1,945,000 төгрөг өгсөн. Үүнээс 6 сарын төлбөр 88,524,285.71 төгрөгийг зөвшөөрч байгаа. 5 дугаар сарын төлбөрөөс 69,875,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, тээврийн хөлсөнд 12,155,770 төгрөг байгаа. Үүнээс түлшний төлбөрийг хасаад 5 дугаар сарын төлбөр болох нийт 82,177,777 төгрөгөөс урьдчилгаа 12,000,000 төгрөг өгсөн гэж тооцоод 70,122,777 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БЭЖЭИКЭ ХХК нь хариуцагч З Х ХХК-д холбогдуулан, Машин механизмын түрээсийн гэрээний төлбөрт 245,353,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 13,228,219 төгрөгөөс татгалзаж, нийт 233,510,038 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх хариу тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нийт 70,122,777 төгрөгийг хүлээн зөвшөөрнө хэмээн шүүх хуралдаанд тайлбарлав.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр №210503 дугаартай, №210503/01 дугаартай Машин механизмын түрээсийн гэрээ-г тус тус байгуулж, гэрээ тус бүрийн 1.10-т тухайлан заасан, улсын дугаар бүхий машин механизмуудыг ажиллуулах цаг, хоногийг, гэрээ тус бүрийн 3.1-д түрээсийн төлбөрийг, гэрээ тус бүрийн 7.1-д түрээсийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд хийж гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,1 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж тус тус заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.
Хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу машин механизмыг ашиглаж чадаагүй, түрээслүүлэгч нь гэрээний зүйлийг бусдад түрээслүүлсэн гэх хариу тайлбар гаргасан боловч хэрэгт авагдсан, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, 2021 ны 7 дугаар сарын 08-ны өдөр БЭЖЭИКЭ ХХК нь хариуцагч З Х ХХК-иудын харилцан баталж, үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааны болон 2021 оны 7 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд үйлдсэн З Х ХХК-ийн талбайр дээр ажилласан БЭЖЭИКЭ ХХК-ийн техникийн түрээсийн тооцоо, төлбөрийн нэхэмжлэх зэрэг нотлох баримтуудаар хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.
Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нийт 245,353,540 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 13,228,219 төгрөгөөс татгалзаж, нийт 233,510,038 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцэх бөгөөд Тооцооны үлдэгдлийн баталгаа-г талууд харилцан батлахад түрээслэгч З Х ХХК-ийг төлөөлж байсан Т.Анхцэцэгтэй шүүх хуралдааны үед мэтгэлцэж, Тооцооны үлдэгдлийн баталгаа-г дахин нягтлан үзэж, асуулт хариултад тулгуурлан, тэгш эрхтэй мэтгэлцсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч З Х ХХК-иас 233,510,038 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БЭЖЭИКЭ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,384,718 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1,325,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БЭЖЭИКЭ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА