Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/34

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Р.А,

улсын яллагч Т.Н,

шүүгдэгч Ш.Ч, түүний өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ш-н Ч-т холбогдох эрүүгийн 2517000000022 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд Х аймгийн Ө суманд төрсөн, **настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** хамт Г аймгийн Б сумын ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 19*** оны ** дугаар сарын 20-ны өдрийн ** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109.б-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 19*** оны ** дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Найрамдалын районы шүүхийн 19*** оны *** дүгээр сарын 16-ны өдрийн **** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Булган аймгийн шүүхийн 19*** оны *** дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Төв аймгийн шүүхийн 19*** оны *** дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б овогт Ш-н Ч /РД:СЭ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ш.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй “Даюун” загварын мотоциклийг согтуурсан үедээ жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Ч нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн орчим согтуурсан үедээ Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг 0.98 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.Ч-ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,

2. Гэрч Т.М-н“Би 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг Босоо тэнхлэгийн авто замд дэд ахлагч М.Я-н хамт үүрэг гүйцэтгэж байсан. 18 цагийн үед Лүнгийн овоо гэх газар хяналт шалгалт хийж байгаад Улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг зогсоож шалгахад Ч нь ганцаараа согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй явж байхаар нь төхөөрөмж багажаараа СЭ**регистрийн дугаараар шалгахад Ш.Ч гэх иргэний мэдээлэл гарч жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Баянтал сумын Цагдаагийн хэсгийн гадаа очоод машин дотроосоо согтуурал хэмжигч багажаар үлээлгэхэд багажны заалт 0.98 хувь гэсэн согтолттой гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

3. Гэрч П.Ж-н “Манай хойд аав Ш.Ч нь ямар нэгэн хэрүүл маргаан хийгээд байдаггүй, хүнд тусархуу, ар гэр амьдралд дэм болоод явдаг хүн. Заримдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй унтаад өгдөг. Манай ээжтэй хамт амьдраад 4 жил болж байгаа. Энэ хугацаанд элдэв муу зүйл хийсэн зүйл байхгүй тустай дэмтэй явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20***оны ** дугаар сарын **-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

5. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

6. Шүүгдэгч Ш.Ч-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч Т.М-н мэдүүлэг, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, цагдаагийн дэд ахлагч Т.М-н рапорт, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 2024/ЗШ/** дугаартай шийтгэвэрийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ш.Ч, түүний өмгөөлөгч Э.С нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч Ш.Ч-т эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн прокуророос шүүгдэгч Ш.Ч-ын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Ш.Ч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Э.С-тай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч Ш.Чыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Ш.Ч, түүний өмгөөлөгч Э.С нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Ш.Ч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч Ш.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ш.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ч-т оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан өдөрт 8 цагаар тогтоолоо.

Шүүгдэгч Ш.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Ш-н Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

            2. Шүүгдэгч Ш.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ч-т оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

               4. Шүүгдэгч Ш.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ч-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

           6. Шүүгдэгч Ш.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ЭНХМАНДАХ