Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 27

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар №1672,

хохирогч Д.*******,

шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох 201701080074 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамтаар *******,*******,*******,******* тоотод оршин суух, ял шийтгэл үгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******.

Ж.******* нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Налайх дүүргийн******* Уурхайчдын 18-642а тоотод эхнэр Д.*******тэй хувийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас болж маргалдан баруун бугалга, баруун бугалга, баруун гуянд нь тус тус хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.******* нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн******* Уурхайчдын 18 дугаар гудамж 642а тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирээд эхнэр Д.Отгонцэцэгийг бусадтай хардасны улмаас хутгаар зүсэж түүний биед баруун бугалга, баруун гуянд шарх гэмтэл үүсгэн, биед нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл санаатай учруулсан Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ж.Сэр-Оддамбын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэртээ халамцуу орсон. Тэгсэн чинь эхнэрийн ангийн хүүхдүүд нь гадаа машинтай ирээд сигналдаад дуудаад байхаар нь эхнэрээ хардаад маргалдаж хэрэлдсэн. Би хутгыг авахдаа үзүүргүй байсныг нь мэдэж байсан болохоор нь явуулахгүй гэж айлгах санаатай авсан юм” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 01-нд шинийн 03-ны өдөр байсан. Би ээжтэйгээ хамт хотруу эгчийндээ очиж золголт хийчихээд ирсэн. Манай ээж хэвтэрт манай хойно Энгэршандад байдаг. Манай ангийн хүүхдүүд урьд өдөр нь “уулзая” гээд утасдаад байхаар нь *******д хэлсэн чинь уурлангуй байсан. Тэгтэл хотоос гэртээ ирээд галаа түлээд байж байтал ******* гаднаас согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би цагаан сараар архи уулаа гэж уурлаж, цохиод хэрэлдсэн. Тэгж байтал манай ангийн хүүхдүүд гадаа машинтай ирээд сигналдаад байхаар нь би “ангийхантайгаа караокед орчоод ирье хүүхдээ хараад байж бай” гэсэн чинь уурлаад байхаар нь хүүхдээ хувцаслаад гарах гэж байтал тийм үйлдэл болсон. Тухайн үед хаанаас хутга авсныг нь анзаараагүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Сэр-Оддамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр айлд архи уугаад согтуу орой гэртээ орсон юм. Тэгээд эхнэр Д.Отгонцэцэгийг бусадтай хардсаны улмаас болж маргалдан эхнэрийн мөр, гуя хавьд тус бүр нэг нэг удаа хутгалж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэргийг үйлдсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 33-34 дүгээр тал/

Хохирогч Д.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэртээ бага хүүхдийн хамт байж байх үед манай нөхөр ******* нь согтуу ганцаараа орж ирсэн юм. Тэгээд би Сэр-Оддамбыг “цагаан сар болж байхад архи уудаг юм уу” гэж хэлсэн чинь “баяр болж байхад архи ууж болно” гэх мэтээр маргалдаж эхэлсэн. Гэтэл энэ үед хашааны хаалганы гадаа машин ирээд дуут дохио өгч байгаад явсан. Гэтэл нөхөр “энэ юун машин ирээд гадаа дуут дохио өгч байгаад явсан бэ? Чиний нууц амраг ирээд намайг байгаа болохоор явлаа” гэх мэтээр хардаж эхэлсэн юм. Тэгэхээр нь би “ангийн хүүхдүүд уулзаж караокед орно чи хүүхдээ хараад байж байгаарай” гэж хэлсэн чинь уурлаж миний нүүрэн тус газар гараараа цохиж үсдэж авсан юм. Ингээд би уурлаж хүүхдээ аваад гарах гэхэд ******* үсдэж доош дарж байгаад толгойн орой хэсэгт нэг удаа өшиглөж, гартаа шар иштэй хутгаар баруун гарын булчинд 2 удаа, баруун гуяны дотор хэсэгт нэг, гадна хэсэгт нэг удаа тус тус хутгалсан учир гарнаас цус гараад байхаар нь хүүхдээ аваад гарсан чинь гадаа найз нар машинтай ирсэн байхаар нь суугаад эмнэлэг орж оёдол тавиулсан юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18-19 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №08шэ/121 дүгээр:

  1. “*******ийн биед баруун бугалга, баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй" гэх дүгнэлт,

/хх-ийн 23 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 37 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 38 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 39 дүгээр тал/

Нийслэлийн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 40-41 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эдгээр заалтуудыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.******* нь шүүгдэгч /яллагдагч/ Ж.*******тай “нэхэмжлэх зүйл байхгүй, сайн дураараа эвлэрч байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтээ Нийслэлийн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст болон шүүх хуралдаанд гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Ж.******* нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч Ц.******* нь  сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах ба хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн Сэр-Оддамбыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******гийн *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар иштэй хутга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.*******д бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ЧИНЗОРИГ