Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 119/ШШ2022/0067

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сумын иргэн Т овогтой С

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О овогтой С

Хариуцагч: Орхон аймгийн УБХ /дарга М.О/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ЭХЭУБ, ЭХЭУБТ-ийн ДҮТОГ Э.О

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Орхон аймаг, Баян-Өндөр сумын иргэн Б овогтой М

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М овогтой Г

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ХХБ

Гуравдагч этгээд ХХБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч: ЭСДХАА А.Г нарын хоорондын

“Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-... тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Т овогтой С, М овогтой Г нарыг бүртгэхийг Орхон аймгийн УБХ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай, 119/2022/0039/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, гуравдагч этгээд Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, гуравдагч этгээд ХХБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Т.С Орхон аймгийн УБХ-т холбогдуулан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-... тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Т овогтой С, М овогтой Г нарыг бүртгэхийг Орхон аймгийн УБХ-т даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан.

            2. Б.М 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн УБХ-т хандаж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-... тоот 29 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, 000787... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

            3. Б.М 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ХХБ-тай ЗГ/ВСС2006190...-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-... тоот 29 м.кв талбай бүхий орон сууцыг худалдаж авах ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Үл хөдлөх  эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны №ЗБ/ВСС2006190....-1-1 дугаартай гэрээ”-г байгуулж, барьцаалбарыг эд хөрөнгийн эрхийн 61-1189.... дугаар улсын бүртгэлд бүртгүүлсэн.

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Б.М-тай хамт амьдарч байхдаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-... тоот орон сууцыг худалдан авах болж, би урьдчилгаанд 30 сая төгрөгийн цалингийн зээл авч уг байрыг авсан. Хамт амьдрах хугацаанд хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байсан тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Б.М Орхон аймгийн УБХ-т хүсэлт гарган Т.С, охин М.Г нарыг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-.. тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулахаар тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2022/00336 дугаар шийдвэрээр эвлэрлийг баталсан. 2022 оны 06 дугаар сард Орхон аймгийн УБХ-т хандан Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2022/00336 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр хандахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ханд гэсэн хариу өгснийг 2022 оны 8 сард мэдсэн” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.С, Б.М нар нь 2020 оны 03 дугаар сард хамтын амьдралаа бий болгоод 2020 оны 11 дүгээр сард М.Г нэртэй охинтой болсон. Хамтран амьдрах явцдаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-24-.. тоот орон сууцыг ипотекийн зээлээр авсан. Тухайн орон сууцыг авахад О.С цалингийн зээл 30.000.000 төгрөгийг авч урьдчилгааг бэлдээд Б.М-ын аав Б-д шилжүүлж өгсөн. Б нь тухайн мөнгийг хүүдээ бэлэглэж байгаа мэтээр гэрээ хийж байрыг авсан байдаг.  Б.М нь байрны үлдэгдэл мөнгийг банкнаас зээлээр авсан. Хамт амьдарч байх хугацаандаа таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч эхэлсэн. Тус орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлээ 2022 оны 09 дугаар сард Орхон аймгийн Иргэний хэргийн шүүхэд гаргахад хариуцагч Б.М нь “30.000.000 төгрөгийг өгсөн нь үнэн, орон сууцыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг зөвшөөрч байна” гэж тайлбар гаргасан байдаг. Энэ зөвшөөрлийг нь үндэслээд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталгаажуулсан. Шүүх хуралдаан дээр Б.М охиноо бодож байна. Мөн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээн дээр охин М.Г, эхнэр Т.С нарын нэрийг оруулахыг хүлээн зөвшөөрч эвлэрээд шүүгчийн захирамж гарсан. Шүүх хурал болсноос хойш дахиж таарч тохирохгүй болоод 2022 оны 05 сараас тусдаа амьдарч байгаа. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байсан тул 2022 оны 06 сард албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтээ шүүхэд өгөөд шүүгчийн захирамж гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүгчийн захирамжид заасан заалтыг хэрэгжүүлэхээр УБХ-т хандсан боловч орон сууцны хамтран өмчлөгчөөр Т.С, охин М.Г нарыг бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр болон 07 дугаар сарын 26-ны өдөр тус бүр өргөдлөө бичээд УБХ-т хандсан. Э.О нь энэ орон сууц нь банкны барьцаанд байдаг тул бүртгэлийг манайх хийх боломжгүй гэж хариу хэлсэн. Ингээд арга буюу Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

УБ-ийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх, төвлөрсөн удирдлагатай байх, хараат бус байх, үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, хуулиар тогтоосон нууцыг чанд хадгалах, хуульд зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлийн талаарх мэдээлэл ил тод, нээлттэй, нийтэд хүртээмжтэй байх” зэрэг зарчмуудыг баримталж ажиллана. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж, мөн хуулийн 11.4-д “Энэ хуулийн 11.3-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр мэдэгдэнэ” гэж заасан. Энэ зохицуулалтаар Т.С захирамжаа аваад бүртгүүлэх гэж байгаа хүсэл зоригоо өргөдлөө бичээд очиход хүлээн авахгүйгээр буцааж байгаа нь УБ-ийн байгууллагын хууль бус ажиллагаа мөн. Хүлээж аваад барьцаатай байгаа бол ХХБ-д энэ талаар бичгээр мэдэгдэж шийдвэрлэх боломжтой. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4-т заасныг тус тус баримтлан УБХ бүртгэх ёстой байтал бүртгээгүй эс үйлдэхүй нь Т.С, М.Г нарыг орон сууц өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж өмчлөх эрхийг нь зөрчиж байгаа учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийг хангаж, 5-24-... тоот орон сууцны улсын бүртгэлд Т.С, М.Г нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж өгнө үү” гэв.

6. Хариуцагч Орхон аймгийн УБХ-ээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрх шилжиж байгаа тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4-т заасан зүйлүүд болон улсын бүртгэлийг хөтлөх журам Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 397 дугаар тушаалын 6,5 дугаар зүйлд заасан шаардлагыг ханган үйлчилгээний танхимаар өмчлөх эрхийг олж авч байгаа иргэн мэдүүлэг гаргах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 394 дүгээр тушаалын 3.2.6 дугаар зүйлд “Шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсны улмаас мэдүүлэг гаргагч өргөдөл гаргасан эсхүл энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан бичиг ирүүлсэн” бол тухайн нотлох баримтыг үндэслэн улсын ерөнхий бүртгэгчийн тушаалаар хүчингүй болгож олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа шинээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгох боломжтой.

Иргэн Б.М-ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-21010028... дугаарт бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, 5-р баг 24 дүгээр байрны ... тоот орон сууцны хувьд 2020.06.22-ны өдөр ХХБ-тай байгуулсан ВСС2006190..-1-1 тоот гэрээний барьцаанд үүрэг ногдуулсан бүртгэлтэй байх тул дээрх шаардлага, барьцааны гэрээг дуусгавар болгосон бүртгэлийг хийсний дараа, эсвэл барьцаалагч байгууллагын зөвшөөрөл, өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувийн хамт үйлчилгээний танхимаар мэдүүлэг гарган бүртгэл хийлгэх нь зүйтэй” гэжээ.

7. Хариуцагч Орхон аймгийн УБХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлийн шаардлагыг хангаад материалаа бүрдүүлээд аваад ирсэн тохиолдолд бүртгэх боломжтой. Нотлох баримтаа бүрдүүлж ирээгүй. Шүүгчийн захирамжаа авч ирээд бүртгүүлэх гэсэн гээд над дээр хоёр удаа ирсэн. Хуулийн шаардлагыг хангасан тохиолдолд бүртгэх боломжтой гэдгийг тухай бүрт нь тайлбарлаж хэлсэн. Сүүлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэлийн хуудас ирсэн хариуг нь бичгээр хүргүүлсэн байгаа. Энэ талаар нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тохиолдолд манайхаас бүртгэх бүрэн боломжтой байгаа. Эрх ашиг нь хөндөгдөж болох гуравдагч этгээд буюу банкны зөвшөөрлийг аваад, хураамжаа төлөөд, мэдүүлгээ гаргаад манай үйлчилгээний цонхоор үйлчлүүлчих байтал өргөдлөө барьж ирээд шийдүүлнэ гээд байсан. Энэ бүртгэл нь байнга болж байдаг бүртгэл заавал ингэж давж харьцаад байх шаардлагагүй. Хэрэг үүсгээд сунжраад яваад байх шаардлага байхгүй байсан.

УБ-ийн газар өөрсдөө яваад ХХБ-аас бичиг авах талаар яриад байна. Манай хуульд болон журмаар тийм зүйл байхгүй. Иргэдийн өмнөөс яваад нотлох баримт бүрдүүлдэг байгууллага биш. Нотлох баримт, мэдүүлэгт үндэслээд бүртгэл хийдэг. Мэдүүлэг нь үндэслэлгүй бол татгалзана. Татгалзах үндэслэл байхгүй бол бүртгэдэг байгуулага. Тухайн орон сууц Б.М-ын нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийгдээд өмчлөх эрхийн гэрчилгээ 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гарсан. ХХБ-ны 41.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээг бүртгүүлсэн. Эвлэрлийн гэрээг өгөхөд манайхаас зохих хариуг өгсөн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4-т заасан шаардлагыг хангасан байх ёстой. 2018 оны УБ хийх журамд холбогдох нотлох баримтыг нарийвчлан заасан байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 394 дүгээр тушаалаар батлагдсан гэрчилгээ олгох журам байдаг. Нэхэмжлэгч тал манайд өргөдөл бичээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирэхээр манайх гэрчилгээ бичих боломжгүй. Энэ журмын 3.26 дугаар зүйлд “Шүүх, арбитрын шийдвэрээр улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсны улмаас мэдүүлэг гаргагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан бичиг ирүүлсэн бол тухайн нотлох баримтыг хүчингүйд тооцно” гэж заасан. “Эрх ашиг нь хөндөгдөж болох гуравдагч этгээдээс зөвшөөрөл авна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхэд тухайн хөрөнгө үүрэг ногдуулсан бүртгэл хийгдсэн бол мэдүүлэг авахаас татгалзана” гэж заасан. Эдгээрийг үндэслэж мэдүүлэг хүлээн авах боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг уг байранд нэмж бүртгэх боломжгүй гэсэн тайлбарыг удаа дараа өгсөн” гэв.

8. Гуравдагч этгээд Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Т.С-ыг орон сууцанд хамтран өмчлөгчөөр нэмэх асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин түүнийг хамтран өмчлөгчөөр оролцуулах асуудлыг шийдвэрлэх зорилгоор миний бие ХХБ-ны зээл хариуцсан эдийн засагч Н-тай 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр очиж уулзсан. Үүний учир нь орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ нь ХХБ-д зээлийн барьцаанд байгаа юм. Ингээд банкны эдийн засагчтай уулзаж орон сууцны улсын бүртгэлд Т.С, охин М.Г нарыг оруулах талаар хэлэхэд Т.С-ыг хамтран зээлдэгчээр оруулсан материал бүрдүүлж дахин зээлийн гэрээ хийгдсэний үндсэн дээр улсын бүртгэлд нэмж оруулах асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлсэн. Улмаар надад бүрдүүлж ирэх материалын жагсаалтыг гаргаж өгсөн. Энэхүү бүрдүүлэх материалд Т.С-ын цалингийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, Т.С-ын зээл хүссэн өргөдөл гэх мэт нэхэмжлэгч Т.С-оос шалтгаалах материалууд багтаж байгаа юм. Иймд Т.С дээрх банкны материалыг бүрдүүлж өгөөд хамтран зээлдэгчээр ороод орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг хамтран өмчлөгчөөр орох асуудлыг шийдвэрлэх боломжтой байгааг үүгээр тайлбарлаж байна. Надад орон сууцанд хамтран өмчлөгчөөр оролцуулахад татгалзах зүйл байхгүй.” гэжээ.

9. Гуравдагч этгээд Б.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг маргаан дээр УБХ-ийг буруутгаад байгаа нь үндэслэлгүй байна. Яагаад гэхээр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явж байгаа. М.Г, Т.С нарыг өмчлөгчөөр нэмэхийн тулд заавал ХХБ-ны зөвшөөрөл авах ёстой байдаг. Энэ зөвшөөрлийн дагуу зөвшөөрөл авах явцад нэхэмжлэгч өөрөө ямар нэгэн санаачилга гаргасан харагддаггүй. ХХБ-аас тавьсан шаардлага нь барьцаа хөрөнгө дээр хамтран өмчлөгчөөр орохын тулд заавал хамтран зээлдэгчээр орж шинээр дахин гэрээ байгуулсаны дараа тухайн орон сууцны гэрчилгээнд Т.С-ын нэрийг оруулах боломжтой юм байна гэсэн хариуг Б.М-т өгсөн байсан. Тухайн үед орон сууцны нэр дээр Т.С-ын нэрийг оруулж мөн хамтран зээл төлөлцөх цаашид амьдрал үргэлжлэх юм байна гэж ойлгоод эвлэрлийн гэрээ байгуулсан. Одоо хамтран амьдрахаа больсон. Үлдэгдэл зээлийг төлөхгүйгээр шууд тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлнэ гэж байгаа нь үндэслэлгүй байна гэж миний үйлчлүүлэгч үзсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явж байгаа процесс дээр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар захиргааны үйл ажиллагаанд хамаарахгүй гэж заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явж байхад давхар улсын бүртгэлийн үйл ажиллагааг буруутгаж Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь Захиргааны хэргийн шүүхийн ажиллагаанд хамаарахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарна. Эвлэрлийн гэрээ болон түүн дээр үндэслэж гаргасан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон. Эвлэрлийн гэрээнд тодорхойгүй, ойлгомжгүй зүйл байдаг. Хамтран зээлдэгчээр орох юм уу, банкнаас зөвшөөрөл авах юм уу, банкыг тухайн ажиллагаанд оролцуулах байсан уу гэдэг зүйл байгаа. Т.С, Б.М нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар Иргэний хэргийн шүүх дээр яригдана. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хамтран эзэмшлийн бус өөрийн өмчлөлийн хөрөнгө болгоё гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийг хамтраад төлнө гэвэл эхнэр, хүүхдээсээ татгалзах зүйлгүй гэж ярьж байсан байна. Банкны барьцааны эрхээс гадна Б.М-ын оруулсан хувь хэмжээ байхгүй болсон. Т.С-ын өмчлөлийг өөр дээрээ авах нэхэмжлэл дээр шинжээч томилсон байгаа. Тэр хэрэг дээр эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах ёстой. Нэхэмжлэгч мөнгө оруулсан эсэхийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй. Хөрөнгө бий болгоход тодорхой хувь оруулсан гэдэгт Б.М маргадаггүй. Нэхэмжлэгчийн оруулсан хувь хэмжээ Б.М-ынхаас бага. Хэрэгт авагдсан байгаа цалингийн зээлийн гэрээнд байгаа үнийн дүнгээр биш 26.000.000 төгрөг оруулсан. Одоо 27.000.000 төгрөгийн зээл үлдсэн. Уг зээлийг хамтран төлнө гэвэл зөвшөөрөх боломжтой. УБ-ийн газрыг үүрэг ногдуулсан барьцааны хэлцлийг давж зээлийг хэн төлөх нь ойлгомжгүй байдлаар үлдээх гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Ипотект хамрагдсан иргэний улсын бүртгэлийн асуудал яригдаж байгаа. Шүүхийн шийдвэртэй болоод тухайн шийдвэрийг улсын байгууллага заавал биелүүлэх ёстой гэдэг тайлбар гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, 2018 оны 397 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын хавсралтад тодорхой заасан. Уг журмын 2 дугаар зүйлийн 2.1.8-д зааснаар “Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах” эрхийг улсын бүртгэгчид өгсөн байна. Өмнөх үүрэг ногдуулсан хэлцэл байгаа эсэхийг улсын бүртгэгч бүртгэл хийхдээ анхаарна. Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд мэдүүлгийг хүлээн авч, холбогдох мэдээллийг цахим мэдээллийн санд оруулна” гэж заасан. Энэ нь татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгаарай гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Улсын бүртгэгч нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан мэдүүлгийг энэ журмын 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7, 2.1.8, 3.1.1-д заасны дагуу нягтлан шалгахад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1-д “татгалзах үндэслэл байвал энэ тухай мэдүүлэг гаргагчид тайлбарлаж, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуг өгч, мэдүүлэг болон холбогдох баримт бичгийг буцаана” гэж заасан. Үүрэг ногдуулсан хэлцэл байна уу гэдгийг энэ журмаараа зохицуулсан. Эвлэрсэн шүүгчийн захирамж байгаа боловч улсын бүртгэгч бүртгэл хийх гэхээр үүрэг ногдуулсан хэлцэл байгаа бол буцаах эрхийг энэ журмаар зааж өгсөн байна. Харин журмын 6 дугаар зүйлийн 6.5-д “Шүүх, арбитрын шийдвэр, албадан дуудлага худалдаа, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.5, 11.6-д заасан журмыг баримтална” гэж заасан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзана” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлд “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн асуудлыг мэдүүлэг гаргах журмын дагуу гаргана”, 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар “Ипотек өөр этгээдэд шилжсэнийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг түүнийг шилжүүлэн авч байгаа этгээд гаргах бөгөөд улсын бүртгэгч хувийн хэрэгт энэ тухай нэмэлт тэмдэглэл хийнэ”, 17.2-т “Ипотек, түүний үндэслэл болж байгаа шаардлага нь нэгэн зэрэг өөр этгээдэд шилжих бөгөөд энэ тухай баримтыг мэдүүлэгт хавсаргана”, 17.3-т “Иргэний хуулийн 172.6-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан гуравдагч этгээд ипотекийг өөртөө шилжүүлэн авах тухай мэдүүлгийг улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд мэдүүлэгт үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан тухай нотлох баримтыг хавсаргана”, гэж банкны шаардлага хангаж байгаа баримтаа хавсаргаж өгөөрэй гэж заасан. Мөн хуулийн 17.4-т “Энэ хуулийн 17.1, 17.3-т заасан бүртгүүлэх мэдүүлэгт ипотек шилжүүлэх тухай гэрээг хавсаргана” гэж заасан. Шүүхийн шийдвэрээр бүртгэл хийх тухай асуудал яриад үүрэг хүлээхгүйгээр байрны өмчлөгч болно гээд улсын бүртгэлд бүртгүүлэх гээд байгаа нь дээрх хууль, журмыг зөрчиж байна. Улсын бүртгэлийн хууль, журмаар улсын бүртгэгч шийдвэрээс гадна үүрэг ногдуулсан хэлцэлтэй байвал үүрэг ногдуулсан хэлцлийг дараагийн өмчлөх эрхийг шилжүүлж авч байгаа этгээд нь хүлээн зөвшөөрч, гэрээгээ байгуулсны дараа бүртгэл хийгдэнэ. Ийм учраас нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч эрх нь сэргээгдэхгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гэв.

10. Гуравдагч этгээд ХХБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХБ нь иргэн Б.М-тай 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/ВСС200619...-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ (8 хувь)”-г байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-р баг, Уртбулаг 24 байр, ... тоот 2 өрөө, 29 м.кв талбайтай орон сууцыг худалдаж авах ипотекийн зээлийн санхүүжилт олгож, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ЗБ/ВСС2006190...-1-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулан уг орон сууцыг барьцаалсан бөгөөд улсын бүртгэлд барьцааны эрхээ бүртгүүлэн баталгаажуулсан байна. Гуравдагч этгээд ХХБ-ны барьцааны эрхийг хөндөхгүйгээр нэхэмжлэгчийн орон сууцанд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна. Энэхүү захиргааны хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн эсэхээс үл хамааран “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт зааснаар тус банкны барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ. Уг орон сууцны барьцаанд хамтран өмчлөгчийг шийдвэрлэх эрх нь Монголын орон сууцын корпорацийн мэдэх хэрэг байдаг. Хэрэв талууд хүсэлтээ гаргаж холбогдох материалаа бүрдүүлж банкинд өгсөн тохиолдолд хүсэлтийг уламжилж шийдвэрлэх боломжтой. Талуудаас одоогоор хүсэлт, бичиг баримтаа өгсөн зүйл байхгүй байна” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т.С нь Орхон аймгийн УБХ-т холбогдуулан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-... тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Т овогтой С, М овогтой Г нарыг бүртгэхийг УБХ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2.  Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.1. Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-.. тоот орон сууцыг Б.М Улсын бүртгэлийн 000787.... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчилдөг бөгөөд уг орон сууцыг ХХБ-ны орон сууцны 8 хувийн зээлээр авч, үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан Орхон аймгийн УБХ-т барьцааг бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 38-46 дахь тал/

2.2. Нэхэмжлэгч Т.С нь охин М.Г-ы хамтаар тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэж, тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2022/00336 дугаартай “Зохиогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /шүүхийн шийдвэр/ гарч, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /Хавтаст хэргийн 4-5 дахь тал/

2.3. Нэхэмжлэгч Т.С, түүний охин М.Г нар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-... тоот орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй болсон байх тул өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл хийлгэх нөхцөл үүссэн гэж үзнэ.

2.4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээд буюу Т.С /охин М.Г-ыг төлөөлөх/ нь мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлэгт шүүхийн шийдвэрийг хавсаргасан байх шаардлагыг хуульд заажээ.

2.5. Нэхэмжлэгч Т.С нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу гаргаагүй боловч шүүхийн шийдвэрийн дагуу тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Орхон аймгийн УБХ-т хандаж, эрх бүхий албан тушаалтнуудтай биеэр уулзахад “Тухайн орон сууц нь үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлтэй учраас УБ хийх боломжгүй, барьцааны гэрээг дуусгавар болгосны дараа, эсхүл барьцаалагч байгууллагын зөвшөөрөл, өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувийн хамт үйлчилгээний танхимаар мэдүүлэг гарган бүртгэл хийлгэх” гэсэн хариуг амаар өгч байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.

2.6. Мөн Т.С-т дээрх байдлаар татгалзсан хариу өгч байсан болох нь хариуцагч Орхон аймгийн УБ-ээс ирүүлсэн хариу тайлбар болон Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2022/00336 дугаартай “Зохиогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /шүүхийн шийдвэр/-ийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид хүргүүлсэн Орхон аймгийн УБ-ийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1057 дугаартай албан бичгээр давхар нотлогдож байна. /Хавтаст хэргийн 32, 47-52 дахь тал/

2.7. Т.С нь хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг гаргаагүй нь УБХ-ийн эрх бүхий албан тушаалтнууд болон улсын бүртгэгч нарын “Тухайн орон сууц нь үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлтэй учраас улсын бүртгэл хийх боломжгүй, барьцааны гэрээг дуусгавар болгосны дараа, эсхүл барьцаалагч байгууллагын зөвшөөрөл, өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувийн хамт үйлчилгээний танхимаар мэдүүлэг гарган бүртгэл хийлгэх” гэсэн аман тайлбар, татгалзалтай холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

2.8. Иймд нэхэмжлэгч Т.С нь маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлаар Орхон аймгийн УБХ-т 2 удаа өргөдөл бичин очиж хандсан, хүсэлтээ гаргаж байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд УБ-ийн байгууллага нь шүүхийн шийдвэрийн дагуу хамтран өмчлөгчөөр тогтоолгосон этгээдийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж, бүртгэх эсэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, хууль бус шаардлага тавьж, буцааж байсан гэж дүгнэхээр байна.  

2.9. УБ-ийн байгууллага нь өмчлөх эрх олж авсан этгээдийн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтыг хуульд заасан журмын дагуу буюу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан журмын дагуу гаргуулж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” гэж зааснаар шийдвэрлэхээр хуульд заажээ.

2.10. Орхон аймгийн УБХ нь бүртгэл хийхээс “барьцааны бүртгэл хүчин төгөлдөр” гэх үндэслэлээр татгалзах үндэслэлгүй, харин Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.4-т “Энэ хуулийн 11.3-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаар эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээд ХХБ-д энэхүү бүртгэлийн талаар бичгээр мэдэгдэх үүргийг хуулиар хүлээхээр зохицуулжээ.  

2.11. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 28.4-д “Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ” гэж тус тус зааснаар барьцааны хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх ба барьцааны зүйлийг бусдад шилжүүлсэн нь барьцааг хүчингүй болгох үндэслэл болохгүй, уг бүртгэлийн улмаас барьцаалагч ХХБ-ны эрх хөндөгдөхгүй, хуулийн энэхүү зохицуулалтаар барьцаалагчийн эрх хамгаалагдах учиртай.

2.12. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэсэн заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд уг бүртгэлийг хийхэд барьцаалагчийн зөвшөөрлийг авах шаардлагагүй болно.

2.13. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж зааснаас дүгнэхэд мэдүүлэгт хавсаргах баримтыг “шүүх, арбитрын шийдвэр” гэж тусгайлан зохицуулжээ. Энэ нь шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөн өмчлөгч өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувийг хураалгах боломжгүйтэй холбоотой гэрчилгээний эх хувийг мэдүүлэгт хавсаргахыг хуулиар шаардахгүй, харин хавсаргах баримтад шүүхийн шийдвэрийг хавсаргасан байх тусгай шаардлага тавигдаж байгаа гэж ойлгох нь зүйтэй.

2.14. Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 6.5-д “Шүүх, арбитрын шийдвэр, албадан дуудлага худалдаа, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.5, 11.6-д заасан журмыг баримтална” гэж зааснаас өөрөөр “мэдүүлэгт гэрчилгээний эх хувь хавсаргах” талаар зохицуулаагүй байна.

2.15. Иймд Орхон аймгийн УБХ нь Т.С-ыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийхэд барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд болох ХХБ-аас зөвшөөрөл авах, өмчлөх эрхийг гэрчилгээг эх хувиар мэдүүлэгт хавсаргах зэрэг хууль бус шаардлага тавьж, шүүхийн шийдвэрээ авч очоод бүртгэл хийлгэхээр хандахад хууль бус шаардлага тавьж, хуульд заасан журмын дагуу мэдүүлэг гаргуулж шийдвэрлээгүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэний шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар холбогдох албан бичгийг улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн байхад хууль, журмаар шаардаагүй баримтыг шаардан бүртгэхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “... үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, ... үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

2.16. Дээрх үндэслэлүүдээр барьцаалагчийн зөвшөөрлийг авах шаардлага Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар зохицуулагдаагүй тул Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 10.7-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хуувийн хэрэгт хавсаргана” гэсэн заалт уг маргаанд хамаарахгүй бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл тухайн орон сууцны хувьд хийгдээгүй болно. 

2.17. Нэхэмжлэгч Т.С нь хуульд заасан журмын дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг, холбогдох баримтуудаа гаргаж, УБХ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан “Үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;”, 4.1.5-д заасан “Нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх; зарчмын дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д зааснаар улсын бүртгэлд бүртгэх асуудлыг шийдвэрлэж, Т.С, охин М.Г нарын өмчлөх эрхийн баталгаажуулах нь зүйтэй.

Ийнхүү Т.С, охин М.Г нарыг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-.. тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэх нь гуравдагч этгээд Б.М-ын орон сууц өмчлөх эрхийг зөрчихгүй бөгөөд тухайн гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууц буюу эд хөрөнгийн хэрхэн хуваарилах, банкны барьцааны хөрөнгө хэний өмчлөлд үлдэх, зээлийг хэн төлж дуусгах зэрэг асуудал нь Т.С, Б.М нарын хооронд үүссэн иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа гэр бүлийн маргааны хүрээнд хянан шийдвэрлэгдэхээр байна. /Хавтаст хэргийн 83-84 дэх тал/

2.18. Иймд дээрх үндэслэлүүдээр Т.С-ын нэхэмжлэлийг хангаж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-.. тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Т овогтой С, М овогтой Г нарыг бүртгэхийг Орхон аймгийн УБХ-т даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 11.9, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-... тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Т овогтой С, М овогтой Г нарыг бүртгэхийг Орхон аймгийн УБХ /М.О/-т даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.С-т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ