Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/279

 

 

 

 

 

 2021            03             18                                         2021/ДШМ/279                                                                         Т  M 546                                  МАЛАЛ

У.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

шүүгдэгч У.У-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Э.Чингис, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 27ы өдрийн 2021/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.У-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн У.У-т холбогдох эрүүгийн 2006000002817 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09ий өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн У-ын У-, Хэнтий аймагт 1986 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 0 дүгээр гудамжны 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж биеэр эдэлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1503 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, ял эдлэхээс зайлсхийсэн.

У.У- нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө аж ахуйн яамны автобусны буудлын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.М-ыг “Архи авч өгсөнгүй” гэж хэлсэнд нь дургүйцэн маргалдах явцдаа нүүрэнд нь цохиж, тонгойход нь толгой руу нь өшиглөсний улмаас “Их тархины суурь, зүүн тал бөмбөлөгийн таславч хооронд, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины орой, суурь уртавтар тархи, хүзүүний 1 дүгээр нугаламын харалдаах нугасны хатуу хальс доорх цусан хураа, хоёр хажуугийн ховдол, өнчин тархины цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулан төвийн гаралтай амьсал, зүрх судасны дутагдалд оруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: У.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч У.У-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1503 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 жил 60 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч У.У- нь 2,000,000 төгрөг хохиролд нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “CD” 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.У-аас 3,851,750 төгрөг гаргуулж хохирогч М.Х-од олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруу, хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа. Би өндөр настай эх Алтансувдын хамт зочид буудлын өрөө түрээслэн амьдардаг байсан. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х-од 5,851,750 төгрөгийг төлсөн байгаа. Иймд миний ид залуу, хийж бүтээх насандаа хүнд гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байгаа байдал болон ард үлдсэн эхийг минь бодож хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х- нь баримтаар 5,851,750 төгрөг нэхэмжилснээс шүүхийн шатанд 2,000,000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирол төлөх 5 хоногийн завсарлага авсан ч ар гэрийн боломжгүйгээс болж бүрэн барагдуулж чадаагүй. Харин шүүх хурлын дараа түүний эх нь хохирлын үлдэгдэл 3,851,750 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгч, хохирогч “Хохирлын мөнгө хүлээн авсан, хорих ялыг багасгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна. Шүүгдэгч У.У-ын хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсээр ирсэн. Хэрэгт холбогдохоосоо өмнө эхийн хамт амьдарч байсан. Эх Д.А нь нэгэн жижиг дэн буудлын үйлчлэгч хийж тухайн газраа амьдардаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн мөнгийг төлөх боломж бололцоо байгаагүй ч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, бүхий л боломж бололцоогоо ашиглаж бүрэн төлж барагдуулсан. Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан У.У-т оногдуулсан 10 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.   

            Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч У.У- хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэгцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Тэрээр урьд шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй тул шүүх ялыг нэмж нэгтгээд нийт 10 жил 60 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар У.У-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.У- нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал дээр Г.М-ыг “Архи авч өгсөнгүй” гэж хэлсэнд нь дургүйцэн нүүрэнд нь цохиж, өшиглөн гавал, тархины хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч төвийн гаралтай амьсал, зүрх судасны дутагдалд орж нас барсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон байна.

Тодруулбал, яаралтай түргэн тусламжийн автомашиныг зогсоон, хохирогчийг үзүүлэхэд нас барсан байна гэсэн талаар замын хөдөлгөөний зохицуулагч, цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан гэрч Г.Энхбатын өгсөн мэдүүлэг /хх 36/, автобус буудал дээр ирж зогсоход хойд хаалгаар хоёр эрэгтэй бууж ирээд, нэг нь нөгөөгөө татаж ирээд цохиж унагасан, цохиулсан хүн босч ирээгүй талаар мэдүүлсэн гэрч М.Чинзоригийн өгсөн мэдүүлэг /хх 51/, шинжээчийн дүгнэлтэд тусгасан тархины гэмтлийг авсан хүн хөдөлгөөн хийх боломжгүй, тэр даруй ухаан алдана гэдгийг тусгай мэдлэгийн хүрээнд тайлбарласан шинжээчийн мэдүүлэг /хх 69-70/, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч У.У-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 115/,

хохирогч Г.М- нь их тархины суурь, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, баруун тал бөмбөлгийн чамархай, 2 тал бөмбөлгийн таславч хооронд, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины орой, суурь, уртавтар тархи, хүзүүний 1 дүгээр нугалмын харалдаах нугасны хатуу хальс доорх цусан хураа, хоёр хажуугийн ховдол, 3, 4 дүгээр ховдол, өнчин тархины цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон шинжээчийн 2352 тоот дүгнэлт /хх 58-62/,

хохирогчийн нүүрэнд 3 удаа цохиж, 1 удаа өшиглөн унагасан ба хохирогч дахин босч ирээгүй үйл явдлын талаар бэхжүүлсэн эд мөрийн баримт /хх 20-24, 29/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 7-11/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч У.У-ыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч У.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан  шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1503 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч У.У- эдлээгүй болох нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтоор /хх 151/ тогтоогдсон тул шүүх ялуудыг нэмж нийт эдлэх ялын хэмжээг тогтоосноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шүүгдэгч У.У-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарын ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч У.У-ын эдлэх ялын хэмжээг тодорхойлохдоо “... 10 жил 60 хоног ...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно” гэж заасантай зөрчилдөж байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах замаар шүүхийн алдааг залруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтуудад “... 10 жил 60 хоног ...” гэснийг “... 10 жил 2 сар ...” гэж тус тус өөрчилж, бусдыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч У.У-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН