Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/35

 

 

                                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч А.Э түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт А-ийн Эт холбогдох эрүүгийн 2517000000034 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймаг ............ сум........... дугаар баг, ........... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Б овогтой А-ийн Э, РД:/......................../

 

Холбогдсон хэргийн талаар: Б овогтой А-ийн Э нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баруун өвөр гэх газарт байрлах хохирогч Л.Бын монгол гэрт 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “намайг хонь хулгайлсан гэж бусдад ярьлаа” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар хохирогчийг гараараа цохиж, зодсоны улмаас биед нь баруун дээд 1,2,3-р шүдний уналт, баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын салстанд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн дээрх цаг хугацаанд хохирогч Г.Сийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баруун өвөр гэх газарт байрлах гэртээ байхад нь зодооныг салгах гэсэн үйлдлийг эсэргүүцэж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт 1 удаа цохих, толгойн тус газарт нь үнсний утгуураар  цохих зэргээр зодсоны улмаас биед нь толгойд зулайн хэсэгт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр Л.Б намайг хонь хулгай хийсэн гэж манай саахалт айлын Ц гэх эмэгтэйд хэлсэн. Тэгээд Ц гэх эмэгтэй Э манай хонийг хулгай хийсэн гэж Б ярьж байхад нь бичлэг хийгээд манай эхнэр О-т фэйсбүүкээр явуулсан байсан. Тэгээд би тэр бичлэгийг нь үзээд Бын гэрт нь очиж тодруулах гэтэл Б, С хоёр намайг гуйлгачин, хулгайч гэх мэт үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Бын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон чинь, Бын эхнэр С салгахаар нь би түүнийг түлхсэн. Тэгсэн хамт явж байсан Лн намайг салгаад аваад гарсан. Тэгээд би гэртээ харьсан...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48-49 хуудас/

2. Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би эхнэр Сийн хамт 0,75 литрийн савалгаатай нэрийг нь мэдэхгүй 1 шил виски уусан. Тэгээд би гэртээ хэвтэж байтал гаднаас манай баз хүргэн Э, бүтэн нэрийг нь мэдэхгүй У гэж дууддаг залуутай орж ирээд чи намайг хонь хулгай хийсэн гэж хүнд хэлсэн байна гээд учир зүггүй миний нүүр ам руу цохиод байсан. Тэгээд манай эхнэр С салгах гэтэл Э гэгч нь манай эхнэрийг аргалын хайрцаг дотор байсан үнсний утгуураар толгой руу нь нэг удаа цохиод толгойг нь хагалсан. Тэгээд Э, У хоёр гараад явсан. Тухайн үед У гэх залуу миний бие болон эхнэрийн биед халдаж цохисон зүйл байхгүй. Тэгээд манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн. Тэгээд орой нь буцаад гэртээ харьсан. 2025 оны 02 дугаар сарын 11-ний өглөө би гэртээ хэвтэж байтал Э ирээд чи намайг цагдаад өглөө гээд миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Манай эхнэр С дүү О-тээ манай гэрээс Э хонь хулгай хийчихлээ гэж утсаар хэлсэн юм байна лээ. Тэгээд Э танай хонийг хулгай хийгээгүй гээд намайг зодсон. Миний үүдэн 3 шүд хөдөлсөн байна. Одоогоор хоол идэж чадахгүй байна. Дандаа шингэн зүйл ууж байна. Эд хөрөнгөд учирсан хохирол байхгүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/

3. Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр нөхөр бид хоёр гэртээ байсан. Нөхөр бид 2 нэрийг нь мэдэхгүй виски хувааж уусан. Тэгээд гэртээ амарч байтал цагийг нь сайн санахгүй байна 12 цагийн үед байх манай хаалгыг гаднаас хүн нүдэж балбаад байсан. Тэгээд би хаалга нээж өгтөл миний төрсөн дүүгийн нөхөр Э, бүтэн нэрийг нь мэдэхгүй Улаанаа гэх залуутай хамт орж ирсэн. Тэгээд Э учир зүггүй манай нөхөр Быг чи намайг хонь хулгай хийсэн гэж Цд хэлсэн байна гээд шууд нүүр ам луу нь цохиж зодсон. Тэгээд Э миний нүүр луү гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгээд Э дахиад манай нөхрийг зодох гээд дайрхаар нь би салгах гээд Эын дээлний бүснээс таттал Э эргэж хараад намайг галын хүрзэн утгуураар миний толгой руу 1 удаа цохиж миний толгойг хагалсан. Тэгээд Э, У хоёр гараад явахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/

4. Гэрч Т.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр би гэртээ байж байтал манай саахалт айлын Э намайг гэртээ дуудсан. Тэгээд би яваад очтол Э чи бид хоёрыг хулгай хийсэн гэж Б хүнд хэлсэн байна гээд надад бичлэг үзүүлсэн. Тэгээд Э бид хоёр Бын гэрт нь очоод учрыг нь ольё гээд явсан. Тэгээд Бын гэрт нь очоод Э Бд уурлаад шууд нүүр лүү нь нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би ингэж хүн цохиж зодож болохгүй гээд салгаад авч гарсан. Өөр зүйл болоогүй. Б, С хоёр Э бид хоёрыг очиход согтуу байсан. Ер нь Б, С хоёр байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүмүүс гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр хуудас/

5. Шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 13ы өдрийн 74 дугаар дүгнэлтэнд:

  1. Л.Бын биед баруун дээд 1,2,3-р шүдний уналт, баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын салстанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

        3. Баруун дээд 1,2,3-р шүдний уналт, баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын салстанд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөргөн зэрэг тогтоогдпоо

       4.  Баруун дээд 1,2,3-р шүдний уналт гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 26 хуудас/

6. Шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 17ы өдрийн 76 дугаар дүгнэлтэнд:

  1. Г.Сийн биед толгойд зулайн хэсэгт шарх, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдпоо.
  2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

      3. Толгойд зулайн хэсэгт шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо

       7. Дээд уруулд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 31 хуудас/

       8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /х.х-ийн 50 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б овогтой -ийн Э нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баруун өвөр гэх газарт байрлах хохирогч Л.Бын монгол гэрт 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “намайг хонь хулгайлсан гэж бусдад ярьлаа” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар хохирогчийг гараараа цохиж, зодсоны улмаас биед нь баруун дээд 1,2,3-р шүдний уналт, баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын салстанд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн дээрх цаг хугацаанд хохирогч Г.Сийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баруун өвөр гэх газарт байрлах гэртээ байхад нь зодооныг салгах гэсэн үйлдлийг эсэргүүцэж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт 1 удаа цохих, толгойн тус газарт нь үнсний утгуураар  цохиж зодсоны улмаас биед нь толгойд зулайн хэсэгт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эын өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Б, Г.С, гэрч Т.Лхагвасүрэн нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2025 оны 02 дүгээр сарын 14ы өдрийн 74, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.        

Мөн шүүгдэгч А.Э нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч А.Э  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч А.Э нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: шүүгдэгч Б овогтой А-ийн Э нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баруун Өвөр гэх газарт байрлах хохирогч Л.Бын монгол гэрт 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр намайг хонь хулгайлсан гэж бусдад ярилаа гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, түүнийг зодож цохисны улмаас биед нь баруун дээд 1, 2, 3 дугаар шүдний уналт, баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн дээрх цаг хугацаанд хохирогч Г.Сийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баруун Өвөр гэх газарт байрлах гэртээ байхад зодооныг салгах гэсэн үйлдлийг нь эсэргүүцэж улмаар хохирогчийн нүүр хэсэгт цохих, толгойн тус газарт нь утгуураар цохих зэргээр зодсоны улмаас биед нь толгойн зулайн хэсэгт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б, Г.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь яллагдагчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул яллагдагч нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй. Шүүгдэгч А.Эын үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал, мөн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал: Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж прокурорт хүсэлт гаргасны дагуу прокуророос түүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлсэн. Мөн прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон учраас түүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүнд оногдуулсан торгох ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоох гэсэн улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд ял, шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргажээ.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч А.Э нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч А.Эын хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 08 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2517000000034 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Л.Б, Г.С нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн галын хүрзэн утгуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-ийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт х эрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг  800 /найман зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оногдуулсан 800 /найман зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 08 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн галын хүрзэн утгуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн эхрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ