| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0033/э |
| Дугаар | 2025/ШЦТ/36 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Б
улсын яллагч Б.Б,
шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ж-н Х-д холбогдох эрүүгийн 2517000100013 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19*** оны 10 дугаар сарын 21-нд Д аймгийн Ц суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** хамт Г аймгийн Б сумын *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны 06 дугаар сарын ***-ны өдрийн 2023/ШЦТ/****дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх А овогт Ж-н Х /РД:ЗН,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ж.Х нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа Даюун загварын улсын дугааргүй мотоциклийг согтуурсан үедээ жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Х-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2517000100013 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагт хөдөө мал дээрээ байж байтал манай дүү утсаар залгаад ээжийн бие муу байна хүрээд ир гэсэн. Өмнөхөн нь хүмүүс зам асуухдаа 2 лааз пиво өгсөнийг уучихсан. Мөн айраг халаасан байснаа уучихсан байсан. Ээждээ хүргэж өгөх гэж байгаад гэр хорооллоос цагдаад баригдсан нь үнэн гэв.
2. Шүүгдэгч Ж.Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 13 цаг өнгөрч байхад би Говьсүмбэр аймаг Баянтал сум 1 дүгээр багт байрлах хөдөө гэртээ байж байгаад 5 литр айраг, 0,5 литрийн савлагаатай пиво 4 лаазыг уугаад тухайн үед манай ээжийн бие муу байсан тул хувцсыг нь сольж өгөх гээд Бянтал сумын эмнэлэг рүү өөрийн эзэмшлийн дугааргүй шар өнгөтэй "Даюун” маркийн мотоциклтэй явж байхад замын цагдаа зогсоож шалгасан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл уусан байсан болохоор цагдаа намайг согтолт хэмжих багажаар шалгахад 2,29 хувийн согтолттой байсан. Тухайн үед миний мотоциклийг журамлаж намайг манай эхнэр О-т хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
3. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дэслэгч Б-н хамт Баянтал сумын 1 дүгээр багийн гэр хороололын орчимд 02-24 ГСО улсын дугаартай албаны машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 14 цагийн орчимд шар өнгийн улсын дугаар байхгүй Даюун маркийн мотоцикл унасан иргэн Баянтал сумын гэр хороолол дундаас гарч ирээд Баянтал сумын эмнэлэг чиглээд хөдөлгөөн үйлдээд явж байхад нь зогсоож шалгаж, тандагч багажаар шалгахад согтолттой гэж зааж байсан. тэгэхээр нь машиндаа суулгаж яваад цагдаагийн хэсэг дээр очоод согтолт хэмждэг багажаар шалгахад 2,29 хувийн согтолттой байсан.
Ямар ч хүн байхгүй. Х гэх хүн ганцаараа явж байсан. Тэгээд Хг дүү болох А-д хүлээлгэн өгч унаж явсан мотоциклийг журмын хашаанд хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
4. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би Х-тай 1998 оноос хойш найзалж нэг дор амьдарч байна. Х хүнд их тусархуу, гэр бүлдээ халамжтай энд тэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, гэр орондоо агсам согтуу тавиад үр хүүхдээ айлгаад байдаг зүйл байхгүй, байнга мал маллаад гадуур явж байдаг. Адуунд сонирхолтой хүн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
5. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
6. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*** оны 07 дугаар сарын **-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
7. Шүүгдэгч Ж.Х-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгэээр хуудас/
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*** оны 06 дугаар сарын *-ны өдрийн 2023/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 24-27 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Ж.Х-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ж.Х нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа Даюун загварын улсын дугааргүй мотоциклийг согтуурсан үедээ жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.Х гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Ж.Х нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг согтуурсан үедээ жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон байна гэж үзлээ.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ж.Х нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*** оны 07 дугаар сарын **-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;” гэх үндэслэлээр түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна. Шүүгдэгч Ж.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Согтуурсан гэдэгт шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.
Түүнчлэн шүүгдэгч Ж.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, гэрч Б.М-ын мэдүүлэг, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 07 дугаар сарын ***-ны өдрийн 2024/ЗШ/**** дугаартай шийтгэврийн хуулбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ж.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Х нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Ж.Х нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ж.Хг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч Ж.Хг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Ж.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь 1 жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.Х эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Ж.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Ж.Х-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ж.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хг 6 сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Ж-н Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хг 6 /зургаа/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ж.Х нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ