| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/0154/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/808 |
| Огноо | 2025-03-31 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/808
2025 03 31 2025/ШЦТ/808
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овгийн Н-ийн Бд холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *****дүгээр хаалттай хорих ангийн төлөөлөгчөөр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”,
37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1,4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...’’-ыг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж,
2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр **************нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *****дүгээр хаалттай хорих ангид хоригдолтой уулзаж, мэдээлэл цуглуулах албаны чиг үүргээ урвуулан ашиглаж өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулах мөнгийг хоригдол Р.Гыг олж өгөхийг шаардаж, түүний найз М.Наас 300,000 төгрөгийг нагац эгч В.Бын эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот дансаар шилжүүлэн авч, хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед өөртөө эд хөрөнгө олж авах давуу байдал бий болгосон гэж байна. Хоригдол Гтай мэдээлэл олж авах зорилгоор уулздаг байсан. Гын эх сурвалжтай мэдээ мэдээллийг шалгаж тогтоон гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга болон ангийн даргад хорих ял эдлэх албаны гүйцэтгэх ажлын хэлтэс рүү 7 хоног болгон хүргүүлдэг байсан. Тухайн үед ***, ****, **** дугаар хаалттай хорих ангиудаас онцтой анхаарал татсан маш олон хоригдолтой байсан тул туслах хүчний хэрэгцээ маш их байсан. Туслах хүчин элсүүлэх зорилгоор Г-тай тогтмол уулзаж ангийн удирдлагуудад байнгын илтгэх хуудас танилцуулдаг байсан. Тухайн илтгэх хуудас нь миний хэрэгт ороогүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хаалттай дэглэмд ял эдэлж байгаа хоригдлуудын эргэлт уулзалт болон гар утсаар ярих, захидал харилцаа авах хугацаа нь урт байдаг. Иймд хоригдол Г надад санал тавьсан. Хоригдол Г-ын итгэл үнэмшлийг олж авах зорилгоор цаашдаа ч туслах хүчнээр элсүүлэх боломжтой байна гэж үзээд саналыг нь зөвшөөрсөн. Тухайн үед *****дүгээр хаалттай хорих ангид дамжин өнгөрүүлэхтэй 400 гаруй хоригдолтой байсан. Хоригдол Г-ыг анх дамжин өнгөрөх байхад нь уулздаг байсан. Хорих ялаа аваад *****дүгээр хорих ангид хуваарилагдса ба элсүүлэх зорилгоор тогтмол уулздаг байсан. Түүнээс хоригдол Г-ыг дарамталж хорих ангид юм хийлгээд гадагшаа гаргах боломжгүй. Хоригдол Г-ын эх сурвалжтай мэдээ мэдээллийг тогтмол танилцуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх гүйцэтгэх ажлын хэлтэст байнгын явуулдаг байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ****************** дугаартай хэргээс:
Улсын яллагч гэрч М.Н-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 16-18-р хуудас/, иргэн Б.Хгийн мэдүүлэг /1-р хх-ийн 20-р хуудас/, гэрч В.Б-ын мэдүүлэг, түүнд хавсаргасан дансны хуулга /1-р хх-ийн 23-25-р хуудас/, яллагдагч Н.Бий эзэмшлийн “Хаан” банк дахь ********** дугаарын дансны хуулга /1-р хх-ийн 29-30-р хуудас/, гэрч Р.Гын мэдүүлэг /1-р хх-ийн 36-41-р хуудас/, гэрч Г.А-ын мэдүүлэг /1-р хх-ийн 48-49-р хуудас/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /1-р хх-ийн 51-53-р хуудас/, гэрч Х.Д-ын мэдүүлэг /1-р хх-ийн 54-58-р хуудас/, гэрч Б.Юын мэдүүлэг /1-р хх-ийн 59-60-р хуудас/, “Хаан” банкны 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 29/4115 дугаар албан бичиг /1-р хх-ийн 62-р хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 05-01/1854 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1-р хх-ийн 64-70-р хуудас/, яллагдагч Н.Б-ий мэдүүлэг /1-р хх-ийн 185-186-р хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 02/165-МН дугаартай “маш нууц” зэрэглэлийн албан бичиг, түүний хавсралт /1-р хх-ийн 11-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Б-ий өмгөөлөгч Э.Мягмардорж хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлуулав.
Шүүгдэгч Н.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Н.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлэг болон шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Н.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *****дүгээр хаалттай хорих ангийн төлөөлөгчөөр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 дэх заалт, 37.1.13 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.4 дэх заалтад заасныг тус тус зөрчиж,
2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр **************нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *****дүгээр хаалттай хорих ангид хоригдолтой уулзаж, мэдээлэл цуглуулах албаны чиг үүргээ урвуулан ашиглаж өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулах мөнгийг хоригдол Р.Г-ыг олж өгөхийг шаардаж, түүний найз М.Н-аас 300,000 төгрөгийг нагац эгч В.Бын эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот дансаар шилжүүлэн авч, хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө эдийн давуу байдал бий болгосон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Гэрч М.Н-ын: “...Тэгж байснаа 2022 оны 05 дугаар сард миний дугаар луу танихгүй дугаараас залгаад “би Г байна... би энд цэцэг тарих гэж байгаа юм, 100 гаруй ширхэг цэцгийн сав хэрэгтэй байна, чи надад туслаач” гэсэн... Р.Гын хоригдож байгаа асуудлыг хэлээд найзуудаараа тусалъя гээд 50,000 төгрөгийг 6 хүн нийлүүлээд нийт 300,000 төгрөг цуглараад Р.Галбадарахад хэлсэн... би 300,000 төгрөгийг нь Р.Гын хэлсэн данс руу нь “Галаад 98119949” гэсэн утгаар шилжүүлсэн... энэ хуулгаа мэдүүлэгтээ хавсаргуулах хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг, түүнд хавсаргасан дансны хуулга /1-р хх-ийн 16-18-р хуудас/,
- Иргэн Б.Хгийн эзэмшлийн “Хаан” банкин дахь ************** тоот дансны хуулга /1-р хх-ийн 20-р хуудас/,
- Гэрч В.Б-ын: “...Н.Б нь манай эгч В-ийн О-ийн төрсөн хүүхэд байгаа юм. Би өөрийнхөө ********** дугаарын дансны 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулгыг авчирсан. Энэ хуулгаас харахад бол уг мөнгө миний дансанд орж ирсэн байна. Тэгээд би дүү Н.Бий ********** дугаарын данс руу “анай” гэсэн утгаар шилжүүлсэн байна... манай дүү Н.Б миний дансаар мөнгө авсан юм шиг байна. Энэ талаар Н.Б сайн мэдэх байх. Би дансныхаа хуулгыг хавсаргуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг, түүнд хавсаргасан дансны хуулга /1-р хх-ийн 23-25-р хуудас/,
- Яллагдагч Н.Б-ий эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот дансны хуулга /1-р хх-ийн 29-30-р хуудас/,
- Гэрч Р.Г-ын: “...Тэгтэл намайг хэд хоногийн дараа дахиж дуудаад “чиний хийж өгсөн юмнууд чинь гайгүй үнэтэй юм байна шүү дээ, чи надад дахиад хийгээд өгчих, би машиныхаа 4 амортизаторыг солиулчихмаар байна” гэж надад хэлсэн тэгэхээр нь би “одоо бол дахиж хийж өгч чадахгүй” гэсэн. Тэгэхэд “чи тэгвэл миний машины 4 амортизаторыг солиулаад өгчих, 500,000 төгрөг болох юм байна” гээд фейсбүүк дээрээс өөрийнхөө утсаар хайгаад зар харуулаад байсан. Тэгэхээр нь би надад тийм боломж байхгүй, аав, ээж маань тэтгэврийн хүмүүс байдаг гэсэн тэгэхэд “чиний ар гэртэй уулзах нэрсийн жагсаалтыг харсан чинь дандаа л том том банканд ажилладаг, компанийн захирал гэсэн хүмүүс байна лээ шүү дээ. Тэд нараасаа аваад өгчих” гэж хэлсэн. Тэгээд би аргагүй байдалд ороод багын найз М.Н руу Б төлөөлөгчийн өрөөнд байдаг суурин хар утсаар ярьж 500,000 төгрөг авч өгөхөөр болсон. Б төлөөлөгч нь надад хэлэхдээ “чи найздаа цэцгийн сав авах хэрэгтэй байгаа юм гээд мөнгө асуугаарай, тэгэхгүй бол хэл аманд орно” гээд би найз М.Н руу яриад хорих ангид цэцгийн сав авах гэж байгаа юм, мөнгө хэрэгтэй байна найздаа 500,000 төгрөг олоод өгөөч гэж хэлсэн... Тэр хооронд Б төлөөлөгч өдөр болгон орж ирээд нөгөө найз чинь яачваа яагаад мөнгө явуулахгүй байгаа юм бэ гээд намайг өрөөндөө оруулаад М.Н руу өдөр болгон яриулдаг байсан. Тэгж байгаад 2-3 хоногийн дараа манай найз Б төлөөлөгчийн хэлсэн данс руу нь 300,000 төгрөг шилжүүлчихлээ гэж ярьсан. Б төлөөлөгч 500,000 төгрөг анх нэхсэн, чи 300,000 төгрөг олж өгсөн одоо 200,000 төгрөгийг нь гүйцээгээд өгчхөөч ээ гээд байнга нэхдэг байсан. Тэгээд нэхээд байхаар нь би сүүлдээ “би ер нь танд өгөх албатай юм уу, ангийн даргад, прокурорт энэ талаар гомдол гаргана” гэж хэлсэн, тэгсэн чинь намайг дарамтлаад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 36-41-р хуудас/,
- Гэрч Г.А-ын: “...Р.Г нь *****дүгээр хорих ангиас Прокурорын тогтоолоор дэглэм дээшилж манай хорих ангид 2023 оны 6 дугаар сард ирсэн. Тэгээд манай хорих ангид хоригдож байгаад дэглэм буураад 2024 оны 6 дугаар сард Дархан-Уул аймгийн хорих ангид байгаа санагдаж байна... Гомдлынх нь дагуу Р.Гтай прокуророос ирж уулзсан, Хүний эрхийн үндэсний комиссоос ирж уулзсан, прокуророос хариу албан бичиг ирсэн. Түүнийг нь би Р.Г-д танилцуулж байсан. Тэгээд байхад л нэг гаргасан гомдлоо дахин дахин гаргаад байдаг. Тэгэх үед нь Р.Г-д энэ гомдол чинь зохих байгууллагадаа очоод албан бичгээр хариу ирчихсэн, дахин гаргах шаардлагагүй гээд сүүлд гаргасан ганц нэг гомдлыг нь түүнд буцааж өгч байсан... өөрөөр түүний хүсэлт, гомдлыг дарагдуулаад байсан зүйл байхгүй. Гомдол хүсэлт нь бүгд бүртгэлээр ороод хувийн хэрэгт нь хадгалагдсан байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 48-49-р хуудас/,
- Гэрч Б.Б-ын: “...Үйлдвэрийн дарга, үйлдвэрийн технологич нар бол оёдлын ажил хийж байгаа хоригдлуудыг хянаж байгаа. Мөн албан хаагч нар 3 шалганаар дамжиж хашаанаас гарна. Шалган дээр бол албан хаагч нарын автомашиныг бүгдийг шалгана... Тэгэхээр таны асуусан шиг хууль бус үйлдэл хийх гэж байгаа бол үйлдвэрийн технологич нар, үйлдвэрийн дарга мэдэхгүйгээр хоригдол албан хаагчид гэрийн бүрээс оёж өгнө гэсэн асуудал байхгүй... технологич, үйлдвэрийн дарга нартай үгсэн хуйвалдаад хийлгэлээ гэж бодоход 3 шалганаар заавал шалгагдаж мэдэгдэнэ... Тэгэхээр дээрх албан хаагч нар бүгд л хууль бусаар үгсэн хуйвалддаггүй юм бол энэ бол боломжгүй үйлдэл юм... Хоригдлууд угаасаа үнэгүй ирдэг хувцсанд мөнгө зараад материал аваад хувцас оёж өмсөнө гэж байхгүй шүү дээ... хорих ангийн төлөөлөгч хоригдлуудтай чөлөөтэй уулзана... хорих ангийн төлөөлөгчийн өрөөнд албаны утас байдаг. Тэр утсаар яриулж бол болдог...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 51-53-р хуудас/,
- Гэрч Х.Дын: “...зөвшөөрөлгүйгээр хоригдлууд албан хаагч нарын гуйлтаар гэрийн бүрээс оёж өгч, түүнийг хорих ангийн албан хаагч нар хорих ангиас авч гарч борлуулах боломжгүй. Яагаад гэвэл үйлдвэрийн материал яг нормтой, мөн үйлдвэрийн технологич, үйлдвэрийн дарга хяналт тавьж байгаа... Р.Г нь дээрх байдлаар мэдүүлсэн шиг надаастийм зүйл асуужбайсан зүйл байхгүй... манай үйлдвэрт зузаан юм оёдог хатуу оёдлын машин байдаг, энгийн хувцсыг манай үйлдвэрийн оёдлын машин дээр оёх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 54-58-р хуудас/,
- Гэрч Б.Юын: “...Газрын ивээл ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан... Хорих анги бол бүхэлдээ хяналтын камертай, хөдөлгөөн бүр бичигдэнэ. Нэг албан хаагч, нэг хоригдол хоёр дээрх байдлаар хууль бус үйлдэл хийх боломжгүй. Хэрэв боломжтой гэж үзэх юм бол тухайн хорих ангийн бүх албан хаагч нар хууль бус үйлдэлд оролцож, мэдэж байж хорих ангиас гаргана, тиймээс ер нь боломжгүй гэж хэлэхэд болно... Үйлдвэрийн мастер, технологич нар хариуцаж байгаа. Хоригдлууд бол хуваарилагдсан юм л оёх ёстой, өөр ажил хийх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 59-60-р хуудас/,
- Хаан банкны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 29/4115 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 62-р хуудас/,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 05-01/1854 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1-р хх-ийн 64-70-р хуудас/,
- Яллагдагч Н.Бий: “...би Р.Гаас 300,000 төгрөгийг авсан нь бол буруу, гэхдээ би уг 300,000 төгрөгийг хахууль байдлаар аваагүй, Р.Гад ямар нэгэн зүйл амлаагүй, мөнгө авсныхаа хариуд ямар нэгэн байдлаар тусалсан, түүнд ашигтай зүйл хийсэн юм байхгүй шүү дээ. Тэгээд би Р.Гаас авсан 300,000 төгрөгийг түүний ээжид нь дансаар нь буцаагаад өгчихсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 185-186-р хуудас/,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 02/165-МН дугаартай “маш нууц” зэрэглэлийн албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргээс тусдаа 1 хавтас 11 хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хэргийн үйл баримтыг дараах байдлаар тогтоогдохгүй байна гэж мэтгэлцсэн. Үүнд:
Шүүгдэгч Н.Бий өмгөөлөгч Э.Мягмардоржоос: “Өнөөдөр бид хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлтээ хэлэх ёстой. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд миний үйлчлүүлэгч албан тушаалын байдлаа ашиглан өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхгүй байна. Мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол Г-ын мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Г удаа дараа худлаа мэдүүлэг өгсөн байдаг. Нотлогдохгүй байхад хүнийг гэм буруутайд тооцож болохгүй. Хоригдол Г ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн гэдэг нь гэрч Н-ын мэдүүлгээс харагддаг. Гэрч Н-ын мэдүүлэгт “300,000 төгрөг шилжүүлчих цэцгийн сав авах гэж байгаа” гэж хэлсэн байдаг. Энэ нотлох баримтыг гол үндэслэл болгох хэрэгтэй. Хоригдлын итгэлийг олж авах гэсний үндсэн дээр захисан зүйлийг нь авсан байх боломжтой. Хоригдол Г-аас мөнгө шилжүүлж авсны дараа миний үйлчлүүлэгч Б ажлаа өөрчилсөн, ганцаарчлан уулзах боломж бага байсан нөхцөл байдал харагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар диспозитивыг анхаарах ёстой. Хоригдол Г-д давуу байдал бий болгосон гэж байна. Гад яг ямар давуу байдал бий болгосон нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуульд зааснаар үйлдэл хийгээгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд яг ямар буруутай үйлдэл хийсэн нь тодорхойгүй байна. Ямар нэг үйлдэл байхгүй бол гэм буруу байхгүй, гэм буруу байхгүй бол эрүүгийн хариуцлага гэж байхгүй. Авлигын эсрэг нэгдсэн конвенцын 17 дугаар зүйлд “албан тушаалын гэмт хэрэг” гэж ямар гэмт хэрэг гэдгийг тодорхой дурдсан. Нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хийх зорилгоор өөрт нь эсвэл өөр хувь хүн хуулийн этгээд зүй бус буюу давуу байдал олгохыг шууд ба шууд бусаар тухайн албан тушаалтанд хандах санал болгох эсвэл давуу байдал олгохыг албан тушаалын гэмт хэрэг гэж үздэг. Үйлдэл, эс үйлдэхүйг хийлгэх зорилгоор үйлдэгдсэн байдаг. Г юу хийлгэх гээд мөнгө өгөөд байгааг тодруулах ёстой. Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх ажил үүргийн хувьд гүйцэтгэх ёстой чиг үүргээ өөрт ашигтай нөхцөл байдлаар бий болгох буюу ямар ашигтай нөхцөл байдал бий болгох санаа зорилго байгааг тогтоож байж төрийн албан хаагч санаатайгаар гэмт хэрэг үйлдсэнд тооцож бусад арга хэмжээг авах ёстой. Хууль бус давуу байдал олгохыг амлах санал болгосон зүйл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Гэрч Гын мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Давуу бүрээс оёж өгөөд түүнийг нь гаргах боломжгүй гэж мэдүүлдэг. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугүй гэж үзэж байна. Иймд гэм бурууг тогтоох ажиллагааны явцад гэм буруутай байх зарчмыг үйлдэл хор уршиг хоёрын харилцан хамааралтай байх зарчим, өөрийгөө гэм буруугүйг нотлохгүй байх зарчим зэрэг нөхцөл байдал үүсэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гүйцэтгэх ажилтан туслах ажилтнаа сонгох явцдаа ямар үйл ажиллагаа чиглэл хийхийг ажлын байрны тодорхойлолтод тодорхой заасан байдаг. Тухайн хорих анги нь камертэй учраас үүдэнд удаан хугацаагаар зогсоох, дарамтлах зэргийг гэрчлэх нотлох баримт байхгүй байна. Яллагдагчаар татахаас өмнө тухайн мөнгийг ээжид нь өгсөн байгаа. Яллагдагчаар татаж байгаа ойлголт нь өөрөө “яллагдагчаар татагдаж байна шүү” гэж яллагдагчид сануулж мэдүүлэг авдаг. Тухайн үед уулзах боломжгүй байсан учраас дараа нь шилжүүлсэн байгаа. Яллах дүгнэлтэд авагдсан гэрч нарын мэдүүлэг нь миний үйлчлүүлэгчийг гэм буруугүй гэдгийг тогтоосон нотлох баримтууд байна. Хувийн хэрэгцээнд зарцуулсан байна гэж байна. Энэ нь өөрөө хүний амьдрал, хүн өдөр тутамдаа идэж уух хоол ундаа авахаар зарцуулна. Өөрийн амьдралын хэрэгцээнд зарцуулсан нь тогтоогдохгүй байна. Иймд миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэж,
Улсын яллагчаас: яллах дүгнэлтдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бий үйлдэлд дараах байдлаар хууль зүйн дүгнэлт хийжээ. Үүнд:
Шүүгдэгч Н.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар *****дүгээр хаалттай хорих ангийн төлөөлөгчөөр томилогджээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 4.1.1 дэх заалтад “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заасны дагуу “*****дүгээр хаалттай хорих ангийн төлөөлөгч” нь төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтанд хамаарч байх тул яллагдагч Н.Б нь нийтийн албан тушаалтан байна.
H.Б нь хувийн хэрэгцээнд зарцуулах 500,000 төгрөгийг хоригдол Р.Гыг олж өгөхийг шаардсаны дагуу тэрээр утсыг нь ашиглан найз М.Нтай ярьж, мөнгө өгөхийг гуйжээ.
Улмаар М.Наас найз Р.Гад зориулж шилжүүлсэн 300,000 төгрөгийг Н.Б нь нагац эгчийнхээ дансаар дамжуулан авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан буюу албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө эдийн давуу байдал бий болгосон нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Н.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *****дүгээр хаалттай хорих ангийн төлөөлөгчөөр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дахь заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”,
37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1,4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...’’-ыг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж,
2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр **************нутаг дэвсгэрт байрлах *****дүгээр хаалттай хорих ангид хоригдолтой уулзаж, мэдээлэл цуглуулах албаны чиг үүргээ урвуулан ашиглаж өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулах мөнгийг хоригдол Р.Гыг олж өгөхийг шаардаж, түүний найз М.Наас 300,000 (гурван зуун мянга) төгрөг гаргуулан нагац эгч В.Бын эзэмшлийн “Хаан” банк дахь ********** дугаарын дансаар дамжуулан авч, хийх ёсгүй үйлдэл хийн өөртөө эдийн давуу байдал бий болгосон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Н.Б нь хувийн хэрэгцээнд зарцуулах 500,000 төгрөгийг хоригдол Р.Г-ыг олж өгөхийг шаардсаны дагуу тэрээр утсыг нь ашиглан найз М.Н-тай ярьж, мөнгө өгөхийг гуйсан. Улмаар М.Наас найз Р.Гад зориулж шилжүүлсэн 300,000 төгрөгийг Н.Б нь нагац эгчийнхээ дансаар дамжуулан авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан буюу албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө эдийн давуу байдал бий болгосон болон нь тогтоогдсон.
Нийтийн албан тушаалтан Н.Б нь албан тушаалын байдлын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө эдийн давуу байдал бий болгосон үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.
Шүүгдэгч Н.Б-ий үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Дан ганц Р.Гын мэдүүлгээр яллаагүй, түүний мэдүүлэг давхар гэрч В.Б, М.Н нарын мэдүүлэг, тэдгээрийн болон Б.Х, Н.Б нарын дансны хуулга зэргээр нотлогддог. Гүйцэтгэх ажлын тухай хууль болон шүүгдэгч Н.Б-ий ажил байдлын тодорхойлолтод хоригдлоос мөнгө авах, эсхүл гаднаас эд зүйл оруулж ирэхийг зөвшөөрсөн хэм хэмжээ байхгүй. Р.Г-д давуу байдал бий болгосон гэж яллаагүй, шүүгдэгч Н.Бийг өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэж ялласан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас өмнө хохирол, хор уршгийг арилгасан нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй...” гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтын талаарх талуудын мэтгэлцсэн байдлыг харгалзаж дараах байдлаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж өгсөн.
“Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтнууд хамаарна.
Шүүгдэгч Н.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар *****дүгээр хаалттай хорих ангийн төлөөлөгчөөр томилогджээ.
Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заагаад, 4.1.1 дэх заалтад “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *****дүгээр хаалттай хорих ангийн төлөөлөгч нь “төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан”-д хамаарч байх тул шүүгдэгч Н.Б нь нийтийн албан тушаалтан мөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт: “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тодорхойлсон.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.5-д “хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг”, 3.1.7-д “ашгийн төлөө үйл ажиллагаа” гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг” ойлгоно гэжээ.
Мөн уг гэмт хэргийн субьектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг.
Хэрэгт цугларсан гэрч В.Б, М.Н нарын эзэмшлийн Хаан банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулгаар М.Н нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 58 минутад В.Бын эзэмшлийн данс руу 300,000 төгрөгийг “**************” гэсэн утгатайгаар шилжүүлж, В.Б нь тус өдрийн 16 цаг 53 минутад Н.Бий эзэмшлийн ********** тоот данс руу дээрх 300,000 төгрөгийг “anai” гэх утгатайгаар шилжүүлжээ.
Шүүгдэгч Н.Бий эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 30-р хуудас/-аар 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус банкны 5029388970 тоот данснаас 3,000,000 төгрөгийг “Temuujingees”, 5015213542 тоот данснаас 1,500,000 төгрөгийг “Temuujingees” гэх утгатайгаар, мөн түүний нагац эгч В.Бын эзэмшлийн ********** тоот данснаас 300,000 төгрөгийг “anai” гэх утгаар тус тус орлогын гүйлгээ хийгдэж, түүний дансны үлдэгдэл 4,840,039 төгрөг болсон болох нь тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Н.Б нь 2022 оны 05 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн данснаас АТМ машинаас бэлнээр 4,000,000 төгрөгийн болон бусад байдлаар 9 удаагийн гүйлгээр хувийн хэрэгцээндээ зарцуулсан зарлагын гүйлгээ хийж, 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар түүний эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот дансны үлдэгдэл нь 15,059 төгрөг болсон байжээ.
Мөн шүүгдэгч Н.Б нь хоригдол Р.Г-ын төрсөн эх Б.Хгийн эзэмшлийн Хаан банкин дахь ************** тоот данс руу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийг “Bilguun” гэх утгатайгаар өөрийн нагац эгч В.Бын дансыг ашиглан 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан 300,000 төгрөгийг 1жил 3 сар 12 хоногийн дараа буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөн найруулж, тус зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.
Өөрөөр хэлбэл, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг өөрчлөн найруулсан зохицуулалтаар урьд энэ гэмт хэрэгт оногдуулахаар заасан байсан хорихоос өөр төрлийн ялуудаас торгох ялыг хассан байна.
Шүүгдэгч Н.Бий гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Н.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *****дүгээр хаалттай хорих ангийн төлөөлөгчөөр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”,
37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1,4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...’’-ыг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж,
2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр **************нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *****дүгээр хаалттай хорих ангид хоригдолтой уулзаж, мэдээлэл цуглуулах албаны чиг үүргээ урвуулан ашиглаж өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулах мөнгийг хоригдол Р.Гыг олж өгөхийг шаардаж, түүний найз М.Наас 300,000 төгрөгийг нагац эгч В.Бын эзэмшлийн Хаан банкин дахь ********** тоот дансаар шилжүүлэн авч, хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба шүүгдэгч Н.Б нь хоригдол Р.Гын төрсөн эх Б.Хгийн эзэмшлийн Хаан банкин дахь ************** тоот данс руу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийг “Bilguun” гэх утгатайгаар шилжүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж зааснаар шүүгдэгч Н.Бий “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдэж олсон орлого болох нийт 300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлагын хурлыг үргэлжлүүлэн явуулав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Шүүгдэгч Н.Бий үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нийтийн албан тушаалтан Н.Б нь албан тушаалын байдлын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө эдийн давуу байдал бий болгосон болох нь тогтоогджээ.
Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн гэмт хэргийн шинж зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцлоо. Улсын яллагчийн зүгээс нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. Хэрэг гарах болсон шалтгаан хэргийн нөхцөл байдлыг харгалзаж үзэх ёстой. Миний үйлчлүүлэгч тогтвор суурьшилтай нэг байгууллагад ажиллаж, албан тушаал ахиж дэвшиж байсан хүн байгаа. Хохирлын хэмжээ бага 300,000 төгрөг байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Охинтойгоо хоёулаа амьдардаг. Ажил хөдөлмөр эрхэлж хүүхдээ тэжээн тэтгэх эрхийг нь хангах шаардлагатай байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт шинээр тооцож оногдуулах ялын хүндрүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг хүндрүүлсэн бол буцаан хэрэглэхгүй гэсэн байгаа. 2022 оны 12 дугаар сарын 13-наас нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө энэ гэмт хэрэг дээр торгох ял байсан. 5400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, зорчих эрхийг 1 жилээс 5 жил хүртэл хасах санкцтай байсан. Амьдралынх нь нөхцөл байдал буюу анх удаа гэмт хэргэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч хуульч, эрх зүйч хүн учраас цаашид хөдөлмөрлөх боломжийг хангаж нэмэгдэл ялыг багаар тогтоож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.
Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Бд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргасан Хаан банкны дансны хуулга бүхий СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, маш нууцын зэрэглэлтэй албан бичиг, түүний хавсралтыг хавтаст хэргээс тусад нь ирүүлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Н-ийн Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Н.Бийг 6,000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Н.Бий эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бээс 300,000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргасан Хаан банкны дансны хуулга бүхий СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
9. Хэрэгт “маш нууц”-ын зэрэглэлтэй албан бичиг, түүний хавсралтыг хавтаст хэргээс тусад нь ирүүлсэн болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ