| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0034/э |
| Дугаар | 2025/ШЦТ/37 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 21.2.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.О,
улсын яллагч Б.А,
шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н овогт М-н Хд холбогдох эрүүгийн 2417001440035 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19**оны 12 дугаар сарын **-нд Д аймгийн Г суманд төрсөн, **настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** хамт Г аймгийн С сумын ** дүгээр баг, Х** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Н овогт М-н Х /РД:ЗВ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Х нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн 209 тоот уулзалт, мэдүүлэг авах өрөөнд ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.М-д мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа иргэн Л-г 2024 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хорихын 75 дугаар байрны 5 дугаар орцонд намайг хүчиндсэн гэж худал мэдүүлсэн буюу бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Х нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн 209 тоот уулзалт, мэдүүлэг авах өрөөнд ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.М-д мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа иргэн Л-г 2024 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хорихын 75 дугаар байрны 5 дугаар орцонд намайг хүчиндсэн гэж худал мэдүүлсэн буюу бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
2. Яллагдагч М.Х мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэхдээ:
Хамт ажилладаг хүн А, Н нар гэрлэлтээ батлуулсан гээд Гранд бааранд цайллага хийгээд манай ажлынхан 2024 оны 10 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед цугласан. Тэгээд цайллаганд байж байгаад шөнийн 01 цагийн үед Гранд баарнаас би нөхөр Г-н хамт гэртээ буюу Сүмбэр сумын 1 дүгээр баг Хорихын 75 дугаар байрны 5-64 тоотод ирсэн. Нөхөр бид хоёрын араас хамт ажилладаг алба хаагч нар болох нярав О, дэд дарга Г, ахлах төлөөлөгч Л нар манай гэрт ирсэн. Манай нөхөр Г-н төрсөн өдөр 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болдог бөгөөд цайллага тараад төрсөн өдрийг нь үргэлжүүлэн тэмдэглэх гэж манай гэрт ирсэн. Би нөхрийн төрсөн өдрийг тэмдэглэнэ гээд 2 шил архи бэлдээд тавьсан байсан, тэрийг бид нар хувааж уугаад юм ярилцаад сууцгааж байсан. Гэтэл гэнэт дэд дарга Г, ахлах төлөөлөгч Л нар хоорондоо муудалцаад хэрэлдэж эхэлсэн. Тэр үед манай нөхөр Г “та 2 манай гэрт муудалцаад, боль” гээд хэлсэн чинь Л манай нөхөр Г-г нүүр хэсэгт нь нэг удаа цохиж, арагшлаад буцаад ирсэн чинь хамар луу нь мөргөчихсөн чинь хамраас нь цус гараад ариун цэврийн өрөө рүү цусаа угаах гээд орсон. Тэгээд тэд нар хоорондоо муудаад байхаар нь гэрээс гараад явсан бөгөөд шөнийн 03 цаг 20 минут болж байсан. Би гадаа орцонд чимээ чагнаад зогсож байгаад хэрэлдэхээ болиод гайгүй болохоор нь гэр лүүгээ орох гээд 5 дугаар орц руу алхаж байсан чинь өөдөөс Л гараад ирсэн. “Гараас чинь цус гараад байна ийм байдалтай гэр лүүгээ яаж орох юм, ээж чинь санаа нь зовно” гэж ярилцаад Л-ын гэр байдаг 3 дугаар орц руу дагуулж ороод нэг давхарын шатан дээр суулгасан. Тэгээд юм ярьж байгаад би Лыг босгоод гэр лүү нь оруулах санаатай түшээд 2 давхар луу гардаг хэсэг дээр ирсэн чинь Л намайг араас тэврээд доош харуулаад дараад авсан бөгөөд шууд миний өмсөж байсан бэлтгэлийн хар өнгийн өмдийг татаад тайлсан чинь миний дотуур хувцас хамт тайлагдаад өмд, дотоож 2 өвдөгний дээгүүр хэсэгт очсон байсан. Би эргэж харах гэтэл хөдөлж чадахгүй байсан бөгөөд Л намайг хөлөөрөө дарж байгаад өөрийнхөө өмдийг тайлан бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд 2 гараараа миний мөрөн дээрээс дарж байгаад хөдлөөд байсан, 1 минут орчим болоод Л өөрөө бэлэг эрхтнээ сугалаад авахаар нь би өмдөө татаад шууд орцноос гараад явсан. Л орцондоо үлдсэн. Намайг арагш нь харуулаад дарсан байсан мөн архи уусан байсан учир би түлхээд дийлээгүй. Хорихын 75 дугаар байранд манай ажлынхан байдаг учир санаа зовоод орилж, тусламж дуудаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хууддас/
...2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Л-т хүчиндүүлсэн гэж гомдол гаргасан юм. Тухайн үед бэлгийн хавьталд орсон нь үнэн, Л бид 2 архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор хэн хэн нь юу хийсэн талаараа сайн мэдэхгүй байна. Намайг биеэ авч явах чадваргүйг далимдуулж бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Л болон тухайн анги байгууллагаас ямар нэгэн байдлаар дарамталж байгаа зүйл байхгүй. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан юм... гэх мэдүүлэг /хх-н 43-44 дүгээр хуудас/
...Манай гэрт байж байх үед Л, О нар хоорондоо маргалдаад байсан. Тэр үед Л, О хоёрыг салгах гэж дундуур нь ороод болиулах гэж байгаад бие биенээсээ зууралдаж барьцалдаж байх үед түлхэгдэж хана болон гутлын тавиурт цохисон, тэрнээс өөрөөр намайг ямар нэгэн хүн цохиж зодож миний биед гэмтэл учруулсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-н 46-47 дугаар хуудас/,
3. Гэрч Э.Т-н ”...Х миний 80113505 гэсэн дугаар луу залгаж ярьсан. Ярихдаа бол надад “бид нар гэртээ архи уугаад, тэгээд манай ажлын ахлах төлөөлөгч манай нөхөр Г-г зодоод байна” гэж ярихаар нь “тийм бол цагдаа дуудаж өгөөч ээ” гэж л хэлсэн өөр зүйл бол яриагүй. Тэгээд дахиад над руу залгаад “цагдаа наад асуудлаа өөрсдөө шийд гээд байна аа” гэхээр нь “тэгвэл наад асуудлаа ангийнхаа дарга, удирдлагуудад хэл ээ” гэж хэлээд утсаа салгасан... Надад бол хүчирхийлүүлсэн талаар огт юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-н 57 дугаар хуудас/,
4. Гэрч Л.Д-ийн ”...Г-н эхнэр Х цагдаагийн байгууллага руу залгаад “манай нөхрийг хүн зодсон” гэж залгаж яриад байсан. Өөр бас хүмүүс рүү залгаж яриад байсан, хэн рүү яриад байгааг нь би мэдэхгүй байна... Цагдаа нар дуудлагаар ирээд юу болсон талаар асуухад “манай нөхрийг хүн зодсон, би дуудлага өгсөн” гэж хэлээд яриад байж байтал гэнэт Х “намайг хүн хүчиндсэн” гэж хэлсэн. Цагдаа нар ирээд “анх дуудлага өгсөн хүмүүс зодолдоод байна гэж дуудлага өгсөн байж та хучингийн талаар яриад байгаа нь ямар учиртай юм бэ” гэж асууж байсан. Б бид хоёр гайхаад Х-гаас асуухад юу ч хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 59-61 дүгээр хуудас/,
5. Гэрч А.З-н “...Тэднийд ороход Г, Л, О, Х нар байсан. Тэгээд ороод сууж байтал Л нилээн согтуу дэд даргатай маргалдаад байсан. Тэгээд байж байхаар нь “Л одоо болно суу” гэхэд Х хажуугаас нь “З-н чамд хамаагүй, хүн ярих юмаа ярьж байна, чи гарч болно шүү” гэхээр нь би тэгээд гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,
6. Гэрч В.Г-н “...2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны шилжих шөнө манай байгууллагын 2 ажилтан гэр бүлээ батлуулсан гээд алба хаагчдыг уриад Гранд зоогийн газарт арга хэмжээ болсон. Тэндээс гараад манай гэрт очоод 0,75 литрийн савалгаатай 1 шил архи уусан. Бид нар гэрт байж байтал Х руу дэд дарга Г залгасан. “Дэд дарга гадаа байна манай гэрийн хаягийг асууж байна, чамайг гараад ир гэж байна” гэж хэлсэн. Би гарч дэд даргыг оруулж ирэх гэтэл Л “нааш нь битгий оруулж ирээрэй, гэр лүү нь оруулаарай” гэсэн зүйлийг хэлсэн. Би гэрээсээ гарахад 1 дүгээр орцны зогсоолд дэд дарга зогсож байсан. Л нь О-ийг явуулахгүй гээд урд талаас нь тэврээд зогсож байсан. Тэгээд би Л-ыг тэврээд “боль” гэж хэлтэл Л “чи юугаа мэддэг юм” гэж хэлээд миний хамар луу толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгээд би Лыг яаж байгаа юм бэ гэж хэлэхэд ямар нэгэн зүйл хэлээгүй. Би Л-ын биед халдаж зодсон асуудал байхгүй. Манай гэрт байх үед өөрөө хана руу цохиод яваад байсан. Би Х-г хүчирхийлэлд өртсөн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 66-69 дүгээр хуудас/
7. Гэрч Г.Г-ийн ”...Надад ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн зүйлийн талаар хэлээгүй. Х-г хүчирхийлүүлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,
8. Гэрч Н.О-ийн ”...Х-г ямар нэгэн хүчирхийлэлд орсон эсэхийг мэдэхгүй. Яагаад цагдаа дээр ирж байгаа талаараа асуухад “Г, Л хоёр хоорондоо хэрүүл маргаан үүсгэж зодолдсон” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/,
9. Гэрч Р.Б-н “...Х цагдаа нарт хандаж “наадуул чинь намайг хүчиндсэн” гэж хэлсэн. Тэгээд би “хэн чамайг хүчиндсэн юм” гэж Х-гаас асуухад “Л намайг хүчиндсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас/,
10. Гэрч Д.Н-ын “...Х төлөв даруу, их тусархаг, хийж байгаа ажилдаа хариуцлагатай. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар ангид хамгаалалтын ажил хийдэг байсан. Урлаг спортод сайн, дуулдаг, гар бөмбөг тоголдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр хуудас/,
11. Гэрч Д.Л-ын “...2024 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө манай ажлын газрын 2 хүн гэрлэлтээ батлуулсан юм. Тэгээд алба хаагчдыг Гранд зоогийн газарт хоолонд оруулсан. Би ажлаа тараад 22 цагийн үед дэд дарга Г-ийн хамт очсон юм. Очих үед тэнд байсан хүмүүс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтсон байдалтай байсан. Г надтай тулгаж уугаад “00 цаг өнгөрөөд миний төрсөн өдөр болно, манай гэрт очно шүү” гэж хэлсэн. Бид нар бөөндөө байж байгаад Г-н гэр лүү Г, О, Х, Г, З-н бид 6 явсан. Г бид 2 хоорондын ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй. Манай ээж Г-тай явж байгаад осолд орсон талаар ууж байх үедээ яриад хоорондоо маргалдсан юм. Би Х-тай бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Би Х-тай 75 дугаар байрны 3 дугаар орц руу хамт орсон зүйл байхгүй... Харин Х-тай өмнө нь 2, 3 хоногийн өмнө уулзаж бэлгийн хавьталд орж байсан. Х-тай харилцан тохиролцож Сүмбэр сум 1-р баг хорихын 75-р байрны гадна өөрийн эзэмшлийн 16-06 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шөнө бэлгийн хавьталд орсон...” гэх мэдүүлэг /хх-н 142-143 дугаар хуудас/,
12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5694 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-1 гэж хаягласан арчдасаас илэрсэн цус нь ДНХ-н шинжилгээнд тэнцэхгүй.
- ХГҮ-1 гэж хаягласан арчдасаас илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байх тул Д.Л-ын ДНХ-н тогтоцтой харьцуулах боломжгүй.
Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.У гэжээ. /хх-ийн 92-34 дүгээр хуудас/,
13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5693 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-2 гэж хаягласан арчдасаас илэрсэн цус нь ДНХ-н шинжилгээнд тэнцэхгүй.
- ХГҮ-2 гэж хаягласан арчдасаас илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байх тул Д.Л-ын ДНХ-н тогтоцтой харьцуулах боломжгүй.
Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.У гэжээ. /хх-ийн 100-102 дугаар хуудас/,
14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5691 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- М.Х нь бэлгийн замаар дамжих Заг хүйтэн, Трихомониазын халдваргүй.
- Д.Л нь бэлгийн замаар дамжих ДОХ, Тэмбүүгийн халдваргүй.
Дүгнэлт гаргасан: Г.Ц гэжээ. /хх-ийн 106-108 дугаар хуудас/,
15. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 260 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- М.Х-гийн биед зүүн бугалганд, баруун шуунд, зүүн гуянд, зүүн өвдгөнд, зүүн шилбэнд, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Уг гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтооглоо.
- Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 111-112 дугаар хуудас/,
16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5692 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн АХ-1, АХ-2, УХ гэж хаягласан арчдасууд дээрээс эр бэлгийн эс илэрсэн.
- АХ-1, АХ-2, УХ гэж хаягласан арчдасууд дээрээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Д.Л-ын ДНХ-н тогтоцтой тохирно.
Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.У гэжээ. /хх-ийн 124-127 дугаар хуудас/,
17. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5690 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дотоож дээрээс цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.
- Уг илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-н тогтоц илэрсэн нь Д.Л-ын ДНХ-н тогтоцтой тохирно.
Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.Уянга гэжээ. /хх-ийн 133-136 дугаар хуудас/,
18. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-25 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 187 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан шүүгдэгч М.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч Э.Т, Л.Д, А.З-н, В.Г, Г.Г, Н.О, Р.Б, Д.Н, Д.Л нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5690, 5692, 5693, 5694 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5691 дугаартай шинжээчийн дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 260 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч Г.Э нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч М.Х-д эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч М.Хгийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч М.Х нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Э-тай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч М.Хг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч Г.Э нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5 500 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч М.Х нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5 500 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч М.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн дотуур хувцас 1 ширхэгийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт М-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5 500 000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан 5500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5 500 000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн дотуур хувцас 1 ширхэгийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ