Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/64

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч Д.Т*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Т******* холбогдох эрүүгийн 2515000520049 дугаартай, 304/2025/0061/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Д******* Т*******, ******* аймгийн ******* суманд 1984 оны 02 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын .................. багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б******* овогт Д******* Т******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт орших “М*******” гэх газарт байрлах гэртээ хохирогч Д.Б нь “гар утас олж өг, чи л авсан” гэх шалтгаанаар маргаан үүсгэж Д.Т******* руу модон сандал авч шидсэнд нь уурлаж, улмаар хохирогчийн толгой хэсэгт нь гараараа 1 удаа цохиж, цээж хэсэгт нь хөлөөрөө 3-4 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “цээжний баруун долоо, наймдугаар хавирга зөрөөтэй далд хугарал, баруун уушги бүрэн унасан колапс, пневмоторакс” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч Д.Т******* нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “М*******” гэх газарт байрлах гэртээ  Д.Бтэй “...гар утас алга болсон...” гэх асуудлаар маргалдах явцдаа түүний толгойн тус газар 1 удаа цохиж, цээжин тус газар 3-4 удаа өшиглөн биед нь “цээжний баруун долоо, наймдугаар хавирга зөрөөтэй далд хугарал, баруун уушги бүрэн унасан коллапс, пневмоторакс” гэмтэл бүхий  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь хохирогч Д.Бийн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-52, 55-56, 59-60 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.А мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/, гэрч Э.Д мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/, гэрч Б.Д мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/, гэрч П.У мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал/, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 74 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 87-92 дахь тал/, шинжээч эмч Э.Д мэдүүлэг /хавтаст хэргийн 95-96 дахь тал/, Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10/27 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-08 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-13 дахь тал/, хохирочг Д.Бийн ******* аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс яаралтай тусламжийн үйлчилгээ авсан өвчний түүх, эмийн хуудас, үзлэг, оношилгоо зэрэг баримт /хавтаст хэргийн 16-46 дахь тал/, яллагдагч Д.Т*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Т******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд өөрийн сонгон авсан  өмгөөлөгч Ж.Ариунжаргалын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Т*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр Д.Бийн биед халдаж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 74 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүгдэгч Д.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.4. Хохирол, хор уршиг

          Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй бөгөөд “...эмчилгээний зардалд 450,000 төгрөгийг авсан, гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...” талаар мэдүүлэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” болохоо илэрхийлсэн.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Бийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд зарцуулсан 1,657,298 төгрөгийг шүүгдэгч Д.Т******* нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төлж, баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Т*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.Т******* прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Д.Т******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч ирсэн байгаа. Иймд шүүгдэгч Д.Т******* түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчтай тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

2.1.Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Т******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч Д.Т*******ын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Д.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Т******* тусгайлан сануулав.

2.2.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Т******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Д******* Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т******* 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Т******* сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Т******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ