Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/01226

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 15160, Монгол Улс, *******, өөрийн байранд байрлах Г банк ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот хаягт оршин суух, Ц*******д овогт О*******ын Т /регистрийн дугаар: /,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот хаягт оршин суух, Х******* овогт Бат-О*******ын Б /регистрийн дугаар: / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 26,133,162.94 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б имэг, О.Отгонтөгс, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Г банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Т , Б.Б нар нь 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Г банктай ЗГ1405007075 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай зээлж авсан.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ЗБ 1405007075 дугаарт Ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ЭТӨЧ 40 дүгээр байрны тоот 122,5 м.кв, улсын бүртгэлийн дугаар бүхий таван өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч нар нь гэрээний хавсралт 1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 597 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 20,261,732.51 төгрөг, зээлийн хүү 5,604,314.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 267,115.63 төгрөг, нийт 26,133,162.94 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. 26,133,162.94 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна уу гэв.

Хариуцагч О.Т ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Т бид хоёр анх 2011 оны 9 дүгээр сард Г банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээл авсан нь үнэн. Анх бизнесийн зээл авч, уул уурхайн зураг төслийн компанид бизнесийн зээл судлуулж байгаад үйл ажиллагаа доголдсоноос хойш өнөөдрийг хүртэл миний нэр дээр зээл хуримтлагдсан. Банк биднийг 2019 оноос хойш зээлээ төлөөгүй гэж хэлж байх шиг байна. 2019 онд шүүхэд өглөө шүү гэхэд нь зээл төлөх боломжгүй талаараа зээлийн эдийн засагчдаа хэлсэн. Сүүлийн 2020 оны 6 дугаар сарын төлөлтийг тооцоололдоо оруулаагүй байгаа учраас сүүлийн 2 дахь төлөлтийг хасуулаад Г банк ХХК-иас эцсийн дүнгээ гаргуулмаар байна. Бид шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлөлт хийсэн байгаа. Банкны зээлийн хуулгууд дээрээс өөрөө тооцоолол хийхэд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлсөн тооцоолол нь 19,163,000 төгрөг гарч байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсанаар хариуцагч нараас 20,261,732.51 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт нэхэмжилсэн байна. Хариуцагч Н.Б болон О.Т нар нь 19,163,000 төгрөгийг төлсөн байгаа. Хариуцагч сая 1,098,609.45 төгрөгийн зөрүү мөнгийг төлсөн гэдгээ тайлбарлалаа. Зээлийн дансны хуулгын ард талд нь байгаа тооцооллыг харж байгаад Н.Б өөрөө тооцооллоо гаргасан байгаа. Нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нэхэмжлэл гаргасан гэж хэлж байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнөөс хойш 597 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөр хуваарийн дагуу төлөгдөөгүй бол Г банк ХХК ипотекийн зээлийн гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байсан гэж үзэж байна. Г банк ХХК-ийн зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үүргээ биелүүлээгүй учраас Н.Б , О.Т нар нь 597 хоног хойшлуулах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд ипотекийн зээлийн гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, төлбөрөө барагдуулж болох байсан. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн байна гэж үзэж байна. Иймд нэмэгдүүлсэн хүү, хүү авах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл Г банк ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр тооцооллоо гаргахдаа 597 хоногийн хугацаа хэтэрсэн байна гэж үзсэн. Г банк ХХК нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 болон ипотекийн зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс болж энэ талаар үүрэг гүйцэтгэгч мэдэлгүй явсаар байгаад хугацаа алдсан байх тул Г банк ХХК нэмэгдүүлсэн хүү, хүүг шаардах эрхгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч О.Т , Б.Б нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 26,133,162.94 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлөлт хийсэн, Банкны зээлийн хуулгууд дээрээс өөрөө тооцоолол хийхэд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлсөн тооцоолол нь 19,163,000 төгрөг гарч байгаа хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Г банк нь О.Т , Б.Б нартай 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ1405007075 дугаартай, Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг сарын 1,3 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар мөн өдөр БГ1405007075 дугаартай Ипотекийн гэрээ байгуулж, Ү-2204023923 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 40 дүгээр байр, тоот орон сууцыг барьцаалжээ.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 20,261,732.51 төгрөг, хүүгийн төлбөр 5,604,314.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 267,115.63 төгрөг, нийт 26,133,162.94 төгрөгийн төлбөр үүссэн болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, Хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч буй татгалзал, тайлбараа нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т тухайлан заасан үүргээ гүйцэтгээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг илэрхийлж буй дээр дурьдсан нотлох баримтуудыг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй.

... Банк, гэрээнд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, 597 хоногийн хугацаа хэтрүүлснээс болж шаардаж буй төлбөрийн үүрэг үүсэн талаар үүрэг гүйцэтгэгч мэдэлгүй явсаар байгаад хугацаа алдсан байх тул Г банк ХХК нэмэгдүүлсэн хүү, хүүг шаардах эрхгүй... гэх хариуцагчийн тайлбарын тухайд, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх, хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болох тухай Иргэний хуулийн 13 дугаар зүйлд заасан зохицуулалттай харшилж байх тул уг татгалзал үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.,

мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч О.Т , Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 26,133,162.94 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч О.Т , Б.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Ү-2204023923 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 40 дүгээр байр, тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Г банк ХХК-Д олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,815.81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Т , Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 358,815.81 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА