| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0036/э |
| Дугаар | 2025/ШЦТ/39 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Р.Ариунаа,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Д.Э,
иргэний хариуцагч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт Бгийн Эд холбогдох эрүүгийн 2417001080019 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Бодь Тэргэл” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн .......... дүгээр хороо, ............ дүгээр гудамжны ................. тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Бгийн Э /РД:..................
Холбогдсон хэргийн талаар:
/прокурорын яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Д.Э нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын 468/191 дугаартай тэмдэгтийн орчим 99-48 УАО улсын дугаартай Норд Бенз загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 53-00 ДГО улсын дугаартай “Тоёота Альфард” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган улмаар зорчигч Л./ L./, Л./L./ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Бодь Тэргэл ХХК-нд жолоочоор ажилладаг бөгөөд 99-48 УАО улсын дугаартай авто машинаар Улаанбаатар Замын-Үүд чиглэлд ачаа зөөдөг юм. 2024 оны 08 сарын 02-ний өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу 99-48 УАО улсын дугаартай Норд Бэнз маркийн машинтай ганцаараа хөдөлсөн. Тэгээд шөнийн 23 цаг 30 минутын үед байхаа Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт орж ирээд явж байгаад урд явж байсан цагаан өнгийн 53-00 ДГО улсын дугаартай Тоёота Альфард маркийн авто машиныг хурдаа хассаныг нь харалгүй араас нь мөргөөд 53-00 ДГО улсын дугаартай Тоёота Альфард машин зам дээр хажуугаараа хараад зогссон би бас машинаа зогсоогоод буугаад очсон бөгөөд тус машинд жолоочоос гадна 7 хүн явж байсан ба жолооч нь эмэгтэй хүн байсан. Тэгээд тус машинд байсан хүмүүсийг багажаар нь гаргаж авсан. Тэгээд цагдаа эмнэлэгт мэдэгдээд эмнэлгээс хүмүүс ирээд тус машинд байсан хүмүүсийг аваад явсан. Тус авто машинд Хятад улсын 2 иргэн явж байсан. Тухайн үедээ бол хүмүүс гайгүй байх шиг байсан ямар ямар гэмтэл авсан талаар нь би хэлж мэдэхгүй байна. Зам бол эвдрэл гэмтэл ихтэй байсан гэхдээ яг осол болсон газар бол байгаагүй. Халтиргаа гулгаа бол байгаагүй. Осол болсон газраас нэлээд урд хэсэгт зам эвдрэлтэй байсан юм шиг байна лээ тэр эвдрэл дээр машинууд хурдаа хасаад цувсан байсан юм шиг байна лээ. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хохирогч нарынхаа хохирол төлбөрийг барагдуулж дууссан байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 214 дүгээр хуудас/
2. Хохирогч А.Ш. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 08 сарын 02-ны өдөр би Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу явах гээд 53-00 ДГО улсын дугаартай “Тоуоtа Аlphard маркийн замын унаанд БЗД Улиастайн эцэс дээрээс суусан тэгээд 20 цаг 40 орчимд Улаанбаатар хотоос гараад 23 цаг 40 минутын үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт орж ирээд явж байтал гэнэт хойд талаас машин мөргөөд манай машин хажуулдаж унасан. Тухайн үед би унтаж байсан болхоор яг хэр хурдтай явж байсан юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
3. Хохирогч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 08 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд явах ажилтай болсон. Тэгээд хамт ажилладаг С, Ш, манай ажлын газрын эгчийн хүүхэд О нарын хамт зараас Замын-Үүд явна гэсэн машины хүнтэй яриад манай ажил дээрээс нэг машин ирж явсан. Тэр машин нь хүн ихтэй байсан учир Налайх дүүргийн Оргил худалдааны төв дээр бид 4-ийг 53-00 ДГО улсын дугаартай авто машинд суулгасан. Тус авто машинд бид 4-өөс гадна 2 Хятад улсын иргэн нэг эрэгтэй хүн байсан. Жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд нэрийг нь мэдэхгүй байна. Би машины дунд талын суудал суусан байсан С жолоочийн хажуу суудалд суугаад Ш миний хажууд голын суудалд О нь бүүр арын суудлын голд суусан байсан. 2 Хятад улсын иргэний нэг нь голын суудлын баруун хэсэгт нэг хятад нь арын суудал суусан байсан. Тэгээд Улаанбаатар хотоос 20 цагийн үед хөдөлсөн би унтаад явж байгаад машин огцом тоормос гишгэхэд сэрсэн. Тэр үед 23 цаг 40 минутын үе байсан бөгөөд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт явж байсан. Тэгээд намайг харахад урд талд нэг том машин удаан явж байсан бөгөөд тус машины араас бас нэг жижиг машин явж байсан тэр машины араас миний сууж явсан машин удаашраад зогссон. Яг зогссоны дараа араас машин ирж мөргөөд манай машин хажуу талаараа харж онхолдоод зам дээр гулгаад зогссон. Тэгээд машинаас буух гээд чадахгүй машиндаа дээр дээрээсээ давхарлалдсан байсан чинь нэг хүн ирээд машины арын шил хаглаад бид нарыг машинаас гаргасан. Миний сууж явсан машины урд талаас гал гараад тэр хавьд байсан хүмүүс галыг хурдан унтраасан. Бид нарыг машинаас татаж гаргасан хүн манай машиныг мөргөсөн машины жолооч байсан жолоочийн нэрийг нь мэдэхгүй байна. Машинаас бууж ирээд харахад манай машиныг мөргөсөн машин улаан өнгийн ачааны авто машин байсан улсын дугаарыг нь санахгүй байна. Тус авто машин нь замын зүүн талд зүүн урагшаа харсан байдалтай зогсож байсан бөгөөд машины хамар болон урд салхины шил нь хагарсан байдалтай харагдаж байсан. Тухайн үед миний нуруу хэсэг өвдөөд хөдлөж чадахгүй байсан. Бас толгойны хойд хэсэг хавдсан байсан, хамар дух хэсгийг хамарсан зулгаралт үүссэн байсан. Хөл шагай хэсгээрээ хавдсан гишгэхэд хөндүүртэй байсан. Шын баруун нүд нь хөхөрч хавдсан, хажуу гуя бүсэлхий хэсгээр нь халцарсан, нуруу нь татаж хөдөлж чадахгүй болсон байсан. С бол машины урд шил мөргөсөн бололтой байсан бөгөөд нүүр хэсэгт гар, толгой хэсэгт нь шилний үртэс зоогдсон бололтой цус гарсан байгаа харагдсан. Оын толгой хэсгээс нь цус гарч байгаа харагдсан бөгөөд амьсгаа авахад хэцүү байна гэж хэлж байсан 2 Хятадын нэгнийх нь толгойноос цус гарсан байгаа харагдсан нөгөөхийнх нь хамраас цус гарч байсан 2-уулаа бас цээжээ дараад байгаад байсан. Арын суудалдсууж явсан эрэгтэйгийн толгой хэсгээс нь байхаа цус гарсан байх шиг байсан өөр зүйл сайн хараагүй. Жолооч эмэгтэй зүгээр байх шиг байсан. Харин бид нарын сууж явсан 53-00 ДГА улсын дугаартай авто машины арын хэсэг болон урд салхины шил, баруун хажуу хэсгүүд нэлээд гэмтсэн харагдаж байсан. Тэгээд удалгүй эмнэлэг цагдаагаас хүмүүс ирээд бид нарыг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн. Би аваарт орсноосоо хойш 2-р эмнэлэгт 2024 оны 08 сарын 19-ний өдрөөс 08 сарын 26-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн мөнгө эм тариа авч хэрэглэсэн мөнгө, бариа хийлгэсэн мөнгө, ажилгүй байсан хугацааны мөнгө, аваарт ороход авч явсан эд зүйлсийн мөнгө зэргийг нэхэмжилнэ. Тус зүйлүүдийн мөнгийг одоо хэдэн төгрөг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Би баримтуудыг нь тус бүрээр нь гаргаж өгч хэрэгт хавсаргуулна. Одоогоор гаргаж өгөх боломжгүй байна. Мөн дахиж шинжилгээ өгч үзүүлээрэй гэсэн учир үзүүлж байж хэдэн төгрөг болохыг нэмж нэхэмжилнэ... Хохирлын 571 400 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /хх-ийн 61-62, 64 дугаар хуудас/
4. Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 08 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд явах ажилтай болсон. Тэгээд хамт ажилладаг Н, Ш, манай ажлын газрын эгчийн хүүхэд О нарын хамт зараас Замын-Үүд явна гэсэн машины хүнтэй яриад манай ажил дээрээс нэг машин ирж явсан. Тэр машин нь хүн ихтэй байсан учир Налайх дүүргийн Оргил худалдааны төв дээр бд 4-ийг 53-00 ДГО улсын дугаартай авто машинд суулгасан. Тус авто машинд бид 4-өөс гадна 2 Хятад улсын иргэн нэг эрэгтэй хүн байсан. Жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөед нэрийг нь мэдэхгүй байна. Би машины урд талд буюу жолоочийн хажуу суудалд суугаад Н, Ш машины голын суудалд О нь бүүр арын суудлын голд суусан байсан. 2 Хятад улсын иргэний нэг нь голын суудлын баруун хэсэгт нэг хятад нь арын суудал суусан байсан. Нөгөө эрэгтэй хүн бүүр арын суудалд суусан байсан. Тэгээд Улаанбаатар хотоос 20 цагийн үед хөдөлсөн бөгөөд 23 цаг 40 минутын үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт явж байгаад урд талд нэг том машин удаан явж байсан бөгөөд тус машины араас бас нэг жижиг машин явж байсан тэр машины араас миний сууж явсан машин удаашраад 30-40 км цагийн хурдтай явж байхад араас машин ирж мөргөөд манай машин хажуу талаараа харж онхолдоод зам дээр гулгаад зогссон. Тэгээд машинаас буух гээд чадахгүй машинд дээр дээрээсээ давхарлалдсан байсан чинь нэг хүн ирээд машины арын шил хаглаад бид нарыг машинаас гаргасан. Бид нарыг машинаас татаж гаргасан хүн манай машиныг мөргөсөн машины жолооч байсан жолоочийн нэрийг нь мэдэхгүй байна. Тухайн үед миний баруун гарын 3 хурууны үенээс цус гарч байсан. Бас толгой зулай хэсэгт шилний үртэс үйрмэг шигдээд цус гарсан, мөр, өвдөг хэсгээр хөхөрсөн байгаа харагдаж байсан. Нын биед толгойны хойд хэсэг хавдсан байсан, хамар дух хэсгийг хамарсан зулгаралт үүссэн байсан. Хөл шагай хэсгээрээ хавдсан гишгэхэд хөндүүртэй, нуруу өвдөж байна гэж хэлж байсан. Шын баруун нүд нь хөхөрч хавдсан, хажуу гуя бүсэлхий хэсгээр нь халцарсан, нуруу нь татаж хөдөлж чадахгүй болсон байсан. Оын толгой хэсгээс нь цус гарч байгаа харагдсан бөгөөд амьсгаа авахад хэцүү байна гэж хэлж байсан. 2 Хятадын нэгнийх нь толгойноос цус гарсан байгаа харагдсан нөгөөх нь хамраас нь цус гарч байсан 2-уулаа бас цээжээ дараад байгаад байсан. Арын суудалд сууж явсан эрэгтэйгийн толгой хэсгээс нь цус гарсан байх шиг байсан өөр зүйл сайн хараагүй. Жолооч эмэгтэй зүгээр байх шиг байсан. Харин бид нарын сууж явсан 53-00 ДГА улсын дугаартай авто машины арын хэсэг болон урд салхины шил, баруун хажуу хэсгүүд нэлээд гэмтсэн харагдаж байсан. Тэгээд удалгүй эмнэлэг цагдаагаас хүмүүс ирээд бид нарыг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн. Би аваарт орсноосоо хойш Тексимед эмнэлэгт өдрөөр эмчилгээ хийлгүүлж эмчлүүлсэн, бариа хийлгэсэн зардалууд гарсан байгаа яг хэдэн төгрөг болсон эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Эмнэлгээсээ баримтаа авч хэрэгт хавсаргуулан тус мөнгийг нэхэмжлэнэ... Миний эмчилгээнд зарцуулсан мөнгийг бүрэн төлж барагдуулсан байгаа учир одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 57 дүгээр хуудас/
5. Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 08 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу явахаар болоод өдөр 18 цагийн үед цагаан өнгийн Т.Альфард маркийн машинд суугаад хөдөлсөн. Машиныг эмэгтэй жолооч барьж байсан бөгөөд ээжийн ажлын газрын 3 хүн болон 2 Хятад иргэн болон бас нэг танихгүй ах нарын хамт хөдөлсөн. Тэгээд Улаанбаатар хотоос гараад унтаад өгсөн бөгөөд нэг сэрсэн манай машин машинд мөргүүлсэн гээд би дугуй дэрэлсэн хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг цагдаагаас хүмүүс ирээд бид нарыг аваад Говьсүмбэр аймгийн эмнэлэгт авч ирсэн бөгөөд эмнэлэгт байхад хамт явж байсан ээжийн ажлын газрын С гээд эгч бид нарыг замаараа явж байхад том ачааны авто машин араас нь ирж мөргөөд бид нар онхолдсон гэж хэлсэн. Тэрнээс өөрөөр надад мэдэх зүйл байхгүй Говьсүмбэр аймгийн эмнэлэгт үзүүлээд толгой хэсэгтээ 4 оёдол тавиулсан. Маргааш нь Улаанбаатар хотод ирээд Интермед эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн хугарал гэмтэл бол байхгүй байна тархинд эмчилгээ хийлгээд нуруунд бариа засал хийх шаардлагатай гээд хэвтэн эмчилгээ хийлгэсэн... Надад учирсан хохирол 800 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 67-69 дугаар хуудас/
6. Хохирогч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 08 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу 53-00 ДГО улсын дугаартай авто машин дүү Сын эзэмшилийн Т.Альфард маркийн авто машинтай Замын-Үүд 7 хүн аваад Улаанбаатар хотоос 20 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Тэгээд 23 цаг 30 минутын үед байхаа Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт орж ирээд явж байгаад урд явж байсан авто машинууд хурдаа сааруулаад тоормослоод зогссон би араас нь ирээд урдах машинаасаа 4-5 метр зайтай зогсоод удаагүй миний машины араас том оврын авто машин ирж мөргөөд миний машин урагш ухасхийгээд би машины үрүүлээ баруун гар тийш дараад замын хөвөө хэсгээр хажуугаараа унаад гулгаад зогссон. Тэгээд машинаас бууж чадахгүй байсан бөгөөд машины урд шилийг нэг хүн хагалах гээд чадахгүй байгаа бололтой байсан тэгээд арын хаалганы цонхоор машинд байсан хүмүүс бүгд гарсан. Миний машины урдаас бага зэрэг гал гараад тэнд байсан хүмүүс унтраасан. Миний машинд 2 хятад улсын иргэн, 5 Монгол хүн байсан бөгөөд 1 нь эмэгтэй байсан. Би тэдгээр хүмүүсийн нэрийг мэдэхгүй бөгөөд 2 хятад иргэний нэгнийх нь толгойноос цус гарсан байгаа харагдсан нөгөөх нь хамраас нь цус гарч байсан 2 уулаа бас цээжээ дараад байгаад байсан. Монгол иргэдийн нэг залуу нь нуруу өвдөөд гээд хөдөлж чадахгүй байна гэж байсан. Нэг жаахан хүү байсан бөгөөд тэрний толгой хагарсан байгаа харагдсан бусад нь гайгүй байх шиг байсан. Миний хувьд толгой жаахан өвдөж байсан өөр гэмтэл байгаагүй. Тэгээд удалгүй эмнэлгээс хүмүүс ирж бид нарыг аваад Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг дээр авчирсан. Тэгээд хүн тус бүрээр нь рентгэн зураг аваад эмчилгээ хийлгэсэн. Том машин нь ямар дугаартай байсан талаар нь санахгүй байна машинаас гараад ирсэн чинь том машин замын зүүн талд зүүн урагшаа харсан байдалтай зогсож байсан. Жолооч нь бууж ирээд бид нарыг машинаас гаргаж авсан... Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 76-77 дугаар хуудас/
7. Хохирогч L.мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед Улаанбаатар хотоос Замын-Үүд явах гээд Сансар дэлгүүрийн гаднаас найз L.хамт 53-00 ДГО улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлд суугаад унтаад явж байтал шөнө 23 цагийн үед миний сууж явсан тээврийн хэрэгслийн араас нэг том машин мөргөөд онхолдсон тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан. Миний өвчүүний дээд хэсэг хугарсан, баруун талын хавирга хугарсан байсан бөгөөд бүх биеэр хөндүүрлэж өвдөөд 20 гаран хоносон. Одоо миний бие эдгэсэн бөгөөд ямар нэг өвчин байхгүй байгаа. Ямар нэг санал хүсэлт байхгүй. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27, 48 дугаар хуудас/
8. Хохирогч L.мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед Улаанбаатар хотоос Замын-Үүд явахгээд Сансар дэлгүүрийн гаднаас найз L.хамт 53-00 ДГО улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлд суугаад унтаад явж байтал шөнө 23 цагийн үед миний сууж явсан тээврийн хэрэгслийн араас нэг том машин мөргөөд онхолдсон тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан. Миний бие ослоос болж тухайн үедээ баруун талын хавирга хэсгээр өвдөж байсан, мөн хамраас цус гарч бйсан, дээд уруул язарч, зүүн шилбэ урагдсан, гарын сарвуу хэсэг зулгарсан гэмтлүүд байсан. Би Монголд эмчилгээ хийлгээгүй гэртээ харьж дусал тариа хийлгэсэн. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29, 53 дугаар хуудас/
9. Иргэний нэхэмжлэгч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 53-00 ДГО улсын дугаартай авто машин унаж хэрэглэдэг байсан бөгөөд 2024 оны 08 сарын эхээр манай эгч С надаас аваад унаад явсан. Тэгээд 2024 оны 08 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу хүн тээвэрлэж яваад араас нь том машин мөргөөд осолд орсон гэж надад хэлсэн. Тэрнээс хойш осол хийсэн машиных нь жолооч миний машины төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа учир одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 72 дугаар хуудас/
10. Гэрч Ж.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 08 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Замын-үүд явах ажилтай болсон. Тэгээд хамт ажилладаг С, Н, манай ажлын газрын эгчийн хүүхэд О нарын хамт зараас Замын-Үүд явна гэсэн машины хүнтэй яриад манай ажил дээрээс нэг машин ирж явсан. Тэр машин нь хүн ихтэй байсан учир Налайх дүүргийн Оргил худалдааны төв дээр бид 4-ийг 53-00 ДГО улсын дугаартай авто машинд суулгасан. Тус авто машинд бид 4-өөс гадна 2 Хятад улсын иргэн нэг эрэгтэй хүн байсан. Жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд нэрийг нь мэдэхгүй байна. Би машины дунд талын суудал суусан байсан С жолоочийн хажуу суудалд суугаад Н миний хажууд голын суудалд О бүүр арын суудлын голд суусан байсан. 2 Хятад улсын иргэний нэг нь голын суудлын баруун хэсэгт нэг хятад нь арын суудалд суусан байсан. Нөгөө эрэгтэй хүн арын суудалд суусан байсан. Тэгээд Улаанбаатар хотоос 20 цагийн үед хөдөлсөн явж байгаад 23 цаг 40 минутын үе байсан бөгөөд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт явж байгаад нэг том оврын ачааны машин гүйцэж түрүүлээд урд гарсан. Тэгээд явж байгаад урд талд нь нэг том машин удаашраад бараг зогссон байсан бөгөөд тус машины араас бас нэг жижиг машин явж байсан тэр машины араас миний сууж явсан машин удаашраад зогссон. Яг зогссоны дараа араас машин ирж мөргөөд манай машин хажуу талаараа харж онхолдоод зам дээр гулгаад зогссон. Машинаас бууж ирээд харахад манай машиныг мөргөсөн машин улаан өнгийн ачааны авто машин байсан улсын дугаарыг нь санахгүй байна. Тэгээд удалгүй эмнэлэг цагдаагаас хүмүүс ирээд бид нарыг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн. Надад одоогоор ямар нэгэн нэхэмжпэх зүйл байхгүй байна. Шинжээчийн дүгэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 74 дүгээр хуудас/
11. Иргэний хариуцагч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тус авто машин нь Бодь Тэргэл ХХК-ны нэр дээр байдаг бөгөөд манай ажлын жолооч Д.Э унаж Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд тээвэр хийдэг юм. Д.Э нь тус авто машиныг унаж яваад 2024 оны 08 сарын эхээр осол гаргасан гэж сонсож байсан. Манай Бодь тэргэл ХХК-ны зүгээс учирсан хохиролыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 83 дугаар хуудас/
12. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 208 дугаартай дүгнэлтэд:
Liu Yao Quan-ний биед өвчүүний дээд хэсгийн далд хугарал, баруун 3-р хавирганы хугарал, толгойд зүүн зулайн ар хэсэгт тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, зүүн дух, зулайн дэлбэнгийн гадна атираа хооронд, духны дэлбэн хооронд хэсэг газрын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, толгойн оройд урагдсан шарх, хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Өвчүүний дээд хэсгийн далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3 2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
Баруун 3-р хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3 1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
Толгойд зүүн зулайн ар хэсэгт тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
Зүүн дух, зулайн дэлбэнгийн гадна атираа хооронд, духны дэлбэн хооронд хэсэг газрын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохиролын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
Толгойн оройд урагдсан шарх, хуйхны цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирол тогтоогдлоо.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 89-90 дугаар хуудас/
13. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 209 дугаартай дүгнэлтэд:
L.-ийн биед цээжний баруун талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, хамрын ясны баруун хажуу хананы хугарал, дээд уруулд урагдсан шарх, зүүн шилбэнд урагдсан шарх, доод уруулд цус хуралт, хамрын баруун угалзанд, 2 талын гарын сарвуугаар зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Цээжний баруун талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохиролын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
Хамрын ясны баруун хажуу хананы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
Дээд уруулд урагдсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохиролын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
Зүүн шилбэнд урагдсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохиролын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
Доод уруулд цус хуралт, хамрын баруун угалзанд, 2 талын гарын сарвуугаар зулгаралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохиролын зэрэг тогтоохгүй.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 96-97 дугаар хуудас/
14. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 207 дугаартай дүгнэлтэд:
- Э.Оын биед тархи доргилт, толгойн оройд шарх, баруун тохойнд шарх, баруун нүдний дээд зовхи баруун хацраар өнгөц урагдалт, 2 далны хооронд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 103-104 дугаар хуудас/
15. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 205 дугаартай дүгнэлтэд:
- Л.Нын биед тархи доргилт, цохонд, духны баруун хэсэгт цус хуралт, дагзанд, бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 113-114 дугаар хуудас
16. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 206 дугаартай дүгнэлтэд:
А.Шижирбатын биед тархи доргилт, духанд зулгаралт, 2 далны хооронд болон бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 120-121 дугаар хуудас/
17. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаартай дүгнэлтэд:
Э.С-ын биед тархи доргилт, толгойн оройд, зүүн мөрөнд, зүүн шуунд, баруун гарын 3,4,5-р хуруунд, зүүн өвдөгт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 128-129 дугаар хуудас/
18. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаартай дүгнэлтэд:
Ч.Сгийн биед тархи доргилт, баруун гарын ар талд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 135-136 дугаар хуудас/
19. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаартай дүгнэлтэд:
Ж.Шын биед тархи доргилт, баруун нүдний салстад, баруун нүдний доод зовхинд цус хуралт, бүсэлхийн ар доод хэсэгт, зүүн ташаан гадна хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 143-144 дугаар хуудас/
20.Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 008/2025 дугаартай магадлагаанд:
99-48 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
Магадлагаа гаргасан ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Майнбаяр гэжээ. /хх-ийн 160-161 дугаар хуудас/
21. Тэнцвэр Эстимэйт ХХК-ний автомашин үнэлгээний тайлан /хх-ийн 149-156 дүгээр хуудас/
22. Хохирогч Л.Нын Улсын 2 дугаар төв эмнэлгээр хэвтэн эмчлүүлсэн баримтын хуулбар /хх-ийн 189-197 дугаар хуудас/
23. Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 09-15 дүгээр хуудас/,
24. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 204 дугаар хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс шүүгдэгч Д.Э нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын 468/191 дугаартай тэмдэгтийн орчим 99-48 УАО улсын дугаартай Норд Бенз загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 53-00 ДГО улсын дугаартай “Тоёота Альфард” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган улмаар зорчигч Л./ L./, Л./L./ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Д.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...”, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэм буруутайд тооцно...” гэж тус тус хуульчилсан.
Хэргийн тухайд Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт “хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эын өгсөн мэдүүлэг, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 204-210 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Д.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөнөөс үүдэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Ч.С болон хохирогч нар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Эыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
ХОЁР. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруу дээр маргахгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн учраас гэм буруу дээр маргах зүйл байхгүй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд Б овогтой Эын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх ийм хууль зүйн үндэслэл байна. Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн үйл баримтад тулгуурлаж нийгэмд аюултай ийм үйлдэлд хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Д.Эд холбогдуулсан энэ гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хүртэлх хугацаагаар хасаж 2700 нэгжээс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240- өөс 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрөлтэй байдаг. Шүүгдэгч Д.Эын хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хор уршгийн шинж чанар хувийн байдал мөн хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасаж, 4800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,800,000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч Д.Э бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан бусдад төлөх төлбөргүй, Д.Э нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоног байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл ирээгүй болно. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчийг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хураан авсан битүүмжилсэн эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох шүүгдэгчид авах албадлагын арга хэмжээ байхгүй болно гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1, 1.2 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 4500 /дөрвөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 4500 /дөрвөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг, иргэний нэхэмжлэгч болон хохирогч нар нь гомдол саналгүй гэснийг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М. овогт Бгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 4500 /дөрвөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 4500 /дөрвөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ