Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 119/ШШ2022/0069

 

                                    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                             

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: иргэн Б.С, Б.Б, А.Х, Г.Б, Э.О

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Т

            Хариуцагч: Орхон аймгийн БӨС-ын ЗДТГД Ш.Ө

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарын хоорондын ““Э” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан Орхон аймгийн БӨС-ын ЗДТГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1015 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “Э” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхийг Орхон аймгийн БӨС-ын ЗДТГ-т даалгах”  тухай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, Б.Б, А.Х, Г.Б, Э.О, тэдгээрийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.С, Б.Б, А.Х, Г.Б, Э.О нар нь Орхон аймгийн БӨС-ын ЗДТГ-ын даргад холбогдуулан ““Э” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан Орхон аймгийн БӨС-ын ЗДТГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1015 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “Э” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхийг Орхон аймгийн БӨС-ын ЗДТГ-т даалгуулах”-аар маргасан. 

            2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

            -Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5.2-т “... хамтын гэрээг нийт ажилтны төлөөлөгчид захиргаатай байгуулж болно.” гэж заасан ба хуульд заасан үндэслэл, журмын дагуу байгуулсан хамтын гэрээг үгүйсгэж, “Н” ХХК болон тус компанийн ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хамтын гэрээний заалтыг барьж “Н” ХХК-ийн охин компани болох “Э” ХХК-д тус хамтын гэрээг хамаатуулсаар байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж тодорхойлжээ.

            3. Хариуцагч Орхон аймгийн БӨС-ын ЗДТГД Ш.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “энэ хуулийн 3.1.7-д заасан ажилтны төлөөлөгчид ажилтны нэрийн өмнөөс хэлэлцээ хийх, хамтын гэрээ, ...байгуулах эрхтэй”, 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтад “ажилтны төлөөлөгчид” гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг” гэж заасан.

            “Э” ХХК-ний захиргаа, ажилтнуудын төлөөлөлтэй байгуулсан хамтын гэрээг бүртгэх тухай 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 59 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг хянан 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1015 дугаар албан бичгээр хүргүүлж байсан. Тус албан бичигт хамтын гэрээг бүртгэхээс татгалзаж буй шалтгааныг бичсэн бөгөөд мөн “2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэсэн хамтын гэрээний 1.3, 1.4 дэх заалтууд нь танай компанид хамааралгүй болохыг нотлох баримтаар ирүүлбэл ажилтнуудын төлөөлөлтэй байгуулсан шинэ хамтын гэрээг хууль, журмын дагуу бүртгэхэд татгалзах зүйлгүй болно.” гэж тодорхой дурдсан.

            Иймд шинэ хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

3. Нэхэмжлэгч Б.С, Б.Б, А.Х, Г.Б, Э.О нар болон тэдгээрийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Э” ХХК-ийн ажилтны төлөөлөл Б.С, Б.Б, А.Х, Г.Б, Э.О бид тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу үүгээр мэдэгдэж байна.” гэв.

   ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч Б.С, Б.Б, А.Х, Г.Б, Э.О нар нь Орхон аймгийн БӨС-ын ЗДТГ-ын даргад холбогдуулан ““Э” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан Орхон аймгийн БӨС-ын ЗДТГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1015 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “Э” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхийг Орхон аймгийн БӨС-ын ЗДТГ-т даалгах” хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.     

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч Б.С, Б.Б, А.Х, Г.Б, Э.О, тэдгээрийн өмгөөлөгч Д.Т нар нь Орхон аймгийн БӨС-ын ЗДТГ-т холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа шүүх хуралдаанд тайлбарлаж, татгалзлаа бичгээр илэрхийлсэн.

3. Нэхэмжлэгч нар нь Орхон аймгийн БӨС-ын ЗДТГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дурын үндсэн дээр татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж, шүүх хуралдаанд тайлбарлан тэмдэглэлд тусгуулсан тул нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон

                                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Б.С, Б.Б, А.Х, Г.Б, Э.О, тэдгээрийн өмгөөлөгч Д.Т нар нь Орхон аймгийн БӨС-ын ЗДТГ-т холбогдуулан гаргасан ““Э” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан Орхон аймгийн БӨС-ын ЗДТГ-ын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1015 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “Э” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхийг Орхон аймгийн БӨС-ын ЗДТГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, 119/2021/0020/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА