| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2019/03054/И |
| Дугаар | 101/ШШ2019/02440 |
| Огноо | 2019-09-16 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2019/02440
| 2019 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2019/02440 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Э-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.М-д холбогдох,
3.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, хариуцагч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 2019 оны 09 дүгээр сард Солонгос улсын виз хөөцөлдөж байсан ба өөрийн танил болох Н.Хосбаяраар дамжуулан Л.М-тай уулзсан. Тухайн үед Л.М нь эхлээд урьдчилгаа төлбөр болох 500.000 төгрөгийг төлвөл Солонгос улсын ажлын визийг нэг жилийн хугацаатай яаралтай хөөцөлдөж өгье гэсний дагуу 500.000 төгрөгийг бэлнээр өгч баримт үйлдсэн. Л.М-аас утсаар визний талаар тодруулж асуухад эгч нь завгүй байна хоёулаа гэрээ хийнэ гэж ярьж байсан боловч ямар нэгэн гэрээ хийгээгүй. Ингээд 2018 оны 12 дугаар сард Л.М надтай утсаар ярьж оноос өмнө 10 хүн Солонгос улс руу явах болчихлоо, чи тэр хүмүүсийн тоонд орж явах уу гэхэд нь би явъя гэж хэлсэн. Гэтэл Л.М яаралтай мөнгөө төлчих гэсний дагуу 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Л.Мын өөрийнх нь Хаан банкны ******* тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Солонгос улсын виз гараагүй тул урьдчилгаанд өгсөн 3.500.000 төгрөгөө авахаар Л.М-аас шаардсан боловч өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Л.М-аас 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.М шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Г.Э нь 2018 оны 12 дугаар сард надтай холбогдож Солонгос улс руу гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Би өөрийн таньдаг компани болох К******* ******* ******* ХХК /одоо нэрээ солиод Гэрэлт оюу дэлгэрэх ХХК болсон/-ийн захирал Д.У*******тай холбож өгсөн. К******* ******* ******* ХХК нь тухайн үед Солонгос улс руу ажлын болон аяллын визанд зуучилж байсан комлани юм. Одоо ч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Х******* ******* төвийн 1 давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Г.Э нь миний Хаан банкны данс руу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 19.07 цагт 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Би Гэрэлт оюу дэлгэрэх ХХК-ийн захирал Д.У*******тай холбогдож Г.Э-гийн шилжүүлсэн мөнгийг ямар данс руу хийх вэ гэхэд манай хүү А.Мгийн данс руу шилжүүлчих гэсэн. Би тэр дор нь буюу 19.13 цагт Г.Эгээс орж ирсэн 3.000.000 төгрөгийг Д.У*******гийн хүү А.Мгийн данс руу шилжүүлсэн. Би Г.Эгээс орж ирсэн 3.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Г.Э өмнө нь над руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн байсан бөгөөд би 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус Г.Эгийн данс руу буцаан шилжүүлсэн. Г.Э-гийн ээж 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Гэрэлт оюу дэлгэрэх ХХК-ийн захирал Д.У*******тай уулзаж, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 3.000.000 төгрөгийг төлж барагдуулна, төлж барагдуулахгүй бол цагдаа шүүхэд хандахад гомдолгүй гэсэн бичиг хийлгэн авсан байдаг. Уг бичиг нь эх хувиараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид байгаа болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Л.М-д холбогдуулан Солонгос улсын виз гаргуулахаар төлсөн 3.500.000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 500.000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн байх ба үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч шаардлагаа 3.000.000 төгрөг болгон багасгаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг Гэрэлт оюу дэлгэрэх ХХК-ийн захирал Д.У*******тай холбож өгсөн, уг төлбөрийг Д.У*******д шилжүүлсэн тул хариуцах үндэслэлгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж дүгнэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан А.Бын Хаан банкин дахь дансны хуулга, түүний бичгээр гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн дансны хуулга зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна /хх-4, 15, 26/.
Дээрх төлбөрийг нэхэмжлэгч БНСУ-д зорчих виз гаргуулах зорилгоор хариуцагчид шилжүүлсэн байх боловч виз гараагүй болохыг талууд үгүйсгэхгүй байна.
Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбараас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид виз гаргуулахад чиглэсэн ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй, нэхэмжлэгчээс шилжүүлсэн төлбөрийг цааш гуравдагч этгээд /Хаан банкин дахь тоот дансны эзэмшигч/-д шилжүүлсэн /хх-15/ нь хангалтгүй бөгөөд уг гуравдагч этгээдээс ямар нэгэн ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байна.
Иймээс талуудын хооронд хүсэл зоригоо илэрхийлэн зуучлалын гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 3.000.000 төгрөгөө буцаан шаардсан нь үндэстэй байна.
Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Маас 3.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Маас 62.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА