Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 34

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Е.Ардах, Д.Аманжол, Д.Салтанат нарын өмгөөлөгч С.Соёлмандах,

хохирогч Б.Лхагважав,

орчуулагч З.Даулетбек,

шүүгдэгч Е.Ардах, Д.Аманжол, Д.Салтанат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Е.Ардах, Д.Аманжол, Д.Салтанат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0499 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Налайх дүүрэг 3 дугаар хороо тоосгоны үйлдвэрт оршин түр оршин суух, урьд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6/14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан.

Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар түүнд Эрүүгийн хуулийн 230.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох 3 жил 1 сараар хорих ялд багтааж биечлэн эдлэх нийт ялын хэмжээг 3 жил 1 сар тогтоож, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2107 дугаар Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 10 сар 24 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, регистрийн дугаар Б370091015 дугаартай, Жантиг овогт Ербалмын Ардах,

Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамтаар Баян-Өлгий аймгийн Улаанхус, 3 дугаар баг, Хулжаад оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн БЭ82103114 дугаартай, Төртсары тенизбай овогт Дутаны Салтанат,

Монгол улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Баян-Өлгий аймгийн Улаанхус, 3 дугаар баг, Хулжаад оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн БЭ76063034 дугаартай, Төртсары тенизбай овгийн Дутаны Аманжол,

Е.Ардах, Д.Салтанат, Д.Аманжол нар нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоосгоны үйлдвэрийн орчимд иргэн Б.Лхагважавыг хувийн таарамжгүй харьцааны улмаас бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е.Ардахын өгсөн: “Би шүүхийн шатанд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Салтанатын өгсөн: “Би мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Аманжолын өгсөн: “Би мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Лхагважавын өгсөн: “Тухайн өдрийн орой Батдорж бид хоёр Ардахын гэрт очиход гэртээ байхгүй байсан. Эхнэр нь Ардахыг ойрхон айлд байгааг хэлээд зааж өгөхөөр явсан. Тэр айлын гадаа очиход Батдорж “Ардахыг дуудаад гараад ир” гэж надад хэлсэн. Би гэрт ороход Аманжол, Салтанат хоёр хооронд юм яриад суусан, Ардах ор налаад унтаж байсан. Би Ардах руу дөхөж очоод “чамайг гадаа Батдорж дуудаж байна” гэж хэлэхэд шууд миний төмсөг рүү өшиглөсөн. Би өөдөөс нь өшиглөхөд Ардах босоод ирсэн. Би гэрээс гараад гүйхэд араас хөөсөн. Би машины дэргэд ирэхэд араас хэн гэдгийг мэдэхгүй нэг нь толгой руу цохьсон. Батдорж “цагдаа дуудаад ирье” гэж хэлээд машинаа асаагаад явсан. Би тэр үед хажууд байсан хүнийг түлхээд зугтаасан. Тэгээд цагдаагийн машин ирэх үед би тайвширч, гараа харахад миний гарын арьс унжсан байсан. Би Ардахыг дуудахаар гэрт ороод мөнгө нэхээгүй. Би сүүлд нь яагаад намайг өшиглөснийг асуухад Ардах цочсондоо өшиглөсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Салтанатын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2016 оны 11 дүгээр 02-ны өдөр манайх Стандарт тоосгоны үйлдвэр дээр нүүж очсон ба 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би гэртээ байхад Ардах, Аманжол 2 согтуу ирсэн. Манайд ирээд Аманжол гэрийн хойно хэвтсэн. Ардах сандал дээр суугаагаараа унтаж байсан. Тэгтэл гаднаас нэг хүн орж ирээд Ардахын хөл рүү хөнгөн өшиглөөд толгойг нь  хөдөлгөөд сэрээсэн тэгээд нөгөө хүн гараад араас нь Ардах гарсан. Тэрний араас Аманжол гарсан тэгээд би гэртээ лаа асаачихаад 5 гаруй минутын дараа эхнэр Эркэгүлийн хамт гартал Ардах нөгөө залуугийн араас нүүр рүү цохиж байсан. Аманжол нь нөгөө хүний хойд талаас боож бариад зогсож байсан. Тэгээд Эркэгүль бид 2 очоод Эркегүл Ардахыг салгаад би Аманжолыг салгасан. Тэгтэл нөгөө хүн цус нөжтэйгээ холилдсон байсан ба зугтаад явсан. Тэгээд би салгаад гэр рүүгээ эхнэрээ аваад ортол Ардах манайд ороод ус уучихаад явсан. Аманжол шууд яваад өгсөн. Тэгээд байж байтал портер ирсэн, дараа нь цагдаагийн машин ирсэн. Би юун машин юм бол гээд хашааны хаалгыг онгойлгоход тэр цагдаа нарт намайг зодсон гэж хэлээд цагдаа нар намайг аваад явсан. Нөгөө 2 зугтчихсан байсан. Би уг нь тэр зодоонд оролцоогүй салгаж байсан юм.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 35-39 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Е.Ардахын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би танил Аманжолын байдаг гэх төрсөн дүү Салтанатын гэрт орой 17 цагийн үед очоод Салтанат, Аманжол бид 3 нийлээд 2 шил 0,75 литрийн нэрийг нь сайн мэдэхгүй байна архи уусан. Тэгээд би Салтанатын гэрт сандал дээр суугаагаараа унтаж байтал гэнэт Лхагважав миний хамар руу нэг удаа цохисон. Тэгээд гэрээс гараад яваад өгөхөөр нь Салтанат, Аманжол бид 2 гараад араас нь гүйсэн. Тэгээд миний урд Салтанат, Аманжол 2 гүйгээд яваад байсан ба би араас нь очтол Аманжол Салтанат 2 Лхагважавыг газар унагаачихсан дээрээс нь өшиглөөд зогсож байсан ба би Аманжолыг битгий зод гээд хориглосон. Тэгтэл Салтанатын эхнэр нэрийг нь сайн мэдэхгүй байна тэр ирээд бас Салтанатыг битгий зод гээд хориглоод байсан. Тэгтэл Лхагважав босоод зугтаачихсан. Тэгээд би Аманжолыг аваад гэр рүү нь оруулж өгчихөөд би гэр рүүгээ яваад өгсөн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 41-45 дугаар тал/

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Аманжолын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...тэр өдрийн маргааш буюу 03-ны өдөр 13 цагийн үед би Ардахтай хамт гудамжинд 0,5 литрийн “Сайхан” нэртэй архийг Ардахтай хамт хоёулханаа уугаад архиа дуусгаад 17 цагийн үед Салтанатын гэрт очсон. Салтанатын гэрт очоод би унтчихсан. Намайг унтахад Ардах суугаад үлдсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна маргааш өглөө Салтанат, Ардах хоёр эрүүлжүүлэхэд хоносон гээд ирлээ гэж байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 47-52 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Батдоржийн өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манайд ажилладаг Лхагважав бид хоёр Налайх дүүргийн 3 дугаар хороо тоосгоны үйлдвэрт гэр нь байдаг Ардах гэх залуугийн гэр рүү явсан. Учир нь Ардах надад 100,000 төгрөгийн өртэй байсан. Тэгээд гэрийг нь олоод яваад очтол гэрт нь эхнэр нь хүүхдүүдтэйгээ байсан ба Ардахыг байхгүй ойрхон айлд байгаа гэхээр нь би эхнэрийг нь хүүхэдтэй нь аваад тус байгаа гэрийг заалгаад явж очсон. Тэгээд би Лхагважавыг ороод дуудчих гэсэн ба Лхагважав тус гэр рүү ороод удалгүй гарч ирээд миний машин руу гүйсэн. Тэгтэл миний машин дээр ирэхийн даваан дээр Лхагважав газар унасан ба Ардах хамт явсан 2 залуутайгаа нийлээд Лхагважавыг 3 талаас нь өшиглөхийг нь би машиныхаа гэрлээр тусгаж харсан. Тэгээд би машинаас буух гэтэл Ардахын эхнэр “хэрэггүй цагдаа дуудаж цагтаа авч ирье” гээд бид нар шууд цагдаа руу залгаад эргүүлийн цагдаа авч ирсэн. Гэтэл нөгөө хүмүүс алга болчихсон Лхагважав нэг жалганд ороод нуугдчихсан байсан. Тэгээд тэр хүмүүсийг олоод цагдаа дээр авч ирсэн юм.

Мөрдөн байцаалтад гэрч Г.Энхбатын өгсөн “…2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би хөдөлгөөнт эргүүлээр 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан ба 21 цагийн үед нэрийг нь сайн санахгүй байна тоосгоны үйлдвэр дээр хүмүүс архидаад зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очиход нэг портертой хүн тоосгоны үйлдвэрийн манаач нь эхнэртэйгээ өөр бас нэг хүн байсан ба намайг очиход зодуулсан хүн нь цус нь гоожсон зодсон хүн нь энэ гээд манаачыг заахаар нь би эрүүлжүүлэх байранд саатуулаад нөгөө зодуулсан хүнийг нь эмнэлэг рүү явуулсан өөр ямар нэг зүйл мэдэхгүй байна зарим архи уусан гэсэн хүмүүс нь зугтаачихсан байсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Нэмэхдэлгэрийн өгсөн “...2016.11.03-ны өдөр Лхагважав гэрээсээ өдөр 15 цагийн үед Батдоржтой уулзаад ирье гээд явсан тэгээд ирэхгуй удаад байсан ба шөнө 03 цагийн үед гар хуруугаа боочихсон нүүр нь зулгарчихсан байдалтай ирсэн яачихваа гэтэл хүнд зодуулаад гээд ирсэн... 2, 3-н казак хүмүүст зодуулсан гэж хэлсэн... Шөнө ирэхдээ эрүүл ирсэн гэрээсээ гарахдаа ч эрүүл байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 08шэ/570 дугаар:

“1. Лхагважавын биед баруун 5-р хурууны эдийн дутагдал бүхий шарх, нүүрэнд зулгаралт, зүүн нүдний салст цус харвалт, нүүр толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 23 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 27, 56, 57 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 60-62 дугаар тал/

Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 64-65 дугаар тал/

Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6/14 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-83 дугаар тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Е.Ардах, Д.Салтанат, Д.Аманжол нар нь  2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “Хан-Алтай” тоосгоны үйлдвэрийн орчимд иргэн Б.Лхагважавыг хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг гараараа цохих, өшиглөх зэргээр бүлэглэн зодож, түүний биед баруун 5-р хурууны эдийн дутагдал бүхий шарх, нүүрэнд зулгаралт, зүүн нүдний салст цус харвалт, нүүр толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн бие махбодид нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл санаатай учруулсан Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е.Ардахын өгсөн “... Би гэрээс хохирогчийн араас нь хөөх гэж гараагүй. Тухайн үед би согтуу байсан. ... Гэмт хэрэгт холбогдсон нь миний буруу. ... Би хохирогчийг өшиглөсөн” гэх, шүүгдэгч Д.Салтанатын өгсөн “...Би хохирогчийн араас нь очиж салгахдаа татаж чангааж, түлхсэн...” гэх, шүүгдэгч Д.Аманжолын өгсөн “...Хохирогчийн мэдүүлж байгаа бүгд үнэн...” гэх, хохирогч Б.Лхагважавын өгсөн “...Би гэрт ороход Аманжол, Салтанат хоёр хооронд юм яриад суусан, Ардах ор налаад унтаж байсан. ...” гэх мэдүүлэг,

мөн мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Батдоржийн өгсөн “..Лхагважав тус гэр рүү ороод удалгүй гарч ирээд миний машин руу гүйсэн. Тэгтэл миний машин дээр ирэхийн даваан дээр Лхагважав газар унасан ба Ардах хамт явсан 2 залуутайгаа нийлээд Лхагважавыг 3 талаас нь өшиглөхийг нь би машиныхаа гэрлээр тусгаж харсан.” гэх мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь Е.Ардах, Д.Салтанат, Д.Аманжол нарыг яллах үндэслэл болж байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Е.Ардах, Д.Салтанат, Д.Аманжол нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул тэдгээрт бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Е.Ардах, Д.Салтанат, Д.Аманжол нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Лхагважав нь “Шүүгдэгч нар надад мөнгө өгсөн. ... Надад гомдол санал байхгүй” гэсэн байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Е.Ардах, Д.Салтанат, Д.Аманжол нь согтуурсан үедээ үйлдсэнийг ял хүндрүүлэх, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жантиг овогт Ербалмын Ардах, Төртсары тенизбай овогт Дутаны Салтанат, Төртсары тенизбай овгийн Дутаны Аманжол нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Ербалмын Ардахыг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар, Дутаны Салтанат, Дутаны Аманжол нарыг 252 /хоёр зуун тавин хоёр/ цагийн хугацаагаар тус тус албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ялтан Е.Ардах, Д.Салтанат, Д.Аманжол нарт мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, Е.Ардах, Д.Салтанат, Д.Аманжол нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Е.Ардах, Д.Салтанат, Д.Аманжол нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ЧИНЗОРИГ