Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 387

 

Ц.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол, Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар магадлалтай, Ц.Б-д холбогдох 201612000134 дугаартай эрүүгийн хэргийг Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бичсэн 09 дүгээр эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ц-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бичсэн 09 дүгээр эсэргүүцэлд: Ц.Б нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас гадна мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, мөн зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийг зөвхөн яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, дуусаагүй гэж үзэж байгаа нь буруу юм. Учир нь тухайн хэргийн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явц, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, прокурорын хяналт, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зэргээс хамаарч урьдчилан таамаглах боломжгүй хугацаанд явагддаг ажиллагаа бөгөөд яллагдагчаар татагдсан хүн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл ямар ч хугацаа өнгөрсөн “яллагдагч” гэх нэртэйгээр байх нь хүний эрхийг зөрчсөн асуудал болно. Тиймээс ч хууль тогтоогчоос хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно, хөөн хэлэлцэх дууссан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан зааж өгсөөр байхад хуулийн зүйл, заалтын харилцан хамаарал, ойлголтыг буруугаар тайлбарлан үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Ц.Б-н холбогдсон хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дууссан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсгийг буруу тайлбарлан, Ц.Б-д ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч Ц.Базарваанийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бичсэн 09 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Ц.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Б нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Арвижихийн 10 дугаар гудамжны 13 тоотод иргэн Р.Пүрэвбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нуруун тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч Ц.Б 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар энэхүү гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн үндэслэлээр хууль буцаан хэрэглэж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хуульд заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дууссан атал анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол, Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Ц.Б-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн өөрчлөлтийг оруулж шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН