Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/MA2017/0228

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 23 өдөр                   Дугаар 221/МА2017/0228                          Улаанбаатар хот

        

 Д.Цолмонжаргалын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.Цолмонжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Д.Цолмонжаргалын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан Д.Цолмонжаргалын “Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 тоот тушаалын Д.Цолмонжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Галт сум хариуцсан хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Миний бие Олхонууд овогт Данзангийн Цолмонжаргал Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан “Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 тоот тушаалын Д.Цолмонжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Галт сум хариуцсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх өдрийг хүртэлх хугацаанд тооцон гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан юм.

            Уг хэргийг хянан шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Шүүх хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн тухайд:

Миний бие шударга шүүх байгаад итгэж өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар хандсан боловч шүүх хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг дэмжиж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөсөр орхин шийдвэр гаргасанд гомдолтой байгаагаа юун түрүүнд илэрхийлье.

Миний бие төрийн албанд тасралтгүй 9 жил гаруй хугацаанд ажиллаж төрийн үйлчилгээг иргэнд хүргэх ажлаа хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж ирсэн бөгөөд аль ч намын дэмжигч бас гишүүн биш боловч миний эгчийн хүү Д.Эрдэнэхуяг Галт сумын Засаг даргаар ажиллаж байсан шалтгаанаар намайг Ардчилсан намын талын хүн гэж сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдсон аймгийн удирдлагууд болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга ажлаас халсан юм. Хэдийгээр ажлаас халсан тушаалыг манай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга гаргасан боловч цаана нь аймгийн удирдлагуудын шахалт шаардлага байсан гэдгийг өөрөө ч тайлбарладаг юм.

Би яагаад өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж шүүхэд хандсан бэ? гэхээр, намайг ажлаас чөлөөлсөн Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх”, “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмуудыг зөрчиж гарсантай холбоотой юм. Намайг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр, үзэмжээр, хуулийн ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, миний хууль ёсны итгэлийг хамгаалаагүй байдлыг шүүх огт харгалзахгүй байна.

Надтай адил Нийгмийн халамжийн хэлтэст ажиллаж байсан мэргэжилтнүүд ажилдаа хэвээр үлдэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /шинээр/ тэдний хууль ёсны итгэлийг хамгаалан үлдээсэн атлаа намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Уг хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гэх 3 тал оролцож, шүүх шийдвэрээ гаргалаа.

Хариуцагч тал болох Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б/14 дугаартай хууль бус тушаал гарган намайг ажлаас чөлөөлсөн. Гэтэл шүүх захиргааны байгууллагын энэхүү хууль бус үйл ажиллагааг зөвтгөж хэт нэг талыг баримтлан, нэхэмжлэгч миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж, миний эрх зүйн байдлыг дордуулан шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгээс тодорхой харагдаж байна.

Түүнчлэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох М.Номингэрэл өөрийг нь ажилд томилсон Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 тоот тушаал хууль ёсны үндэслэлтэй болсон эсэх талаар болон тухайн тушаал шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгөх талаар ямар ч шаардлага, тайлбар гаргаагүй атал шүүх гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг нэн тэргүүнд тавьж, намайг буруутгах замаар шийдвэрээ гаргалаа.

Миний бие болон манай өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны байгууллага болон гуравдагч этгээд М.Номингэрэлийн нөхцөл байдлыг тодруулахад хангалттай тайлбар, нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн боловч шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хариуцагч болон гуравдагч этгээдэд ашигтай байдлаар тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй, худал тайлбарууд үндэслэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс хянавал зохих хяналтаа хэрэгжүүлээгүй тул Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт “...Түүнчлэн Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаар тушаал нь гуравдагч этгээд М.Номингэрэлд эерэг үйлчлэл бүхий захиргааны акт бөгөөд нэхэмжлэгч уг актыг хүчингүй болгуулах талаар шаардлага гаргаагүйг дурдъя” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд гуравдагч этгээдийн эрх, үүргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд ялгамжтайгаар хуульчилсан.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хэргийн оролцогчийн эрх эдэлж үүрэг хүлээх бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх юм. Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоос бусад эрх эдлэх бөгөөд хэргийн оролцогчийн нэгэн адил шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах замаар субъектив эрхээ хэрэгжүүлэх боломжтой атал шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох М.Номингэрэлийг ажилд томилсон тушаалтай холбогдуулан намайг шаардлага гаргах ёстой байсан гэж үзэж байгаа нь хууль бус юм.

Нөгөөтэйгүүр, М.Номингэрэлийг ажилд томилсон тушаал нь түүнд эерэг нөлөөлөлтэй боловч тухайн тушаалд Д.Цолмонжаргалыг ажлаас чөлөөлж оронд нь М.Номингэрэлийг томилж байгаа, эсхүл М.Номингэрэл, Д.Цолмонжаргал нарыг хооронд нь харьцуулан шалгаруулж М.Номингэрэлийг сонгон авч ажиллуулж байгаа агуулга байхгүй буюу Д.Цолмонжаргалын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн агуулгагүй юм. Тийм ч учраас нэхэмжлэгч миний бие “ажилд эгүүлэн тогтоолгох” буюу ажилд томилсон захиргааны акт гаргахыг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тухайн шаардлагын хүрээнд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээд болох М.Номингэрэлийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж холбогдох тайлбар, нотлох баримтыг нь гаргуулан авсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн дагуу нэхэмжлэлээ гаргасан. Тодруулбал, тус зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхой бичсэн. Нэхэмжлэгч Д.Цолмонжаргал миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт бол Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 тоот тушаал юм.

Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт шийдвэрийнхээ үндэслэлийг зөвтгөхдөө “…Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар төрийн албанд тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролтой байхыг шаарддаг...” гэж хуулийг буруу тайлбарласан байна. Тодруулбал, иргэн тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролтой байхаас гадна туршлага, ур чадвар, мэргэшсэн байх зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстойг харгалзахгүй хуулийг хариуцагч болон гуравдагч этгээдэд ашигтайгаар тайлбарласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн шүүх “...гуравдагч этгээд М.Номингэрэлийг Галт сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр” Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт /төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна/-ыг баримтлаагүй...” гэж дүгнэсэн атлаа “...Д.Цолмонжаргал, М.Номингэрэл нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзаж тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон авч ажиллуулсан гэх үндэслэлтэй байна” гэж зөрүүтэй дүгнэсэн нь бодит нөхцөлд тохирохгүй, үндэслэлгүй, хууль бус дүгнэлт болсон.

Ийнхүү шүүх нь хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд л ашигтай байдлаар хуулийг буруу тайлбарлан шийдвэрээ гаргасан байх тул тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн тухайд:

Миний бие Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх нотлох баримтад үндэслээгүй, нэхэмжлэлийн шаардлагад бүрэн дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг зөрчиж шүүх шийдвэрээ гаргасан. Хэдийгээр хариуцагч байгууллага болох Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Д.Цолмонжаргал, М.Номингэрэл нарыг харьцуулан сонгон шалгаруулж нэгийг нь халж, нэгийг нь сонгон ажилд авсан гэж тайлбар гаргасан боловч ийнхүү сонгон шалгаруулсан талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж шийдвэр гаргасан. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт “гуравдагч этгээд М.Номингэрэлийг Галт сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг баримтлаагүй боловч хариуцагчийг буруутгах боломжгүй байна. Учир нь хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаас үзэхэд Д.Цолмонжаргал, М.Номингэрэл нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзаж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон авч ажиллуулсан  гэх үндэслэлтэй байна” гэжээ. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд Д.Цолмонжаргал, М.Номингэрэл нарыг сонгон шалгаруулсан талаар ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүйн дээр шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтанцоож сонгон шалгаруулалт явуулалгүй М.Номингэрэлийг томилсон болохоо хүлээн зөвшөөрч тайлбарласан. Энэ ч утгаар хэргийн оролцогчид сонгон шалгаруулалт явуулсан эсэх талаар маргаагүй юм. Гэтэл шүүх хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар буюу сонгон шалгаруулалт явуулсан эсэх асуудлыг явуулсан мэтээр дүгнэж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасаар байтал шүүх шийдвэрийнхээ аль ч хэсэгт энэ талаар дурдаагүй, шалгаагүй байна. Тодруулбал, Д.Цолмонжаргалыг ажлаас чөлөөлөхдөө болон М.Номингэрэлийг ажилд томилохдоо “тухайн төрийн албан хаагчдыг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан аль нэгийг нь сонгон авч байгаа” тухайгаа аль ч талд тайлбарлаагүйн дээр дээрх төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн болон ажилд томилсон аль ч тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэл болгоогүй юм.

Шүүх “...тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон авч ажиллуулсан гэх үндэслэлтэй байна” гэж захиргааны байгууллагын үйлдлийг харанхуй зөвтгөхийн оронд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас тухайн байгууллагын гаргасан захиргааны акт хууль зөрчсөн эсэхийг шалгаж эцэслэн дүгнэх ёстой байтал тухайн асуудлаар бүрэн дүгнэлт өгөлгүй, захиргааны хууль бус үйл ажиллагааг зөвтгөсөн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах юм уу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаал зэргийг үндэслэн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэгдсэнтэй холбогдуулж тус аймгийн Сум хариуцсан халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Цолмонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Цолмонжаргал нь “...2014, 2015 оны үр дүнгийн гэрээний үнэлгээг зөвшөөрөхгүй, хариуцагч хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй, бусад нийгмийн халамжийн мэргэжилтнүүд бүгд ажлын байрандаа үлдэж чиг үүргээ хэрэгжүүлж байгаа, нийгмийн халамжийн мэргэжилтний ажлын байр хэвээр байгаа...” гэх үндэслэлүүдээр дээрх маргаан бүхий актыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Галт сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Маргаан бүхий Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 дүгээр тушаалын Д.Цолмонжаргалд холбогдох хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.4-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн шийдвэр болжээ. Учир нь

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Д.Цолмонжаргал нь Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст Сум хариуцсан халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын 2016 оны “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс гэсэн хоёр нэгжийг нийлүүлэх замаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байгуулсан байна.

Ийнхүү өөрчлөн байгуулагдсан Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын бүтцийн нэгжид нэхэмжлэгч Д.Цолмонжаргалын ажиллаж байсан албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь хасагдаагүй буюу өмнө хэрэгжүүлж байсан чиг үүрэг дээр хөдөлмөр эрхлэлттэй холбоотой 2 чиг үүрэг нэмэгдэж бусад чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан Сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт болон сүүлд батлагдсан Сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан үзэхэд тодорхой харагдаж байна. 

Өөрөөр хэлбэл, Сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид хэвээр хадгалагдан үлдсэн, уг ажлын байр хасагдаагүй байх тул хариуцагч нь Д.Цолмонжаргалыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй байжээ.

Анхан шатны шүүх “хариуцагч ... үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзаж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон авч ажиллуулсан нь үндэслэлтэй байна, ... үр дүнгийн гэрээний дүгнэлтийн талаар нэхэмжлэгч зохих журмын дагуу маргаж байгаагүй ажээ” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, хариуцагчаас “нэхэмжлэгч нь маргаан бүхий албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан нийгмийн ажилтан, нийгмийн салбарын мэргэжилтэй байх, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлийн шаардлагыг хангахгүй” гэж маргасан боловч нэхэмжлэгч Д.Цолмонжаргал нь “Бизнесийн удирдлага”-ын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, халамжийн мэргэжилтний ажлыг 9 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай эрхэлсэн төдийгүй нийгмийн бодлого, нийгмийн халамжийн чиглэлээр мэргэшсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Түүнчлэн нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээний тухайд, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.7-д зааснаар гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно. Гэтэл хэрэгт авагдсан Д.Цолмонжаргалын 2014, 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлсэн илтгэх хуудас гэх баримттай нэхэмжлэгч огт танилцаж, гарын үсэг зураагүй байна.

Нөгөөтэйгүүр 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудсанд гараар болон компьютерээр 65, 84 гэсэн өөр хоорондоо зөрүүтэй 2 өөр үнэлгээ бичигдсэн, тэрчлэн хариуцагчаас Д.Цолмонжаргалын 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэсэн гэх баримт гаргасан атал түүнийг эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан гэж үзэж, мөн онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Хүндэт жуух бичиг”, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдсан зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудаснууд нь үнэн, зөв эсэх нь эргэлзээтэй байна.

Гэтэл талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр болоогүй, эргэлзээтэй баримтуудыг шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг болгосон нь буруу юм.

Дээрхээс үзэхэд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хангах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчийн өмнө хариуцах үүрэгтэй байхад хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь энэхүү үүргээ биелүүлэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг төрийн албаны үндсэн зарчим болон 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчжээ.

Иймд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 дүгээр тушаалын Д.Цолмонжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Цолмонжаргалыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Сум хариуцсан хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг 658,841 төгрөгөөр тооцож, ажлаас чөлөөлсөн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх нийт ажлын 69 хоногийн цалин хөлстэй тэнцэх 2,114,367 төгрөгийн /658,841:21,5=30643х69/ олговрыг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Цолмонжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цолмонжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 дүгээр тушаалын Д.Цолмонжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Цолмонжаргалыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Сум хариуцсан хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтний ажилд тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Цолмонжаргалд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,114,367 төгрөг /хоёр сая нэг зуун арван дөрвөн мянга гурван зуун жаран долоо/-ийг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цолмонжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.             

 

     

 

 

            ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

 

            ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

 

            ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН