Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 535

 

Х.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2017/0058 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0728 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Х.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон өөр байгууллагад бага цалинтай ажил хийсний зөрүү мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, нарийн бичгийн даргаар А.Батдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2017/0058 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 22 дугаар зүйлийн 22.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Х.Н-г ажлаас чөлөөлөх тухай 02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х.Н-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон төрийн өөр байгууллагад бага цалинтай ажил хийснээр урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт нийт 4.201.241 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Х.Н-д олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0728 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2017/0058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Х.Н-ын өөрт нь мэдэгдэж Засаг даргын Тамгын газрын дарга миний бие хэлтсийн дарга нартай хамт байж ярилцан амаар тохирч, Х.Н өөрөө зөвшөөрсний үндсэн дээр Байгаль орчин аялал жуулчлалын газарт Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн мэргэжилтнээр шилжүүлэн томилсон ба X.Н нь одоо Байгаль орчин аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа тул эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэж байна. Х.Н-ыг ажлаас бүрмөсөн чөлөөлөөгүй, зөвхөн нэг байгууллагаас өөр нэг байгууллагад шилжүүлэн ажиллуулж урьд авч байсан цалингаас нь бууруулахгүйгээр өөр албан тушаалд шилжүүлсэн. Х.Н нь анхан шатны шүүхэд өөрөө амаар тохирсныг хүлээн зөвшөөрч байсан. Мөн Х.Н нь ТЗ-6-ийн 4 дүгээр шатлалаар цалинжиж байсныг аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Засаг даргын тамгын газрын санхүүд хяналт шалгалт хийж Х.Н нь ТЗ-6-гийн 2 дугаар шатлалаар цалинжих ёстой тул хууль зөрчин ТЗ-6-ийн 4 дүгээр шатлалаар цалинжиж илүү цалин авч байсан гэж үзэж улсын байцаагчийн акт тавьсан байсан.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан улсын байцаагчийн акт, мөн Р.Т-н гэрчийн мэдүүлэг болон Засаг даргын тамгын газрын ня-бо Д.Б-н мэдүүлгээр тус тус нотлогдож байгаа. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0728 дугаар магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:  

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Н нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон өөр байгууллагад бага цалинтай ажил хийсний зөрүү мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий тушаалаар “өөр ажилд шилжүүлэн ажиллуулах болсон” гэх үндэслэлээр Төрийн албаны хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг хэрэглэж, нэхэмжлэгчийг хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна. Гэвч энэхүү тушаал нь хуульд нийцээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заажээ.

Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх хоёр урьдчилсан нөхцөлийг хуульд тусгайлан заасан буюу албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн байх, төрийн албан хаагчтай урьдчилан тохиролцсон байх шаардлагыг заасан, энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчтэй тохиролцоогүй, тухайн захиргааны байгууллагад шилжүүлэн ажиллуулах ажлын зайлшгүй шаардлага үүссэн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.

Хариуцагчийн “Нурханатыг ажлаас бүрмөсөн чөлөөлөөгүй, эрх ашиг нь хөндөгдөөгүй” тухай гомдол үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллага нь төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд ажлаас чөлөөлөх, өөр албан тушаалд шилжүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй.

Мөн хариуцагчийн “анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нь өөрөө амаар тохирсон болохоо хүлээн зөвшөөрч байсан” гомдол нь хуулийн дээрх шаардлагад нийцээгүй, амаар “тохиролцсон” гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны байгууллага өөрөө хүлээнэ.

Түүнчлэн “ТЗ-6-2-оор цалинжих атал ТЗ-6-4-өөр цалинжиж илүү цалин авсан нь байцаагчийн актаар тогтоогдсон” тухай үйл баримт нь нэгдүгээрт, маргаан бүхий тушаалын үндэслэл болоогүй, хоёрдугаарт, захиргааны байгууллага өөрөө цалингийн шатлал тогтоож, энэ дагуу цалингийн хэмжээг тогтоох болохоос нэхэмжлэгч өөртөө цалин олгоогүй, захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамааралтай тул дээрх гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2017/0058 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/0728 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ