Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/04242

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/04242

Улаанбаатар хот

 

 

 

               

           

 

 

 

 

 

 

  2021       12          15                                    101/ШШ2021/04242

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Х” ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ТӨБЗГ

 

Хариуцагч: БХЯ нарт холбогдох,

 

198,301,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч БХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Х” ХХК нь Төрийн өмчийн хороотой 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж Түрээсийн гэрээгээр Батлан хамгаалах яамны харъя Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Багахангай дахь салбарын цэргийн ангийн барилга байгууламж /1-12/-ийг түрээсэлсэн. Ингээд тус түрээсийн гэрээгээр түрээсэлсэн хуучин цэргийн ангийн барилга байгууламж нь шууд ашиглах боломжгүй, хаалга цонх, байхгүй, дээврээс байнга борооны ус гоождог, гадуураа хашаагүй, ихэнх зүйлс нь харуул хамгаалалтгүй байсны улмаас тоногдсон байсан. Түрээсийн гэрээний дагуу ашиглаж байгаа төрийн өмчийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ засан сайжруулалт хийхийн тулд заавал төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс Батлан хамгаалах яамны харъя Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Багахангай дахь салбарын цэргийн ангийн барилга байгууламж /1-12/-д их засвар засан сайжруулалт хийх тооцоо судалгаа төсөв төлөвлөгөөг гаргаж төрийн өмчийн хороонд хүргүүлсэн. Улмаар төрийн өмчийн хорооны 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 347/а тоот тогтоолоор 663 630 997 төгрөгийн их засварын хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн. Энэхүү хөрөнгө оруулалтын тогтоолын дагуу: Хөрөнгө оруулалтын тайлан мэдээг жил болгон төрийн өмчийн хороонд хүргүүлж байсан бөгөөд төрийн өмчийн хорооноос жил бүр ажлын хэсэг гарч хөрөнгө оруулалтын явц болон түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг шалгаж хангалттай сайн гэсэн үнэлгээ өгч түрээсийн гэрээг сунгадаг байсан бөгөөд цаашид хийгдэх шаардлагатай ажлуудын талаар заавар зөвлөгөөг өгдөг байсан. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа хуучин цэргийн ангийн барилга байгууламжид урт хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу шат дараалалтай хөрөнгө оруулалтыг хийж, түрээсийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж ирсэн юм.

Энэхүү хөрөнгө оруулалтын хийх тухай тогтоолын дагуу

  1. Цалингийн зардалд 19 857 996 төгрөг,
  2. ХХОАТ 1 058 443.90 төгрөг
  3. Удирдлага маркетинг зардал 823 000 төгрөг,
  4. Шатахууны зардалд 1 644 448 төгрөг,
  5. ТӨХ түрээсийн төлбөрт 10 800 000 төгрөг,
  6. Үнэлгээний зардал, хог хаягдал зөөвөрлөх ажлын хөлс 8 200 000 төгрөг, /Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс/
  7. Хашаа барих материал ажлын хөлс 58 502 139 төгрөг,
  8. Дээврийн засварын ажлын зардал 62 098 261 төгрөг,
  9. Дотоод заслын ажлын зардал 35 317 112 төгрөг нийт 198 301 400 төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн юм.

Гэтэл төрийн өмчийн хорооны 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар тогтоолоор 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 347/А тоот хөрөнгө оруулалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хөрөнгө оруулалт хийх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ түрээслэгч буюу нэхэмжлэгч талаас хөрөнгө оруулах тухай тогтоолын дагуу оруулсан хөрөнгийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаараа шийдвэрлээгүй. Хөрөнгө оруулах тогтоолыг хүчингүй болгож, түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа барилга байгууламжийг түрээслэгч талаас хүлээж авах ажлыг зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Ингээд нэхэмжлэгч талаас 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар тогтоолын дагуу Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Багахангай дахь салбарын цэргийн ангийн барилга байгууламжид цаашид дахин хөрөнгө оруулах боломжгүй болсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Монгол улсын засгийн газарт нэхэмжлэгч талаас 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 347/А дугаар тогтоолын дагуу Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Багахангай дахь салбарын цэргийн ангийн барилга байгууламжид нэхэмжлэгч талаас оруулсан хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар хүсэлт гомдлыг хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй тул засвар үйлчилгээ засан сайжруулалтад оруулсан зардал хөрөнгө болох 198 301 400 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Батлан хамгаалах яамны харъя Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Багахангай дахь салбарын цэргийн ангийн барилга байгууламжид засвар үйлчилгээ засан сайжруулалтад оруулсан хөрөнгө оруулалт болох 198 301 400 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засан сайжруулахад хөрөнгө оруулсан зардлаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ байгуулж 189 дүгээр ангийн эд хөрөнгийг түрээсэлсэн. Эд хөрөнгө нь шууд ашиглах боломжгүй байсан. Улмаар ТӨХ-с зөвшөөрөл авч төсөв гаргаад ТӨХ-д хүргүүлээд хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн. Улмаар бид 189 дүгээр ангийн хөрөнгөд сайн хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл ТӨБЗГ нь хөрөнгө оруулалт хийх зөвшөөрлийг хүчингүй болгосон. Улмаар захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдсэн. Хүчингүй болгохдоо хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх талаар шийдвэрлээгүй. Иймд хөрөнгө оруулалт болох 198 301 400 төгрөгийг буцаан гаргуулна. Бид БХЯ-тай харилцаанд ороогүй. Улмаар хуучин оросын цэргийн ангийн байрыг дуудлага худалдаанд оруулаад зарагдаагүй тул бид түрээсэлсэн. Уг объект БХЯ-ны баланс-д байгаа тул БХЯ хариуцагч мөн юм. Хэрэгт нотлох баримтаар өгсөн санхүүгийн баримттай хавтсанд байгаа баримтуудыг өмнөх хурал дээр дугаараар нь тайлбарласан тул энэ тайлбараа дэмжиж, дахин тайлбарлах шаардлагагүй. Бид өмнөх хуралдаанд болон одоо ч гэсэн шатахуунтай холбоотой баримт байхгүй тул шатахуунтай холбоотой шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөлөгч Л.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Х ХХК” түрээсийн гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байсан объектод засан сайжруулалт, засвар үйлчилгээнд оруулсан хөрөнгө оруулалт болох 198 301 400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/06 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 1, 3, 5 дахь заалтыг үндэслэн Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Багахангай дүүргийн Өндөр довд байршилтай барилга байгууламжийг түрээслүүлсэн, хөрөнгө оруулалт хийсэн асуудлыг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгээс гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтээр “...дээрх барилга байгууламжийг түрээсэлсэн, хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн нь Зэвсэгт хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 4.6 дахь заалт зөрчигдөхөд хүрч байна, барилга объектыг худалдах тухай Засгийн газрын шийдвэр /нууц/, түрээсийн гэрээ болон хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл олгосон Төрийн өмчийн хорооны 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 347/а дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай, ...төрийн тусгай хэрэгцээний газар дээр болон газар доогуур байрлаж буй дээрх хөрөнгийг цаашид Батлан хамгаалах зориулалтаар ашиглах шаардлагатай байгаа тул “Х” ХХК-с буцаан хүлээн авч, Батлан хамгаалах яамны мэдэлд үлдээх нь зүйтэй гэж үзэж байна..." гэж дүгнэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, эд хөрөнгийн талаарх бүрэн эрхийг уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ” гэж, Монгол улсын Батлан хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 14.1.13-т “батлан хамгаалахын төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах, устгах, шилжүүлэх, шинээр авах асуудлыг шийдвэрлэх, захиалгыг хянаж батлах” гэж, Зэвсэгт хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-т “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардагдах тусгай хэрэгцээний газартай байна”, 4.6-д “Зэвсэгт хүчний тусгай хэрэгцээний газрыг бусад зориулалтаар ашиглахыг хориглоно” гэж тус тус заажээ. Түүнчлэн Төрийн өмчийн хорооны 2001 оны 615 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах ажлыг зохион байгуулах журам”-ын 1-д “Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг түрээсийн гэрээгээр эзэмшигч нь төсвийн болон хувийн хөрөнгөөр барилга байгууламжийн хийц, хэсэг төлөвлөлтөд өөрчлөлт оруулах, их засвар хийхийг төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөнд оруулах хөрөнгө оруулалт гэж үзэн, /цаашид хөрөнгө оруулалт гэх/, энэ хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хяналт тавих. хүлээн авах, тооцож баталгаажуулах ажлыг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино”, 6-д “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэгч нь хөрөнгө оруулалтын зориулалт, хэмжээ, онцлог чанарыг тусгасан хөрөнгө оруулалт хийх хүсэлтээ албан бичгээр тойм зураг хавсарган /цаашид захиалга гэх/ хороонд хүргүүлнэ. Хөрөнгө оруулалтыг хэрхэн тооцох талаар түрээслүүлэгчийн саналыг авч хавсаргана.” 7-д “Төрийн өмчийн хороо захиалгыг 14 хоногийн дотор хянан дүгнэлтийг бичгээр гаргана.” 8-д “Хорооны дүгнэлтэд хөрөнгө оруулалтын хэмжээ, хийц, үр өгөөж, зориулалтаа өөрчлөн ажиллахад хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн ашиглах боломжийн талаар тодорхой тусгахын зэрэгцээ тусгай техникийн нөхцөл, холбогдох байгууллагын зөвшөөрөл шаардлагатай эсэхийг тодорхой зааж өгнө. Хороо нь хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгохын өмнө түрээслэгчийн эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ шинэчлэн хийлгэсэн байна” гэж тус тус нарийвчлан зохицуулсан. Дээрх хуулийн заалт зөрчигдсөн бөгөөд энэ талаар “Х” ХХК төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба энэхүү шүүхийн шийдвэрт хяналтын журмаар гомдол гарган шүүх хэргийг хянан хэлэлцэж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс “Үндэсний төв архивд хийсэн үзлэгийн явцад Төрийн өмчийн хорооны тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд “Х” ХХК-ийн хөрөнгө оруулалт хийх хүсэлт танилцуулга гэж хэлэлцэгдээгүй, хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй, тус компанийн захирал Ж.Эрдэнэбилэг, Төрийн өмчийн хороог төлөөлж М.Ганхуяг нар гарын үсэг зурсан 2012/1 тоот “Түрээсийн гэрээ”-ний 7 дугаар хуудас нь байхгүй, Төрийн өмчийн хороог төлөөлж гэрээнд гарын үсэг зурах эрхийг М.Ганхуягт олгосон шийдвэр олдоогүй болно”. гэж Эдгээр нөхцөл байдал, хууль болон журмын заалтуудаас үзвэл Төрийн өмчийн хороо /тухайн үеийн нэрээр/ 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 347/а дугаар бүхий “Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох тухай” тогтоол гаргахдаа Батлан хамгаалах яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгө байхад тухайн эд хөрөнгийн талаар уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг аваагүй, түүнчлэн Төрийн өмчийн хороо түрээслэгч компанийн ирүүлсэн захиалгыг хянан үзэж дүгнэлт гаргаагүй, хөрөнгийн үнэлгээ хийлгээгүй, Хорооны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулаагүй, мөн Хорооны хуралдаанаар хэлэлцүүлээгүй хууль, журмын холбогдох заалтуудыг зөрчжээ. Энэ тохиолдолд хууль бус захиргааны актаа хариуцагч захиргааны байгууллага хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 -д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасантай нийцсэн, хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарч байна. Маргаан бүхий захиргааны акт болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, уг тогтоолын улмаас нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

Хариуцагч БХЯ-ны төлөөлөгч Л.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэгч “Х” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны н/136 /нууц/ тогтоолоор Нийслэлийн Багахангай дүүргийн Өндөр довд байршилтай Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн зарим барилга байгууламжуудыг нийтийн дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороонд /хуучнаар/ даалгасан байдаг. Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 43.403.800 төгрөгийн үнэ бүхий төрийн өмчийг Төрийн өмчийн хорооны даргын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 242 дугаар тушаалаар “Х” ХХК-д түрээсээр эзэмшүүлэх ажлын хэсгийг байгуулж, тушаалын хүрээнд нэг талаас “Х” ХХК /түрээслэгч/, нөгөө талаас Төрийн өмчийн хороо /түрээслүүлэгч/ нар харилцан тохиролцож 2012 оны 10 дугаар 22-ний өдрийн 2012/1 дугаартай “Түрээсийн гэрээ”-г байгуулан 2017 оны 04 дүгээр cap хүртэл түрээсийн үйл ажиллагаа үргэлжилжээ. Төрийн өмчийн хорооны 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 347/а дугаар тогтоолоор “... Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Багахангай зангилгааны барилга, байгууламжид их засвар хийх нийт 663.630.997 төгрөгийн хөрөнгө оруулахыг түрээслэгч “Х” ХХК-д зөвшөөрсүгэй.” гэсэн байдаг. Энэхүү тогтоолоо Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн дурдсан түрээсийн гэрээ болон хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн тогтоол, уг тогтоолыг хүчингүй болгосон тогтоолууд, түүнд тусгагдсан зардал, мөнгөтэй асуудлууд нь хариуцагч батлан хамгаалах яаманд холбогдолгүй, 2 байгууллагын хүрээнд хийгдсэн эрх зүйн харилцаа, ажил гэдгийг дурдах нь зүйтэй.

Иймд хөрөнгө оруулалтыг зөвшөөрсөн, түрээсийн гэрээ байгуулсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нэхэмжлэгч нэхэмжлэлд заасан төгрөгөө шаардах нь зүйтэй байна.

Энэ асуудал нь засгийн газрын тогтоолоор дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарсан байдаг. Дуудлага худалдаа зохион байгуулсан боловч оролцогч байгаагүй. Ингээд сарын 200 000 төгрөгөөр түрээсэлсэн байдаг. Дараа нь ТӨХ нь засвар хийхийг зөвшөөрөөд нэхэмжлэгч нь түрээсэлсэн. Ингээд 2020 онд ТӨХ нь өмнөх тогтоолоо хүчингүй болгосон. Бид ТӨХ-с нэхэж байна гэж ойлгож байна. Өнөөдөр уг объект БХЯ-ны баланс-д байдаг. Хөрөнгө оруулалтын мөнгө нь БХЯ-р дамжаагүй. БХЯ мөнгө аваагүй. ТӨБЗГ нь зөвшөөрөл олгоод буцаагаад хүчингүй болгосон. Уг хүчингүй болгох тогтоолоор буцаан хүлээн авахыг даалгасан. Иймд БХЯ нь зөвшөөрөл олгоогүй, түрээслүүлээгүй тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. Гэрээг хэн байгуулсан юм иймд бид хариуцагч биш юм гэв.

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2012/1 дугаар түрээсийн гэрээ, 27-ны өдрийн хөрөнгө хүлээлцсэн акт, хөрөнгө хүлээлцсэн тэмдэглэл, 2013 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, ТӨХ-ны 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 347/а дугаар тогтоол, түүний хавсралтын хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, “Х” ХХК-ний 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тайлан дүгнэсэн тухай 001 дугаар албан тоотын хуулбар, 2012.10.22-2015.01.05-ны хоорондох хугацааны гүйцэтгэсэн ажлын тайлангийн хуулбар, 2015.01.25-ны өдрийн гэрээ дүгнэж, сунгах тухай баримт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0777 дугаар шийдвэрийн хуулбар, ТӨХ-ны журам батлах тухай 615 дугаар тогтоол, түүний хавсралтын хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 172 дугаар магадлалын хуулбар, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн Танхимын нийт шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны 95 дугаар тогтоолын хуулбар, маргаж буй хөрөнгө оруулалттай холбогдох санхүүгийн анхан шатны баримт, холбогдох гэрээ, бусад холбогдох баримт нийт 448 хуудас баримтыг тусад нь хавтаслаж шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр тогтоолын хуулбар, 12 дугаар сарын 30-ны өдрийн 264 дүгээр тогтоолын хуулбарыг шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч Батлан хамгаалах яам нь шүүгчийн захирамжийн дагуу Батлан хамгаалахын сайдын 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн А/162 дугаар тушаалын хуулбар, түүний хавсралт болох батлан хамгаалах салбарын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн хуулбар, зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн 2011-2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан /өмчийн өөрчлөлтийн тайлан, хөрөнгийн хөдлөлтийн тайлан/-г /нууц/ шүүхэд ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 135,195,217.40 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагч Батлан хамгаалах яамнаас гаргуулж, үлдэх хэсэг болон хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь түрээсийн гэрээ, холбогдох зөвшөөрлийн дагуу оруулсан хөрөнгө оруулалт болох 198,301,400 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шатахууны зардалд нэхэмжилсэн 1,644,448 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 196,656,952 төгрөгт холбогдох хэсгийг дэмжсэн.

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь түрээсийн гэрээ байгуулах болон хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл олгохдоо холбогдох хууль, журам зөрчсөний улмаас хөрөнгө оруулалт хийх зөвшөөрөл олгох тогтоолыг хүчингүй болгож, түрээсийн гэрээний зүйлийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар үүнтэй холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэ нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Хариуцагч БХЯ нь анхнаасаа түрээсийн гэрээ байгуулах, хөрөнгө оруулалтыг зөвшөөрөхөд буюу иргэний эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөгч Л.Ганзоригт шүүх хуралдааны товыг 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр буюу 6 хоногийн өмнө мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Иймд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК болон хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /хуучнаар Төрийн өмчийн хороо/ нь 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2012/1 дугаар түрээсийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 10-14 дүгээр тал/

Түрээсийн гэрээгээр Батлан хамгаалах яамны зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Багахангай дахь салбарын барилга, байгууламжийг сарын 200,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байна. Улмаар 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дээрх эд хөрөнгийг хүлээлцэж акт үйлдсэн байна. /хэргийн 17 дугаар тал/

Үүний дагуу Төрийн өмчийн хорооны 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 347/а дугаар тогтоолоор дээрх эд хөрөнгөд нийт 663,630,997 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг “Х” ХХК-д зөвшөөрсөн. /хэргийн 27 дугаар тал/

Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар тогтоолоор дээрх 347/а дугаар тогтоолыг хүчингүй болгосон болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0777 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. /хэргийн 68-84, 78-79 дүгээр тал/

 

Дээрх болон Төрийн өмчийн хороо нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон өөрчлөн зохион байгуулагдаж, эрх, үүрэг шилжсэн, мөн нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээний зардал гаргасан үйл баримтуудын талаар зохигч хэн аль маргаагүй.

 

Иймд нэхэмжлэгч “Х” ХХК болон хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч Батлан хамгаалах яам нь түрээсийн гэрээний зүйл нь зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн эд хөрөнгөд бүртгэлтэй талаар маргаагүй боловч уг 189 дүгээр анги нь яаманд хамааралгүй, зэвсэгт хүчний жанжин штабд хамаардаг, мөн гэрээний харилцаанд ороогүй гэж маргаж байна.

Зэвсэгт хүчний 189 дүгээр анги нь Батлан хамгаалах яамны харьяа болох нь дээрх 0777 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. /хэргийн 81 дүгээр тал/ Улмаар энэхүү шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 172 дугаар магадлалаар хууль хэрэглээний хувьд өөрчилж, агуулгын хувьд хэвээр үлдээсэн бол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн Танхимын нийт шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны 95 дугаар тогтоолоор “Х” ХХК-ний гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, шийдвэр магадлал хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 99-105 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

Үүнээс дүгнэвэл хариуцагч Батлан хамгаалах яамны түрээсийн гэрээний зүйл манай байгууллагад хамааралгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болох Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан нь зохигчид иргэний эрх зүйн буюу гэрээний харилцаанд орсон байхыг ойлгохгүй бөгөөд харин нэг этгээдийн хөрөнгийг нөгөө этгээд олж авсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, хуулийн энэхүү зүйлд талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, эсхүл хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байдаг.

Иймд хариуцагч Батлан хамгаалах яамны гэрээ байгуулах, хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрөхөд оролцоогүй гэх тайлбар мөн үндэслэлгүй.

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын анхнаасаа түрээсийн гэрээ байгуулах, хөрөнгө оруулалт хийх үйл явдал хууль, холбогдох журмыг зөрчсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэх тайлбарын хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 заасныг дээр тайлбарласнаар үүрэг дуусгавар болох гэрээ хүчин төгөлдөр бус болох нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих эрх олгохгүй юм. Харин нэхэмжлэгч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон бөгөөд түрээсийн гэрээний зүйл нь хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эд хөрөнгөд бүртгэлгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэл үндэслэлгүй.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагч Батлан хамгаалах яам, түүний харьяа зэвсэгт хүчний 189 дүгээр анги нь нэхэмжлэгчийн бодитойгоор оруулсан хөрөнгө оруулалтаар өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй гэж үзлээ.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг хөрөнгө оруулалтад тодорхой зардал гаргасан талаар маргаагүй боловч зарцуулсан хөрөнгийн хэмжээний талаар ямар нэг тайлбар гаргахгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээ болон уг хөрөнгө оруулалт хийгдсэнээр тухайн эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн, өөрөөр хэлбэл эд хөрөнгийн өмчлөгч нь шинээр хөрөнгө нэмж олж авсан эсэх талаар дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

Улмаар нэхэмжлэлийн үндэслэл тус бүрийг дүгнэвэл:

  1. Цалингийн зардал 19,857,996 төгрөгийн хувьд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээний зүйлийг өөрийн эзэмшилд байгаа гэж тайлбарласан. Хэдийгээр хэрэгт баримт өгөөгүй боловч цалин нь түрээсийн гэрээний зүйлийн харуул хамгаалалтад зориулсан харуулын цалин хөлс бөгөөд тухайн этгээдийг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллуулж байгаа гэж тайлбарласан. Хариуцагч нар энэ талаар маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох үүрэгтэй бөгөөд ийнхүү олгосон цалин хөлс нь түрээсийн гэрээний зүйлийн үнийг нэмэгдүүлэхгүй. Тодруулбал, ажилтанд цалин хөлс олгож байгаа нь ажил олгогч буюу нэхэмжлэгчийн үйл ажиллагааны зардалд хамаарна.

Иймд харуулын цалин хөлс нь хөрөнгө оруулалтад хамаарахгүй тул 19,857,996 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

  1. Хувь хүний орлогын албан татвар 1,058,443,90 төгрөгийн хувьд: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний дагуу олгосон цалин хөлс нь албан татвар ногдох орлогод хамаарах бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар улсын төсөвт төлөгдөнө. Өөрөөр хэлбэл, уг татвар нь түрээсийн гэрээний зүйлд хамааралгүй юм.

Иймд 1,058,443,90 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  1. Түрээсийн төлбөр 10,800,000 төгрөгийн хувьд: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслүүлэгч нь гэрээнд заасан хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тохиролцсон төлбөр төлөх үүргийг харилцан хүлээдэг. Түрээсийн гэрээний зүйл нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн эзэмшилд байх тул нэхэмжлэгч нь уг хөрөнгийг хүлээн авснаас хойш 109 сар эзэмшиж байна. Энэ хугацаанд гэрээний дагуу нийт 21,800,000 төгрөгийн төлбөр тооцогдоно. Улмаар гэрээний үүргийн дагуу төлсөн төлбөр нь тухайн эд хөрөнгөд хамааралгүй, өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн үнийг нэмэгдүүлэхгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буцаан шаардах эрхгүй.

Иймд 10,800,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  1. Удирдлага, маркетингийн зардал 823,000 төгрөг, хашаа барих  58,502,139 төгрөг, дээврийн засварын 62,098,261 төгрөг, дотоод засварын 35,317,112 төгрөгийн хувьд: Энэхүү удирдлага, маркетингийн зардлыг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, зэвсэгт хүчний 189 дүгээр ангийг хашаатай болгохын тулд эзэмшиж буй талбайг тогтоох кадастрын болон дээврийн засварын ажилд зураг хийлгэхэд гаргасан зардлууд багтана гэж тайлбарласан. Нэхэмжлэгч болон хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /хуучнаар ТӨХ/ нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний 4.3-т заасан нь түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэй хийгдсэн хөрөнгө оруулалтын зардлыг буцаан гаргуулах агуулгатай байна.
  • Тусад нь хавтаслаж өгсөн нотлох баримтын 162-163 дугаар талд Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ААНОАТ-т 10,000 төгрөг төлөгдсөн баримт авагдсан байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар татвар төлөгч гэж тухайн жилд татвар ногдох орлого олсон аж ахуйн нэгжийн ойлгоно. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь аж ахуйн нэгжид хамаарч байна. Тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар албан татварыг улсын төсөвт төлнө. Иймд энэхүү 10,000 төгрөг нь хөрөнгө оруулалтад хамааралгүй, харин нэхэмжлэгчид хуулиар ногдуулсан үүрэг тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
  • Төрийн өмчийн хороо нь 2013 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар “Х” ХХК-д түрээсийн гэрээний зүйлийн хамгаалалтыг сайжруулах үүрэг өгсөн байна. Улмаар 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар түрээсийн гэрээний зүйлийг хамгаалах ажиллагааг сайн гүйцэтгэсэн гэж дүгнэжээ. /хэргийн 26, 28 дугаар тал/ Мөн нэхэмжлэгч нь хамгаалалтад зориулж гадна хашааг шинээр барьж байгуулсан болох нь хэргийн 33-40 дүгээр талд байх гэрэл зургуудаар тогтоогдож байна. Ийнхүү хашааг шинээр барихын тулд кадастрын зураг хийлгэж төлбөрт 50,000 төгрөг төлсөн нь тусдаа хавтасласан нотлох баримтын 253-254 талд авагдсан санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдсон. Улмаар хашааг шинээр барихад нийт 38,502,139 төгрөг төлсөн болох нь тусдаа хавтасласан нотлох баримтын 261 дүгээр тал байх ажил гүйцэтгэх гэрээ, 188, 260 дугаар талд байх бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байна. Иймд эдгээр төлбөрт холбогдох шаардлагыг хангах нь зүйтэй. Учир нь уг хашаа баригдсанаар түрээсийн зүйлд шинээр хөрөнгө бий болсон байна.
  • Түрээсийн зүйлийн дээврийг шинэчлэн засварлах, бусад дотоод засвар хийх шаардлагатай байсан нь хэргийн 17 дугаар талд байх хөрөнгө хүлээлцсэн акт, хэргийн 27 дугаар талын ард байх 347/а дугаар хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн тогтоолын хавсралтаар тогтоогдсон. Улмаар дээврийн засварын зураг хийлгэхэд 400,000 төгрөг зарцуулсан болох нь тусдаа хавтасласан нотлох баримтын 257-259 дүгээр талд авагдсан санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдож байна. Улмаар дээврийн болон дотоод засалд нийт 125,498,261 төгрөг зарцуулсан болох нь тусдаа хавтасласан нотлох баримтын 174 дүгээр талд байх ажил гүйцэтгэх гэрээ, 172-173, 182-183, 246-247 дугаар талд байх санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдсон. Иймд ийнхүү засвар хийгдсэнээр түрээсийн зүйлийн үнэ нэмэгдсэн байх тул хангах үндэслэлтэй.
  • Дээр дурдсан хөрөнгө хүлээлцсэн акт, 2013, 2014 оны гэрээ дүгнэсэн актаар түрээсийн гэрээний зүйлийн зарим хэсгийг буулгаж, газар чөлөөлсөн /хог хаягдлыг зөөвөрлөсөн/ болох нь тогтоогдож байна. Уг зардалд модон барилга буулгахад 6,230,000 төгрөг, хог тээвэрлэхэд 970,000 төгрөг төлсөн болох нь тусдаа хавтасласан нотлох баримтын 78 дугаар талд байх ажил гүйцэтгэх гэрээ, 76-77, 83-84 дүгээр талд байх санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдсон. Эдгээр зардал нь түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр хийгдсэн ажилд зарцуулагдсан байх тул хангах нь зүйтэй.
  • Дээрх зөвшөөрөгдсөн ажлыг хийлгэх зоригоор “Итгэлт эстимейт” ХХК-р төсөв зохиолгож, 1,000,000 төгрөг төлсөн болох нь тусдаа хавтасласан нотлох баримтын 62-63 дугаар талд байх санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдсон. Энэхүү зардал нь түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр хийгдсэн ажлыг гүйцэтгэхэд зарцуулагдсан байх тул хангах нь зүйтэй.

 

Мөн зохигчид хүлээлцэн хөрөнгийн зарим хэсгийг засварлах, зарим хэсгийг буулгах шаардлагатай байсан талаар маргаагүйг дурдах нь зүйтэй. Улмаар оруулах хөрөнгө оруулалтыг түрээслүүлэгч талаас баталсан болохыг дахин дурдаж байна. /хэргийн 27 дугаар талын ар/

 

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө шинээр бий болгосон болон засан сайжруулж, үнэ нэмэгдсэн нийт зардлыг тооцвол 164,000,400 /38,502,139 +125,498,261 / төгрөг болж байна.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний зүйлийг хөрөнгө хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл буюу 9 жил, 19 хоног эзэмшиж, ашиглаж байгаа нь талуудын тайлбараар нотлогдсон.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ашиглаж байх тул ашигласан хугацааны элэгдэл, хорогдол тооцох ёстой.

 

Батлан хамгаалахын сайдын 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн А/162 дугаар тушаалаар баталсан Батлан хамгаалах салбарын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн 4.2.3-т орлогын ангиллын талаар зохицуулж, үүнд үнэ төлбөргүй авсан болон хөрөнгө оруулалтаар авсан хөрөнгийг бүртгэх талаар заасан байна. /хэргийн 141-209 дүгээр тал/

Гэвч хариуцагч Батлан хамгаалах яамны харьяа зэвсэгт хүчний 189 дүгээр ангиас нууцын тэмдэг дарж ирүүлсэн тус ангийн 2011-2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан /өмчийн өөрчлөлтийн тайлан, хөрөнгийн хөдлөлтийн тайлан/-г бүхэлд нь судалж үзэхэд дээр дурдсан шинээр бий болсон болон засан сайжруулах замаар үнэ нэмэгдсэн эд хөрөнгөд оруулсан хөрөнгийг бүртгэж аваагүй байна. /нууц тэмдэгтэй тусдаа нотлох баримт/

Иймд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтыг санхүүгийн анхан шатны баримтаар тооцож, элэгдэл хорогдлыг хасаж, хариуцагч Батлан хамгаалах яамны харьяа зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн эд хөрөнгө нэмэгдсэн хэмжээг тооцоолох нь зүйтэй.

Мөн Батлан хамгаалах салбарын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт хөрөнгийн элэгдэл, хорогдлыг хэрхэн тооцох талаар тусгаагүй байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар барилга байгууламж, газрын тохижилтод 40 жилээр элэгдэл, хорогдол тооцохоор заасан.

Иймд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд зарцуулсан хөрөнгө оруулалтын ашигласан хугацааны элэгдлийг тооцвол: 1 жилд 4,100,010 /164,000,400/40/ төгрөг, 9 жилд 36,900,090 төгрөг, 1 хоногт 11,232.90 /4,100,010/365/ төгрөг, 19 хоногт 213,425.10 төгрөг, нийт 37,455,182.60 төгрөг тооцогдоно.

Улмаар нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд зарцуулсан 164,000,400 төгрөгөөс ашигласан хугацааны элэгдэл, хорогдол 37,455,182.60 төгрөгийг хасвал үлдэх хөрөнгө нь 126,545,217.40 төгрөг юм.

 

Харин кадастрын болон дээврийн засварын зураг, зарим барилгыг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэсэн гэх зардлууд нь элэгдэл тооцох зардал хамаарахгүй, нэг удаа зардал юм. Эдгээр зардлыг нэгтгэж тооцвол нийт 8,650,000 /50,000+400,000+1,000,000+6,230,000+970,000/ төгрөг болно.

 

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн зарцуулсан хөрөнгө оруулалт нь үл хөдлөх эд хөрөнгийн үлдэх өртөг 126,545,217.40 төгрөг, нэг удаагийн зардал 8,650,000 төгрөг, нийт 135,195,217.40 төгрөг байна.

Иймд энэ хэмжээгээр түрээсийн гэрээний зүйлд оруулсан хөрөнгө нь өмчлөгч буюу Батлан хамгаалах яамны харьяа зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн эд хөрөнгөд үлдэж байх тул 135,195,217.40 төгрөгт холбогдох шаардлыг хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч нь хураамжид нийт 1,150,000 төгрөг төлсөн байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 198,301,400 төгрөг гаргуулах тухай шаардлагад 1,149,457 төгрөг төлөх ёстой. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн хураамжийг буцаан олгоно.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн хэсэг болох 135,195,217.40 төгрөгт ногдох хураамжийг хариуцагч Батлан хамгаалах яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Учир нь дээр дурдсанаар хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь үндэслэлгүй хөрөнгөжөөгүй байх тул уг хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой.

 

Мөн нэхэмжлэгч нь шатахууны зардалд нэхэмжилсэн 1,644,448 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар уг шаардлагад холбогдох татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар уг шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамж нь улсын орлогод хэвээр үлдэнэ.

Энд нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 9/27 дугаар итгэмжлэлээр төлөөлөгч Ц.Батмэндэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх буюу нэхэмжлэлээс татгалзах эрх олгосон болохыг дурдах нь зүйтэй. /хэргийн 64 дүгээр тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК нь 1,644,448 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Батлан хамгаалах яамнаас 135,195,217.40 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 61,461,734.60 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,150,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Батлан хамгаалах яамнаас 833,926.09 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 543 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ГАНБОЛД